НИЙГЭМНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Ангийн хүүхдүүддээ "хоёр дах ээж" гэж хайрлагдсан 97-р сургуулийн Н.Эрдэнэханд багш

"Манай багштай гэрлэх хүн биднээс албан ёсоор гуйж зөвшөөрөл авах ёстой, бид багшийгаа бусдаас харамладаг учраас маш сайн шалгаж байж өгөх эсэхээ шийднэ. Багш бол бидний хоёр дах ээж" хэмээн ярих тэд бол Н.Эрдэнэханд багштай нийслэлийн ерөнхий боловсролын 97-р сургуулийн 9 дүгээр ангийн "И" бүлгийн сурагчид.

Шавь нартаа "хоёр дах ээж" хэмээн хүндлүүлж, хайрлагдсан Н.Эрдэнэханд багшийн анхны удирдаж буй анги нь тэд. Н.Эрдэнэханд багш Яармагт амьдардаг учир гэртэйгээ ойр ажилд орох шаардлага үүссэн ч 97-р сургуульд түүнээр овоглодог, өөрийг нь хүлээдэг 40 гаруй хүүхдүүд байдаг учир гэр хол гэж огт төвөгшөөлгүй өглөө болгон 06:00 цагаас гарч ажилдаа ирдэг тухай ангийнхан нь ярьсан юм.

-Хүүхдүүддээ гэрлэн дохионы ногоон гэрэл нь байхыг хүсдэг-

-Таны дааж авсан анхны анги юм байна. 5-р ангийн хүүхдүүд байхад нь багш нь болж байж. Анхны сэтгэгдэл ямар байсан?

-Багш болоод хоёр дах жилдээ ажиллаж байхад анги удирдах санал ирсэн. Тухайн үед бага зэргийн айдас байсан ч зориглоод ажиллахаар шийдсэн. 5-р ангиа төгсөж, дурсамж хичээлээ үзэж байхад нь орж тухайн үеийн багшаас нь хүлээж авч байсан. Тэр үед яаж дунд ангид орсон юм бэ гэмээр жаахан хүүхдүүд байсан санагддаг. Зарим нь ангийн үүдэнд таарахаараа "энэ нөгөө багш байна" гэж хоорондоо шивнэлдэнэ, багшаа гэж үснээс хүртэл татаж байлаа. Гэтэл одоо дунд ангиа төгсөж байна. Жил ирэх тусам нүдэн дээр өсөж, анх үснээс татаж байсан бол одоо намайг өргөөд явдаг том болжээ.

-"Багш гомдохоороо ангийн групп чатаас гараад явчихдаг" гэж хүүхдүүд нь ярьж байсан. Та хэр гомдомхой вэ?

-Үргэлж хамт байхаар найзуудаас ч илүү дотно болдог юм байна. Тийм болохоор үнэн сэтгэлээсээ гомдоод байдаг юм байна лээ. Уурлахаараа өөрсдөө учраа ол гээд гараад явчихна. Би чинь их эрхэлнэ. Энэ хэдийгээ юм бодож, ойлгоосой гэж заримдаа албаар гомдох ч тохиолдол байдаг.

-Ангийнхан нь таныг "хоёр дах" ээжээ гэж боддог гэсэн. Та ч мөн миний хүүхдүүд гэж ярьж байна. Ангийн хүүхдүүддээ ингэж хайрлагдсан багш цөөн байх?

-Миний хүүхдүүд намайг үнэхээр их хүндэлдэг нь үргэлж мэдрэгддэг, үнэхээр хөөрхөн. Яг л хүүхдээрээ байдаг. Багш нь болоод удаагүй байхад манай ангийн нэг охин надад өгсөн захиандаа "та миний хоёр дах ээж" гээд биччихсэн байсан. Анх 25 настай ээж болж байлаа, одоо бол 40 гаруй хүүхэдтэй болсон. Энэ хэддээ эрхэлж байсан өдрүүд олон, эрхлүүлж ч байсан үеүд цөөнгүй байгаа. Үнэхээр их хайртай.

-Саяхан та хүүхдүүдээ гэртээ урьсан байсан. Ангиараа танайд зочилж, бүр хоносон гэж байна. Үнэхээр дотно, гэр бүл шиг санагдлаа?

