Ярилцлага

“Төрөх дөхсөн байх тусмаа эхчүүдийн бие хүнд, эрсдэлтэй байна”

“Ковидоор өвдсөн иргэн ярьж байна” цуврал ярилцлагаар энэ удаад ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэн Д-г онцолж байна.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан өөрийн амаар баталлаа. Коронавирус туссан бол та өрхийн эмнэлэг рүүгээ залгахаас өөр замгүй. Харин өрхийн эмч ирж үзээд “Та гайгүй байна аа, эмнэлэгт ор байхгүй. Эмийн сангаас эмээ аваад, өөрийгөө эмчлээрэй” гэсэн утга бүхий зөвлөгөө өгөх нь элбэгшсэн.

Нөгөө талд ковидын эмчилгээнд хэрэглэх эм, PCR шинжилгээний төлбөртэйгөө нийлээд 240 орчим мянган төгрөг болж буй. Эдгээр нь ЭМД-аар хөнгөлөгддөггүй. Өөрөөр хэлбэл төр нь коронавирус туссан иргэдээ хаячхаад байна.

Харин энэ нөхцөл байдалд хүндрэх эрсдэл бүхий иргэд хэрхэж буй нь хамгийн их анхаарал татна. Энэ бүлэгт нэн тэргүүнд хамаарах хүмүүс бол жирэмсэн эхчүүд.


-ХОЁР ӨДӨР ЗАЛГААД ХОЛБОГДОЖ ЧАДААГҮЙ-

-Таны хувьд бие давхар болсноо мэдээд ямар хугацаа өнгөрч байна вэ. Энэ хүртэл жирэмсний холбогдолтой ямар нэг хүндрэл гарсан уу, эсвэл хуучин ужиг өвчин /хэрэв байгаа бол/ сэдэрсэн удаа бий юу?

-Би одоо зургаан сартай, жирэмслэлт хэвийн. Бага зэрэг тонус өгөх, хавагнах, даралт өөрчлөгдөх зэрэг зовууриуд хааяа нэг илэрч байсан.  

-Харин хэзээ PCR шинжилгээгээр ковид-19 вирус туссан нь батлагдсан бэ. Бие давхар эмэгтэйн хувьд вакцин хийлгээгүй байсан болов уу гэж таамаглаж байна. Халдвар авснаа мэдээд өөртөө хэрхэн хүлээж авав. Гол нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд хамгийн түрүүнд юу гэж зөвлөсөн бэ, ямар арга хэмжээ авсан бэ?

-Зургадугаар сарын 9-нд шинжилгээ өгч, 10-нд хариу гарсан. Вакцин хийлгээгүй. Харьцангуй тайван хүлээж авсан. Миний хувьд ганцаараа биш, гэр бүлээрээ халдвар авсан байсан. Нөхөр маань надтай ижил шинж тэмдэгтэй. Харин хүү, ээж хоёр маань ойрын хавьтал болсон тул өөрсдийгөө тусгаарласан.

Нөхөр бид хоёрыг PCR шинжилгээнийхээ хариуг хүлээж байх хооронд хүүд зарим шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Харин ээж маань дархлаа дэмжих нэлээд эм тан, амин дэм хэрэглэсэн байсан тул харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байсан. Ер нь тэгээд анх өвчин илэрч эхэлж байгаа үед энгийн ханиад шиг л санагддаг юм билээ. Хүндрээд ирэхээр л эвгүй юмтай тулснаа ойлгодог юм байна.

Эмнэлгийн байгууллагын хувьд утсаар бол зөвлөгөө өгөөгүй. Энэ сарын 9, 10-нд өрхийн эмнэлэг рүү залгаад холбогдож чадаагүй. Харин 11-ний өглөө өрхийн эмнэлэг дээр ээж очиж уулзаж байж, орой ажил тарах үеэр нэг эмч ирж үзээд, цөөн хэдэн эм бичиж өгсөн. Гэхдээ түүнээс өмнө хоёр хоног гэртээ байхдаа эм тариа хэрэглэж эхэлсэн байсан. Үндсэндээ бол тэр үед эрсдэлгүй байна, хөнгөн өвдсөн байна гэсэн онош тавьсан ч одоо эмнэлэгт уушгины хатгалгаатай хэвтэж байна даа.

-Эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаа тул хүмүүст ихэвчлэн өөрсдийгөө гэрээр эмчлэх зөвлөгөө өгөгдөж байна. Таны хувьд эмнэлгийн хяналтад ортлоо хэр удав, хэр хүндрэлтэй үйл явцыг туулав. Энэ хооронд ковидын шинж тэмдгээр бие нь хэр өвдсөн бэ?

-Өрхийн эмнэлэгтэй анх холбогдоход жирэмсэн тул хэвтэж эмчлүүлнэ гэсэн бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэтэл ирж үзсэн эмч маань шаардлагагүй гэж үзсэн юм шиг байна билээ. Тэгээд түүнээс хойш тав хоног гэрээр хөнгөн эмчилгээ хийсэн. Энэ хугацаанд өдөр бүр өөр шинж тэмдэг илэрч, нэлээд зовуурьтай байх болсон. Зургаа дахь өдрөөсөө ханиалга бүр ихсэж, хэвтэх, бүтэн өгүүлбэрээр ярихад хүндрэлтэй болсон. Ингээд арга буюу амны хаалтаа сайн зүүж аваад ковидтой хүнд үйлчилж буй өөр эмнэлэгт цээжний зураг авахуулахад баруун уушгинд хатгалгаа үүссэн байсан.

