Нийгмийн

Борооны тухай тунгалаг мөртүүд...

Бороотой өдрийн мэнд. Энэ өдөр борооны тухай тунгалаг мөртүүдийг хүргэж байна.

Уучлаарай хайр минь

Уучлаарай хайр минь, цор ганц солонгын туяат минь
Урд шөнө би бороонд,
Чамд хадгалсан уруулаа өгчихлөө
Чиний минь хүрэх гээд,
Хүрч чадаагүй байсан хацрын минь гэгээг
Чийгт борооны дусал,
Үүлсийн бүрэнхийтэй цуг
Шөнөжин сүүдэрлэж хонолоо...

Гав ганцхан минь, чамайг би яг өнөөдөр л
Гарт минь гав гинжээ зүүж, зүрхтэйгээ холбоно гэж
Тэсэн ядаж, би нүцгэн моддын дор
Тэнгэрийн нулимстай цуг чамайг харуулдан зогссон

Гэтэл тэр бороо надад ухаангүй дурлачихаад
Гэнэн инээмсэглэл, чиний зүрхний тамгыг надаас арилгаж
Энгэрт минь, чиний хамгийн дуртай
Өөрийнхөө үнэрийг шингээхэд нь ч
Ингээд л борооны үнэртэй болчихвол,
Чамайгаа яг ирнэ дээ гэж би бодсон...

Үүр цайтал, чамайг хүлээн би бороонд үнсүүлээгүй
Үсний ширхэг бүрт минь тэр нэр өгсөн ч
Дуслаараа титэм хэлхэж зүүлгэсэн ч
Духан дээрээ үнсүүлээгүй, гэзгээ би задгайлаагүй...

Үнэнч салхи л надад чамайг
Өөр бүсгүйн цээжинд
Солонгын өнгөөрөө
Үнсэлтийнхээ хээг
Зураглан буйг чинь л хэлмэгц
Өглөө болоход л би борооны гэргий болчихсон
Өглөө болмогц л би борооны гэргий болчихсон...

Э.Бүжинлхам


“Бороо орохоор Сэмбэ ах бодогдоно”

1.

Шөнөжин бороо орохоор

уяатай нохойгоо өрөвдөнө

Үүр барьж өгөөгүй

Өөдгүй би гэртээ

2.

Норсон цаас шиг хэнд ч хэрэггүй

Эр дээ...

Гэхдээ

Жинхэнэ шүлэг дээр нь бичсэн цаас

Жирийн цааснаас удаан амьдардаг санагддаг

3.

Хол явчихсан гэнэ лээ..

Ус дутсан тариан талбайд

Уйлж суухаар явчихсан гэнэ лээ...

Бороотой ярилцдаг сүүлчийн хүн байсан даа

Түүнээс хойшхи орсон бороо

Төдийлөн сэтгэл норгоогүй дээ

4.

Ус бүхэн адилхаан.

Угтаа бүгд л нулимс.

Г.Хашбаатар


Бороо далимдуулж зөндөө уйлсан

Rain On A Car Window GIF by valuelife | Gfycat

Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ...
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн

Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л...
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан...
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л...
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий...
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл..

Ц.Дэлгэрмаа


Бороо л ороосой

Бороо л ороосой

Ижийн минь тэрлэгний өнгө шиг

Нэг л дулаахан бороо л ороосой

Бороо л ороосой

Өвсний толгой дээр сүү асгачихсан юм шиг

Нэг л сайхан бороо л ороосой

Бороо л ороосой

Голын усанд уруулаа дүрэн зогсох морь шиг

Солонгоор инээсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Сарны туяанд, бүсгүй хүн даашинзаа

Тайлах шиг

Тийм л тув, тунгалаг бороо л ороосой

Бороо л ороосой

Нозоорон буй цагны зүүнд хавчуулагдсан нарны зовхи шиг

Бодол хөндүүрлэсэн бороо л ороосой

Бороо л ороосой

Нойтон болжмор тооноор орж ирээд,

Миний орны хөлд суух шиг

Аяс намуухан бороо л ороосой

Бороо л ороосой

Нүгэлд хорсож улайссан нүдний хирийг угаачихмаар

Бурханы нулимс шиг бороо л ороосой

Бороо л ороосой 

Г.Баяр


Rainy day GIF - Find on GIFER

Ариун хурын дор зогсоход

Буртаг яахин тогтох билээ

Амьдралд хатууживч цээжнийхээ

Нэгээхэн зайг авч үлдэх хэрэгтэй

Мөрөөсөл, нинж, уясал, догдлолдоо

Мөнөөхөн хурын ус шиг ариусаж явах учиртай...

Ц.Дэлгэрмаа


Kotonoha No Niwa Rain GIF - KotonohaNoNiwa Rain RainDrops - Discover &  Share GIFs

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна.

Бороо яахав дээ. Нөгөө л бороо шүү дээ.

Босьё доо...

Хөнжилдөө гал ноцтол

бодлоо гээд, дэргэд чи ирэх биш.

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ

Намрын бороо цаанаа л нэг уйтай.

Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ

Намсан намссаар дасал болчих нь гунигтай.

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч

Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна.

Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун

Сайхан зүүд л болохоос, ямар дуртатгал биш.

Босьё доо...

Г.Аюурзана


Rain Raining GIF - Rain Raining Beautiful - Discover & Share GIFs

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод

Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа

Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд

Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа

Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй

Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй

Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л

Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ

Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад

Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа

Б.Баясгалан


Усан борооноор би ганцхан хүнийг боддог

Pin on The man of time `╰⊰✿..✿⊱╮...⊰

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...

Л.Өлзийтөгс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2021 21:44

Хайртай даа

Ай
Ай
7 сар 6, 2021 06:44

Шөнөжин бороо орохоор

уяатай нохойгоо өрөвдөнө

Үүр барьж өгөөгүй

Өөдгүй би гэртээ

Back to top button