Ярилцлага

Стиви Никс: Жинхэнэ дурлалыг үзмээр байвал гар утсаа холхон гаргаж шид

“Fleetwood mac” хамтлагаас амжилт, уран бүтээлийн гараагаа эхэлсэн Стиви Никс бол рок хөгжмийн ертөнцөд хамгийн тод бичигдсэн эмэгтэйчүүдийн нэг. Тэр яг л төдийгөөс өдий хүртэл тасралтгүй бичиж, дуулж байгаа нэгэн. “American Horror Story” цуврал кинонд ч тоглоод амжсан.

2020 онд тэр “Алдрын танхим”-д хоёр дахь удаагаа нэрлэгдэж, багтсан юм. Өмнө нь “Fleetwood mac” хамтлагийн гишүүний хувиар, нэг удаа, харин энэ удаад соло дуучны хувиар. Үүнийхээ дараахан өнө удаан жилийн түүхтэй “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэ үедээ тэр 71 настай байжээ. Уг ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-“Алдрын танхим”-д багтсан явдалд тань баяр хүргэж, ярилцлагаа эхлүүлье. Хоёр дахь удаа энэ мэдрэмжийг авах юугаараа өөр байв аа?

-“22-той харьцах 0” гэдэг үйл явдал болсон. Өөрөөр хэлбэл, түүхэнд 22 эр хоёр удаа “Алдрын танхим”-д орсон байдаг, эмэгтэй хүн нэг ч байгаагүй. Бараг Эрик Клаптон ганцаараа 22 удаа багтсан байх шүү. Иймээс энэ үйл явдал эмэгтэйчүүдийг хөгжмийн ертөнцөд өөрсдийнхөөрөө тэрсэлж, туурвиж амьдрахад нь бага ч гэсэн урам болсон болов уу.

-Та бас соло болон хамтлагийн карьерыг амжилттай хослуулсан цөөн рок оддын нэг шүү дээ?

-Миний соло карьер илүү охинлог маягтай л даа. Хүнд рок хамтлагтай дуулдаг нь хэвээрээ ч, “Fleetwood Mac”-ийг бодвол хамаагүй турьхан, охинлог. Ер би ганцаар карьер хөөхийг хүсээгүй, хамтлагт дуулах л миний ганц хүслэн байсан. Гэвч арай л олон дуутай болчих гээд байсан гэх үү. Уг нь үргэлж авьяас нь ундарч байдаг гурвын гурван шүлэгчтэй нэг хамтлагт байгаа цагт, нэг цомогт үсрээд 3-4 дуу надад ноогдоно. Харин би үргэлж бичдэг байсан. Тэгж бичсэн дуунууд маань цаг хугацааны уртад зүгээр л дарагдаж хоцрох болсон.

Сүүлд, миний галзуу ганц найз Кристин хамт алхаж яваад “За тэгээд, дахиад нэг дуу бичиж л байгаа биз дээ?” гэж асуусныг санаж байна. Үнэхээр өдийг хүртэл би үргэлж бичиж иржээ. “Game of Thrones” дээр бичсэн шүлэг маань байна, яг одоо Энтони Бурдэйний тухай хэдэн мөрт дээр ажиллаж л сууна.

-Үргэлж тэргүүнд нь явж ирж дээ. Тэр цагт эмэгтэй рок од гэдэг тийм ч хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байгаагүй байх?

-Би өөр нэг эмэгтэй рок одтой хамтлагт дуулдаг байсан, яриангүй сайн дуучин. Дараа нь Шэрон Сэлани, Лори Никс хоёртой өөрийн хамтлагтаа учирсан. Лори ахтай маань гэрлэсэн байдаг. Тэгэхээр би үргэлж л охидтой хамт дуулж ирсэн байгаа биз? Хэрвээ “Fleetwood Mac”-ийн ганцхан эмэгтэй дуучин нь би байсан бол юмс нэлээн өөр болно. Өөр эмэгтэйчүүдтэй хамтлагт орж ирсэндээ үнэхээр баярладаг. Биднийг эхэлж байхад хүмүүс “Хамтлагт дахиад нэг эмэгтэй нэмж авбал Кристин яах бол?” гэж асуудаг байсан. Би “Таалагдана л гэж бодож байна. Анх бид хоёр танилцахад, би түүнд таалагдсан л гэж найддаг” хэмээн хариулна. Нээрэн түүнд би таалагдсан. Бид хамт мексик хоол идэж, инээж хөхрөнгөө “Хамт бут авах юм байна аа” гэцгээж байлаа.