Ер нь бол нэгдүгээр шатлалын эмнэлгүүд хамгийн хүн хүч багатайн дээр ачаалалтай байдаг. Гэтэл ковидын үед ачаалал нь улам бүр нэмэгдэж, бүх чиглүүлэг өрхийн эмнэлэг дээр буудаг болсон тул хүн хүч нь бүр ч хүрэлцэхгүй байгаа юм байна гэж бодсон. Холбогдож тсаар зөвлөгөө авах, асуух тал дээр иргэд өөрсдөө л хүчин чармайлт гаргахгүй бол орхигдох, мартагдах асуудал гарах юм шиг байна.

-ОЛОН САРТАЙ БАЙХ ТУСМАА ЭХЧҮҮДИЙН БИЕ ХҮНДЭРЧ БАЙНА-

-Одоогоор эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа талаар асууя. Олон жирэмсэн эхчүүд дунд 1-2-хон эмч ажиллаж, ажиллах хүч дээд зэргээр дутагдаж байна гэх мэдээлэл бий шүү дээ. Жирэмсэн эхчүүд зөвхөн ковидын эмчилгээнээс гадна жирэмсний хяналтаа сайн хийлгүүлж чадаж байна уу?

-Миний хувьд ЭХЭМҮТ-д өнгөрсөн шөнө ирж хэвтсэн. Гэртээ яахаа мэдэхгүй байснаа бодвол хамаагүй дээр л байна. ЭХЭМҮТ-д бол коридорт оргүй хэвтэж байгаа хүн бол байхгүй байна. Эмч нарын хувьд өөрсдөд нь л ачаалал их байгаа юм уу гэхээс өвчтөнүүдэд үүнээс шалтгаалж, хүндрэл учрах асуудал бага анзаарагдаж байна.

Миний хувьд одоогоор өрөөндөө тавуулаа байна. Бүгд надаас дээш сартай эмэгтэйчүүд байна. Ялангуяа олон сартай тусмаа л биеийн байдал илүү хүнд, хугацаанаасаа эрт төрөх эрсдэл өндөр байх шиг. Хэдийгээр бүгд ковидтой хүмүүс ч гэсэн халдварын өөр, өөр үе шатанд байгаа учраас адил дэглэм сахиж, өрөөндөө байнга амны хаалт зүүж байна.

ЭХЭМҮТ-д бол эх барих эмч, хариуцсан эмч гэж хоёр ялгаатай эмч үзэж байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн болон ковидын халдвар авсан хоёр талаас нь хавсарсан эмчилгээ хийж байна. Өчигдөр шөнө ирж хэвтсэн даруй бүх төрлийн шинжилгээ авч, шууд эмчилгээг эхлүүлж байна.

-Ковидод чиглэсэн ямар эмчилгээ хийлгэж, ямар эм ууж байна вэ. Зарим эм, эмчилгээ нь жирэмсэн эхчүүдэд эсрэг заалттай гэсэн. Мөн давхар жирэмсний хяналтын ямар үзлэг, эмчилгээнд тогтмол хамрагдаж байна вэ. Ковидын шалтгаанаар хэвтсэн гэдэг үүднээс жирэмсний хяналтад хангалттай орж чадахгүй, ураг эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн үү?

-Өчигдөр шөнө бол тав, зургаан төрлийн дусал хийлгэсэн. Яг ямар нэртэй, юунд зориулсан гэдгийг нь өөрөө энэ салбарын хүн биш тул нэрлэж, мэдээлэх нь буруу байх. Миний хувьд уушгины хатгалгаа нилээд хүндэрсэн байсан учраас олон төрлийн хүчтэй эмчилгээ хийж байгаа байх. Гол нь ковидоор оношлогдсон жирэмсэн ээжүүд хатгаа болох нь амархан байгаа учраас түүнээс сэргийлэх тал дээр л анхаарах хэрэгтэй юм байна гэж бодогдож байна.

Бас хэт их халуурах, хөлрөх үед урагт очих хүчил төрөгчийн хэмжээ багасдаг юм байна. Иймд үүнийг анзаарч, ургийн хөдөлгөөн хэт ихсэх эсвэл багасах эсэхийг анзаарч байх хэрэгтэй гэсэн. Миний хувьд их ханиалгаж байгаа тул ураг бага зэрэг атиралдсан байдалтай байна гэсэн. Энэ нь гэнэт их хүчтэй, өмнөхөөсөө илүү идэвхтэй хөдөлж байгаагаар мэдрэгдэж байгаа.

