ЯРИЛЦЛАГА

“Долоон сар гэрээс гараагүй мөртлөө БНХАУ-ын вакцин хийлгэсэн өдрөө халдвар авчихлаа”

Вакциныхаа хоёр дахь тунг хийлгээд 1-2 сар болсон иргэд халдвар авч байна. Мөн вакцин хийлгэсэн өдрөөсөө эхлэн халуурч, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь батлагдаж буй хүмүүс ч байна. Тэд эмнэлгийн тусламж авч чадахгүй, гэртээ халуун, бүлээн юм ууж, өөрсдөө эмийн сан орж байгаа юм. Эдгээр иргэдийн төлөөлөл болох иргэн О-той бид ярилцлаа.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Нийслэлээс зайдуу, зээгээ харж байгаа аж. Тэрбээр гэрээсээ огт гардаггүй тул өөрийгөө “вакцинаас халдвар авсан” гэж үзэж буй юм байна.

ШӨНӨ ХҮРТЭЛ МАСКТАЙГАА УНТСАН

-Халдвар авснаа хэзээ, хэрхэн мэдэв. Анх ямар, ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Би өнгөрсөн оны аравдугаар сараас хойш зээгээ хараад лагерьтаа өвөлжиж, хаваржсан. Хүүхдээ агаарт өсгөе гээд хотоос зайтай байсан юм. Энэ хугацаанд найз нөхөд, хамаатан садантайгаа уулзахгүй, гэртээ ч зочин хүлээж авахгүй байсан. Гэтэл вакциныхаа хоёр дахь тунг зургадугаар сарын 6-нд хийлгэчхээд халдвар авчихлаа.

Би тухайн өдөр лагериасаа хот руу хүүхдээрээ хүргүүлсэн. Тэгээд хотын гэртэй ойрхон байдаг дархлаажуулалтын цэг дээр очиж вакцинаа хийлгэсэн юм. Вакцин хийлгэхээр очиход эмч, сувилагч нар цайндаа орчихсон байсан тул 40 минут хүлээж суусан. Тэгээд хүмүүсийг ирэхээр нь вакцинаа хийлгэчхээд 20 гаруй минут биеэ ажиглаж суусан. Зээ хүүгээ хардаг  тул болгоомжлоод цонхны хажууд суусан юм. Гарч ирээд гэр рүүгээ алхаж явах замдаа таньдаг хүнтэйгээ таарсан. Тухайн хүн “Таны царай зүс яачихсан юм бэ. Их ядрангуй харагдаж байна” гэж хэлсэн. Би ч вакциныхаа хоёр дахь тунгаа хийлгэчхээд явж байгаагаа хэлсэн. Тэгээд толгой таллан өвдөөд, дотор муухайраад байсан тул хотын гэртээ нэг хоночхоод маргааш орой нь лагерь руугаа явсан. Ирчхээд хоол хийж байтал толгой таллан өвдөж, найтааж, хоолой  эрвэгнээд байсан. Вакцины урвал юм байх гэж бодож байсан ч болгоомжлоод хоолоо хийчхээд тусдаа өрөөнд орж, цонхны тавцан дээр аяга тавгаа тавьж байгаад хоолоо идсэн. Гэртээ ирээд би амны хаалтаа ерөөсөө тайлаагүй. Шөнө хүртэл масктайгаа унтсан. Тэгж зай барьж, хамгаалж байсан хэрнээ л зээ хүү, охин нөхөртөө халдвар тараачихлаа.

-Вакцин хийлгэснээс тань хойш хэд хоногийн дараа гэр бүлийнхэнд тань шинж тэмдэг илэрч эхэлсэн бэ?

-Зургадугаар сарын 11-нд охины маань хоолой сөөгөөд хамар битүүрч эхэлсэн. Тэгээд л би вакцины реакц биш ковид юм байна гэдэгт нот итгэж, хот руу орж шинжилгээ өгсөн. “Ачтан” эмнэлэгт шинжилгээ өгтөл хариу нь тухайн өдөртөө эерэг гарсан. Миний шинжилгээний хариу батлагдсан тул гэр бүлийнхэн маань шууд л хотод ирж шинжилгээ өгсөн. Тэгээд халдвар авсан нь батлагдсан.

