Ярилцлага

Грег Гонзалез /Cigarettes After Sex/: Хайрлахаас өөр хүмүүний хамгийн чухал яс чанар бол өрөөл бусдыг ойлгохуй

“Cigarettes After Sex” хамтлаг дэлхийн олон сая сонсогчийн зүрх сэтгэлд хэдий нь хүндэтгэлт байр суурь эзлээд авчээ. Нэг сонсоход бүх дуу нь ижил хэвэнд цутгачихсан мэт, хүнд гунигтай ч хөнгөн жаргалтай, түнэр харанхуй ч гэгэлгэн гэгээн, тийм нэг дэвэлзсэн философийн илэрхийлэмжүүдтэй. Гэхдээ яг тулгаж сонсвол нэг нь ч давтагдахгүй, бүгд өөр хоорондоо онхи өөр. Мэдээж бүгд хайрын тухай.

Гоцлол дуучин Грег Гонзалез ихэнх дууныхаа үг, аяыг өөрөө бичдэг. Хоолой нь хачин өвөрмөц, эмэгтэй хүн лугаа адилыг сонсогчид мэднэ. Тэр Францын “Coup de Magazine” сэтгүүлд 2017 онд ярилцлага өгөхдөө хайрын тухай ярьжээ. Дараа оны нэгдүгээр сард хамтлагийн анхны бүрэн хэмжээний тоглолт товлогдоод байж.

Ярилцлагад анхаарлаа хандуулна уу.


-Танай хамтлагийн хамгийн анхны бүрэн хэмжээний тоглолт ирэх нэгдүгээр сард, Шинэ Зеландад болох тов зарлагдлаа. Бид ч их догдолж байна. “Сексийн дараах янжуур”-ын тоглолтоос юу хүлээж болох вэ?

-Үнэнийг хэлэхэд, хүмүүс биднээс юу сонсдог билээ, ер тоглолт яаж явах учиртай билээ, тэр нэг хэлбэрийг л маш цэврээр нь хадгална гэж бодож байна. Өөрсдийн итгэж үнэмшиж явдаг зүйл, хөгжимд дурласан анхдагч шалтгаануудаа ил шулуун, гүдэсхэн ч гэмээр илэрхийлж тоглоно доо. Маш төвийг сахиж, мөртлөө маш үнэнчээр тоглоно. Ер маш энгийн л байя гэж бодож буй.

-“Each Time You Fall In Love дуунд “Чи тэдний сонсохыг хүссэн бүх үгийг хэлдэг. Гэхдээ чин зүрхнээсээ хэлдэггүй” гэсэн мөртүүд бий. Ер нь “хайр” гэдэг үгэнд хэт их ач холбогдол өгөөд байна гэж боддог уу, эсвэл үргэлж дутуухан санагддаг уу?

-Энэ нь зөв ч юм шиг санагдах юм. Үнэндээ хайр л ертөнцийг хөдөлгөдөг. Мөн миний хамгийн их анхаарал хандуулж явдаг, надад асар гүн нөлөөлдөг эд л дээ. Хэрвээ гажуудуулж, зам зуур тоомсоргүй орхиод л одчихож болдог зүйл гэж харвал хайрыг үнэгүйдүүлнэ. Энд тэнд их хөглөрөх тусмаа л улам өнгөцхөн, хөнгөмсөг эд болж хувирна.

-Хүн өсөж, том болох хэрээр хайрын тухай ойлголт, хувь бодлууд нь дагаад өөрчлөгддөг гэж боддог уу?

-Тийм ээ, надад лав тэгж санагдсан. Туулж өнгөрүүлсэн, одоо туулж яваа харилцааны аль нь ч бай хайрын тухай ойлголтыг маань дандаа л өөрчилж ирсэн шиг. Туулж, дуусгасан харилцаа бүрийн заасан хичээлүүд хүнийг илүү туршлагажуулж, өөр өөр өнцгөөс харах боломж олгодог. Ингээд цаг хугацаа өнгөрөх хэрээр ойлголт улам л өөрчлөгдөнө. Надад бол яг л тэгсэн.

-Та эхэлж үгээ бичээд, дараа нь дуу болгодог уу. Эсвэл аялгуугаа эхэлж зохиох уу?