Жирэмсний хяналтад яг хугацаандаа ороод явъя гэхэд мэдээж бэрхшээлтэй байгаа. Миний хувьд сүүлийн хоёр удаагийн үзлэгтээ очиж чадаагүй. Эхнийх нь хатуу хөл хорионы үеэр таарсан. Учраа хэлээд явах гэсэн боловч үзүүлж харуулах бичиг баримт байгаагүй учраас хот дотор зорчиж чадаагүй. Дараагийн үзлэгийн хуваарьт өдөр нь ковидын эерэг тохиолдол болж батлагдсан учраас хойшлуулсан.

-Ижил нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ. Өөрт тохиолдож буй үйл явдлаас үлдэж буй дүгнэлт, сэтгэгдлээ хуваалцаач?

-Миний болон манай гэр бүлийн хувьд албан ёсны шийдвэрүүд, халдвар хамгааллын дэглэмийг өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд ягштал мөрдсөн гэж бодож байгаа. Нөхөр, ээж хоёр маань бүтэн тун вакциндаа хамрагдсан. Манайх бие давхар хүнтэй, бага насны хүүхэдтэй айл учраас ямар нэгэн эрсдэл огт гаргаагүй.

Ажлын газрын зүгээс ч гэсэн цөөн өдөр ажиллах боломжоор тодорхой хэмжээнд хангаж өгсөн. Миний харж байгаагаар бол хувийн хэвшил, ард иргэд энэ өвчний ард гарчих гээд л хамаг байдгаараа хичээж байна. Гэтэл бид халдвар аваад байна шүү дээ. Энэ бол хувь хүний ариун цэвэр, халдвар хамгааллын асуудал төдий биш болчхоод байна.

Харьцуулахад, БНЭУ саяхан л нас барагсдаа чандарлах мод ч олдохгүй байна гэж байсан бол одоо хөл хориогоо үе шаттай суллаад эхэлсэн байна. 20 сая гаруй хүн амтай Мумбай хотод л гэхэд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол нь манайхаас бага байна шүү дээ. Ингээд харахад бид өнөөгийн түвшинд ямар байж болох байсан, гэтэл ямар байна гэдэг ялгаа төвөггүй харагдана. Гэхдээ үүнийг бодож хямралгүй, хэрэв энэ айхтар өвчнийг туссан бол тайван байж, аль болох хохирол багатайгаар давахын тулд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Боломжтой бол аль болох эмнэлгийн байгууллагын хяналт дор эмчлүүлэхийг бодоорой.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх кэйсийг авч үзвэл халдвар хэнийг ч тойрохгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй нь харагдаж байна. Д-гийн гэр бүлийнхэн вакциндаа хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж байсан ч ийн коронавирусээр өвчилжээ.

Нөгөө талд өрхийн эмнэлгүүдийн ачааллыг хөнгөлөх, зохион байгуулалтыг нь сайжруулах шаардлага нэгэнт үүсжээ.

ЭХЭМҮТ-ийн хувьд харин ковид туссан жирэмсэн эхчүүддээ хавсарга эмчилгээг харин сайн хийж байна гэж эмэгтэйн ярианаас ойлгогдлоо.


ӨМНӨХ ДУГААРТ: “Долоон сар гэрээс гараагүй мөртлөө БНХАУ-ын вакцин хийлгэсэн өдрөө халдвар авчихлаа”

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Нийслэлээс зайдуу, зээгээ харж байгаа аж. Тэрбээр гэрээсээ огт гардаггүй тул өөрийгөө “вакцинаас халдвар авсан” гэж үзэж буй юм байна.

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үрс
Үрс
6 сар 16, 2021 08:38

Жирэмсэн ээжүүд маань хамгийн хүнд байгаа. Үрс мигь эрүүл энх бойжоосой.

Зочин
Зочин
6 сар 16, 2021 10:10

Өөрсдөө ямар ч буруугүй харин эмч вакцин төр засаг л буруутай! Өвдсөн л бол дэглэм сахиагүй л гэсэн үг. Өөрсдийгөө өмгөөлөх хэрэггүй!

Зочин
Зочин
6 сар 16, 2021 10:35

Ene salbar elgeeree hevtlee shuu. Ajiliig zuv huivarlah heregtei

Зочин
Зочин
6 сар 16, 2021 16:24

Hi. Duu ni dubna hot orov. Ongotsnii uildver orj uzev. Nuguu bezpilotnik bilu. Shinjleh uhaanii saihan hot baina hahah. Himiin turshij edr hiideg yum bn. Tsusand mini baigaa yum bas davhar bas tanias pizik mizik sursan hun bainadaa.

Зочин
Зочин
6 сар 16, 2021 16:24

Taniar sonin saihan? Aimar zuvshuuruul avj mavdag barag baidagiig ni ch humuus meddeggui yum baina lee. Gants 2 mongol erdemted ajildag yum bn. Socializm iin ued doktor phd nar baij gene. Ta bas doktor bolno shd . Bayar hurgey. Neg temdeglene baigaa. Altangadas avsan shig . Ahhaha

Зочин
Зочин
6 сар 16, 2021 16:36

sain. Nomin deer

Зочин
Зочин
6 сар 18, 2021 21:04

Кораногоос бүү ай бүү сандар маш тайван бай эмч нарын буянаар сайхан болноо итгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button