ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

Б.Бат-Энэрэл: “Хурдан эдгээрэй” гэж залбирсан монголчуудынхаа буянаар эдгэрч, тод хардаг боллоо

“Коронавирусийн үеэр “зэрлэгшин”, уйдаад утас оролддог болчихлоо. Одоо донтчих вий гэсэндээ бүх дуртай тоглоомоо устгасан, 30 минутаас удаан хугацаанд утас оролдохгүй байгаа. Сэрүүлэг тавиад, яг  30 минут болонгуут нь больчихдог” гээд хэвлүүхэн ярих түүнийг Б.Бат-Энэрэл гэдэг. Цаанаа нэг адтай, авьяастай, хэрсүү, хэвлүүхэн түүний төрх уншигч та бүхэнд шууд бууж байгаа нь лавтай.

“Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан Монгол түмний хайрыг татсан, адтай, авьяастай хүүхдүүдийн нэг Б.Бат-Энэрэлтэй ярилцахаар урив.

Ярилцлага эхлэхийн өмнө түүнээс зарим зүйлийг тодруулахад “Зарим сэтгүүлч нар аймар сонин байдаг байхгүй юу. Таныг хэлж байгаа юм биш шүү. Өмнө нь баахан тодруулж асуучихаад яг ярилцлага эхлэхээр “Бат-Энэрэл тэгдэг, Бат-Энэрэл ийм” гээд өөрөө мэддэг юм шиг яриад байдаг” гэж хэзээний том хүн шиг хэвлүүхэн хэлэв. 10 настай түүнтэй ярилцлаа.

“ХҮҮХДИЙН БАЯР”-ААР ХҮҮХЭД БАЯРЛУУЛАХ ХАМГИЙН ГОЁ

-Юуны өмнө “Хүүхдийн баяр”-т зориулсан дугаарт зочноор оролцож буй Б.Бат-Энэрэлдээ баярлалаа.

-Танд ч бас баярлалаа. Би хүүхдийн баярт дуртай. Миний хамгийн дуртай баяр. Хүүхдийн баяраар хүүхэд баярлуулах хамгийн гоё. Хүүхдүүдийн баярлаж буйг харахаар надад маш их урам, зориг өгдөг. Хүүхэд баярлуулахаар миний сэтгэл тайван, өөдрөг, урам зоригтой байдаг.

Би хүүхдийн баяраар хүүхдүүдийг баярлуулах дуртай. Хүүхдийн баяр”-аар надад олон бэлэг цуглардаг. Бэлэгнүүдээ найзуудтайгаа хувааж идэх ёстой күүл санагддаг. “Ганцаараа идсэн гахай таргалахгүй, олуулаа идсэн оготно турж үхэхгүй” гэдэг үг байдаг даа.

-Олон хүүхдийн өмнө дуулахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Гоё мэдрэмж төрдөг. Сургуулийн нээлтэн дээр дуулахаар би хүүхэд юм чинь жаахан ичдэг. Ер нь хаана, ямар дуу дуулж буйгаас шалтгаалаад өөр, өөр мэдрэмж төрдөг. Цэцэгний тухай дуулахдаа цэцэгний тухай боддог, дотроо төсөөлдөг.

ЭЭЖДЭЭ “ХАЙРТАЙ” ГЭЖ ӨДӨР БҮХЭН ХЭЛДЭГ

-Хүүхдийн баяраар ямар бэлэг авах дуртай вэ?

-Би үргэлж хайрыг хүсдэг. Ээж минь, багш минь, хүмүүс намайг хайраар, юугаар ч дутаадаггүй. Тийм их хайр үргэлж бялхсан, аз жаргалтай, элэг бүтэн амьдрахыг хүсдэг.

-Хүн бүхэн аав, ээждээ хайртай. Гэхдээ хайртайгаа тэр бүр хэлдэггүй шүү дээ. Б.Бат-Энэрэл ээждээ хайртай гэж үргэлж хэлдэг үү?

-Машин барьж явахад нь ч хэлдэг. Ээждээ хайртай гэж үргэлж хэлдэг. Урмын сайхан үгсийг өдөр бүхэн хэлье гэж боддог. Би ээждээ үнэхээр их хайртай. Тэр их өвдөлтийг тэсэж, намайг төрүүлсэн шүү дээ. Хүмүүст хандаж хэлэхэд над шиг “Ээждээ “хайртай” гэж өдөр бүхэн хэлж байгаарай.