-Миний хувьд, аялгуу үргэлж эхэнд. Би 10 настайгаасаа хойш бичиж байна, ний нуугүй хэлэхэд унтаагаараа ч биччихэж чадна гэхэд болно. Одоо бол бичих гэдэг надад хамгийн хялбар ажил. Гэхдээ дууны үг бол алив нэг туршлага, ой дурдатгалын талаар зүгээр нэг дүрсэлж, тоочиж бичихээс хавь өөр түвшний зүйл. Дууны үгийг бүтээн босгох гэж, түүнд утга санаа тээлгэж, хэлэх гэсэн зүйлээ шингээх гэж багагүй хугацаа зарна.

-Хүний хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл юу вэ?

-Хайраас өөр гэвэл, бусдыг сэтгэлдээ мэдэрч, ойлгох чадвар гэж хэлмээр байна. Эмпати. Чи тэднийг ойлгож чадвал тэд ч чамайг ойлгох л болно. Миний бодлоор хөгжим хүнд яг үүнийг өгдөг. Үнэхээр бусдыг ойлгох боломж олгодог учраас л хөгжим ийм чухал байж магадгүй. Хаа нэг хүнд үе таарч, та хөгжим сонслоо, ингээд та өөр хэн нэгэн яг энэ мэдрэмжийг мэдэрч л суугаа даа гэдгийг ухамсарладаг. Тэгээд нэг л мэдэхэд юмс хавьгүй дээрдээд ирдэг, дахиж ганцаардахгүй. Минийхээр энэ л бидэнд буй хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл, хамгийн чухал яс чанар.

-Хөгжимд хүний сэтгэл санааг засах чадал бий юү?

-Гуниглангуй үед энэ мэдрэмжээ дотроосоо ивэлгэж гаргахын тулд адилхан гунигтай дууг яг тусгайлан зорьж, сонгож сонсох юм бол тэгдэг шүү. Жишээ нь Johnny Mathis-ын “What’ll I Do”-г сонсох бүрдээ уйлдаг юм, эсвэл Cat Power-ын “Where Is My Love?”, чиний гуниг гутралыг гаргаад л тавьчихна. Гэхдээ бас дууг хөөрүү, баясгалантай юм болохоор нь сонгож сонсвол, та яагаад ч гуниглаж чадахгүй. Жишээ нь Swinging Medallions-ын “Double Shot”. Нэг үгээр дуу өөрөө асар их аз жаргалаар бялхсан, итгэл найдвараар дүүрэн агуулгатай бол сонсогч гуниглана гэвэл ер хэцүүхэн болоод ирнэ. Энэ увдис маягийн зүйл заримдаа инээдтэй ч юм шиг санагддаг. Гоё шүү, аятайхан.

-“К” дуунд, “Ганцхан надтай хамт байхад чинь л дуртай” гэж дуулдаг. Тэгэхээр харилцаанд хамтрагчаасаа бусад бүх хүний өмнө хөшиг татаж, тусгаарладаг, тийм хандлага байдаг уу. Сайн уу, эсвэл муу юу?

-Надад бол хачин. Харилцааг бүтээхэд тодорхой хугацаанд хичээж, хөдөлмөр зарсан бол яагаад ч юм сонирхол татах ондоо хүмүүс зэрэгцээд байж л байдаг. Гэхдээ энэ дуу бол, яг л хэн нэгнийг анх удаа жинхнээсээ хүсэж, хаа ч явсан түүнийг л нүдэндээ үзээд буй тухай. Маш донтож автмаар. Ер  тэгж гацаанд орохгүй байхыг ч үгүйсгэхгүй, тэгэхгүй хүмүүс зөндөө. Хүн өөрөө өөрийнхөө амьдралаар л амьдрах хэрэгтэй шүү дээ, түүнээс өөр чухал зүйл олон байх нь мэдээж.  Гэхдээ яг хайр, дурлал гэгчтэй учирсан бол эхэн шатандаа заавал тэр хүнийг үргэлж дэргэдээ хүснэ, бүр хамтдаа ичээнд орчихмоор болдог. Тэгээд сая хэлсэнчлэн гадаад ертөнцийн наагуур зүгээр л хөшиг татаад, хоёул тусгаарлагдчихдаг.

-“Sweet”-д бас ийм мөр бий, “Би дуртай шархлуулна, баясгалантайгаар зүрхээ шархлуулчихаад чамд өгнө” гэж. Маш үзэсгэлэнтэй мөрт, ер нь яг жинхэнэ харилцаанд хүн шарх авахдаа бэлэн л байх хэрэгтэй шиг?

