Нийгмийн

Нярай эндсэн бурууг мэргэжлийн байгууллагууд гэрийнхэн рүү нь “чихэв”

Өнгөрөгч баасан гараг /2021.06.25/-ийн үүрийн 05.00 цагт хоёр сартай хүүхэд коронавирусийн халдвараар эндсэн байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан.

Тухайн мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж, иргэдийн бухимдал төрөхтэй зэрэгцээд  НЭМГ-аас мэдэгдэл гаргасан нь “Талийгаач нярай халдвартай эхийнхээ ойрын хавьтал байсан. Хүүхдийн эцгээс бусад гишүүд коронавирусийн вакцинд хамрагдаагүй байснаас ийм эрсдэлд хүрсэн. Хүүхдийг халдвартай эхийнх нь хамт эмнэлэгт авья гэвч ар гэрийнхэн зөвшөөрөөгүй. Тэгсэн хэдий ч хүүхдийг тогтмол гэрээр үзэж, биеийн байдлыг хянадаг байсан” гэх агуулгаар байв. Харин талийгаач нярайн эцэг:

-ТАЛИЙГААЧ НЯРАЙН ААВ: ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС НЭГ Ч УДАА ИРЖ ОХИНЫ МААНЬ ЦЭЭЖИЙГ ЧАГНААГҮЙ-

“Өрхийн эмнэлэгээс түргэвчилсэн шинжилгээ авахад талийгаач охиноос маань бусад гишүүдийн хариу эерэг буюу халдвартай гарсан. Тиймээс бид 400 гаруй мянган төгрөгөөр эм тариа авж, хэрэглэсэн. Гэсэн ч эхнэрийн маань биеийн байдал дээрдээгүй учир эмнэлэгт хэвтүүлэх талаар ярьсан ч өрхийн эмнэлгээс ор олдохгүй байна гэх хариуг утсаар өгсөөр байсан. Батлагдсанаас хойш 4, 5 хоног хүнд байдалтай хэвтэж, сүүлд өрхийн эмч ирж эхнэрт маань амьсгалын аппарат залгаж өгөөд хоёр хоносон. Хэвтүүлэх хүсэлт гаргасан ч ийм хүнд хүн авахгүй, ор олдохгүй байна гэх хариуг удаа дараа өгч байсан. 

Хамгийн сүүлийн өдөр эхнэрийн бие гэнэт муудаж, өрхийн эмнэлэг рүүгээ залгахад тандалтын баг ирсэн. Тандалтын багийнхан эхнэрийг үзээд бие нь гайгүй байна гэсэн. Би хэвтүүлмээр байна гэж зүтгэсний дараа эхнэрийг маань аваад явсан ч, нярайг зөвшөөрөөгүй. Гэтэл “Аав нь хүүхдээ өгч явуулахгүй, гэрээрээ эмчилнэ” гэж хэлсэн гэх худлаа мэдээлэл цацаад байна. Гурав хоног эмчлээгүй. Нэг удаа ч орж ирж охины маань цээжийг чагнаагүй. Өрхийн эмч утсаар л залгаж, биеийг нь асууж байсан хэр нь гурав хоног эмчилгээ хийсэн гэж худлаа ярьж байна. Эх нярай хоёрыг салгаж, нэгийг нь эмнэлэг рүү явуулсанд харамсаж байна. Живхийг нь солих гээд 05:00 цагийн үед сэрэхэд нас барчихсан байсан. Ганц нэг удаа найтааж, сүүлийн 2-3 өдөр ногооноор гүйлгэж, унтаад байсан” гэв.