Би нээрэн одоо том болъё гэж бодохоо больчихсон. Зарим хүүхэд “Цэцэрлэг өдөр унтуулдаг, хоолоор шахдаг” гээд дургүй байдаг шүү дээ. Одоо бодоход цэцэрлэг миний хувьд аз жаргал, диваажин.

ҮНЭНЭЭ Л ХЭЛЬЕ, 97, 98 АВЧ БАЙГАА

-Б.Бат-Энэрэл гуравдугаар ангид сурдаг. Ямар дүн авч байна вэ?

-Би үнэнээ л хэлье. Зарим хүн “100 авсан” гээд худлаа ярьдаг шүү дээ. Би 97, 98 авдаг. Сургуульд сурах гоё. Эрдэм, номтой болно гэдэг нэг төрлийн аз жаргал юм байна лээ.

Би монгол хэл, математик, дүрслэх урлагийн хичээлдээ дуртай.

-Хичээл хийгээд, олон цаг суухаар ядардаг уу, нуруу нь чилдэг үү?

-Надад гурван ч талын ашигтай байгаа. Тиймээс би хэчнээн ядарч, нуруу чилсэн ч тэвчдэг. Дөнгөж ганцхан секунд сууж байна гэж бодож, төсөөлөөд хичээлээ хийдэг.

Намайг дуулдаг гэдгийг манай ангийнхан бүгд мэддэг. “Дуу дуулаад өг” гэж заримдаа гуйдаг. Би сургуульдаа хоёр сайн найзтай. Нэгийг нь Батбилэг, нөгөөг нь хэн гэдэг билээ байз. Хөөрхөн нэртэй нэг хүүхэд бий. Найзуудтайгаа хамт сургуулийн гуанзнаас хатсан талх авч идэх дуртай, хувааж идэх бүр гоё.

Дээр манай дуу хөгжмийн багш “Хотгойдын унага”-ыг заасан. Би угаасаа мэдэж байсан болохоор дуулж өгсөн юм. Дуучин байх давуу талтай юм байна лээ.

Энэ үеэр тэрбээр “Хотгойдын унага”-ын эхний хэдэн мөртийг дуулж өгөв.

-Би энэ дуунд үнэхээр дуртай. Надад нэг шүдлэн бий. Тэр шүдлэнгээ санахаараа энэ дууг дуулдаг юм. Одоо ингээд ярьсан чинь шүдлэнгээ санаад хоолой зангирч байгаа биз.

-Тийм байна. Шүдлэнгээ унадаг уу?

-Унадаггүй. Би морь унаж чаддаггүй. Шүдлэнгээ даага байхад нь авсан юм.

УРАН БҮТЭЭЛЭЭ ҮЗЭХЭЭР ТАЙЛБАРЛАХЫН АРГАГҮЙ МЭДРЭМЖ ТӨРДӨГ

-Одоогоор хэчнээн уран бүтээлтэй болоод байгаа билээ?

-За, байз бодоодохъя. Батсүх багштайгаа хамтарсан, бие дааж хийсэнтэй нийлээд 30 гаруй дуу бий. Би танд “Баярлуулж яваарай” гэдэг дуугаа дуулаад өгөх үү?

-Ямар гоё юм бэ. Бололгүй яах вэ.

“Шууд дахилтнаас нь дуулчих уу” гэсээр тэрбээр хэвлүүхэн, эвлэгхэн нь аргагүй дуулав.

-Гуравдугаар бадгийн сүүлийн хоёр мөр нь надад яг тохирсон байхгүй юу. Би өөрийгөө магтах дургүй. Уран бүтээлээ үзэхээр ичдэггүй мөртлөө нэг сонин мэдрэмж төрөөд байдаг юм.

-Яг ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тайлбарлахад төвөгтэй гадаад үг байдаг шүү дээ. Яг тийм мэдрэмж төрдөг. Түүнтэй адилхан гэсэн үг.  

-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ. Дуучин болохыг хүсдэг үү?

-Хүсдэг. Би хүмүүст маш том гэнэтийн бэлэг барина аа.

-Ямар бэлэг вэ?

-Ёстой хэлж болохгүй.

-Хэзээ задлах вэ?

-Мэдэхгүй байна аа. Хүлээж байгаарай, хүмүүс ээ. Шинэ уран бүтээл биш. Гэхдээ аягүй гоё. Одоо дахиад дөхүүлчихвэл хүмүүс мэдчихнэ. Би яг мэдэж байна.

