ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

Ш.Гүрбазар: Ижийг минь таних, бага насыг минь мэдэх хүн сумын наадам дээр таараасай гэж боддог

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазарт Төрийн шагнал хүртээлээ. Түүний “Би Монголтойгоо адилхан”, “Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи” гэсэн гурвалсан бүтээлийг төр соёрхлоо. Ийм сайхан өдөр бид түүнтэй 2021 оны VII сард хийсэн ярилцлагаа сэргээн нийтлэж байна.


Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазар манай сайтын зочин хойморт саатлаа. Хэдийгээр өнөө жил Үндэсний их баяр наадам болохгүй ч Ш.Гүрбазар хэмээх эрхэмтэй ярилцаж, наадмын тухай дурсамж, дурдатгалыг нь үг болгон холболоо.

“Өнгөтэй, өлзийтэй, дэлгэр сайхан цагийн мэндийг нийт монголчууддаа хүргэе. Хэдийгээр наадам хойшилж байгаа ч гэсэн энэ цаг мөч дандаа сайхныг бодогдуулдаг тул хэзээ ч хүмүүний сэтгэлээс арилахгүй” хэмээн ярьсаар тэрбээр ширээний өмнө суулаа. Бидний дунд ийм яриа өрнөсөн юм.

“ТАЛХ, ЖИМСНИЙ ЧАНАМАЛ, ГОЁ ГОЁ ЭГЧ НАР....”

Наадам нас насанд өөр өөрөөр бодогдож, дурсагддаг. Би зургаан настай байсан санагдаж байна. Маргааш наадам болно гээд уяачид, унаач хүүхдүүд бүгд завгүй. Тэгэхэд аав хаанаас авсан юм бүү мэд, нэг талх, жимсний чанамал авчирсан. Чанамалтай талх идээд л. Маргааш долдугаар сарын 11 гэж бодоод л. Сайхан цаг. Одоо ч гэсэн би долдугаар сарын 10-нд заавал талх, чанамал авч иддэг. Бага насаа дурсан санадаг. Ер нь бол хүүхэд байхад наадмыг амт талаас нь их боддог байлаа. Харин 15-16 нас хүрч, хүн санаа төвхнөөд ирэхээр орчлонгийн сайн сайхныг хармаар санагдаад наадам хурдан болоосой гэж мөрөөддөг байв. Наадамд очиж, гоё гоё эгч нарыг харах гэж амьхандаа л гоё морь унаж, гайгүй торгон дээл өмсөнө. Тэр үед наадмын орчныг харах гэж очдог байж. Харин МҮОНТ-д ажиллаж байхад наадам миний ажил болдог байсан. Ажил, гэр, уран бүтээл гурвын дунд буцлаад л. Морь тайлбарлаж, наадмын нэвтрүүлэг хийгээд л.

Одоо бол наадам гэхээр Монголын их үнэмшил, их оршихуй санагддаг юм.

-ИЖИЙТЭЙГЭЭ, ААВТАЙГАА ҮЗСЭН ТЭР ЖИЛИЙН НААДАМ-

Олон дурсамж ярих болох нь. Манай аав олон сайхан морьтой, дүү нар нь хурдан морь уядаг байсан. Би тэр сайхан морьдын нуруун дээр өссөн хүн. Бавуугийн Лхагвасүрэн ахын “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг шиг гоё гоё дурдатгалууд их байна. Гуравдугаар ангийн сурагч байхдаа аймгийн наадам үзэхээр ижийгээ дагаад явж байсан юм. Ээж надад нэг их гоё ундаа авч өгөөд л. Би ч ундаа уунгаа машины цонхоор морь үзээд л...Аавтайгаа хамт бол морины уяан дээр очно. Олон ч наадамд хамт явж байсан.

“Аавынхаа дээлийг нөмрөөд

Ээжийнхээ өвөрт унтаж байхдаа

Би мангасыг хүлээдэг”

Үнэхээр хүн аавынхаа дээлийг нөмөрчхөөд ээжийнхээ өвөрт байхад орчлонд айдас гэж байдаггүй. Мангас байвал хүрээд ирэг л гэж боддог юм билээ.

“Дээлийн үнэрийг үнэсэж хадгаллаа.

Дэлхийн салхи үргээгээд байна

Уусан аягыг нь үнэсэж хадгаллаа

Уруулын чийгэнд эмтрээд байна” гэж миний бичсэн дууны шүлэг бий. Аавын дээлийн үнэр гэдэг их дагшин л даа. Одоо аавын минь бүс байдаг юм, надад. Нандигнан хадгалдаг. Ижийн минь ч дээл бий.