Нярай харамсалтайгаар эндсэн хэргийн тухай мэргэжлийн байгууллагуудаас тодруулахад бүгд өөр өөр тайлбар хэлцгээв. ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:

"Хоёр сартай нярайг коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд оруулсан нь НЭМГ-ийн бүртгэлийн алдаа байсан. Нярайн үхэл халдвартай хамааралгүй. Энэ тухай НЭМГ өөрсдөө тайлбарлана” гэсэн бол

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр:

"Би зохих тайлбарыг хийсэн. Нярайн биеийн байдал, эхийн үзлэгийг Хан-Уул дүүргийн VIII хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байсан. Улмаар ирсэн мэдээлэлд тулгуурлан би мэдээлэл хүргэсэн. Нарийн зүйлсийг хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс тодруулах боломжтой” гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс коронавирусийн халдвар авсан гэр бүлд тусламж үйлчилгээг үзүүлэн, хянаж байсан Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Батчимэгээс тодруулга авснаа хүргэж байна.

-ӨРХИЙН ЭМНЭЛЭГ: ӨДӨРТ 2-3 УДАА ЗАЛГАЖ БИЕИЙН БАЙДЛЫГ АСУУЖ, ҮЗЛЭГ ХИЙСЭН-

-Талийгаач нярайн гэр бүлийнхний зүгээс "Өрхийн эмнэлгээс ирж үзээгүй, утсаар л биеийн байдал асууж байсан” хэмээгээд байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-2021 оны зургаадугаар сарын 17-ны өдөр анх нярайн ээж өрхийн эмнэлэгт биеийн байдал хүндэвтэр ирж үзүүлсэн. Ханиалга ихтэй ядруу биетэй байсан учир бид түүнээс "Та коронавирустэй иргэнтэй ойрын хавьтал болсон уу” хэмээн асуусан. Тэгэхэд "Манай эгч энэ бүтэнсайн буюу өнгөрөгч 13-ны өдөр манайд ирж хоносон. Эмнэлэгт хэвтсэн” гэсэн учир эмнэлгийн зүгээс коронавирусийн түргэвчилсэн тестээр гэр бүлийнхнээс шинжилгээ авсан.

Шинжилгээгээр нярайгаас бусад гэр бүлийн гишүүдээс халдвар илэрсэн буюу тест эерэг гарсан. Тухайн өдрөө эмчилгээ бичиж өгөн, зөвлөгөө өгөөд нярайг үзэхэд шинж тэмдэггүй, биеийн байдал хэвийн байсан. Талийгаач нярай нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-нд 35 настай ээжээс 35 дахь долоо хоногтой хийсвэр хагалгаагаар төрсөн. Төрөхдөө 2800 гр жинтэй, 48 см урттай буюу дутуу тээлттэй байсан.

-Нярайг эхтэй нь хамт эмнэлэгт хэвтүүлье гэхэд Өрхийн эмнэлгээс хэвтүүлээгүй гэсэн юм билээ?

-Эхийнх нь биеийн байдал хүнд, дээр нь ор олдохгүй байсан. Ор зохицуулагч мэргэжилтэнтэй өдөр бүр холбогдож "Энэ гэр бүлийн ихэнх гишүүн халдвар авсан, эрсдэлтэй байна. Хоёр сартай нярайн шинжилгээ сөрөг гарсан. Хүүхэд дутуу төрсөн, цус бүлэгнэлтийн эмгэгшилтэй” гэхэд "Нярайн шинжилгээ сөрөг гарсан учир халдвартай эхтэй нь хамт хэвтүүлэх боломжгүй. Ор гарахгүй байна” гэх тайлбарыг өгч байсан. Иймд нярайн гэр бүлтэй өдөр бүр утсаар холбогдож, эмнэлэгт хэвтүүлэх талаас нь мэргэжилтнүүдтэй маш их холбогдсон.

-Нярай болон гэр бүлийнхний биеийн байдлыг биеэр очиж үзэж байсан уу. Талийгаачийн аав, нярай нь сүүлийн хоногуудад гүйлгэж, найтааж байсан ч эмч ирж үзээгүй, цээжийг нь чагнаагүй гэсэн шүү дээ?

