Ярилцлага

Ю.Н.Харари: Тахлын үед дүрдээ хэт орчихсон улс төрчдийн эсрэг зогсох нь том аюулаас сэргийлнэ

Монголчуудад “Homo Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” номоороо эчнээ танил болсон, түүхч Юваль Ноа Харари 2020 оны дөрөвдүгээр сард Германы Deutsche Welle сонинд ярилцлага өгчээ. Тэр коронавируст цар тахлын нөхцөл байдал, хүн төрөлхтний ирээдүйн талаарх товч байр сууриа үүгээр илэрхийлсэн байна. Ярилцлагыг орчуулж, сонирхуулъя.


-Профессор Харари, бид цар тахлын дундуур хамтдаа туучиж байна. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Эдгээрээс юу таны анхаарлыг хамгийн татаж байх юм?

-Миний бодлоор хамгийн том аюул нь вирус өөрөө биш юм. Хүн төрөлхтөн хэдий нь энэ вирусийг даван дийлэх бүх шинжлэх ухааны мэдлэг, технологийн дэвшилд хүрч чадсан. Харин жинхэнэ асуудал бол бидний өөрсдийн доторх чөтгөр, өс хонзон, ховдог шунал, мунхаг харанхуй. Дэлхий нийтээр хямарч буй энэ нөхцөлд хүмүүс өрөөл бусад улс орныг, үндэстний болон шашны цөөнхүүдийг ялгаварлан гадуурхах вий, нэгдэн нийлэх ёстойгоо умартах вий гэж л айж байна.

Гэхдээ бид хорслоор биш бодь сэтгэлээрээ нэгдэж, дэлхий нийтээр нэг үзэл санаа дээр зогсох боломжтой гэж итгэж байгаа. Ингэж гэмээ нь бид тусламж хэрэгтэй хүмүүст харамгүй сэтгэлээ зориулж чадна. Үүний дээр хамтдаа үнэн, худлыг зөв тунгааж, энэ их хуйвалдааны онолоос оюун санаагаа ангид байлгах чухал байна. Хэрэв тэгж чадвал, энэ хямралыг төвөггүй давж гарна гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

-Бид байнгын тагнуулж, цагдуулж байх тоталитар дэглэм, эсвэл иргэдийн өөрсдийн хүчирхэг засаглал хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болчхоод байх шиг. Та ч энэ тухай бичиж байсан. Хэрсүү байхгүй бол олон нийтийг мөрдөн тагнаж асан түүхийн нэг өөр хувилбар цар тахал болж хувирах нь. Гэхдээ бидний хяналтаас нэгэнт гарсан энэ нөхцөлд яаж хэрсүү байх юм бэ?

-Арай ч бүрэн хяналтаас гарчхаагүй байна, ядаж л ардчилал байгаа газруудад. Бид бодлого тодорхойлох аль нэг нам, улс төрчид саналаа өгдөг. Ингээд улс төрд, бодлогын түвшинд тодорхой хяналтын оролцоотой болж чаддаг. Хэрэв энэ цагт ямар ч сонгууль явагдахаа больчихвол улс төрчид олон нийттэй хатуу гараар үзэхдээ тун дуртай байх болно.

Ер нь олон нийт цар тахлаас айж, бүгдийг цэгцэнд нь оруулж чадах хүчирхэг удирдагчийг хүсэж эхэлбэл, хэн нэг дарангуйлагч маш амархан төрнө. Харин нөгөө талд, олон нийт хэт дүрдээ орчхоод буй энэ улс төрчдийн эсрэг хатуу зогсож чадвал ирж болох хамгийн аюултай нөхцөл байдлаас сэргийлж чадна гэж харж байна.

-Бид хэнд, эсвэл юунд итгэх ёстойгоо хэрхэн мэдэх вэ?

-Юун түрүүнд, бидэнд өнгөрснөөс үлдсэн туршлага гэж бий. Хэрэв зарим улс төрчдийг сүүлийн хэдэн жил худлаа ярьж явааг нь мэдэх бол,  яг энэ цаг үед тэдэнд улам л бага итгэх хэрэгтэй. Хоёрт, танд элдэв янзын онол ярьж, ухуулж буй хүмүүсээс өөрсдийнх нь амыг сайн асуу. Хэн нэг хүн коронавирусийн үүсэл, тархалтын талаар хуйвалдааны онол яриад гараад ирвэл, тэднээр вирус гэж яг юу юм, хүний биед яаж өвчлөл үүсгэдэг юм гэдгийг тайлбарлуулах гээд үз. Чадахгүй байвал тэр хүнд шинжлэх ухааны наад захын мэдлэг байхгүй гэсэн үг. Иймд цар тахлын тухай ярьсан ярианд нь огт итгэхгүй байх хэрэгтэй. Бид заавал биологийн салбарт докторын зэрэг хамгаалах албагүй. Гэхдээ болж буй зүйлсийн талаар зарим суурь шинжлэх ухаанч мэдлэгтэй болж авах нь нэн чухал.

