ШҮҮХ ХУРАЛ: Б.Хурц нарыг гэм буруутай эсэхийг тогтоохоор шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ
НЭМЭЛТ: 15:38 ЦАГТ
Зургаа дахь өдрөө үргэлжилж буй Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал яг одоогийн байдлаар завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр хэлэхдээ “Гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан. Одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход хэвлэлийнхэн, олон нийтэд нээлттэй” гэлээ.
НЭМЭЛТ: 12:40 ЦАГТ
ШҮҮХ ХУРАЛ: Өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлээ танилцуулж байна
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлээ танилцуулж байгаа гэв.
Баасан гарагт /2019.08.16/ шүүх хуралдаан хуульд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход, хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна. Энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг өнөөдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулсан.
ЭХЛЭЛ: 08:00 ЦАГТ
ӨНӨӨДӨР: Б.Хурцыг яллах уу, мөрдөн байцаалтад буцаах уу

Төв аймгийн сум дундын шүүх дээр Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уг шүүх хурал эхэлсэн ч эцэслэн шийдвэр гаргаагүй байгаа юм.
Уг шүүх хуралд Б.Хурц Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын цесөн хүн шүүгдэгчээр оролцож байгаа юм. Шүүгдэгчдийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1-ээр зүйлчилсэн байна.
ЗҮЙЛЧЛЭГДСЭН ЗААЛТУУД НЬ:
133.1.-Р ЗААЛТ: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл ГУРВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
251.1-Р ЗААЛТ: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ.
Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, яллах, мөнгөн торгууль ногдуулах боломжтой. Ямартай ч шүүх хурал өнөөдөр эцэслэгдэнэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
Х.ЭРХЭС
ГЭРЭЛ ЗУРГИЙГ:А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иймэрхүү хүн хогнуудыг байх ёстой газар нь байлга!!!