НийгмийнЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Доржсүрэнгийн Болдбаатар: Хүн өөрөө маш том, ховор сонин ном

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа орчуулагч, доктор, профессор Доржсүрэнгийн Болдбаатарыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Миний үе тэнгийнхэн хар багаасаа Бурхангүй үзлээр тархиа угаалгаж ирсэн болохоор миний бие ч оюутан ахуй цагтаа Марксын Шашин бол ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн гэдэг сургаалыг ягштал цээжлэж хэлчихээд багшаасаа онц авчих тохиолдол байсан даа. Хожим ажил дээр гарсан хойно нэгэн удаа олон улсын томоохон хуралд оролцон орчуулга хийчихээд цуг явсан нөхөдтэйгөө нэлээд шуугилдаж байснаа оройтож унтсан юм.

Маргааш өглөө нь гадаадын тэнгэр баганадсан таван одтой зочид буудлын далай шиг цэлийсэн орон дээр өглөөний цайгаа зөөлгөж уучихаад хэвтэж байгаа хэр нь сэтгэл санаа нэг л амар тайван бус. Тэгээд хажуу тийшээ харсан чинь өмнө талын явган шүүгээн дээр Ариун судар -ын хятад англи хувилбар нь байж байлаа. Хэрвээ тэр үед би Ариун судар -ын хэдэн хуудсыг гүйлгэн харсан бол өдийд та бүхэнтэй арай л өөр өнцгөөс ертөнцийн үнэний тухай яриад сууж байхыг хэн байг гэхэв. Тэгээд бодохоор хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Би тэрхүү Ариун судар буюу Библиг орхичихоод нөгөө тийшээ хартал өмнө маань Бурхан багшийн гэгээн сургаал судрын хоёр хэлний орчуулга харагдав. Нэг хуудсыг нээгээд үзсэн чинь түүн дээр Сэтгэлээ тань. Сэтгэл чамайг бурхан болгож ч чадна. Буг болгож ч чадмой. Хэрвээ чи өөрийн сэтгэлийг засаж чадах бөгөөс тулалдааны талбарт зуун мянган их цэргийг дийлсэн баатар жанжингаас илүү бөлгөө. . . гээд л хөвөрч өгдөг байна шүү. Манай зарим хүмүүсийн хялбарчлан төсөөлөөд байдаг шиг Хойшоо хар, хоёр алх цээжилсэн маань мэгзэмээ гүвтнэн уншиж, хүслээ шивнээд шүдэнзээ зураад хая. . . гэсэн зүйл ерөөсөө алга аа. Дандаа л хүнд хандсан сайхан сургаалууд санагдав. Тэгээд л би тэр судрыг цүнхэлчихээд салахгүй уншдаг болсон доо. Тэр нэгэн удаагийн ховор тохиолдлоор ариун номын өндөр босгыг ямартай ч болов олж харах хосгүй боломжтой учирчээ хэмээн би өнөө хэр дотроо сүслэн бодох үе цөөнгүй байдаг.

This image has an empty alt attribute; its file name is d78nog_2_x974.jpg

Ер нь миний амьдралд хамгийн том эргэлт хийсэн хоёр номын нэг нь дээрхи судар. Нөгөө нь Ялахуйн ухаан нэрт ном байсан санагддаг юм. Түүнд дэлхийн тэргүүн баячуудын баяжсан нууцын тухай бичсэн байдаг л даа. Залуу байхдаа миний бие бусдын жишгээр амьхандаа жаахан бизнес хийгээд амьдрал ахуйгаа өөд татчих санаатай явсныг өгүүлэх юун. Гэхдээ нэг л болж өгдөггүй байсан болохоор туршлага судлах санаатай тэр номыг хятад хэл дээр уншсан хэрэг.