Манай аав ганган Шагдарсүрэн гэж их ганган хүн байсан. Уг нь бол манаач хүн л дээ. Наадмаар их гоёдог. Морины дэл их гоё засдаг. “Миний хүүд сайхан морь унуул” гэж дүү нараа загнаж байгаад л хачин сайхан морь сонгож, дэлийг нь хагас өдөржин засаж өгдөг сөн. Аавтайгаа наадамд явах их бэлгэтэй. Хотод ирээд МҮОНТ-д ажиллаж байхдаа аавыгаа төв асарт улсын наадам үзүүлж байсан. Аав маань хөдөөний наадам шигээ бодож, хажуу тийш хараад л, хүмүүстэй ярина. Даанч хэн ч тоохгүй /инээв/.

Мөн би Ноён хутагт Данзанравжаагийн 101 жилийн ойн наадмаар ижийгээ би төв асарт суулгаж байсан юм. Тэр агшныг ямар азаар бурхан надад шивнэсэн юм. Ижийгээ хоймор суулгаад өөрөө наадам хөтөлж байх гоё л байдаг юм билээ.

Одоо цагт ч дээ, наадмаар голын эрэг дээгүүр зугаалж, хорхог боодог хийж баярлаж, цэнгэх юм. Ер нь хүүхдээ дагуулаад наадмын талбай орж, алсаас ч болов морь харуулбал зүгээрсэн. Сүүлд бодоход хүүхэд насны гоё, гоё дурдатгалууд л үлддэг юм. Хүүхэд аавтайгаа хамт байсан үеэ дурсахдаа ёс заншлаа давхар бодно. Ер нь наадам их уяхан шүү дээ. Бага нас дурдатгал гээд олон юм бодогдуулна. Бавуугийн Лхагвасүрэн ахын ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам их гоё шүлэг.

-ХУРДАН МОРЬ УНААГҮЙ Ч, МОРЬ ТАЙЛБАРЛАЖ, МОНГОЛЧУУДЫН ЗҮРХИЙГ ОГШООСОН ГҮРБАЗАР-

Би овооны наадмын үсэргээнд хоёр удаа л очиж, морь унаж байсан. Цээжинд нь ирж байсан санагдаж байна. Түүнээс биш наадамд морь унаж байгаагүй ээ. Би чинь хүний ганц хүү. Их эрх. Ээжийн минь аав мориноос болж өөд болсон юм билээ. Тийм болоод ч тэр юм уу ээж багаас минь морь унуулах дургүй байсан. Гэхдээ Улаанбаатарт ирж, сургуульд сурч, ажил амьдралын босго алхаад би 15 жил морь тайлбарласан. Найруулагчтайгаа ярьж байгаад “баян ходоодны даага” гэх нэршлийг анх гаргаж ирж байлаа. Яагаад ч юм надад дааганы уралдаан биш, ижий рүүгээ гүйж байгаа дааганууд л харагддаг байсан. Олж харсан өнцөг, мэдрэмжээрээ л морь тайлбарласан. Тэр хэрээрээ хүмүүст их хүрсэн байх. Хүмүүс Ш.Гүрбазарыг даага тайлбарлахаар хөөрхөн байдаг, уйлдаг гэдэг байсан.

Морь унаад орж ирж байгаа хүүхдүүдийг өхөөрдөхгүй байхын аргагүй. Ш.Гүрбазар зураглаачтай гүйж очоод сэтгэгдэлийг нь сонсох гэхээр хүүхдүүд тунгалаг сэтгэлтэй юм болохоор “нэр хүндгүй боллоо. Орон даяар би хамгийн муу хүүхэд болж харагдаж байна. Есдүгээр сарын 1-нд яаж хичээлдээ орно оо. Түмний шившиг боллоо” гэж бодоод нүүрээ таглаад л. “Ёстой баларлаа” гэж даагаа хүртэл загнаад л байгаа юм шүү дээ. Өөрийгөө том хэрэг хийсэн юм шигээр л боддог юм билээ.

Энэ мэт наадам дотор наргиж, бужигнасан хүмүүсээс гадна түмэн янзын торгон хөг байдаг юм. Наадмаар даага уралдах бүрийд ижийгээ би дандаа санадаг.

