УРЛАГЯрилцлага

Contemporary Series #5: Шувуудад бодол тээн нисгэгч

Цар тахлын хөл хорионы үеэр олон аж, ахуй нэгж үүдээ барьсан. Харин урлаг амьдарсаар байв. “B Contemporary” галлерей өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдаж, үйл ажиллагааных нь дийлэнхийг тахал дайрсан ч хөл хорио тавигдав уу, үгүй юу тэд үзэсгэлэн дэлгэж байлаа.

Хамгийн онцлууштай нь энэ хавраас эхлээд цувралаар дэлгэгдэж буй “Contemporary Series”. Нэг цуврал дээр нэжгээд уран бүтээлч контемпорари бүтээлүүдээ дэлгэнэ. Бид өмнө нь гурав дахь удаагийн цувралаар зочилж, контент бэлтгэсэн. Үүнтэй энд дарж танилцаарай.

Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 11-ний баасан гарагт уг үзэсгэлэнгийн тав дахь буюу сүүлийн цуврал нээлтээ хийнэ. 17.00 цагаас. Энэ цувралыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач С.Дагвадорж дэглэж байна.

Биднийг ирэхэд дэглэх ажил ид хийгдэж байв. Тав дахь цувралд заалны цөм хэсгийг эзэлж орших шувууд ихээхэн харц булаана. Уран бүтээлч нь А.Мөнхтуяа. Гэвч тэр өмнөх цувралуудад зохион байгуулагчийн үүргээр ажилласан. Харин сүүлийн цувралд тэр өөрийн ийм бүтээлийг сойжээ.

Арын ажлыг даруухан хийж гүйдэг түүний уран бүтээлчийн амьдралаас жаахан төдий сонирхлоо. Яг энэ өглөө шувууд жиргэхийг сонсоод “Байгалийн хөгжим юм даа” хэмээн бодолхийлж, шувуудын оршихуйг сониучирхаж байсан бол орой нь түүнтэй ингэж ярилцаж таарлаа.

-“Contemporary Series”-т орсон уран бүтээлчид ямар онцлогтой вэ?

-30-аас 80 насны хооронд, эгэл зураачаас Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой уран бүтээлчид оролцож байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг ялгамжгүй, хуучин, залуу үеийн зааггүй. Контемпорари чиглэлээр, яг хүслээрээ туурвидаг уран бүтээлчид энд нэгдсэн. Гол нь цуврал бүрийн бүтээлүүд хоорондоо цогцож, нэг үзэсгэлэн болж харагдах хэрэгтэй болсон. Энэ тал дээр бид анхаарч, ажилласан. Ингээд уран бүтээлчдийг өөрсдийнх нь хүслээр баг болгож, тухайн багаараа нэг цуврал үзэсгэлэнг дэлгэх зохион байгуулалтаар явсан.

-Багуудад зохион байгуулагчдын зүгээс нөлөөлөх асуудал хэр байсан бэ?

-Гурав дахь цуврал дээр тийм зүйл орсон. Эмэгтэй уран бүтээлчид дийлэнх байсан болохоор арай өнгөлөг байгаад байсан. Зохицол зүй нь бага байсан гэх үү дээ. Харин сүүлийн цувралуудаас уран бүтээлчид яг үзэсгэлэндээ зориулж, зорьж бүтээлүүдээ хийх болсон. Тэд өөрсдөө “Миний бүтээлд нэг ийм өөрчлөлт орчихвол үзэсгэлэнд маань зохицох юм байна” гэх маягаар анзаарч, хувь уран бүтээлч бүр ажиллаж, таван цувралын ард гарцгаах гэж байна.

-Уран бүтээлчид юун дээр нэгдсэн бэ?

-Бид үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй үзүүлдэг. Зарим газруудад үзэсгэлэн гаргая гэхэд уран бүтээлчдэд ч, үзэгчдэд ч төлбөр мөнгөний хувьд төвөгтэй тусдаг. Харин манайд уран бүтээлчид өөрсдөө ямар нэг такс, түрээсийн асуудалд баригдалгүй, олон нийтэд уран бүтээлээ хүргэх гэсэн нэгдмэл, нэг санаатай. Манай галлерейн зүгээс “Манай ханыг яаж ч ашиглаж болно, та нарын дур” гэж хэлдэг. Зарим уран бүтээлчид “Энэ ханыг хар болгож, будаг цацаж болох уу?” гэж асууна, бид болно л гэдэг.

