ВИДЕО КОНТЕНТЯРИЛЦЛАГА

АМЬДРАЛЫН НОМ | Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа “Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал асан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, олон улсын доктор Пүрэвсүрэнгийн Наранбаярыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

“ЖААХАН МАНГАР БАЙХ ХЭРЭГТЭЙ”

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Хүүхэд ахуй насандаа бол “Гулливерийн аялал”, “Робинзон крузо” гэх мэтийн ном уншиж, мөрөөдөлд автдаг байлаа. Гэхдээ өнөөдөр өөрт минь тодорхой хэмжээнд нөлөөлсөн нэг номын тухай ярих нь зүй. Би залуучуудад хувь хүний хөгжлийн ном бага уншаарай гэж зөвлөдөг. Харин миний өнөөдөр ярих ном яахын аргагүй надад нөлөөлсөн. Энэ ном бол “Амжилтад хүрэх гал эрмэлзэл”. Инамори Казүо гэх Японд нэртэй, бизнесмен хүний бичсэн ном л доо. Дэлхийд нэртэй керамик шатаадаг үйлдвэрийг байгуулсан тэр хүн энэ номондоо хэрхэн амжилтад хүрсэн тухайгаа ний нуугүй бичсэн. Тиймдээ ч Япон, Англи, Монгол зэрэг олон оронд хэвлэгдэж, залуусын оюун санааны амьдралд үр өгөөжөө өгсөөр байгаа ном.

Хүмүүс гайхаж байж магад. Энэ номыг яагаад онцолж байгаа юм бол гэж. Их түүхтэй. Энэ номоор дамжуулж би найз нөхдөө олсон. Учир нь “Эмос клуб”-ыг манай үеийн залуус байгуулж, энэхүү номыг хамтарч орчуулж, 2006 онд хэвлүүлж байсан. Тиймээс энэ номыг онцолмоор байна.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой хэзээ, хэрхэн танилцаж байсан бэ?

-2005 онд АН-ын М.Тулгат энэ номыг надад санал болгосон юм. Тэгээд “Эмос клуб”-ээрээ хамтарч орчуулъя гэсэн юм. Тэгж л энэ номыг уншиж, орчуулахаар шийдсэн дээ. Харин зохиогчийн эрхийг нь авах гэж хагас жил хөөцөлдсөн. Их ярвигтай, хэцүү байсан ч бид Инамори Казүогийн нарийн бичигтэй холбогдсон. Зохиолч ч бидний саналыг маш таатайгаар хүлээн авч, монгол хэлээр орчуулах гэж байгаа бол үнэ төлбөргүй орчуул хэмээн бидэнд итгэл үзүүлсэн дээ.

-Уг ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Зохиолч өөрийнхөө алдаа дутагдлыг ний нуугүй бичиж, амьдралд баримтлах ёстой гол зарчмуудыг хэлж өгдөг. Тиймдээ ч энэ номыг би амжилтад хүргэх гэхээсээ илүү аз жаргалд хүргэх гал эрмэлзэл гэж боддог. Тиймээс л үнэ цэнэтэй. Надад энэ ном бас их ухаарал өгсөн. Гэхдээ би өөрийгөө яг ингэж өөрчлөгдсөн гэж хэлж чадахгүй.

“Амьдралын үр дүн = үзэл хандлага × гал эрмэлзэл × чадвар” гэсэн амжилтын тэгшитгэл миний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлсөн. Түүний зэрэгцээ энэ номонд “Өөдрөгөөр төсөөлж, гутрангиар төлөвлөж, өөдрөгөөр хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн энэ үг бий. Энэ үг их хүчийг өгсөн.

“Жаахан мангар байх хэрэгтэй. Эв хавгүй байж болно. Битгий хүний өмнө уран сайхан ярих гэж оролд. Чин сэтгэлээсээ ярь. Тэгвэл хүнд хүрнэ. Цөөн хэрнээ чин сэтгэлийн үг хэлэх нь олон үг хэлснээс дээр” гэж сургаж байгаа юм. Энэ мэт амьдралд хэрэгтэй санаагаар дүүрэн учир энэ номыг уншсан хүн өөрчлөгдөнө.

Энэ номыг уншаад өөрчлөгдсөн нэг жишээг дурдъя. “Говь” компанийн бүтээгдэхүүн сайжирч, дизайн нь дэлхийн хэмжээнд хүрчихлээ. Гэхдээ арав гаруй жилийн өмнө ийм байгаагүй. Үйлдвэр нь харанхуй, аймар байсан. Харин одоо дотогш яваад орвол маш сайхан гэрэлтэй, эмх цэгцтэй орчин биднийг угтана. Тэд чадсан. Учир нь энэ номыг компанийн бүх ажилчид уншиж, амжилтад хүрэх гал эрмэлзлээр цэнэглэгдсэн байхгүй юу.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Аливаа материал шатдаг, шатдаггүй, өөрөө шатдаг гэсэн гурван төрөл байдаг. Шатдаг материал галд ойртуулахад шатна. Шатдаггүй нь галд хийсэн ч шатахгүй. Харин өөрөө шатдаг нь аяндаа шатаж эхэлдэг. Хүнийг үүнтэй адил ангилж болно”.

Энэ өгүүлбэр “Чи аль болох шатаж, бусдыг шатааж, урам зориг өгч бай” гэж байгаа юм шиг уншигдаж, сэтгэгдэл төрүүлдэг. Энэ мэт гоё, гоё санааг энэ номноос шүүрч, өөрийгөө цэнэглэж болно.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Өнөөдөр би өөрийнхөө тийм ч таашаадаггүй салбарын номыг ярилаа. Гэхдээ хувь хүний хөгжлийн номууд дотор сайн ном ч байдаг. Ганц хоёрыг нь олж уншаарай гэсэн санаагаар эл номыг ярьсан юм шүү. Мөн залуучуудад дахин хэлэхэд, чи өөрөө л хорвоог ухаарна. Тиймээс аль болохоор хүн төрөлхтний сэтгэлгээнд юм хийсэн номыг уншиж, хараагаа тэлээрэй. Ялангуяа утга зохиолын номуудыг олж, унших хэрэгтэй. Эртний Грекийн домог, Илиада болон Одиссэй, “Нибулунгуудын дуулал”, Рамаяна, Фёдор Михайлович Достоевскийн зохиолууд, Борхесийн зохиолуудыг заавал унших хэрэгтэй. Эдгээр бүтээлүүд чиний оюун санааг задлахдаа л задална. Мөн хятадын утга зохиолоос заавал уншаарай гэж хэлмээр байна.

Энэ ярилцлагын дараагийн зочноор “Хятад хэлний” хэмээн олноо хүндлэгдсэн нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатарыг уримаар байна. Түүний орчуулгын бүтээлүүдийг монголчууд сайн мэднэ. Орчуулгууд нь үнэхээр сайн. Тиймээс Д.Болдбаатар багшаас амьдралыг нь өөрчилсөн гайхалтай бүтээлүүдийн тухай халуун яриа сонсмоор байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: Ж.Галбадрах

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button