НААДМЫН ӨМНӨХ ӨДӨР ХИЙГЭЭД ЯРУУ НАЙРАГЧИЙН ОНГОД

Хуримын өмнөх оройтой адилгүй. Наадмын өмнөх өдөр унаач хүүхэд нэг юм бодно. Уяач бас нэг юм бодно. Бөх нэг юм бодно. Эрхийн мэргэн харваач нэг юм бодно. Монголчууд “зуун наадам үзээрэй”, “олон наадам үзлээ” гэж бэлэгшээн ярьдаг. Мөн “энэ жилийн наадам сайхан боллоо. Ирэх жилийн наадмыг хүлээнэ дээ” гэж ярьдаг. Тэгэхээр наадмын өмнөх орой хүмүүс янз, янз бүрийн юм боддог байх. Би бол наадмын битүүний өдөр буюу долдугаар сарын 10-нд заавал шүлэг бичдэг. Долдугаар ангиасаа хойш энэ өдөр шүлэг бичиж байна. Тэр шүлэг нь заавал наадмын тухай байдаггүй. Зүгээр л сэтгэлд хөг орчихдог. Долдугаар ангид орох жилийнхээ наадмаар,

“Холыг зорих хүүдээ

Цэнхэр хадаг дээдлэх шиг

Хаж мөнгөн зэрэглээнд

Уулсын дүрс сугарч

Унаган багийн сэтгэл шилбүүр унан булгиулж

Улаан зандан гэмээр говийн шил ягаарна” гэж бичиж байсан юм.

Наадмын өмнөх өдөр их онгодтой байдаг. Одоо ч гэсэн би сумынхаа наадамд очдог. Миний үеийнхэн хаагуур яваа бол гэж бодно. Өвгөд их цөөрсөн болохоор ижийг минь таних, бага насыг минь мэдэх хүн сумын наадам дээр таараасай гэж боддог.

Хамгийн сүүлд гэхэд гурван жилийн өмнө Иххэт сумынхаа наадмыг очиж үзсэн. Уржнан ч гэсэн овооны наадамд очиж, хоёр гурав хоночхоод ирсэн. Наадмын өглөө адууны илч үнэртээд л, өглөө адууны дөрвөн хөлөөс нар мандаж, морь тургиад л. Сайхан байдаг. Наадмын өглөө морины уяан дээр очих их дуртай. Олон адууны үнэр чинь их дагшин юм шүү дээ. Ер нь тэгээд олон адууны илч үнэртэхэд хийморь сэргэнэ дээ, сэргэнэ.

-ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ ХОЙШИЛСОНД....-

Бүх юмыг хурааж, нэг бодомжид оруулдаг зүйл бол наадам. Би ярилцлага авч үзээгүй ч наадмын өдөр асарт суугаа төрийн гурван өндөрлөг юу бодож суудаг бол гэж боддог юм. Том, том юм бодож суугаа байх гэж горьддог. Би бол Есөн хөлт цагаан туг орж ирэх агшинд монгол гэдэг тусгаар тогтносон улс байна, сайхан юм даа гэж боддог.

Гэхдээ энэ жил амгаланг сануулахын тулд наадмыг хойшлуулдаг нь зөв. Наадмын гурван өдөр “монгол наадам гэж юу билээ” гэж бодох хэрэгтэй. Тэр чинь том шагнал байхгүй юу.

Заавал наадмын талбай дээр очиж, сайн сайхныг бодохын нэр биш шүү дээ. Сайхан сүү өргөчхөөд сайхан юм бодоод сууж байх сайхан. Ядаж морины сайхан дуу сонс. Аливааг уужуу тайвнаар харж, бод.

-АСАР БҮРИЙН ХОЙМОРТ СОНСОГДОХ ТҮҮНИЙ БИЧСЭН НААДМЫН ТУХАЙ ДУУ, ШҮЛГҮҮД-

Одоогоос гурван жилийн өмнө УГЗ, Хөгжмийн зохиолч Л.Балхжав бид хоёр “Миний монгол наадам” хэмээх дуу бүтээсэн. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Маш сайхан дуу болсон. Тал талаасаа сайхан хоршсон. Сайхан уран бүтээлд оролцсон юм байна даа гэж боддог шүү.