-Зургаадугаар ангиасаа эхлээд л энэ хэд "багшаа танайд очиж золгомоор байна" гээд байдаг байсан юм. Жил бүрийн цагаан сараар хөдөө явчихдаг учраас хүүхдүүдээ гэртээ урьж чаддаггүй, анги дээрээ золгож таардаг. Тиймээс 15 насныхан хүүхдийн баярыг хамтдаа өнгөрөөе гэж бодоод 6-р сарын 1-нд гэртээ урьсан. Эцэг эхчүүд маань ч зөвшөөрч бүгдээрээ биш ч ихэнх нь ирсэн. Чадахаараа л хүүхдүүдээ угтаж, хоол цай бэлдсэн. Бид нар кино үзсэн, бүжиглэсэн бараг унтаагүй шөнийг өнгөрөөсөн дөө.

-Танд цөөнгүй удаа ангийнхан нь гэнэтийн бэлэг барьсан гэсэн. Хамгийн сэтгэлд тод үлдсэн бэлэг юу байсан бэ?

-Зургаадугаар ангид байхдаа миний төрсөн өдрөөр толгой руу салют буудуулаад л эхэлж байсан, энэ хэд маань. Тухайн үед би 26 нас хүрч байхад манай ангийнхан 30 тоотой лаа үлээлгэж байсан. Тэр нь үнэхээр хөөрхөн санагдсан, мартагддаггүй.

-Багш хүний хувьд хүүхдүүддээ захидаг захиас мэдээж бий байх?

-Хүүхдүүддээ гэрлэн дохионы ногоон гэрэл нь байхыг хүсдэг. Хамгийн гол нь эв нэгдэлтэй, үнэнч шударга, зөв хүн байж хүсээгүй газраасаа явж сураарай гэж захидаг. Нэгнээ хүндэлж, бусдад гай болохгүй байх нэг л дүрэмтэй манай анги.

Тэд хамт олноороо өнгөрөөж буй хөгжилтэй дурсамж, ахиж тохиохгүй сурагч насныхаа нандин үеийг хадгалж үлдээх зорилгоор "9 "И" ишгэнүүд" нэртэй хаяг нээж, цахим орчинд ангийнхаа видео бичлэгийг нийтэлж эхлээд сар гаруй болж байгаа юм. Энэ ангиас цөөнгүй хүүхдүүд шилжиж явсан ч ангийн найзуудаа санаж эргээд ирдэг байна.

Түүний нэг бол Г.Мишээл. Тэрбээр Солонгос улсад сурахаар өнгөрсөн оны наймдугаар сард шилжсэн байна. Гэвч шинэ орчин нөхцөлд дасах нь хүндрэлтэй байжээ. Мөн ангийнхаа найзуудын эелдэг харилцаа хандлага, халуун дотно байдлыг үгүйлсэн учраас эргэн ангидаа ирсэн тухайгаа ярьсан юм.

Тэднээс хамт олны халуун дотно уур амьсгал тодоос тод мэдрэгдэх агаад сурагч насны нандин мөчүүд ч харагдана. Нэгнээ гэсэн хайр халамж булаг шиг ундарч буй эл ангид "Засаг дарга" бүр "нийгмийн ажилтан хүртэл" бий. Тэдний ангийн нийгмийн ажилтныг С.Одончимэг гэдэг. Анги хамт олноо уриалж, нийгмийн ажилд идэвх чармайлттай учир зургаадугаар ангиасаа эхэлж энэ албанд томилогджээ. Нийгмийн ажилтан болон ангийн хүүхдүүдээс маш олон санаа төрнө. Үүний нэг нь багшдаа нялх муурын зулзага бэлэглэх.

Энэ тухай тэд "бид ярилцаж байгаад багшдаа муурын зулзага бэлгэлсэн. Харах бүрдээ биднийг санаж, ангийн хүүхдүүд шигээ хайрлаасай гэсэндээ өгсөн. Бас багшийг ганцаардалгүй, ханьтай байгаасай гэж бодсон. Ангиараа муурын зулзагадаа нэр бичиж байгаад сугалж "хишиг" гэдэг нэр өгсөн. Дунд ангийн төгсөлтийн зургаа "хишиг"-тэй хамт авхуулж дурсамжийн цомогтоо хэвлүүлсэн" гэлээ.