Гэхдээ 1980 он хүртэл, сонсдог хүнгүй хэдэн дуутай л таван жилийг өнгөрүүлсэн. Ингээд “Стивиг гоцлуулъя, соло карьер өгье. Гэхдээ дэлхийн хамгийн том хамтлагуудын нэгийг задлахгүйгээр” гэсэн санаа гарч ирсэн. Надад сорилт, хариуцлага маягийн зүйл болж буусан. “Fleetwood Mac” нэг тоглолтын ард гарах бүр надад нэг уран бүтээл төрдөг байлаа. Долоо хоног амраад л дахиад студид. Бусад нь амралт энэ тэрд явчихна. Энэ бүхэн эмэгтэй уран бүтээлчдэд урам, сэдэл болдог байх гэж найддаг.

-Та одоо хүртэл уруудаагүй. “Fleetwood Mac” дэлхийг тойрч тоглоход та л гоцолж байна шүү дээ?

-Сая нэг боловсорч гүйцэж буй үедээ, 70 гэдэг үнэнхүү залуу насандаа миний хоолой хувираагүй байна. Өөртөө анхаарах тусам л 80 хүрсэн ч энэ хэвээ хадгалж чадах юм шиг мэдрэмж төрнө. Олон ч юм хиймээр байна. Шинэ дуу бичүүлмээр, мини-цувралд хүч үзмээр. “American Horror Story”-д дахиж тогломоор. Би өөртөө хэлдэг л дээ, “Яг одоо л хий. Яагаад гэвэл чи чанга хэвээрээ, бие чинь галбираа алдаагүй байна. Одоо ч гэсэн “урна”, тайзан дээр бүжиглэж, богино банзал, 6 инчийн өндөр өсгийт өмсөөд даналзаж чадна” гэж.

-Энэ цаг үед эмэгтэйчүүд хөгжмийг, бүхэл дэлхийг ч өөрчилж байна. Харин таныг анх хамтлагт орж байхад энэ бүхэн ямар байв?

-Жони Митчелл, Женис Жоплин, Грэйс Слик – тэднээс л энэ бүхэн эхэлсэн. Би бол 1966 онд Линситэй танилцаад, хоёр жилийн дараа хамтлагт нь орсон. Сан Франфискод л бут авцгаадаг байж дээ. Женис, Жимми Хендрикс, Буффало Спрингфилд гээд явж өгнө. Линси бид хэд хамтлагаа эхлүүлээд Чикагод тоглосон юм, Билл Грэм тайзны ард сууж байсан. Тоглолт дуусаж, үзэгчид гарсны дараа нэг залуу намайг шалгааж гардаг юм байна. Амьдралдаа ганц удаа л тэгтлээ шалуулж билээ. “Хөөе, хонгор минь. Тараад юу хийх юм бэ. Надтай явж болно шүү” гээд л. Тэгсэн Билл Грэм тайзан дээр гарч ирээд нөгөө залуу руу байдгаараа орилж, хараагаад, дахиж хэзээ ч битгий үзэгдээрэй гэсэн юм даг. Товчхондоо “Чамайг дахиж ганц удаа л харах юм бол, ална гэж мэдээрэй” гэж сануулсан. Тэр үед би Билл Грэмийг таньдаггүй байсан. Харин таван жилийн дараа түүнд энэ явдлыг ярихад санаж байна лээ. Тэр “Тийм ээ, онцгүй л аашилсан байна” гэсэн санагдана.

-Тэр үед ямар эмэгтэй дуучдаас урам зориг авдаг байсан бэ?