-Тийм гэж бодож байна. Минийхээр хүн “За, яваандаа шархалж таарах нь, ийшээ явах нь дээ” гэдгээ мэддэг байх хэрэгтэй, энэ мөртийн утга нь яг тийм. Хайртай учиралцсан бол зарим утгаар ер заавал ч гэлтгүй шарх авна, энэ өөрөө жам ёс маягийн зүйл юм шиг. Гэхдээ үүнийг хүлээж аваад, шаналан, зовлондоо үнэ утга өгөх юм бол тэгээд л тийм ч чухал биш болоод явчихна. Учир нь би энэ бүхнийг өөрөө хүссэн, араас ирэх бусад нь онхи хамаагүй. Ингэж итгэж явдаг.

-Хайр уг нь нийгмийн амьдралд асар чухал, шийдвэрлэх ч үүрэгтэй эд юм шиг мөртлөө бид ихэнхдээ л шархалж, заримдаа цөхөрч дуусдаг. Бидэнд асар их аз жаргалыг өвдөлтийн хамт зэрэг өгчилгөж байдаг.

-Тийм ээ, ингэж зохилдсон нь хөгжилтэй ч юм шиг. Гуниг шаналан нь байхгүй бол нөгөө аз жаргал нь ч байхгүй. Ийм ч байх ёстой байх.

-“Opera”-д дуулдаг шиг, анхны харцаар л дурлана гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Би өөрөө тэгж үзсэн удаатай, гэхдээ тэр удаан хамт байлгүй одсон хүн л дээ. Ер хэн нэгнийг анх харах мөчид, тэдний дотроос ямар нэг амин чанарыг нь олж анзаараад, тэгээд шууд л тэднийг өөрийн амьдралдаа оруулахыг хүсдэг тохиолдол байдаг биш үү. Би бол анх хараад л “Энэ хүн яг надтай л хамт байх ёстой юм байна” гэж бодсон. Нэлээд хачин ч гэлээ болсон л юм.

-Харүки Мүраками хүн бүрийн хувь ертөнцөд өөрсдөд нь 100 хувь төгс охин, хөвгүүн оршиж явдаг гэдэг. Үүнтэй санал нэгдэх үү?

-Тэр богино өгүүллэгийг нь уншиж байсан шиг санаж байна. Үнэндээ Харүки Мүраками надад их нөлөөлсөн хүн л дээ, ялангуяа “The Wind-Up Bird Chronicle” роман нь. Энэ санаа түүний богино өгүүллэгүүдийн нэгэнд дурдагддаг байх аа?

-Тийм ээ.

-Би бол санал нэгдэх эсэх гэхээс илүү үүнд зүгээр л итгэх ёстой, итгэх нь зөв гэж бодож байна. Бас би өөр өөр цаг хугацаанд өөр хамтрагч оногдож таардаг гэдэгт ч итгэдэг хүн. Гэхдээ Мүракамигийн зөв байж магадгүй. Нөгөө талд хүн яг гарцаагүй зөв хүнээ олчих л юм бол, тэгээд түүнтэйгээ бүх л утгаар үүрд хамт байх болно. Ингэж бодох тал бий. Нэлээд хэтийдсэн ойлголт шиг боловч үнэн гэж итгэж байна аа.

-Та “Interview Magazine”-д өгсөн ярилцлагадаа, унтахынхаа өмнө зарим хөгжмийг “нойрны эм” болгож сонсдог талаараа дурдсан байсан. Унтахдаа сонсдог топ гурван цомгоо нэрлээч?

-Эд бол хамгийн нандин, унтахынхаа өмнө сонсвол бүхэл шөнийг давж гарахад тусалдаг тийм хөгжмүүд л дээ. Steve Roach-ийн “Structures From Silence” цомог тэдний дунд голлоно, түүний анх бичүүлсэн хөгжим нь байх. Уг нь хамгийн сайн бичигдсэн хөгжмүүдийн нэг л дээ, даанч хүмүүс тийм ч сайн хүлээж аваагүй. Бас James Cruise-ийн “Floating Into The Night” байна, шөнө сонсож болох үүнээс сайн хөгжим нэрлэхэд бас хэцүү шүү.