Гэнэтийн бэлгээ хурдан задлах сан гэж би их яарч, догдолж байна. Хэзээ ч задалж магадгүй. Хэзээ задлахаа мэдэхгүй байгаа гэнэтийн бэлэг бол да сьюрприз. Уучлаарай, ах аа “Да” гэдэг нь Хятадаар том гэсэн үг юм шүү. Хоёр жижиг гэнэтийн бэлэг бий.

Ийн хэлээд Б.Бат-Энэрэл сүүлд гаргасан хоёр шинэ дуугаа дуулж өгөв.

ЭМЭЭГИЙНХЭЭ “HITONE”-ИЙГ СОНССООР БАЙГААД ДУУЛЖ СУРСАН

-Б.Бат-Энэрэл багын ийм авьяастай төрсөн үү. С.Батсүх багштайгаа бэлдсээр байгаад өөрийгөө ингэж хөгжүүлсэн үү?

-Одоо улам сайжраад, сайхан дуунуудтай, гоё нугалаа хийдэг болоод байгаа. Би хоёр настайгаасаа дуулсан. Хамгийн анх “Ижил заяа” гэдэг дууг сурсан. Утасны дуудлаган дээр “Hitone” явдаг шүү дээ. Сая яг хандэфон гэх гэж байна шүү дээ (инээв). Тэр дуу эмээгийн утасны “Hitone” дээр явдаг байсан юм. Эмээ маань утсаа сонсдоггүй, удаан авдаг. Би эмээ рүүгээ залгаж, “Hitone”-ийг нь сонссоор байгаад сурсан юм.

Тайзан дээр гарахаасаа өмнө сандардаггүй. Би хамгийн анх тайзан дээр гарахдаа “Алсад суугаа ээж”-ийг дуулж байлаа. Дуулж дууссаны дараа хүмүүс алга ташин, баяр хүргэхэд урамшаад, дуучин болохоор шийдсэн юм. Би эрэгтэй багш (С.Батсүх) тай таван настайдаа танилцсан юм.

Би Батсүх багшийгаа “Эрэгтэй багш” гэж дууддаг. Би эрэгтэй багшийнхаа дуунуудад маш их дуртай. Эрэгтэй багшийгаа Ардын жүжигчин болоход нь би үнэхээр баярласан. “Багшаа та урт наслаад, миний хүүхдүүдийг харж өгөөрэй. Миний багш урт наслаарай” гэхэд багш маань уйлсан.

 ДУУ ДУУЛАХЫН ХАМГИЙН ГОЁ НЬ АЗ ЖАРГАЛ МЭДРЭХ

-Дуулахын хамгийн гоё нь юу вэ?

-Дуу дуулахын хамгийн гоё нь аз жаргал. Би түрүүн дуулахдаа юуны талаар дуулж буйгаа боддог, төсөөлдөг гэсэн шүү дээ. Бас аз жаргал мэдэрдэг. Надад маш олон бодол байдаг. Юуны талаар дуулж буйгаа би боддог. Тэр бодол дотор дахиад бодол байдаг. Үргэлжлээд л яваад байдаг юм.

-Би “Хаан заяатай орчлон” дуунд нь дуртай. Анхны уран бүтээл нь бил үү?

-Эрэгтэй багш (С.Батсүх) бид хоёрын анхны уран бүтээл.

-Дуулахын сацуу клипэнд тоглох амаргүй. Клипэнд тоглохдоо сандардаг уу?

-Ёо, ямар гоё асуулт вэ. Би таныг надаас ингэж асуугаасай гэж бодож байсан юм. Би “Өөртэйгөө ярилцахуй” гэдэг дуугаа эрэгтэй багштайгаа хамтарч дуулсан шүү дээ. Тэр дууны клипэн дээр би нүцгэн дуулсан шүү дээ. Аймар хүйтэн байсан. Би дуугаа, клипээ сайн, чанартай, алдаагүй хийхийн тулд гүрийсээр байгаад дуусгасан юм.

Энэ асуултан дээр шууд үргэлжлүүлээд хариулчихъя. Халуун ус уухаар дуучдын хоолой сэргэдэг. Миний эсрэгээрээ, хүйтэн ус уухаар сэргэдэг, гоё болдог. Надаас өөр дуучид хүйтэн ус уухаар хоолой нь сөөдөг гэнэ лээ.

Би хүйтэнд маш их дуртай. Унтахдаа хөдөлж унтдаг. Хүйтэн газар хайгаад аягүй их халууцдаг. Тараг юм уу аарц уугаад унтахаар бүр ч их тэгдэг.

Энэ үеэр тэрбээр ус уув.