-Дөрөвдүгээр ангидаа анх дуулж эхэлсэн. Кэрол Кинг, Гэрри Гоффин нарын бичсэн тэр сайхан дуунууд уу. Тэр бяцхан охинд бол жинхэнэ жаргал байлаа. Өвөө маань каунтри дуучин байсан л даа, гэхдээ би “Үгүй ээ, би наадхыг чинь сонирхохгүй. Би каунтри биш” гээд хэлчихдэг байсан. Харин нөгөө галзуу дуунуудаа тавьчхаад л дуулж, бүжиглэж гарна. Гэрийнхэн “Энэ охин хаанаас ирсэн юм бол. Харь гарагийнх юм байна!” гэцгээдэг байсан.

Зургадугаар ангидаа нэг жүжигт, амьд үлддэг хоёр эмэгтэйн нэгнийх нь дүрд тоглож үзлээ. Үнэхээр муу тоглосон, тэгээд “Ээж ээ, намайг ямар нэг драматик юм руу дахиж битгий оруулаарай. Ямар ч драм байхгүй, ямар ч найрал дуу байхгүй. Би сайн жүжигчин болохгүй юм байна, дахиж ийм балай юм хийхгүй шүү” гэж хэлсэн. Үүнээс төд удалгүй авьяастан шалгаруулдаг нэг шоунд бүртгүүлчихсэн. Бади Холлигийн “Everyday” дуун дээр бүжиглэж оролцсон юм. Тэр бүжгийг давтах гэж чөтгөр шиг л бэлдэж билээ, хар банзал, хар цээживч, цагаан даавуун цамц, хар товшуур гуталтай, бас хар бүрх малгайтай. Яг л тэр үед миний мэдрэмж хэдий нь ороод ирчихсэн байсан шиг. Дараагийн 30 жилд юу өмсөхөө олчихсон л байгаа юм.

-Тэндээс л энэ эмэгтэй эхэлж дээ?

-Тийм ээ. “Fleetwood Mac”-д “Dreams”-ийг бичүүлчхээд анх сонсохдоо “Ганцаараа дуулдаг байсан тэр бяцхан охин энэ яг мөн байна” гэж бодож билээ. Намайг дөрөвдүгээр ангид байхад харуудын хамтлаг л бут авдаг байсан. Кэрол, Гэрри, Бэрри Ман, Синтиа Вэлл – тэдэн шиг л дуулдаг болох гэж хичээсэн. Тэдний нэг хэсэг болохыг мөрөөдсөн, хөдөлмөрлөсөн. Одоо 70 хүрсэн би яг үүний төлөө 60 жил хичээсэн байна.

-Дөнгөж эхэлж байхад тань, эмэгтэй болж төрсөн учраас л юмс арай хэцүү байгаа юм шиг санагддаг байсан уу?

-Үгүй ээ, би хэзээ ч тийм маягаар харж байгаагүй. Линдсигийн хамтлагт анх ороод, бид Сан Франфиског шууд л хөндлөн гулд тоглосон. Женис Жоплиныг үзнэ. Харахад тийм дур булаам охин биш, харин тайзан дээр үсэрч гараад гайхамшигтай бас үзэсгэлэнтэй. Грэйс Слийк байна, түрийтэй гуталтай биш, өндөр өсгийттэй байхдаа л тачаангуй. Энэ бүхэн том хичээл байсан. Хүн бүрээс л жижиг, жижиг юм олж харна. Өөрийнхөө ертөнцийг зурж байж дээ.

Хүн бүр над шиг ийм амар ч гэмээр замаар явж, өдий бүхэнд хүрэхгүй. Олон ч эмэгтэйн үзэж явсан зүйлс намайг тойрсон. Үнэхээр азтай цаг үе надад байлаа. “Fleetwood Mac”-д ороод Кристин бид хоёр гэрээ, хэлэлцээр маягийн нэг зүйлд хүрсэн. Тэр нь “Бид хэзээ ч хоёрдугаарт ангилагдахгүй, хэзээ ч галзуу рокууд, ухаалгуудын өрөөнөөс хөөгдөж гарахгүй” гэж. Энэ амлалтыг бие биедээ өгснөөр эмэгтэйчүүдийн төлөө хийж чадах нэг зүйлээ хийсэн гэж боддог. Хүссэн зүйлийнхээ төлөө тэмцсэн, бас олж авсан гэж боддог. Бидний хийсэн дуунууд эргэн тойрон дахь эрчүүдийнхтэй эн зэрэгцэж байсан.