-Би энэ сарын 17-ны өдрөөс эхлээд тухайн гэр бүлтэй холбогдоод, 19-нд Яармагийн Тандалтын багийнхантай хамт гэрээр очиж нярайг үзсэн. Мөн ээжид нь хүчилтөрөгчийн аппарат зүүлгэж, эмийн эмчилгээ зөвлөсөн. 21-нд дахиж биеийг нь үзээд давтан шинжилгээг авсан. Давтан шинжилгээгээр нярайн хариу сөрөг гарсан. Сөрөг гарсан учир ар гэрийнхэнд зөвлөгөө өгөөд, халдваргүйтлийн бодис гэрт нь хүргэж өгөөд 4-5 хоног уйгагүй хөөцөлдсөний дараа ээжийг нь 22-ны өдөр эмнэлэгт хэвтүүлсэн.

Өмнө нь Ачтан эмнэлэгт хэвтүүлэхээр ээжийг нь зөөвөрлөх явцад эмнэлгийн зүгээс "Хөхүүл хүүхэдтэй хүн авахгүй” гэх тайлбарыг өгөөд буцаасан. Дараагийн өдөр нь Сэргээн засах клиник эмнэлэгт ор олоод "Ам бүлээр нь хэвтүүлье” гэхэд талийгаачийн аав н.Цэнддорж "Бид гэрээ онгорхой, цоорхой орхиж явж чадахгүй. Хүндэвтэр байгаагаар нь манай эхнэрийг л хэвтүүл. Би өөрөө гэртээ хүүхдүүдээ хариуцаад үлдье” гэсэн учир эхнэрийг нь аваад явсан. 22-нд ээжийг хэвтүүлээд эмч нар зөвлөгөөгөө өгөөд шөнийн 22:00 цагт ч ариутгалын бодисоо хүргэж, гэр бүл хүүхдүүдийн биеийн байдлыг асууж, үзэж байсан.

24-ны өдрийн 19:00 цагт Өрхийн эмнэлгээс бэлдсэн эмийн багцыг н.Уртнасан гэх эмч аваад тухайн айлд том хүний тан нэг ширхэг, хүүхдийн тан гурван ширхгийг өгөхдөө нярайн биеийг асуухад: "Манай хүүхэд зүгээр ээ. Дөнгөж сая угжаа хөхчихөөд инээгээд хэвтэж байна” гэсэн учир эмч зөвлөгөөгөө өгөөд тэгэхэд хамгийн сүүлд очсон. Ингээд 25-ны өдөр нярайн аав "Манай хүүхэд хөдөлгөөнгүй болчихсон. Амьсгалахгүй байна” гэж залгахад дүүргийн Тандалтын багтайгаа 07.09 минутад ирэхэд Хүүхдийн түргэний эмч нярайг ойролцоогоор 2-3 цагийн өмнө амьсгал хураасан гэж хэлсэн.

Ингээд аав нь "Би хүүхдээ үүрийн 03.00 цагт угж өгөхөд зүгээр унтсан. 06.00 цагийн сүүг өгөхөөр сэрэхэд ийм болчихсон байсан” гэж хэлсэн юм билээ. Эмнэлгийн зүгээс гурван удаа очиж, хүүхдийг үзсэн. Утсаар ойр ойрхон буюу өдөрт 2-3 залгаж, биеийн байдлыг асууж байсан. Тэгэхэд яагаад ийм худал зүйл хэлээд байгааг бид гайхаж байна. Бүх зүйл баримттай байгаа. Учир нь олдох байлгүй дээ гэж бодож байна.

-Нярайг гурван удаа эмч үзсэн гэлээ. Үзэхэд нярайд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч байсан уу?