-Та болон гэр бүлийнхэн тань вакцины нэг дэх тунгаа хэзээ хийлгэсэн бэ. Хоёр дахь тунгаа хийлгээгүй хүн байсан уу?

-Охинтойгоо, зээтэйгээ, нөхөртэйгөө хамт дөрвүүлээ амьдардаг. Охин 33, нөхөр 61 настай. Би 60 настай.Нөхөр маань вакциныхаа хоёр дахь тунг хийлгээд 43 хонож байсан. AstraZeneca хийлгэсэн юм. Охин маань надтай адил БНХАУ-ын Verocell хийлгэсэн. Эхнийхээ тунг хийлгээд 30 гаруй хонож байсан. Надад шинж тэмдэг илэрч, реакц өгөөд байсан тул хоёр дахь тунгаа хийлгэхгүй харзнаж байсан юм.

Харин миний хувьд вакциныхаа нэгдүгээр тунг дөрөвдүгээр сарын 30-нд хийлгэсэн. Нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа ямар ч шинж тэмдэг илрээгүй л юм уг нь. Гэтэл одоо БНХАУ-ын вакцинаас халдвар авч, зээ хүү, нөхөр, охиндоо халдвар тараачихлаа. Тэдэндээ гай тариад хаячихлаа.

-Та яагаад вакцинаас болсон гэж үзэж байгаа вэ?

-Эгч нь ямар ч хүнтэй хавьтал болоогүй. Зургадугаар сарын 1-нээс хойш гэрээсээ огт гараагүй. Угаас гэртээ хүн оруулалгүй хоёр жил болж байна. Тиймээс би 100 хувь вакцинаас болчихлоо гэж үзэж байна. Учир нь миний нэг таньдаг эмэгтэй 20 гаруй хоногийн өмнө ярихдаа БНХАУ-ын вакцин хийлгээд тухайн өдөр нь шинж тэмдэг илэрч, халдвар авсан нь батлагдсан юм билээ. Түүнийг ямар ч эмнэлэг хүлээж аваагүй гэсэн. Хөөцөлдсөөр арай гэж нэг юм эмнэлэгт хэвтсэн тухайгаа хэлсэн.

Одоо хар л даа. Засгийн газар, Эрүүл мэндийн яам вакцинаа шинжилж, баталгаатай, найдвартай юм хийгээгүй байж ард түмэн рүү буруугаа чихэж байна. Ард түмэн рүү буруугаа бүү чих. Зохион байгуулалтаа сайжруул. Зургадугаар сарын 15-нд  халдварын тохиолдол буурна гэж байсан. Хаана байна. Зургадугаар сарын 15 болчихлоо. Хүн амын 90 гаруй хувь вакцин хийлгэчхээд байхад уг нь сүргийн дархлаа тогтмоор л юм. Гэтэл одоо халдварын тоогоор тэргүүлж байна.

МӨНГӨ ТӨГРӨГГҮЙ, ШИНЖИЛГЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ ХҮМҮҮС БОЛ ГЭРТЭЭ ЗҮГЭЭР Л ҮХЭХ ЮМ БАЙНА

-Вакцин хийлгэхээс өмнө ямар нэгэн шинж тэмдэг илэрч байсан уу?

-Үгүй ээ. Ямар ч шинж тэмдэг илрээгүй. Би дандаа KF-94 гээд зузаан маск зүүдэг. Эсвэл давхар маск зүүдэг.

Вакцинаа хийлгэчхээд лагер руугаа автобусаар явсан. Маш цөөн хүнтэй байсан. Би ч эрсдэлээ бодоод цонхны хажууд суусан. Тэгэхээр би бол вакцинаас болсон л гэж үзэж байгаа.