Сурагчид: Багш биднийг гэсэндээ өглөө бүр 06:00 цагаас гэрээсээ гарч ажилдаа ирдэг

Ангийн хүүхдүүд:

-Тавдугаар анги төгсөөд, дунд ангид ороход ангийн багшийгаа хараад жижигхэн хөөрхөн багш байна гэж бодож байсан. Одоо багш маань бид бүгдийн хоёр дах ээж болсон. Багшийн гэр сургуулиас хол. Яармагаас өглөө болгон 06:00 цагаас гэрээсээ гарч ирдэг. Багшид биднээс өөр энд хорогдох зүйл байхгүй. 97-р сургуульд өөрөөр нь овоглодог, өөрийг нь хүлээдэг 40 гаруй хүүхдүүд байдаг учраас багш маань гэр хол гэж огт төвөгшөөдөггүй. Хэрэв багш яваад өгвөл маш их санаж уйлахаа л мэдэж байна. Багш байхгүй болчихвод ээжгүй болсон мэт мэдрэмж авах байх. Тиймээс хэзээ нэгэн цагт сургуулиа төгсөөд явсныхаа дараа багшийг гомдоож байсандаа харамсахгүй байхын тулд үлдсэн хором бүрд аз жаргалтай байлгахыг хүсэж байгаа.

-Саяхан бид дунд ангиа төгссөний хонхны баяраа хийсэн. Ямар ахлах ангиа төсгөж байгаа биш гэж бодсон ч баяр дуусаад автобуснаас буугаад алхаж байхдаа удахгүй 12-р ангиа төгсөөд ахиж хичээлдээ суухгүй, бүгд цуглахгүй, сургууль руугаа яарахгүй, явах өдөр ирнэ гэдгийг ойлгосон. Бид есөн жил нэг ангид суралцаж бусдынхаа жаргал, зовлонг хуваалцаж, аз жаргалтай, хөгжилтэй цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Тиймээс хонхны баяраас хойш улам нэгнээ хайрлаж, бүр их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг болсон. 12-р ангиа төгсөхөөр уйлна гэж бодсон ч өөрийн эрхгүй нулимс гардаг юм байна лээ.

-Манай ангийн багш маш их гомдомхой. Бидэнд гомдож, уурлахаараа ангийн групп чатаас шууд гараад явчихдаг. Багшийг гомдоох юм бол шууд очиж л аргадахаас өөр араггүй. Гэхдээ цайлган хүн учраас уучлах нь маш хурдан байдаг. Хэд хоногийн өмнө багш бид нарын гар утсыг хоёр хоног хураасан. Хоёр хоног багшид хадаг барьж "Утас хураадаг нь та байна, утсаа хураалгадаг нь бид нар байна. Утсыг тань гуйж явна" гэсэн ч багш олон удаа хадгийг маань буцаасан ч шантралгүй гуйсны эцэст авч чадсан. Утасаа хураалгасан нь бидэнд сургамж, бас мартагдашгүй дурсамж болсон доо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм багштай хүүхдүүд үнэхээр азтай юм аа

Зочин
Зочин

Багш хүний хөдөлмөрийн үнэ цэнэ энэ нийтлэлээс мэдрэгдэж байна

Зочин
Зочин

Хүүхдүүддээ хоёр дахь ээж болсон сайхан багш байна

Зочин
Зочин

Уншаад сэтгэл дулаараад сайхан байлаа

Зочин
Зочин

Ийм багш нар олон байгаасай гэж хүсэж байна

Зочин
Зочин

Хүүхдүүдийнхээ төлөө өглөө эрт босоод ирдэг нь бахархмаар

Зочин
Зочин

Багш шавийн холбоо ийм л байдаг байх

Зочин
Зочин

Сурагчдын ярианаас ямар их хайр хүндлэл мэдрэгдэж байна вэ

Зочин
Зочин

97-р сургуулийн хамт олонд амжилт хүсье

Зочин
Зочин

Iim bagshtai huuhduud uneheer aztai yum aa

Зочин
Зочин

Bagsh gej iim l hun baidag baih

Зочин
Зочин

Unshaad setgel neg l duulaahan bolchihloo

Зочин
Зочин

Huuhduuddee hairtai bagsh gedeg ni medregdej baina

Зочин
Зочин

97-r surguuliin ene angi ih goe hamt olon yum

Зочин
Зочин

Bagsh shaviin saihan hariltsaa baina

Зочин
Зочин

Egshig muur

Холбоотой мэдээ

Back to top button