-Таны нөлөө үе үеийн залуу уран бүтээлчдэд тусаж ирсэн шиг. Харри Стайлс “The Chain”-ийг сайхан дуулж байна билээ?

-Харри миний хайртай хүү. Бидний амьдралд орж ирэхэд нь би “Ээ, бурхан минь. Миний хэзээ ч учраагүй хүн байна” гэж дуу алдсан. Тэгээд би түүнийг өргөж авсан. Би Харрид хайртай, түүнийг рок уран бүтээл хийсэнд хайртай. Ихэвчлэн поп урсгалаар дуулдаг л даа, тэр нь өөрийнх нь хувьд арай амар байх. Гэхдээ түүнийг 1948 онд төрж, 1975 онд уран бүтээл хийж амьдрахыг хүсдэг гэж бодож байна.

-Шинэ эмэгтэй одод танаас үлгэр дуурайл авч амжилтад хүрсэн тухайгаа ярихад ямар санагддаг вэ?

-Намайг аз жаргалтай болгодог. Би хүүхэд гаргаагүй хүн ч гэсэн өдийг хүртэл маш олон охидыг “төрүүлсэн” гэж бодож явдаг. Ванесса Карлтонд хайртай. Тэр яг л миний эмэгтэй дүү шиг. Аав маань ээжээс салаад, дараа нь арай залуу эмэгтэйтэй гэрлэсэн бол тэр нь яг Ванесса байх байсан. Би түүнээс насаар хавьгүй илүү л дээ. Гэхдээ яг хөгжим гэдэг зүйл дээр уулзахад бидний дунд нэг тийм торгомсог холбоос үүсдэг. Яг энэ зүйлийг Натали Мэйнс, ЛиЭнн Раймс, Хиллари Скотт, Лэйди Антэбэллум нараас мэдэрдэг.

-Таныг анх эхэлж байхад, хамтлагт амжилттай дуулахад тусалдаг рок менторууд байсан уу?

-Линдси бид хоёр өлсгөлөн хөгжимчний амьдралаас л эхэлсэн. Өлсгөлөн гэдэг нь, ямар ч мөнгө байхгүй. Бид сайн хөгжим хийгээд байгаа ч өлсгөлөн, айдастай хэвээр л байсан. “Fleetwood Mac”-д ороод өөр уран бүтээлчидтэй танилцаж эхэлсэн. Том Пэттитэй танилцаж, хамтлагт нь гурван сар дуулж үзсэн. Энэ гайхалтай байсан.

-Том танд алдарт хүндэд хүрэх гишгүүр болсон уу?

-Тэр надад тусалсан, “Stop Dragging My Heart Around”-ийг бичиж өгсөн, хамт дуулсан хүн. Хэрвээ тэр надад энэ дуугаа өгөөгүй бол, би чамд маш итгэлтэй хэлье, “Bella Donna” ч олигтой хит болохгүй байх байсан. Тэр дуу л “Bella Donna”-г огторгуй руу шидэж өгсөн. “Алдрын танхим”-д ороод хамгийн эмзэглэж буй зүйл минь өнөөдөр надтай Том Петти байхгүй байгаа явдал. Тэр надаар өөр хэн хэнээс ч илүү бахархах байсан юм.

-Таны карьер бас их олон үе шатад хуваагдаж харагддаг. Үнэнээ хэлэхэд, “Ooh My Love бол миний хамгийн дуртай дуу шүү?