–PCR шинжилгээний хариу тань эерэг гарсны дараа эрүүл мэндийн байгууллагаас холбогдсон уу. Одоо та болоод гэр бүлийнхэн тань хаана байгаа вэ?

-Хоёр өдөр ийш, тийшээ заалгасан. Өрхийн эмнэлэг рүүгээ л холбогдож чадсан. ХӨСҮТ рүү залгахаар утас нь дуудаж байгаа ч таны урд хүн байна гэж хэлээд тасарчихдаг юм билээ. Аз болж бямба гарагт /2021.06.12/ “Ачтан” эмнэлгийн утсыг хүнээс олоод ярьсан. Тандалтын багаас “ор гарвал хэлье” гэж хэлсэн. Нэг хоногийн дараа буюу ням гарагт тус эмнэлэгт хоёр ор гарч, нөхөр, охин хоёр маань эмнэлэгт хэвтсэн.

Ер нь тэгээд халдвар авлаа гэхэд өрхийн эмнэлэг рүү ярина, тэгж байтал тийшээ очиж шинжилгээ өг, түүний дараа нэр тань шивэгдэж мэдээнд орсон тохиолдолд тандадтын баг очно гэдэг юм билээ. Тэрийг нь хүлээгээд сууж байтал бие хүндэрч байна. Тэгээд аргагүйн эрхэнд хувийн эмнэлэг рүү хандлаа. Мөнгө төгрөггүй, шинжилгээ өгч чадахгүй хүмүүс бол гэртээ зүгээр л үхэх юм байна.

-Одоо тэгэхээр та зээтэйгээ хамт гэртээ байгаа гэсэн үг үү. Эмнэлэгт хэвтэн, эмчлүүлэх хүсэлтэй байна уу?

-Ямартай ч 10 хоног харъя. Тэгээд бүр болохгүй бол эмнэлэг л бараадна даа.

УУЛЫН МУХАРТ ӨВӨЛЖИЖ, ХАВАРЖСАНЫ ҮР ДҮН ГАРСАНГҮЙ

Та хоёрын биеийн байдал ямархуу байна вэ?

-Тийм ээ. Халдварын голомт руу нярай хүүхдийг оруулаад яахав гэж бодоод би аваад үлдсэн юм. Охин маань хүүгээ хөхнөөс нь гаргачихлаа. Зээ маань үе, үе ханиалгаж байна. С витамин өгч, лаа хийж байгаа. Харин миний даралт 160 хүрсэн байсан. Одоо хэд ч хүрч байгаа юм бүү мэд. Үзэж харж, зөвлөгөө өгч байгаа хүн алга. Толгой өвдөж, хамар битүүрч, бие сульдаж, хөлс их гарч байна. Уулын мухарт өвөлжиж, хаваржсаны үр дүн үнэхээр гарсангүй.

-Нөхөр болон охинтойгоо ярьж байгаа юу. Биеийн байдал ямар байгаа бол. Ямар, ямар эмчилгээ хийгдэж байна гэнэ?

-Ням гарагт очсон болохоор рентгенд хараагүй юм шиг байна лээ. Эмүүд өгсөн гэсэн. Өнөөдөр /өчигдөр/ рентгэн зураг хараад шинжилгээ өгч байгаа. Ямар ч байсан эмнэлэг бараадсан юм чинь гайгүй байх гэж бодож байна. Хамар нь битүүрч, хоолой өвдөж, бүх бие шархирч, сульдаж, хөлс их гарч, халуурч байгаа гэсэн. Охины маань хоолой нь бүр цахиртаад боочих гээд байна лээ. Уг нь бид чинь айхавтар суурь өвчинтэй ч биш. Манай нөхөр л ходоодны ургацагтай олон жил болж байгаа юм.

-Та ямар, ямар эм ууж байгаа вэ. Өрхийн эмнэлгээс зөвлөгөө өгч, та хоёрын биеийн байдлыг асууж байна уу?