-За, ахын дүү уснаасаа сайхан уучих. Тэгээд хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье.

-Зүгээр, зүгээр та асууж л бай.

21 НАС ХҮРЭЭГҮЙ БАЙЖ ХАЙР ДУРЛАЛ ЯРИАД ЯАХ ВЭ

-Коронавирусийн халдварын улмаас тоглолт болохгүй байгаа. Тайзан дээр хурдан гарах сан гэж хэр яарч, догдолж байна вэ?

-Маш их яарч, догдолж байна. Сайхан цаг ирэхээр үзэгчидтэйгээ гоё уулзана аа. Би нээрэн танд нэг нууцаа хэлэх үү.

-За.

 -Би найз охинтой. За, больё. 21 нас хүрээгүй байж хайр дурлал яриад яах вэ.

ЗАРИМ ХҮН НАМАЙГ “ТОМ ХҮН ШИГ ЯРИАТАЙ” ГЭХ МЭТЭЭР ШҮҮМЖЛЭХЭД ЭМЗЭГЛЭДЭГ

-Зарим хүн Б.Бат-Энэрэлийг “Том хүний яриатай, хүүхэд зангүй” гэх мэтээр шүүмжилдэг. Ахын дүү эмзэглэдэг үү?

-Маш их эмзэглэдэг, надад хэцүү санагддаг. Сэтгэл санаагаар нэлээд унадаг. “Том хүн шиг яриатай. Ярихаараа гараа хөгшин хүн шиг хөдөлгөлөө” гэж хэлэхээр надад эвгүй санагддаг. Зарим хүн хэрүүлийн янзтай, муухай сэтгэгдэл биччихсэн байхыг унших ёстой хэцүү. Эрэгтэй багш маань намайг сайн дуучин, сайн хүн болоосой гэж бодсондоо, дэмжсэндээ надтай хамтарч дуулдаг болсон шүү дээ. “Олны анхааралд өртөхийн тулд хүүхдээр шоудлаа” гэх мэтээр багшийг минь шүүмжлэхэд эмзэглэсэн, муухай санагдсан.

-Тийм хүнд үеийг яаж даван туулдаг вэ?

-Тийм үед би ганцаараа байхыг хүсдэг. Аймар чанга дуулахаар сэтгэл тайвшран, дотор онгойдог.

-Сэтгэлийг нь хямраах зүйл асуусанд уучлаарай, ахын дүү. Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Кинонд тоглох бодол бий юү?

-Байгаа. Кинонд тоглуулах санал ирсэн. Мэдээж коронавирус арилсны дараа тоглоно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй кинонд тохлохгүй гэж боддог.

Хүүхэд бүхэн элэг бүтэн, тав тухай, эрүүл саруул, гэр бүлийн хүчирхийлэлгүй байгаасай гэж хүсдэг. Зарим хүүхэд сурах хүсэлгүй байдаг шүү дээ. Өөрт нь таагүй мэдрэмж төрснөөс болж тэгдэг байхгүй юу.

Би том болоод өөрийнхөө рекордыг эвдэнэ. Би зургаан зодооноор хичээллэнэ.

-Тулааны спортын зургаан төрлөөр хичээллэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Бокс, жүдо, кун фу, карате, холимог тулаан, таеквондогоор хичээллэнэ.

НҮД МИНЬ ОДОО ЗҮВ ЗҮГЭЭР БОЛСОН

-Б.Бат-Энэрэлийн нүд нь бүрэн эдгэрсэн үү. Одоо зовиурлаж өвддөг үү?

-Ерөөсөө өвддөггүй. Одоо зүгээр болчихсон. Эрүүл хүүхэд шиг хардаг.

Анх би төрөлхийн хараагүй гэж оногшлогдсон юм байна лээ. Нүдний ард зургаан судас байдаг. Хүнийх ягаан, минийх цав цагаан дисктэй байсан юм билээ. Юм хардаггүй, шатаар буухдаа ч тэмтэрч буудаг байсан. Ой гарсны дараа бага багаар хардаг болсон. Дуу дуулахын хэрээр нүдний минь хараа сайжирсаар байгаа.

Монголчууд надад хандив өргөөд тусласанд үнэхээр баярлаж явдаг. “Бат-Энэрэл эдгээсэй” гэж монголчууд маань надад эрүүл энхийг хүсээгүй, бодоогүй, залбираагүй байсан бол би эдгэрэхгүй байсан шүү дээ.

-Одоо харааны шил зүүдэг үү?

-Зүүдэг.

