СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Contemporary Series #3: Хөл хорионы дараах тархины “тэсрэлт”-үүд…

Контемпорари хэлбэрийн инстолляцуудыг ойроос харж, яг дэргэд нь сүүдрээ тусган зогсож, тэдэнтэй нэг агаараар “амьсгалж” гэмээ нь илүү сайн мэдрэх боломжтой. Ийм төрлийн үзэсгэлэнгийн танхимд хэдхэн минут чимээлээд зогсоход тархинд нэлээд сайн амралт болох бөгөөд уран бүтээлчдийн зоригтой илэрхийллүүд өдөр тутмын ахуйгаас хэсэг хором ч болтугай ангижруулж өгнө.

Нэн төвөгтэй, учир утга нь үл олдох мэт санагдахаас л контемпорарыг танин мэдэхүй эхэлдэг. Харин уран бүтээлч яг юу илэрхийлэхийг зорьсон юм бол гэдгээс илүү үүнийг хийхдээ чухам юу мэдэрч, тэр нь ийнхүү тэсэрч биежээ вэ гэдэг рүү таван /зургаан/ мэдрэхүйгээ ажиллуулбал амттай.

Урт үргэлжилсэн хөл хорионы үеэр хүмүүс яг ийм, цахимаар биш бодитоор хүртдэг урлагаас хол байлаа. Харин “B Contemporary Gallery”-д таван цуврал үзэсгэлэн дэлгэгдэж байна. Дөрөвдүгээр сарын 2-ноос үүний гурав дахь цувралын бүтээлүүд тавигдсан бөгөөд үүгээр зочлоод гарлаа. Өмнө нь “Spirit of Gobi” үзэсгэлэнд тавигдаж байсан бүтээлүүдээс ч энд иржээ.

Гурав дахь цуврал дэглэлтийн хувьд энгийндүү, гэхдээ хүний тархины тэсрэлтүүд эндхийн агаарт яалт ч үгүй жингүйдэн тогтжээ.

Н.Сүхбүрэн – “Welcome to”

Н.Сүхбүрэнгийн ийм бүтээл үзэсгэлэнгийн танхимын цаад харанхуй мухарт асаж унтран байна. Өөд өөдөөсөө харж /нүд нь аниатай ч/ байрласан хоёр хүний дүрс, биеэсээ чанагуух ертөнцийн сэжүүрийг гэрэлтүүлж буй.

Толгойгоо жишүү гэлжийлгэсэн туранхай эр бол олон нийтэд нэлээд танигдсан. Онгорхой цээжин хөндий дотор нь толь байрлуулсан байдаг. Энэ эрийн дотор ертөнц рүү өнгийе гээд сониучирхтал өөрийгөө олж үздэг. Харин энэ удаад тэр цээжин хөндийг нь хөвөнгөөр дүүргэж, гэрэлтүүлсэн нь нэгэн ахуйгаас ангижирмал “дээд” ертөнцийн нэг хэсэг цонхон цаанаас цухуйж байх шиг харагдана.

Өөдөөс харсан эмэгтэй суух бөгөөд түүний хормой хавиас мөн үүлэн зурвас хөглөрсөөр нөгөө эр лүү дөхөж буй, мөн гэрэлтэнэ. Хоёр хүн эгнэгт чулуужсан, “эвлэрсэн” төрхтэй ч доторх ямар нэгэн амин чанар нь гэрэлтсээр, мөнхөд оршиж байгаа дүрслэлтэй. Тэр нэгэн гэрэлтэж буй үүлэн зурвасууд юуны илэрхийлэл байж болохыг харанхуйд хэсэг зогсоод, дотогш чимээлээд үзэх хэрэгтэй аж.

Н.Отгонбат – “Transient”

Танхимын хамгийн их зайг эзэлж байрласан энэ инстолляц “Transient” нэртэй. Үгийн утга мөнх бус, түр хугацаанд оршоод алга болох гэдэгтэй дүйнэ. Босоо багануудын суурь нь толь байх агаад хавь орчныг өөртөө ойлгон цацруулж буй. Бас багтааж буй. Харин харилцан адилгүй өндөртэй багана бүрийн нэг тал нь өвөрмөц өнгө будгаар илэрхийлэгджээ.

