НИЙГЭМ

И.Лувсанцэрэн: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл зогсоогүй, энэ зундаа барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

Баруун таван аймгийн эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломжийг бий болгох, цаашлаад салбар ААН-үүдийг орон нутагт хөгжүүлэх ач холбогдол бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамнаас боловсруулаад байна. Энэ зундаа төслийн гүйцэтгэгч компанийг шалгаруулж, барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт босох эл бүтээн байгуулалт нь малчдын бэлчээр, газар нутгийг чийгшүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давхар байгаль экологийг нөлөөлөл үзүүлнэ. Түүнчлэн мэдээж орон нутагт ажлын байр бий болгоно. Энэ үүднээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь дотооддоо нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтойгоос гадна олон улсын тавцанд Парисын хэлэлцээрт нэгдэн орсон манай улсын хувь нэмрийг нэмэгдүүлэх онцлогтой байгаа юм.

Сүүлийн үед “Төслийн үйл ажиллагаа зогслоо,  байгаль экологид хор хөнөөл учруулах нь” зэрэг агуулгатай мэдээллүүд хэлэлцэгдэж байна. Иймд төслийн үйл явц, олон нийтэд өгвөл зохих ойлголтуудын тухай мэдээллийг тодруулахаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга И.Лувсанцэрэнтэй товч ярилцлаа.


-Төслийн үйл явц одоогоор ямар шатандаа явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар эрчим хүчнийхээ нийт хэрэглээг дотооддоо бүрэн хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжих юм. Уг төсөл хэрэгжсэнээр жилд 366 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Баруун таван аймгийн нийт хэрэглээ өнөөдөр 260 сая кВтцаг байна. Иймд эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах, цаашлаад өсөн нэмэгдэх хэрэглээг ч бүрэн нийлүүлэх боломжтой болно. Тухайлбал уул уурхай, цементийн үйлдвэр, түүхий эд боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орвол тэдгээрийг эрчим хүчээр хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах өндөр ач холбогдолтой.

Эрчим хүчний яамнаас ТЭЗҮ-ийг боловсруулсан. Холбогдох шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр орж, дэмжигдсэн. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажил хийгдэж, мөн дэмжигдээд буй. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах үнэлгээний ажил хийгдэж байна. Энэ зундаа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ хэлэлцээр байгуулах, барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

-Барилга, угсралтын ажил ямар хугацаанд хийгдэх вэ?

-Ажил эхэлснээс хойш 61 сарын хугацаанд гүйцэтгэгдэнэ.

-Төслийг эрчим хүчний яамнаас ямар хэлбэрээр дэмжиж ажиллаж байна вэ?

-Яамны зүгээс тухай бүрд нь холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж, дэмжиж ажиллаж байна. Дээрээс нь яамны дэргэд уг төслийг хэрэгжүүлэх нэгж байгуулагдсан. Нэгж нь төслийн хөгжүүлэлтийн талаар зохих арга хэмжээг авч, яам бодлогын зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

-Хоёр ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр үйл ажиллагаа зогсоод байна гэдэг мэдээлэл түгсэн?

-Төсөл хэвийн үргэлжилж байна. Саяхан төслийн хоёр ажилтанг ажлаас чөлөөлж, үйл ажиллагааг гацаалаа гэсэн утгатай мэдээлэл түгсэн. Үүнийг ташаа мэдээлэл гэдгийг онцолсон нь зүйтэй болов уу. Тодруулбал, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч, байгаль орчин хариуцсан инженер гэсэн хоёр ажилтны хамтран ажиллах гэрээ дууссан учир ажлаас чөлөөлсөн байгаа. Уг хоёр ажилтан ийн чөлөөлөгдсөнөөр төслийн үйл ажиллагаа гацах үндэслэл байхгүй гэж ойлгож болно.

-Нутгийн иргэдийн сэтгэгдэл, ойлголт ямар байгаа бол?

-Байгаль орчны нөлөөллийн судалгааны ажил хийх явцад орон нутгийн иргэдтэй санал солилцох, мэдээлэл ойлголт өгөх ажлыг тухай бүрд нь зохион байгуулж ажиллаж байна. Ажлын байр бий болгох, дагалдах салбарын ААН-үүд хөгжих зэрэг ач холбогдлуудыг нь нутгийн иргэд ойлгож, хүлээж авч байна.

-Байгальд ээлгүй гэдэг ойлголт явдаг шүү дээ?

-Усан цахилгаан станц өөрөө байгальд ээлтэй технологи. Үүнийг дагаад аялал жуулчлалын болоод загасны аж ахуйн салбарыг ч хөгжүүлэх боломжтой. Дээрээс нь эл технологи өөрөө уур амьсгалын чийгшил өглөг учир орон нутгийн уур амьсгал, малчдын бэлчээрт эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Орон нутгийн эрчим хүчний систем 70 гаруй хувиа импортоор худалдан авдаг. Жил бүр үүнд 16-17 тэрбум төгрөгийг ОХУ-д төлдөг. Тэгэхээр станц ашиглалтад орсноор энэ чиглэлээр гадагш урсах валютын урсгалыг зогсооно.

-Орон нутагт ажлын байр бий болгох нь их чухал ойлголт. Энэ тал дээр тодруулж өгөөч?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга, угсралтын ажилд 1000, цаашлаад байнгын 80 ажлын байр бий болно. Өөрөөр хэлбэл нутгийн иргэд улсын хэмжээний эл түүхэн төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжтой.


ТАНИЛЦ: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр гарах үр дүн

Бодлогын түвшинд:

  1. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, экспортлогч орон болох
  2. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг 2030 онд СЭХ суурилагдсан чадлыг 30 хувьд хүргэх
  3. Парисын хэлэлцээр байгуулагдсантай холбоотой Монгол Улсын тодорхойлсон хувь нэмрийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах

Бүс нутгийн түвшинд:

  1. Жилдээ 366 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба таван аймгийн нийт 266 сая кВт.цаг хэрэглээ болон цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хангана
  2. Баруун таван аймгийн 6488 ААН, 2424 орон сууц, 55929 гэр хорооллын хэрэглэгчдийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана
  3. ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчний хараат байдлыг бууруудж, импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт төлж буй 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ
  4. Дотоодын хямд эрчим хүчний эх үүсвэр бий болсоноор Баруун бүс, Алтай-Улиастай эрчим хүчний систем төсвийн татаасгүй ажиллах нөхцөл бүрдэнэ
  5. Бүтээн байгуулалтын барилга, угсралтын явцад 1000 гаруй ажлын байр бий болж, орон нутгийн иргэд ажиллаж, ажилтай, орлоготой болох нөхцөл бүрдэнэ
  6. Усан цахилгаан станц ашиглалтад орсноор захиргаа, ээлжийн инженер техникийн 80 ажлын байр бий болно
  7. Тухайн бүс нутагт байгуулагдах уул уурхай, цемент болон арьс шир, түүхий эдийн боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах
  8. Усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно. Усан сан хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button