Ер сүүлийн үес эрдэмтдийн эсрэг ухуулга хийх болсон олон популист улс төрчдийг харлаа. Эрдэмтдийг амьдралаас хол тасарсан улс, тэдний ярьдаг уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь зүгээр л хөөс, итгээд дэмий гэхчлэн. Гэвч дэлхий даяар хямарч буй энэ үед хүмүүс шинжлэх ухаанд л хамгаас илүү итгэж байгааг харлаа шүү дээ.

Үүнийг зөвхөн хямралын үеэр биш, цар тахал дууссаны дараа ч санаж яваасай гэж хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл наад зах нь сурагчдад вирус, эволюцын тухай хичээлээ илүү сайн заадаг болоосой. Цаашид эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт зэрэг бусад тулгамдсан асуудлуудын талаар анхааруулахад нь яг цар тахлын үед тэдний яриаг чухалчилж хүлээж авч байсан шигээ өндөр ач холбогдол өгдөг байгаасай гэж.

-Цөөнгүй орон вирусийн тархалтыг зогсоохын тулд мөрдөн тагнах дижитал систем ашиглаж эхэллээ. Энэ механизмыг яаж хяналтандаа байлгах вэ?

-Иргэдийг мөрдөн тагнах тусам яг толин тусгал шиг, эргээд иргэд Засгийн газрыг мөшгих үйл явц эрчимждэг. Энэ хямралын үеэр Засгийн газрууд мөнгийг ус шиг л урсгалаа. АНУ 2 триллион ам.доллар зарлаа. ХБНГУ хэдэн зуун тэрбум евро, түүнээс ч илүү. Иргэний хувиар энэ мөнгө хэний шийдвэрээр, хаашаа урсаж байгааг мэдмээр л болно. Мөнгө цар тахлаас ч өмнө, эздийнхээ буруугаас болж асуудалд орчихсон байсан том групп компани, корпорацуудыг уснаас аварч гаргах чиглэлд зарцуулагдаад байгаа юм биш үү? Эсвэл жижиг дунд бизнесүүд, худалдааны төв, ресторануудыг хамгаалж үлдэх бодлогод зарцуулаад байна уу?

Ер Засгийн газар мөрдөн тагнах ажиллагаа хийх л тусам эргээд өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болно. Хэрэв Засгийн газар “Хүүе ээ, нөхцөл байдал амаргүй байна аа. Энэ үеэр бүх санхүүгийн тайлангаа ил дэлгэж боломгүй нь ээ” гэж хэлбэл та өөдөөс нь “Үгүй ээ, амаргүйсээд байх юм байхгүй. Та нар биднийг өдөр бүр хаана явж байгааг мөрдөн тагнах аварга систем ажиллуулж чадсан. Яг үүн шигээ бидний татварын мөнгө юунд зарцуулагдаж буйг ил харагдуулдаг систем бүтээхэд тийм ч хэцүү биш” гэж хэлэх болно.

-Ингэж эрх мэдлийн төвлөрлийг сааруулна, нэг хүн эсвэл нэг удирдлагад бүх хүчийг хуримтлуулахаас сэргийлнэ гэсэн үг үү?

-Яг тийм. Үүн дээр хүмүүс нэг туршилт маягийн юм хийж байна. Юу гэвэл, хүмүүст коронавирусийн халдвартай хүний ойрын хавьтал болсныг нь мэдэгдэх хоёр арга байна. Нэг нь Засгийн газрын мэдээллийн систем. Тэд тандалт судалгаа, хүн бүр дээр цуглуулсан мэдээллээ ашиглаж танд мэдэгдэнэ. Нөгөө нь зүгээр л иргэн хоорондын харилцаагаар зохицуулагдах юм. Өөрөөр хэлбэл би нэгний ойрын хавьтал болчихлоо гэхэд тэр хүн надад мэдсэн дороо утастаж ч юм уу хэлж болно. Харин төв удирдлага энэ бүх мэдээллийг цуглуулахгүй, хүн бүрийг мөшгихгүй.

