Хэрэг шийдэхдээ хувийн ашиг сонирхлоор хандсан прокуроруудад сахилгын шийтгэл оногдуулжээ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцан, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, нэг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна.
Мөн “иргэн Д.Янжинхорлоотой холбоотой хэргийг шийдвэрлэхдээ хувийн сонирхлоор хандсан” гэх мэдээллийн мөрөөр дээрх хэргийг дахин шалгуулж, шийдвэр гаргасан прокуроруудыг мэргэжлийн алдаа гаргасан эсэх талаар Прокурорын мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулж нэр бүхий прокуроруудад сахилгын шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй эзнийг нь мэдээгүй байхад шинээр дахин гэрчилгээ гаргуулж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ авсан, мөн бусдын гарын үсгийг өмнөөс нь хуурамчаар зурж өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр хэрэг жил дамнан хууль хяналтын байгууллагаар шалгагдсан байдаг.
Тэгвэл дээрх хэрэгт нэр холбогдсон Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нарт сахилгын шийтгэл оногдуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.