-Уран бүтээлээ хүмүүст хязгаарлалтгүй хүргэх чөлөөт орон зайн дээр нэгдэж байгаа юм байна. Энэ тодорхой хэмжээнд шинэ жишиг байх, тийм үү?

-Тийм.

-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-Монгол зургийн чиглэлээр төгссөн. Уламжлалт зураг зурдаг. Сургуулиа төгсөөд фэйшн салбарт ажиллаж байгаад, 8-9 жилийн дараа уран бүтээл рүүгээ эргэж орсон. Ингэхдээ монгол зургаа зурж байгаад арай орчин үеийн уран бүтээл хийж эхлэх ёстой мэт мэдрэмж авсан. Фэйшн салбарт хэсэг ажилласны хувьд торго, ноолуур гэх мэт материалуудтай харьцаж сурсан байсан. Эдгээрээр бүтээл хийж, санаа илэрхийлж болмоор мэдрэмж дотроос түрсэн гэх үү дээ.

-Таван цувралын ард зохион байгуулагчийн хувиар ажиллаж, гарахад өөртөө шинээ юуг нээв?

-Таван цуврал хоёрдугаар сараас эхлээд тус бүр 14 хоногоор тавигдаж, өнөөдөрт хүрлээ. Энэ хугацаанд өөрөө орно гэж ер бодож байгаагүй. Зохион байгуулагчийн үүргээр л хамтарч ажиллаж байсан. Харин явц дунд, манай ээжийн бие муудаж, эмнэлэгт удаан сахисан. Зургаа зурах боломжгүй учраас дэргэд нь энэ шувуудыг хийдэг байсан. Саяхан ээж минь нас барсан. Маш их юм бодсон. Дэргэд нь байхдаа ч ихийг бодсон. Ингээд энэ үед төрсөн бүх бодлуудыг уран бүтээл болгож, шувуугаар илэрхийлэхийг зорьсон.

-Тэгэхээр энэ инстолляц хийе гэж зорьсон гэхээс илүү хувь тавилангаар үүсгэгдсэн гэж ойлгогдож байна. Ямар нэр өгч байна вэ?

-“Бодлууд”, “Түмэн бодол” гэсэн нэр орж ирж байгаа. Эдгээр шувууд газраар нисэлдэж, нэг нь л дээр ялгарч буй. Ганц, ганцдаа их хуучирсан, сэмэрсэн торгоор хийгдсэн нь ялгарч, харагдана. Газарт байгаанууд нь залуу шувууд шиг, шинэ өнгөлөг торгоор хийгдсэн. Энэ хугацаанд бодсон бүх бодлууд маань... Мэдээж олон санаа өгчилгөж байгаа ч ээж маань энэ бүтээлийн үүдэл санаа.

-Материал нь анхаарал татлаа?

-Цаасан шувуу их нийтлэг байдаг шүү дээ. Шувуутай зохиомжууд мөн их хийгддэг. Харин миний ашигласан материалууд нь ихэвчлэн япон торго, кимоногийн торго зэрэг байгаа юм. Эдгээр шувуудыг хийсэн материал бүр мөн хоорондоо өөр. Энэ нь өдөр бүр бидний толгойд нисэлддэг өөр, өөр бодлуудыг илэрхийлж болно. Шувуу бол дэлхийн чимээ. Тэднийг тэнгэрт нисэж байхад нь бид хардаг. Тэгвэл яагаад шувуудыг дээрээс нь, газарт байгаагаар нь харж болохгүй гэж.

-Энэ суурь чулуунуудыг хаанаас цуглуулсан бэ?

-Би хааяа чулуун дээр бэлэг дурсгалын хэлбэрээр зурдаг. Энэ үүднээс ихэнх нь надад байсан. Тийм болохоор шувуудаа чулуунууд дээр тогтоох санаа шууд төрсөн. Ингээд бодлууд маань хоорондоо маш хурдан холбогдож, нэг нэгнээ олж, энэ бүтээл бий болсон.

-Нэг их бодож зовохгүй, тохироо нь аяндаа бүрдээд байж ээ?

-Тийм, өөрсдөө аяндаа ундарсаар нэгдсэн. Зарим нэг торго нь надад удаан хадгалагдсан байлаа, 10 жил болсон кимоногоо эвдээд хийсэн нь ч бий.