Бусад тал нь тольт биш ч нэлээд хүйтэн, төмөрлөг хайлш юм уу даа гэмээр мэдрэмж төрүүлнэ. Хайлш гэдэг хувирал, өөрчлөлт хэр нь ээ урт хугацааны оршихуйг бэлгэддэг. Холоос харвал нэг тийм харь гарагийн ч гэмээр, дэлхийн хөрснөөс ангид нэгэн орчин байна. Нэг талдаа багана бүр нэг ертөнцийн хаалга шиг ч харагдаж болж байна. Тийшээ орвол тийм газар, ийшээ орвол ийм газар угтах бөгөөд тэр бүгдийг бид эчнээ таних аж.

Зуурдын гэсэн утгатай хэр нь ээ мөнхийн орчлыг дүрсэлсэн мэт санагдав. Эргэн тойрноор нь алхаж, уран бүтээлчийн цээжинд багтсан санааг ойлгох гэж хичээвэл сонирхолтой.

Ж.Анунаран – “Crescendo Series”

Үзэсгэлэнгийн хамгийн сэтгэл татам хэсэг. Уран бүтээлчийн хувьд нэлээд ур чадвар шаардсан ажил болжээ. Нугас болон цэнхэр, хөх өнгөнүүдийг харвал нуур дүрслэгдсэн мэт. Тэнд нэгэн эмэгтэй нэг гараараа элгээ тэврээд хэвтэж буй.

Бие нь маш чанагуух өнгөөр гэрэлтэж байна, яг мөнхийн хутгийг олно гэдэгтэй дүйцэж очихуйц. Эмэгтэйг амьд гэж харахааргүй байна. Энгэртээ хоёр ширхэг цэцэг тэвэрч, түүнийх нь навчис салхинд хийсэн энд тэндгүй тарж, нуурын мандал дээр хөвжээ. Ингээд нэг нүдээр харахад эмэгтэй гэрийн ваннандаа хэвтэж байна гэвэл илүү ойр дөхөм мэт. Нугас бол нэг төрлийн бэлгэдэл, метафор төдий боловч ихээхэн чимэг болж буй. Яг ойртоод харвал салж ойчсон навчсуудыг хийсэн хийц өөр мэдрэмж өгч байна билээ.

Өөрөөр хэлбэл, зурагт навчны хэлбэртэй стикер наагаад, дараа нь авчихсан, суурь хэсэг нь дарайгаад хуулралгүй тэндээ үлдчихсэн юм шиг төгс бус – дутуу илэрхийлэмж. Үүнийг дагаад үл ялиг харамсал ирж буй. Гэхдээ энэ чигээрээ гоо үзэсгэлэн цогцолжээ. Эмэгтэйг амьд эсэх, тэвэрсэн цэцэгс, түүнээс салж ойчсон навчис зэрэг нь юуг илэрхийлж болох вэ. Дэргэдээс нь харвал өвөрмөц сэрэл мэдрэмж өгчилгөнө.

Б.Нандин-Эрдэнэ – “Untitled”

Нугастай гэрэлтэгч эмэгтэйн эсрэг талын хананд уг зураг өлгөөтэй буй. Мөн эмэгтэй дүрслэгджээ, гэхдээ өөрийн гэсэн гоо сайхан гэхээр зүйлгүй. Зориуд жир бус оршихуй болгож, дүрэмгүй, хэлбэр дүрсгүйгээр төсөөлсөн бололтой, түүнийг.

Гол нь тэр ямартай ч нэг шидлэг эрдэмтэй бөгөөд өөдөөс нь хараад зогсож буй үзэгчдийн өмнө жижиг, жижиг хүмүүсийг жингүйдүүлэн харуулж байна. Яг төвлөрөөд ширтвэл энэ жижиг хүмүүс хувь хувьдаа хөдлөх шиг, момент болгон нь амьтай, мотивтай байна.

Дэлгэцийн дээд хэсэгт эрэгтэй, доод хэсэгт эмэгтэй хүмүүс байх шиг анзаарагдав. Ижил төстэй зүйл нь энд аз жаргалтай хүн байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар шаналал үүрчээ. Энэ хүмүүсийг нүдний өмнө илбэдэн гаргаж ирээд үзүүлж буй жир бус эмэгтэйн нүд, ам хоёр л ихээхэн бодит дүрслэгдсэн байхуй. Хамар гэвэл ердөө өнгөний хувирал төдий. Баруун талын нүд нь хоёр ширхэг давхардсан байх.

“Сайн уу. Нэг иймэрхүү хүмүүсийн амьдрал харуулж болж байна. Дахиад ч өөр байна. Чинийх давгүй юу” гээд алмайдуу инээх шиг, жир бус эмэгтэй.