Тэгээд түүнээс юу ойлгосон бэ гэвэл: Дэлхийн тэргүүн баячуудын анх эхэлж байсан гарааны шугам надаас хавьгүй доогуур байжээ. Ялангуяа Азийн тэргүүн баячууд анх гуяа ганзагласан гуйлгачин шахам хүмүүс байх нь олонтоо байсныг уг номон дээрээс ухааран ойлгосон юм. Тэгсэн атлаа надад тухайн үед байгаагүй нэг онцлог чанар тэдэнд байсан нь юу хэмээвээс туйлбартай зан, сэтгэлийн хат болохыг ойлгож билээ. Би энд тэнд явахдаа дээр өгүүлсэн хоёр номын талаар дурсан ярихад зарим хүмүүс Ялахуйн ухаан номыг орчуулвал олон залууст хэрэг болж мэдэх бус уу хэмээн асуудаг л даа. Гол нь одоогоос бараг хориод жилийн өмнө уншсан тэр ном алга болчихоод байсан боловч гарын сайн шавь нарын нэг Шинэбаяр маань өөрт хадгалж байсан нэг хувийг авчирч өгснөөр хэсэг бусгаар нь ч боловч та бүхэндээ орчуулж хүргэх боломжтой болсныг дуулгахад баяртай байна.

-Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Энэ хоёр номтой учрахаас өмнө амьдрал хэмээх хөлгүй далайд хөл алдан живж яваа мэт санагддаг байлаа. Харин энэ хоёр номоор дамжуулан өөр бусад хэрэгтэй номнуудтай учран золгосон. Улмаар харанхуйд төөрөлдөж явсан хүн зам мөрийг гэрэлтүүлэгч зулыг олж үзсэн мэт гайхалтай үр шимийг амссан.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-Эдгээр номнуудаас олсон, энэ завшааныг ашиглан хүмүүст хэлэх туст сайн ганц үгийг нэрлэ гэвэл Хүн өөрөө маш том, ховор сонин ном байдаг. Гол нь энэ ёсыг таньж ойлгоод өөрийгөө таних, өөрийгөө шинжих нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Бүр нарийн ярьвал хүн өөрийнхөө сэтгэлийг байнга шинжин таньж байх нь л хорвоод хосгүй номыг өдөр болгон уншиж байгаагаас өөрцгүй тустай юм байна лээ гэдгийг там тум ойлгосон.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёог дараачийн ээлжийн зочноор урьж байна. Номын тухай сонин сайхан зүйл хүүрнэх байх.

Түүний орчуулсан бүтээлүүд

  • “Журамт бүсгүй Лү Би Лянь”
  • “Мөрөн голын шулам бүсгүй”
  • “Чонон сүлд”
  • “Цаасан шувуу наадуулагч”
  • “Мянган нарны цацраг”,
  • “Уулсын цууриа”
  • “Богд Миларайвагийн тууж зохионгуй ба боловсон тонилохуйн гүр дууллууд”
  • “Гурван улсын үлгэр”
  • “Усан хөвөөний шастир”
  • “Баруунш зорчсон тэмдэглэл” гэх мэт...

ӨМНӨХ КОНТЕНТ: П.Наранбаяр

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-15 09:34

Гоё хүн шүү

Зочин
Зочин
2021-05-15 11:30

Аатай орчуулдаг хүн дээ. Сайхан ном гарах нь????

Зочин
Зочин
2021-05-16 01:53

Мундаг орчуулагч мөөн. Хэн ч хүлээн зөвшөөрнө. Сүүлд биеэ тоочихсон байна лээ. Одоо сэтгэлээ таниа байлгүй дээ.

Зочин
Зочин
2021-05-16 18:02

Хятадын тагнуул. Маш худлаа дүр эсгэдэг

Зочин
Зочин
2021-05-23 13:11

Цэвэр хятад хүн байна

Одоо цэвэр цус гэж энэ дэлхийд үгүй бөлсоон
Одоо цэвэр цус гэж энэ дэлхийд үгүй бөлсоон
2021-05-31 16:33

Цэвэр хятад байлаа гээд яадаг юм бэ?Чи бас яг цэвэр хан үндэстэн юм аа.Өөрийгөө таньж мэдэх гэсэн юм ккк

Зочин
Зочин
2023-06-11 10:53

Хамараа сөхөж их зант хүн байна билээ.

Яг ч бас сайхан хүн биш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button