-Хар бараан, гунигтай бодлуудыг төлөөлсөн шувуу цөөн харагдаж байна уу даа?

-Байгаа, гэхдээ цөөн л дөө. Доогуур байгаа хэдэн хар шувууд. Шувууд дээшлэх тусмаа өнгө нь гоё болж буй. Хүний бодол цагийн аясаар үргэлж өөрчлөгддөг, ийм олон гоё өнгөөр гялалздаг. 200 шувуу хийснээс 170 орчмыг нь энд байрлуулаад байна.

-Ээжийгээ сахиж байхдаа дэргэд нь шувуудаа хийдэг байсан гэлээ. Ингэхдээ цаасаар хийдэг байсан гэсэн үг үү?

-Үгүй, шууд торгоор нь. Хэлбэрийн хувьд таван өөр төрлийн шувуу байгаа. Даавуу болохоор хэр баргийн нугаларч, хэлбэрт баригдахгүй. Тэгэхээр нэг бүрчлэн нарийн нугалж, оёхыг нь оёж хийсэн. Нэг мэдсэн чинь их олон болсон байсан. Зарим нэгийг нь уйлж хийсэн.

-Таны ээж шувуу хийж байгааг нь харсан уу?

-Харсан.

-Юм хэлсэн үү?

-Манай ээж дээл оёж, шиддэг хүн л дээ. “Яасан ч гоё шувуу вэ дээ. Хэзээ, хаана хийв?”. “Энэ оёдол чинь тиймхэн болчихсон байна” гээд л. Өөрөө дээл хийдэг хүн болохоор зарим оёдлуудыг маань голж, зааж зурж байсан.

Урлагт анх удаа инстолляцаар орж буй минь энэ. Өмнө нь дандаа монгол зургаар туурвиж, үзэсгэлэнгүүдэд оролцдог байсан. Харин энэ уран бүтээлчидтай хамтарч ажиллахад цаанаа л нэг гарт баригдах инстолляц хийх юм сан гэсэн хүсэл маань өдөөгдсөн. Хурцлагдсан. Энэ таван цуврал үзэсгэлэнгийн уран бүтээлчид надад дэм өгсөн. Яваандаа ээж маань ч ингэж холбогдсон. Бүх зүйл маань холбогдож, явсаар явсаар энэ бүтээл төрлөө.

-Дээр байгаа энэ шувуу ээж тань бололтой?

-Тийм. Газраар яваа олон шувуудыг энэ шувуу дээрээс нь харж байгаа. Хүн бүр өөр өнгөтэй, амьдралд тэд нэг дээр, нэг доор нисдэг гэдгийг эндээс бас харж болно.

-Үзэсгэлэнд олны өмнө дэлгэгдэх нь гэхээр хэр их сэтгэл догдолж байна вэ?

-Маш их. Миний хийсэн бүтээлийг хүмүүс юу гэж харах бол. Яаж хүлээж авах бол. Зарим уран бүтээлчид дэглэж байхад орж ирж хараад л “Хөөх, энэ хэнийх вэ” гээд л гараад явдаг. Хэнд ч өөрийнхийгөө гэж хэлээгүй. Баасан гарагийг хүлээж байна.

-Цаашид инстолляцаар туурвих хүсэл төрж байна уу?

-Төрөлгүй яах вэ. Үүний өмнө бас нэг шувуу зурж, нэгдүгээр сарын сүүлээр БНСУ-ын үзэсгэлэнд оруулахаар явуулсан байгаа. Энэ зурагт яг ийм шувууг зургаар илэрхийлсэн. Түүнээсээ санаа авч, шувууг сонингийн цаасаар хийж үзсэн л дээ. Дараа нь өөр материалаар хийх санаа төрж, судалж эхлээд байсан. Ингэж урьдач нөхцөл нь бүрдээд байсан бололтой.

-Яагаад та шувуутай холбогдоод байдаг юм бол?

-Шувуу гэдэг бодлыг, мессежийг түгээдэг. Хүмүүс захиа бичээд, шувуугаар хүргүүлдэг байсан жишээ бий шүү дээ. Өөрт бодогдсон бодлуудаа л шувуудаар илэрхийлж, хүмүүст хүргэхийг зорьсон гэж орж ирж байна.

-Та тэгвэл бусдад дотроосоо юм илэрхийлж гаргамаар байдаг ч чаддаггүй, удаан хугацаанд дарагдаж ирсэн хүн юм болов уу?