-Зарим хөгжим сонсох ёстой өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг нь хөгжилтэй ч юм шиг.

-Тийм шүү, яг үнэн. Зарим хөгжим яагаад, яаж шөнө шиг эсвэл өдөр шиг сонсогддогийг бид хэзээ ч мэдэхгүй байх. Яаж тэгдэг нь их хачин. Эсвэл зарим нь зун шиг, өвөл шиг сонсдоно. Энэ их өдөөн татсан агуулга л даа. Унтахдаа сонсдог бас нэг хөгжим маань санаанд орчихлоо. Erik Satie-гийн төгөлдөр хуурын аязын түүвэр бий, түүнийг ер хэзээ ч сонсдог. Төгөлдөр хуур дээр бичүүлсэн хөгжмүүд нь гайхалтай.

-Та киноны тухай их олонтой ярьдаг хүн. Хэзээ нэгэн цагт кино найруулагч болъё гэдэг хүслийг өөртөө хүлээн зөвшөөрч байсан удаа бий юу?

-Тийм ээ, энэ хүслээ бүр хайрлаж, тээж явдаг. Хэзээ нэг өдөр найруулагч болвол их баярлана. Найруулагчдыг их үлгэр болгож, харж явдаг болохоор ч тэр, өдөр болгон энэ тухайгаа боддог. Scorcese, Kubrick нарын тухай бодоход л, тэдэнд урлагт хийж чадах асар том хүч чадал маягийн шидлэг зүйл байгаа нь ойлгогддог. Миний хувьд энэ өөрөө уран бүтээлчийн хамгийн шилдэг илэрхийлэл. Тэд хөгжмийг удирдаж байна, зураглалыг ч дуу авиаг ч, харилцан яриаг ч удирдаж байна. Маш хүчирхэг шидтэн байгаа биз. Тэгэхээр хэзээ нэг өдөр өөрөө үүний нэг хэсэг болохдоо их баяртай байх болно.

-Дуртай киноны хөгжмүүдээсээ сонирхуулаач?

-“Enemies, A Love Stories”-ийн хөгжимд их дуртай, агуу бүтээл. Маш энгийн, чавхдаст хөгжмийн дөрвөл мөртлөө үзэсгэлэнтэй бүтээл. Nino Rota-гийн “Amarcord” бас миний дуртай, бүр бүх цаг үеийн. Киноны хөгжмүүд сайхан шүү.

-Таны ихэнх дуунууд нэгдүгээр биеийн өгүүлэмжээр бичигдсэн байдаг. “John Wayne-ээс бусад нь. Энэ дуу таны ой дурдатгалаас ургав уу, эсвэл өөр хэн нэгнийх үү?

-Миний өнцгөөс бичигдсэн, гэхдээ манай хамтлагийн даралтат хөгжимчинд илүү харъяалагдана. Түүний тухай дуу л даа, дурласан бүсгүйнх нь ч тухай. Тэр хоёрын туулж ахуй нөхцөл байдлаас нь сэдэвлэж хийсэн дуу юм. “Нөхөрлөлийн дохио тэмдэг” маягийн зүйл гэх үү дээ.

-Ер нь “Би” өгүүлэмжээр дуугаа бичихэд илүү амар байдаг юм уу?

-Ихэвчлэн миний л тухай байдаг болоод тэр л дээ. Бусдын тухай бичих маань тун цөөн.

Ярилцлагын эхийг энд дарж уншина уу.


ӨМНӨХ ОРЧУУЛГЫН ЯРИЛЦЛАГА: ХАРҮКИ МҮРАКАМИ

...Би ихэвчлэн номондоо нэрийг нь түрүүлж өгөөд бичдэг. Энэ удаад бол “Торгон цэргийн хороон даргын аллага” гэдэг нэр өгөгдөж таарсан, эхний цогцолборуудыг нь юутай ч биччихсэн, тэгээд үүн дээр ямар гээчийн түүх босгож ирж болмоор юм дээ гэж гайхсан. Японд яг Торгон цэрэг гэж ойлголт байдаггүй, гэхдээ л энэ нэрэнд нэг ховсдон татах зүйл байгааг би мэдэрч, түүнд өөрөө их татагдсан л даа...

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-05-16 09:14

Баярл�##�аа сонсох дуртай дуучны ярилцлага байна

Холбоотой мэдээ

Back to top button