-Би тэрийг Том Петтигээс хулгайлчихсан юм, тун санамсаргүйгээр гэх үү дээ. Нэг удаа Томын гэрээс мэдэлгүй буруу кассетт аваад харьчихсан. Майк Кэмпбэллийн хөгжмийн туршицууд байсан. Гэртээ очоод өөрийнхөө кассетт гэж бодоод тоглуултад Томын эд байсан, гаднаа “24 Demos from Mike Campbell” гэсэн бичигтэй. Энэ цомгоос л “Ooh My Love”-ийг бичих сэдэл төрсөн дөө. Харамсалтай нь түүний хувьд ч бас “Runaway Train” дуугаа бичих сэдэл нь байсан юм билээ. Би тэр аян дээр нь өөрийнхөө үгийг бичээд л дуулчихсан. “Fleetwood Mac” дээр очиж, энэ дуугаар бүр бичүүлээд. Дараа нь Том руу утастаж, сонсгоод, үүгээр дуу бичүүлсэн тухайгаа хэлэхэд тэр орилж гарсан даа. Тэгээд л хамтлагийнхандаа, энэ дууг цомогтоо оруулж болохгүй нь гэж хэлсэн. Том Петтигээс хулгайлсан, жинхэнэ хулгайч болсон гэдгээ тэдэнд тайлбарласан.

-Балай юм аа.

-Бусад уран бүтээлчидтэй найз нөхөд явахад олон л юм тохиолдоно. Тэгээд бид тэр дууг арилгасан. Харин жил тойром хугацааны дараа нэг орой, төгөлдөр хуурны ард суухдаа тэр дууг санаанаасаа тоглох гэж үзсэн. Үгийг нь аялаад л. Ингэхэд Майк Кэмпбэллийнхээс шал өөр, хэдий нь бие даасан уран бүтээл болж сонсогдсон. Дуу ингэж төрсөн дөө.

-Та нимгэн алчууруудаа хаана хадгалдаг вэ?

-Надад зөвхөн нимгэн алчуураа хадгалах “зоорь” бий. Температурыг нь тохируулсан хадгалах сав. Аль 1975 онд “Fleetwood Mac”-д байхдаа авч байсан, хувцаснууд маань иймэрхүү саванд хадгалагдаж явдаг. Гоёлын, тайзны эд хэрэгслүүдээ багачуудаас тэгж л хамгаалах юм. Нимгэн алчууруудаа хүмүүст тараагаад тараагаад өгчихмөөр л байна. Гэвч мянга мянгаараа байна. Хэзээ нэгэн цагт би амьдралынхаа түүхээр ном бичдэг юм бол, нэрийг нь “Эргэлдэн бүжихэд нимгэн алчуур минь байна” гэж өгнө өө.

-Таны өөртөө “Үгүй” гэж хэлдэг зүйл?

-Би эвхэгддэг гар утсандаа дуртай. Харин интернетийн хүмүүст хийсэн зүйлд дургүй. Өнөөдөр хүмүүсээс хайр олж харах хэцүү болж гэж боддог. Дуу бичдэг хүний хувьд энэ их гунигтай. Би хайрын тухай, хүмүүсийн романтик харилцааны тухай бичих дуртай. Аль нэг найз маань залгаад “Ээ, бурхан минь. Би нэг янзын залуутай танилцаад, бараг л дурлачих шиг боллоо” гэж хэлбэл би “Цааш нь яриад байгаарай” гэдэг. Одоогийн хүмүүст ийм зүйл ямар бага болоо вэ. Ялангуяа охид, их хөндий, хүйтэн болж. Энэ интернэтийн л буруу. Өмнө нь жинхэнэ романс гэдэг зүйл байдаг байлаа, энэ хэт технологижсон цаг үед бид тийм юм олоход их л хэцүү юм. Ер нь жинхэнэ романтик адал явдалтай учирмаар байвал, гар утсаа холхон шиг гаргаж шид.


ӨМНӨХ ОРЧУУЛГЫН ЯРИЛЦЛАГА: Ю.Н.Харари

...Миний бодлоор хамгийн том аюул нь вирус өөрөө биш юм. Хүн төрөлхтөн хэдий нь энэ вирусийг даван дийлэх бүх шинжлэх ухааны мэдлэг, технологийн дэвшилд хүрч чадсан. Харин жинхэнэ асуудал бол бидний өөрсдийн доторх чөтгөр, өс хонзон, ховдог шунал, мунхаг харанхуй. Дэлхий нийтээр хямарч буй энэ нөхцөлд хүмүүс өрөөл бусад улс орныг, үндэстний болон шашны цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах вий, нэгдэн нийлэх ёстойгоо умартах вий гэж л айж байна...

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button