-Тийм л байх. Миний хувьд цаг хугацаа нь ингэж таарч байна. Сүүлд уран бүтээл рүүгээ эргэж орсон тухайгаа сая ярьсан. Яг үүний дараа миний амьдралаас хоёрын хоёр хүн өнгөрч, одсон. Өмнө, бага байхад ч юм уу хамаатны хүн нас барахад нэг их зүйл боддоггүй л юм билээ л дээ. Харин том болсон хойно дотнын хүнээ алдахад, юу гэдэг юм, дотогшоогоо болчихдог юм билээ. Найз нөхөдтэйгөө чөлөөтэй ярьдаг маань хэвээр ч ер маш дотогшоо болсон. Хэсэг зуур яг ийм байдалд орчхоод байгаа учраас...

-Өөрийгөө нээдэг, дотрохоо асгаж тэдэн рүү урсгадаг тийм хүмүүс нь магадгүй өнгөрсөн байх...?

-Тийм.

-Тэр урсгал ингээд тасарчихаар л... Гаргая гээд ч хүлээж авах ёстой хүн нь байхгүй байхад?

-Яг тийм. Намайг бага байхад ээж маань хөтлөөд, Хүүхдийн ордны зургийн дугуйланд бүртгүүлж байсан юм. Ээж л их урам өгдөг, дэмждэг байсан. Урьд нь БНСУ-д нэг үзэсгэлэнд шалгарснаа мэдээд, гэнэт явахаар болоход ээж дээлээ өгөөд явуулж билээ. Ээжийнхээ дээлийг өмсөж, тэр үзэсгэлэнд оролцсон. Анх Хүүхдийн ордонд хөтөлж орсон шигээ, тэнд хамт байна гэж бодоорой гэж ээж хэлж байсан.

-Ер нь амьдрал гэдэг тасралтгүй үйл явц. Энэ бол уран бүтээлчийн амьдралын нэгэн л метаф. Энэ нь ч таныг эргээд уран бүтээл рүү оруулж өгчээ. Хэсэг хугацаанд төвлөрч байгаад эндээсээ гарч ирэх байх аа?

-Магадгүй зургаа зураад л яваад байсан бол яваад л байх байсан байх. Ийм юм руу орох хэрэгтэй гэсэн дохио, тэмдэг маягийн зүйл болж байна, энэ үйл явдлууд.

-Үзэсгэлэн буусны дараа шувуудыг хааш нь зөөх вэ?

-Одоо хоёр, гурван санал ирж байна. Гаднын үзэсгэлэнд оролцуулах, эсвэл хоёр, гурван ширхгээр нь худалдаж авах гэх мэт. 200 шувууг яг энэ чигээр нь хадгална гэхээр бас хэцүү. Инстолляц гэдэг тавилт, байршлаасаа хамаарч өөр өөр санааг илэрхийлдэг. Дараагийн үзэсгэлэнд тэднийг нэг буланд, таазнаас унжуулчихвал бас л нэг өөр харагдана шүү дээ.

Бидний шувуудын дэргэд хийсэн яриа. Бусад уран бүтээлчид бүтээлүүдээ байршуулж, дэлгэсээр. А.Мөнхтуяа бодлын элч болсон шувуудаа дараа нь байгальд, нарны гэрэлд, голын дэргэд байршуулж  нэг харъя гэж бодож буйгаа ярилаа. “Заавал тэгээрэй” гэж дэмжив.

Таван цувралын туршид зохион байгуулагчаар ажиллахад нь түүний дотор өөрөө инстолляцаар оролцох хүсэл төрсөөр байж. Фэйшн салбараас эргээд уран бүтээл рүүгээ орж, ингэхдээ инстолляц туршиж үзэх хүсэл тогшиж, эдгээр таван цуврал үзэсгэлэнд зохион байгуулагчаар ажиллаж...ээж нь түүнд шувуудыг үлдээгээд одож. Бас уран бүтээлийн онгод үлдээжээ.

Үзэсгэлэн танд нээлттэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дээгий
дээгий
2021-06-11 11:13

үзэсгэлэн хаана болж байгаа вэ?

Bilgee
Bilgee
2021-06-15 11:14

Saihan yariltslaga bolson bn amjilt hvsie

Холбоотой мэдээ

Back to top button