-Өөрөө витамин C,D, мана 4, норов 7, арбидол зэрэг эмийг халдвар тусаад эдгэрсэн хүмүүсийн туршлагыг харж байгаад авсан. Эдгээрийг ууж байгаа. Түүнээс бол тийм эм уу гэж зөвлөсөн хүн алга. Амралтын өдрүүдэд өвдсөн болохоор ингэж хандаж байгаа юм уу эсвэл угаасаа иргэдийгээ гаргуунд нь хаячихсан юм уу бүү мэд. Уг нь С.Амарсайхан 40 гаруй автобус нэмээд гэрээр байгаа хүмүүс рүү очиж байгаа гэж ярих юм билээ. Гэтэл уулын мухарт, гэрээсээ гараагүй хүмүүс халдвар авчхаад байхад хэн ч ирсэнгүй. Аймшигтай тархсан бололтой. Вакцинаас болж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Үр хүүхэд, нөхөр маань эдгэрээд гараад ирэхээр би Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана. Эрүүл саруул байгаа хүмүүсийг ингэж хохироож болохгүй шүү дээ. Хийж байгаа вакцинуудаа шинжилж, судлах хэрэгтэй шүү дээ. Иргэдээ вакцинжуулсан хэмээн дэлхийд нэгт жагсаж, тэргүүлэхийн тулд юуг нь ч судлахгүй авчирч ирээд хийчихлээ.

-Гэр бүлийнхэн тань эмнэлэгт хэвтчихсэн болохоор эм хүнсээ өөрөө гарч авч байна уу. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Нөхөр эмнэлэг явахаасаа өмнө эм, хүнс авч өгсөн. Маскаа давхарлаж зүүгээд л гарч авсан даа. Энэ нь төрийн ажил ямар ч зохион байгуулалтгүй байгааг харууллаа. Уг нь бол халдвар авсан тохиолдлуудыг шуурхай илрүүлж, гэрээс нь гаргахгүй байлгаж байгаад шаардлагатай эмүүдийг нь авчирч өгөх хэрэгтэй. Эмийн мөнгийг гэр бүлийнхнээс нь авчхаж болно шүү дээ уг нь. Ажилгүй,орлогогүй байгаа иргэддээ бол эмийн багцыг нь үнэгүй тарааж өгч, хурдан шуурхай ажиллах хэрэгтэй. Ингэж л ажиллахгүй бол хэрэг алга. Мөн дээрээс нь эрүүл мэндийн ажилчид маань сөхөрснийг харуулж байна. Ачааллаа дийлэхгүй байна.

-Цаашдаа Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж харж байна вэ?

-Хатуу зохион байгуулалттай байж, олон шат дамжлагагүйгээр айлууд руу хурдан шуурхай очиж, арга хэмжээ авмаар байна. Ерөөсөө гэртээ үх гэсэн агуулгаар хандаж байна. Эмч нар ч тэгж хэлээгүй л дээ. Энэ зохион байгуулалт л ингэж байна. Тиймээс шуурхай, зөв зохион байгуулалттай, иргэн бүрд хүрч ажиллах хэрэгтэй.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Гэрээсээ долоон сар гараагүй хүн халдвар авсан нь анхаарал татаж буй юм. Албаныхан уг асуудалд хариулт өгөхөөс татгалзаж, бултав. Иймд бид вакцинд хамрагдаад халдвар авсан иргэдээс асуумж асуулаа. Асуумжид 40 гаруй иргэн хариулснаас 25 нь вакциныхаа II дахь тунг хийлгээд халдвар авсан гэсэн юм. Мөн тэдгээр иргэдийн дотор “Вакцин хийлгэхийн өмнө сөрөг гарсан хэр нь ээ хийлгэсний дараа эерэг гарсан” гэсэн иргэн хэд, хэд байсан юм. Бид шинжлэх ухааныг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ хариулт өгсөн иргэдийн нийтлэг хандлагыг ажиглавал, тэд халдварын тохиолдол олноор нэмэгдэж буй нь вакцинтай холбоотой гэж үзэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button