УЛС ТӨР

ЭМДС-гийн хуулийн биелэлтийг шалгах ажлын хэсэг байгууллаа


Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.08) 9 цаг 20 минутад эхэлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг төсвийн тодотгол болон цаг үеийн байдалтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагын хугацаанд зайлшгүй ажиллах шаардлага үүсэж буйг хуралдааны эхэнд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен ажлын хэсэгт орж ажиллах хүсэлт гаргасныг Байнгын хорооны дарга дэмжиж, бүрэлдэхүүнд оруулахаар тогтов. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх чухал ажлын хэсэг байгуулагдаж буйг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.11, 23.2.12 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг, 39.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 73,3 хувийн саналаар батлагдав.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button