КОРОНАВИРУСИЙН ҮЕД “ЗЭРЛЭГШЭЭД”, УЙДААД УТАС ОРОЛДДОГ БОЛЧИХЛОО

-Нээрэн Бат-Энэрэл чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Би бага байхдаа утас олддоггүй байсан байхгүй юу. Коронавирусийн үед би “зэрлэгшээд”, уйдаад утас оролдохоос өөр яах вэ дээ. Тийм биз дээ.

Багадаа утас гэж юу байдгийг мэддэггүй байсан юм чинь. Утас гэж хоёр утгатай. Бас дайлах гэдэг үг хоёр утгатай. Зочноо дайлахын дайлах, нөгөөх нь дайлаар мордохын дайлах. Утас хоёр утгатайгийн нэг нь гар утас, нөгөөх нь юм оёдог утас.

Одоо “PUBG” тоглодог болсоон. Нэг мэдсэн чинь “PUBG”-гийн 300 хэд дэх үе дээр оччихсон яваа юм даа. Хүн өөрийгөө “Донтоогүй” гэвэл донтчихсон байна гэсэн үг. “Донтчихсон” гээд хүлээн зөвшөөрвөл донтоогүйнх нь илрэл. Нэг ёсондоо эсрэгээрээ гэсэн үг. Би донтохгүйн тулд утсан дээрх бүх тоглоомоо, фэйсбүүкээ устгасан.

-Ээж нь зөвлөсөн үү, Б.Бат-Энэрэл санаачлагаараа устгасан уу?

-Би өөрөө устгасан. Нэг өдөр ээж надад уурласан юм. Тэгэхэд нь “Юм нэгээр дуусах юм биш дээ” гэж бодсон.

Хүүхдийн тархи нимгэн байдаг учраас би 30 минутаас удаан хугацаанд утас оролддоггүй. Хүүхдүүддээ нэг зүйл захья. Ээж, аав нь утас оролдохоо, тоглоом тоглохоо боль гэхэд нь “Догтоогүй” гэвэл чи донтчихсон байна гэсэн үг шүү. Миний үе тэнгийн, надаас ах, дүү хүүхдүүдээ утас байнга оролдож эрүүл мэндээ битгий хохироогоорой. 30 минут л оролдож болно. Би сэрүүлэг тавьж байгаад 30 минут л оролддог.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Үеийнхэндээ, найзууддаа, хүүхдүүддээ хандаж мэндчилгээ хүргэхгүй юү?

-Хүүхдийн баярын мэнд хүргэе. (Алган дээрээсээ үнсэлт илгээв).

-Хөөх, өөрөө сурсан юм уу. Эсвэл ээж нь зөөж өгсөн юм уу?

-Ийм зүйлийг өөрөө аяндаа л сурна шүү дээ. Өөрөө л суралгүй яах вэ. Би ер нь ... За, больё. Яриад л байвал яриад байх юм байна. Баяртай.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эгдүү
эгдүү
6 сар 1, 2021 09:53

Нуль эгдүү юм ааа

Ашгүй дээ Нүд нь хардаг болж
Ашгүй дээ Нүд нь хардаг болж
6 сар 1, 2021 13:31

Өөрийгөө хянаж чаддаг сайн байна. Ихэнх хүүхдүүд юун 30 минут утсаараа оролдоостой байдаг. Нүд чинь муудна гэхээр өөдөөс муудахгүй муудсан ч яах вэ ухааны юм яриад суудаг.

Кса
Кса
6 сар 1, 2021 13:40

Сайхан ярилцлага болжээ. Дүүдээ сайн сайхныг ерөөе. Ухамсартай сайн хүн болоорой. Ах нь ч бас facebook-ээ устгасан.

Зочин
Зочин
6 сар 2, 2021 12:54

goe sonirholtoi interview bolj, surhii hyy yumaa

Санаа
Санаа
6 сар 16, 2021 21:36

Догь юмаа. Минийдүү үс зас�##�таа өөрчлөхгүй бол нүдийгчинь солир болгочих вий дээ

gunj
gunj
6 сар 18, 2021 05:49

Huurhun uymaa, hersuu, uhaantai, mundag hun bolno doo

эм
эм
6 сар 19, 2021 10:17

х�##� үзэж дол цохисон өвгөн шиг ярих юм

Зочин
Зочин
6 сар 21, 2021 17:04

Эрт дээр үеийн эвэр үс орчин үеийн хүүхдэд хэрэггүй дээ. Үсийг нь ургуулаад гоё засуулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button