Засгийн газраас онцгой дэглэм тогтоож, БЭТ томилдог хуулийн цоорхойг "нөхөв"

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. Ингэснээр Засгийн газар Эрдэнэс тавантолгой, жижиг Тавантолгой, Тавантолгой төмөр зам зэрэг компанид тус тус онцгой дэглэм тогтоож, онцгой Бүрэн эрхт төлөөлөгч томилдог явдлыг халж байгаа юм.
Энэ талаар хууль санаачлагч С.Цэнгүүн "Хүчин болсон хуулийг анхны зорилго нь социализмаас ардчилалд шилжиж, өмч хувьчлал өрнөх үед төрийн өмч эзэнгүйдэх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх. Тиймээс БЭТ томилдог байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар БНМАУ-ын мөрдөж байсан хууль тогтоомжуудыг хүчингүй болгосон. Гэтэл МАН 2019 оноос хүчин төгөлдөр бус дахин хэрэглэж эхэлсэн. Ингэснээр хууль зүйн тодорхойгүй байдал улам гүнзгийрч, компанийн засаглалд захиргааны хяналт давамгайлах нөхцөл бүрдэж байсан" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эргэн сануулахад, Үндсэн хуульд Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч гэсэн албан тушаал байхгүй, Компанийн тухай хууль болон Төрийн өмчийн тухай хуульд ийм заалт байхгүй ч Засгийн газраас хуулийн цоорхойг ашиглан БЭТ томилсоор ирсэн.
Тухайлбал, 2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт 6 сарын хугацаатай онц байдал зарлаж байв. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн асуудалтай холбоотой байсан юм.
Мөн "Нүүрсний хэрэг" илрэх үеэр хэд хэдэн ТӨК-т БЭТ томилж байсан. Жишээ татахад, 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтыг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасан байдаг.
Ийн томилох хууль зүйн үндэслэл нь өнөөдөр хүчингүй болж буй БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болж байв. Хэдийгээр төрийн өмчит компани хэдий ч БЭт томилох нь компанин засаглалышг доголдуулсан, зах зээдийн зарчмыг эвдсэн зүйл болж байсан талтай.
Энэ хуулиар Засгийн газар тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоож болно гэж тусгасан. Түүнчлэн Онцгой дэглэм тогтоосон үед Засгийн газрын бүрэн эрхийг БЭТ томилсноор байгууллагын удирдлагыг томилу, чөлөөлөх тухайд "Доорх хүрээнд байвал "зохино" гэх мэт бүрхэг заалттай байсан юм. Нөгөөтэйгүүр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, шинэ Үндсэн хууль батлагдасан "БЭТ-ийн тухай" хууль байсаар ирсэн нь улам будилаан үүсгэж байсан юм.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.