Б.Мөнхцэцэг – Инкубатор

Үзэл санаа нь ил илэрхийлэгдсэн цөөн бүтээлүүдийн нэг, бараг ганцаараа болов уу. Инкубатор гэхээр уншигчдад ойлгогдож буй. Аквариумыг арьсаар эмжсэн нь байгаль дэлхий, анти-хотжилтын амьдралын хэв маягийг үгүйлэн дуудаж байх шиг.

Дотор нь зүлэг байна. Зүлэг ногоон өнгө аргагүй л нэг амьд чанарыг өгчилгөж байх ажээ, гэрэлтээд. Түүнээс эсгийгээр хийсэн хоёр гуурсан хоолой ургаж гарч ирээд, мушгираад, аквариумын ханыг дагаж газар унжсан байна. Хоолойгоор агаар дамждаг нь илт. Зүлэг фотосинтез явуулснаар хүчилтөрөгч ялгаруулга. Түүнийг уг эсгий хоолойгоор дамжуулан “амьсгалах” бололтой. Нэг үгээр амьсгалах агааргүй, гол нь байгальгүй болсон ирээдүйг дүрсэлсэн мэт.

Гол нь хэчнээн орчин үежсэн ч тэр цагийн олсон шийдэл нь ердөө зүлэг, эсгий сэлт байгаа нь дахиад л энгийн рүү, уг гарвал руугаа, “ээж” рүүгээ яв гэж хэлээд байх шиг.

Д.Очир – Сүлжээс

“Сүлжээс” бүтээл өөрийн гэсэн хүчирхэг чанартай аж. Босоо тэнхлэг дээр байрлуулсан нь жир сэтгэлгээ дагуу энэ амьтад улам газар уруу татах хүчээр татагдаж байгаа юм шиг. Татагдсаар татагдсаар газарт тулахаараа хугацаа нь дуусах мэт мэдрэмж төрж байна.

Гол нь тэдний толгойн хэсэгт хийгдсэн том цагариг мөн л цаг хугацааны агуулгатай. Бөөрөнхий дүрс дүрслэгдсэн нь хэдий хөдөлгөөнгүй байгаа ч ерөнхий байдлаар нь харахад цагариг дагаад зогсолтгүй эргэлдэж байх мэт бууна. Бодол ч юм шиг. Ямар нэгэн процессыг илэрхийлж буй.

Амьтныг бие даасан ганц оршихуй гэхээс илүү ер дэлхий ч юм уу, эсвэл ерөнхий амьдрал хэмээгч зүйлийн агуулгатай холбож бодвол бас зүгээр юм. Сүлжээс хэлбэрээр дүрсэлж, мах, цус бүх чигжээсийг нь авч хаясан нь яг ямар нэг зүйлийг мөн чанарыг илчилж тавьсан мэт.

А.Болормаа – Гэгээнтнүүд

Урлаг ямар гайхамшигтайг эндээс харж болно. Зүгээр л геометрийн дүрс, тэгээд өнгө. “Гэгээнтнүүд” гээд нэр өгчихөөр дугариг бүрд агуулга өгч бодож болно. Тайлбар хөврүүлэхээс татгалзаж, хэдэн хором харахыг санал болгоё.

Д.Бат-Эрдэнэ – Морин хуур, “Oviraptorosauria”

Нэлээд реалити тал дээр бууж ирж бэхэжсэн хоёр бүтээл. Хоёул бодит дүрслэлтэй зүйлийг металаар урлажээ. Динозавр бол яг өөрийн характертай болсон харагдана. Тэд “Яагаад болохгүй гэж. Хийх л болно” гэж хэлж байна.

Д.Дорждэрэмийн “Хаан үгүй амьдрал” энд байршсан байна. Уг бүтээлийн тухай “Spirit of Gobi” үзэсгэлэнгийн бичвэрээр бичиж байсан тул энд орхиж буй. Бас л өөрийн гэсэн хуйлруулагч энергитэй, ихээхэн амьд бүтээл билээ.

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 15 хүртэл гарах бөгөөд түүний дараа дөрөв дэх, тав дахь цувралууд нь тавигдана. Хүмүүс их үзэж байгаа гэнэ. Ялангуяа амралтын өдрүүдээр хүн дүүрч байгаа аж. Зориуд цаг гарган ирэх нь мэдрэмжээ, дотоод зөнгөө нэг усалж, баярлуулах үйлдэл болох юм. Уншигчдтай цаашид уран бүтээлчидтэй тусгайлан хийсэн ярилцлагаар уулзах болно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button