ХУУЛЬЧИД: Хүүхэд хохироосон ялтнуудын ялаас хасах, ялыг өршөөхгүй байх хэрэгтэй
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Их хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж буй Өршөөлийн тухай хуулийн төсөлд Монголын хуульчдын холбооноос нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг ил захидлаар илэрхийлжээ. Тодруулбал,
Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргүүд болох арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэх мэт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийн жагсаалтад багтаахаар төсөл боловсруулсан байна.
Харин Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд дээрх гэмт хэргүүдтэй нэгэн адил “хүүхэд хохирогч болсон” зарим гэмт хэргүүдийг орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, бусад гэмт хэргүүдээс илүүтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас хүүхдүүд маш ихээр хохирдог нь судалгаанаас харагддаг. Тиймээс
- Хүүхэд хохирогчоор тогтоогдсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж, ял эдэлж байгаа ялтнуудын ялаас хасах, ялыг өршөөхгүй байх.
- Өсвөр насны хүн тухайлан заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар зохицуулсныг өөрчилж ялаас бүхэлд нь чөлөөлж өршөөнө үү.
Хүүхдэд хамгийн ээлтэй байхаар энэ удаагийн Өршөөлийн хуулийг баталж өгнө гэж УИХ-ын эрхэм гишүүн танд найдаж байна” гэж ээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.