-ҮЗЛЭГЭЭР НЯРАЙН АМИН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ХЭВИЙН БАЙСАН-

-Ямар ч зовуурь шинж тэмдгийг ар гэрийнхнээс хэлээгүй, үзлэгээр илрээгүй. Хэрэв хүүхдэд ямар нэг зовуурь илэрсэн, хэлсэн бол бид үзэж тэмдэглээд шаардлагатай арга хэмжээг авна шүү дээ. Тэгэхэд нярайн аав удаа дараа "Манай хүүхэд зүгээр байна” гэдэг байсан. Бидний үзлэгээр нярайн биеийн байдал хөнгөн байсан. Хамгийн анх ээж нь оношлогдсон өдрийн үзлэгээр хүүхдийн хүчилтөрөгчийн сатураци 98 хувь, амьсгал 41, халуун 36.5-тай бүх амин үзүүлэлт хэвийн байсан.

-Хүүхдийг коронавирусийн халдвараар нас барсан, бараагүй гэх мэдээлэл нийгмийг талцуулаад байна. ЭМЯ, НЭМГ-аас хүүхдийг коронавирусийн халдвараар нас бараагүй гэсэн. Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид ч гэсэн тэгэж үзсэн. Хүүхдээс хоёр ч удаа шинжилгээ авахад сорил сөрөг гарсан. Хамгийн гол нь гэр бүлийн гишүүд бүгд халдвартай нь оношлогдсон учир бид хүүхдийн цогцост задлан шинжилгээ хийлгэж, онош олох юмсан гэж бодсон. Гэвч гэр бүлийн гишүүд халдвартай учир халдварын сэжигтэй тохиолдол гэж яригдаад байна.

-Хүүхдийн нас барсан шалтгаан юу гэж үзсэн бэ?

-Коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзээд хүүхдийн цогцсыг Буян компаниас аваад явсан. Шүүх эмнэлэг, өрхийн, түргэний эмч, цагдаагийн байгууллагаас бүгд ирсэн. Ар гэрийнхнээс задлан хийлгэхгүй гэсэн хариу өгсөн учир Нийслэлийн онцгой комиссоос халдвартай иргэнийг оршуулах журмын дагуу авч явсан. Бид Өрхийн эмчийнх нь хувьд хүүхдийн амиа алдсан шалтгаан тодорхойгүй гэж үзэж байгаа.

-Нярайн ээжийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Ээж нь биеийн байдал анх хэвтсэнээсээ дээрдсэн” гэв.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД ДҮГНЭЛТ: Амиа алдсан нярайн асуудлаар ЭМЯ, НЭМГ, Хан-Уул дүүргийн VIII хорооны өрхийн эрүүл мэндийн төвөөс бүгд өөр өөр тайлбарыг өгцгөөлөө. Товчхондоо тэдгээр байгууллагууд талийгаачийн ар гэрт харуусал, эмгэнэл илэрхийлэхийн оронд хариуцлагыг биесээсээ зайлуулж, бурууг гэрийнхэн рүү нь чиглүүлээд орхив. Түүнчлэн талийгаач нярайн үхлийн жинхэнэ шалтгаан тодорхойгүй, цаашлаад коронавирусийн халдвар авсан эсэх нь ч нотлогдохгүй байсаар үлдэх нь...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ичиг
Ичиг
2021-06-29 09:10

2 сартай хүүхдийг ковид тусаагүй гээд ичихгүй мэдэгднл гаргаж байгаа юм даа

Зочин
Зочин
2021-06-29 12:25

Наадуул чинь ажлаа зөв хийгээгүй хариуцлага �##�дчихаад их худ�##� ярьж гүтгэдэг шүү. Гомдол гаргах хэрэгтэй. Шүүхэд хүн амины хэргээр өгсөн ч болно.

Зочин
Зочин
2021-06-30 08:58

unen bol nohor ni awch ulden gesen bol ed nar ali hedinee todorhoilt bichuulj awsan arisaa hamgaalah yumaa sain hiideg ch te harin uzegui oirtogui bolhoor tiim tailbar todorhoilolt bichuulegui baihgui yu manai duugiin bie ni owdoj anhnii buh tuslamj uzuulj arga barij 103d duudalga ogch baihad zowolgoo ogie zuger gej uu haraachgui baij iim bolod bnda erhem emnelegiin ajiltanguud mani

Холбоотой мэдээ

Back to top button