-Хямралын үеэр мөрдөн тагнах систем нэг алхам урагшилчихлаа. “Арьсан доор тагнах ажиллагаа” гэж нэрлэж болмоор. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бид үүн дээр маш, маш болгоомжтой байх хэрэгтэй. “Арьсан дээрх тагнах ажиллагаа” бидний гадаад ертөнцөд юу хийж байна, хаашаа явж, хэнтэй уулзаж, телевизээр юу үзэж, ямар вэб сайтаар зочилж байгааг илрүүлдэг. Харин “Арьсан доорх” нь бидний бие махбод дотор юу болж байгааг мөрдөн тагнана. Таны зүрхний цохилт, биеийн температур, цусны даралт гэх мэт үзүүлэлтийн талаар ярьж буй хэрэг. Энэ үзүүлэлтүүдийг олоод авбал тухайн хүний тухай урьд урьдныхаас илүү гүнзгий мэдээлэлд нэвтэрлээ л гэсэн үг.

Өөрөөр хэлбэл түүхэнд бий болж байгаагүй хэлбэрийн тоталитар дэглэм үүсэх боломжтой харагдаж байна. Та миний юу уншиж, юу үзэж байгааг тагналаа гээд урлагийн мэдрэмж, улс төрийн үзэл баримтлал, хувь төлөвшлийг маань ойлгож авах байх. Гэхдээ энэ хязгаарлагдмал хүрээндээ л байна. Харин  үүн дээр миний өдөр тутмын биеийн температур, зүрхний цохилт зэргийг бүртгээд эхэллээ гээд төсөөл. Та миний юу мэдэрч байгааг ч мэдэж чадна. Энэ ер нь дистопи тоталитар дэглэм рүү хөтөлж мэдэх юм шүү.

Ийм байхаас өөр аргагүй зүйл биш шүү. Бид сэргийлж чадна. Харин сэргийлэхээсээ өмнө, нэгдүгээрт бид бүгд учрах хор хохирлыг нь бодитоор ойлгосон байх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ цаг үед юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрөхгүйгээ хэрсүү ялгаж салгадаг болох чухал.

-Энэ хямрал таны 21-р зууны хүн төрөлхтний тухай үзэл бодлыг дахин шинэчлэх үү?

-Мэдэхгүй байна, учир нь бидний гаргах шийдвэрээс л энэ бүхэн хамаарна. Яг одоогоор эдийн засгийн хямралаас үүдэж ажилгүйчүүдийн давхарга улам бүр нэмэгдэж байна. Автоматчилал өдрөөс өдөрт газар авч буйг харж байна. Робот, компьютерууд хямралын үеэр хүнийг улам л орлох боллоо. Учир нь хүмүүс гэртээ хөл хорионд орж байна, бас халдвар авах эрсдэлтэй. Харин робот халдвар авахгүй. Улс орнууд аж үйлдвэрлэлийн салбартаа илүү найдах боллоо. Энэ их автоматчлал, дангаарших бодлогуудын үрээр, ялангуяа хөгжиж буй улс орнууд хямд зардлаар үйлдвэрлэл явуулахыг эрмэлзэж, гэв гэнэт асар том ажилгүй давхаргынхан бий болж байна. Тэдний ажлыг робот орлосон, эсвэл хаашаа ч юм алга болсон.

Энэ үзэгдэл баян орнуудад ч болох боломжтой. Хямрал ажлын байруудад үлэмж их өөрчлөлт авчирлаа. Хүмүүс гэрээсээ ажиллах болов. Хэрэв жаахан хэрсүү байхгүй бол хөдөлмөрийн зах зээлд том зохицуулалт орж мэднэ. Гэхдээ мөн л ингэхээс өөр аргагүй зүйл биш. Энэ бол цэвэр улс төрийн шийдвэр. Бид улсдаа, дэлхий даяар ажиллаж буй хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө дуугарч болно. Засгийн газрууд том үйлдвэр, корпорацуудыг хямралын үеэр тэсэж гарахад нь туслаад л байна шүү дээ. Үүн шиг ажилчин ангиа аварч гарах бодлого ч явуулж чадна. Тиймээс бидний гаргах шийдвэрээс л бүх юм хамаарна гэж харж байна.

-Ирээдүйн түүхч энэ цаг үеийн талаар юу хэлэх бол?

-Миний бодлоор ирээдүйн түүхчид энэ үеийг 21-р зууны эргэлтийн цэг гэж нэрлэх байх. Гэвч бидний шийдвэр хааш нь эргүүлэхийг таашгүй. Дахин хэлэхэд зайлшгүй нөхцөл байдал хаана ч байхгүй. Бид л шийднэ.


ӨМНӨХ ОРЧУУЛГЫН ЯРИЛЦЛАГА: КАТЕРИН КАМЮ

...-Би Камюгийн номуудаас “Этгээд хүн”-д хамгийн дуртай. Их олон удаа уншсан. Өчигдөр ч бас уншсан.

-Би бол ганцхан удаа уншсан...

Бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button