Ярилцлага

Б.БАТБАЯР: Зээлийн батлан даалтаар барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чаддаггүй үйлдвэр эрхлэгчдийг дэмждэг

Иргэд болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгч зээл авахад тулгардаг гол бэрхшээл нь барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудал байдаг. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцла

-3ээлийн батлан даалтын сан байгуулагдаад зургаан жил болж байна. Тус сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн батлан даалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Өнгөрсөн жилүүдэд ямар бодитой ажлууд хийсэн бэ?

-Зээлийн батлан даалтын сан нь Монгол Улсын их хурлаас 2012 онд батлан гаргасан Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих зорилготой 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцдэггүй асуудал нэлээд тулгардаг.

Монгол банкнаас 2018 онд явуулсан судалгаагаар нийт жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн 60 хувь нь барьцаа хөрөнгөгүйгээс хүссэн санхүүжилтээ авч чаддаггүй гэсэн дүн гарсан байдаг. Барьцаа хөрөнгөгүйгээс хүссэн зээлээ авах боломжгүй болохоос гадна бусдын үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг гуйж барьцаалж зээл авч улмаар зээлээ төлж чадахгүй болсноос маргаан үүсдэг.

Шүүх хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүртэл хүнд байдалд орох тохиолдол олон байдаг. Энэ мэт бэрхшээлийг шийдэх, бизнес эрхлэгчид хүссэн санхүүжилтээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангаас шаардлагатай барьцаа хөрөнгийн дутагдсан хэсэгт батлан даалт гаргадаг. Ингэснээр зээлдэгч санхүүжилтээ бүрэн авна.

Санхүүгийн хувьд асуудалгүйгээр төслөө хэрэгжүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргана. Өрсөлдөх чадвар сайжирч орлого нэмэгдэнэ. Улмаар ажлын байр нэмэгдэнэ. Ажилчдын цалин орлого өснө. Улсад төлөх татвар нэмэгдэнэ гэх мэт олон талын ач холбогдолтой. Зээлийн батлан даалтын сан 2013 оноос хойш 714 иргэн, аж ахуйн нэгж буюу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид 88.1 тэрбум төгрөгийн батлан даалт гаргажээ. Үүний үр дүнд 184.5 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна.

-Хамгийн сүүлийн байдлаар хэдэн үйлдвэрлэгчид батлан даалт гаргасан байна вэ?

-Сүүлийн нэг жилийн хугацаанд 390 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн 126.2 тэрбум төгрөгийн зээлд 64.7 тэрбум төгрөгийн батлан даалт хийгээд байна. Үүний үр дүнд жилийн хугацаанд л гэхэд шинээр 2455 ажлын байр нэмэгдүүлж, 4300 орчим хүнийг ажлын байраа алдахгүй байхад нь дэмжлэг үзүүлжээ.

-Танай сангаас үзүүлдэг батлан даалтын хэдэн төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ?

-Зээлийн батлан даалтын сан хоёр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Нэг дэх бүтээгдэхүүн нь, Сангийн өөрийн хөрөнгөөр баталгаа болгож гаргадаг ердийн батлан даалт. Энэ бүтээгдэхүүний хүрээнд арилжааны 13 банктай хамтарч ажилладаг.

 Барьцаа хөрөнгийн дутагдалтай арилжааны банкны болон бусад дотоодын эх үүсвэрээс зээл авах хүмүүст зориулагдсан байдаг. Батлан даалтын нөхцөл нь 500 сая төгрөг хүртэл байдаг бөгөөд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн хүссэн зээлийн 60 хүртэл хувьд гаргадаг.

Хоёр дахь бүтээгдэхүүн нь Зээлийн батлан даалтын сангаас Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд гаргаж байгаа эх үүсвэртэй батлан даалтын бүтээгдэхүүн юм. Төслийн хүрээнд нийт 231 аж ахуйн нэгж, иргэний 77.2 тэрбум төгрөгийн зээлд 43.6 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж, үүний үр дүнд 1460 ажлын байр шинээр бий болж, 2499 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

-Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалтыг тодорхой тайлбарлахгүй юу?

-Эх үүсвэртэй батлан даалт нь ердийн батлан даалтаас тун онцлог байдаг. Гаргасан батлан даалтын хэмжээгээр эх үүсвэрийг гаргадаг учраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хүү багатай, урт хугацаатай зээл авах боломжийг бүрдүүлдэг. Азийн хөгжлийн банкнаас гаргаж байгаа санхүүжилтийг маш бага хүүтэйгээр арилжааны банкнуудад байршуулж, батлан даалт гаргасан хэмжээгээр эх үүсвэр болгон ашигладаг.

2021 он хүртэл нийт 60 сая ам.долларын санхүүжилтийг жилд 12 сая ам.доллараар татан авна. Төслийн хүрээнд нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээлд, нийт зээлийн дүнгийн 30-60 хувьд батлан даалт гаргах үйлчилгээ үзүүлдэг.

Зээлийн хувьд жилийн 12-15 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай байгаа юм. Хүү бага хугацаа урт учраас зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид санхүүгийн дарамт маш бага байдаг. Иймээс энэхүү төсөл нь импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэхэд үр өгөөжөө өгөх юм. Азийн хөгжлийн банкны төсөлд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк гэсэн таван банктай хамтран ажиллаж байна.


-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд л зориулсан батлан даалтын үйлчилгээ гэж ойлгож болох уу. Батлан даалт яг эздэдээ хүрч чадаж байна уу?

-Зээлийн батлан даалтын сан үйл ажиллагаандаа тэгш оролцоог хангаж, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Батлан даалт нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид буюу эздэдээ хүрч байгаа. Тодорхой үр дүнгүүд гарч байна.

Гэхдээ Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид батлан даалт гаргахгүй. Үүнд, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хортой эмийн бодис, шатах тослох материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багтана. Хориглосноос бусад үйл ажиллагаа эрхлэгчид батлан даалтад хамрагдаж болно.

-Зээлийн батлан даалтын сангийн бусад сангаас ялгарах давуу тал юу вэ?

-Зээлийн батлан даалтын сан нь зөвхөн банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхэлдэг.

Зээл нь зөвхөн арилжааны банкаар дамжих ёстой. Ямар нэг дамжлагагүй шууд зээл олгох болон зарцуулалт хийдэг сангууд байдаг. Батлан даалт гаргахгүйгээр зээл олгохдоо ямар нэг байдлаар барьцаа хөрөнгө шаарддаг.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button