Энэ дууны “Эзэн Чингисийн нутагт байх монгол наадам минь” гэх үгэнд би дуртай. Миний хэлсэн, бичсэн үг биш. Наадмын эртний ерөөлд байдаг үг. Мөн энэ дуун дээр Монголынхоо газар нутгийг “дэлгэсэн тэрлэг шиг”, “татсан нум” гэж зүйрлэсэн. Би энэ зүйрлэлүүддээ дуртай. Мөн морины их олон дуу бий.

Хамгийн хайртай шүлэг “Дугуй хээтэй наадам”-д Л.Балхжав ая хийж, Б.Амархүү дуулсан. Их ч сайхан дуулсан. Энэ шүлэг маань Монголын наадмын тухай шилдэг найман шүлгийн нэгэнд багтдаг. Үүнд нь би их баярлаж явдаг юм. 1978 онд биччихээд П.Бадарч гуайд шүлгээ уншиж өгтөл “Ёстой гоё монгол шүлэг байна. Чамайг шүлэг уншихыг харснаас биш шүлэг бичдэг гэж мэдсэнгүй. Одоохон “Утга зохиол-урлаг” сонинд өг, санаа зовоод байвад би Ч.Билигсайханд хэлье гээд шүлгийг минь шүүрч аваад гарсан. Удалгүй “Дугуй хээтэй наадам” шүлэг маань “Утга зохиол-урлаг” сонинд нийтлэгдсэн байсан.

Сүүлд Р.Чойномыг тэнгэр болсноос хойш “Р.Чойномын нууц захидлууд” гэж ном гарсан. Тэр номыг уншиж суух нь ээ Р.Чойном гуай “ Дорноговийн Ш.Гүрбазар гэсэн билүү нэг залуу “Дугуй хээтэй наадам” гэж тун аятайхан шүлэг бичсэн байна лээ. “Утга зохиол-урлаг” сониноос уншаа биз дээ” гэж бичсэн байсан. Р.Чойномд таалагдана гэдэг их хувь заяа. Сүрдээд ойртдоггүй байсан юм. Уулзсан бол гоё юм ярих байж дээ гэж бодогддог юм.

Дугуй хээтэй наадам 

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадантай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдэнэ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шэрээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурайн хээтэйг ухаарлаа

Гоёор харах юм бол амьдрал ингэж л харагддаг. Зүгээр морьтой хүн явж байна гэж харвал морьтой, дээлтэй хүн л харагдана. Ер ердийн өдрүүдээ ердийн гэж бодоод байх юм бол ердийн л байна. Хүмүүс миний сүүлд гарсан номыг уншчихаад өгүүллэг шиг юмаа. Чиний амьдрал ийм өгүүллэг шиг байсан юм уу гээд байгаа юм. Үгүй ээ, надад зүгээр л ингэж харагдсан болохоор ингэж бичсэн юм.

Би “Монголоороо гоёдог” шүлгийг сумын наадам харж байгаад сэтгэл хөдлөөд бичсэн. Тийм л омогшил дотор амьдардаг. Энэ хорвоод, энэ нутагт амьдарч яваадаа баярладаг. “Хувьтай юм” гэж боддог. Тэр нь л уянга, эмзэглэл болдог.

“Үзүүр түрүү булаацалдсхийгээд наадам тарна гэхээр

Үрээ даагаа хөтлөөд уяачид буцна гэхээр

Сумын төвийн оройд дэрвэсэн улаан туг гансарч

Сул асрын орой гунигтай юм шиг байна” гэж миний шүлэг. Бөхчүүдийн тойрч байсан туг гунигтай юм шиг тачигнаад, нэг их сонин. Тэр нь дараагийнхаа наадмыг хүлээхийн совин байх. Уянгын хорвоо юм даа. Цэцгийн гурван сар бороо хур бол сайхан байх шиг байна. Ирэх намрын дунд сардаа ч монголчууд хийморьтой л байгаасай гэж хүсэх байна. Болно доо бүх юм сайхан болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 11, 2021 09:45

Гүрээ ахдаа амжилт хүсье

Уншигч
Уншигч
7 сар 11, 2021 11:33

Гүрээ ахдаа амжилт хүсье
урт наслаж удаан жаргаарай ????

Сайхан хүн шүү ингэж ярььжээ
Сайхан хүн шүү ингэж ярььжээ
7 сар 11, 2021 11:34

Би “Монголоороо гоёдог” шүлгийг сумын наадам харж байгаад сэтгэл хөдлөөд бичсэн. Тийм л омогшил дотор амьдардаг. Энэ хорвоод, энэ нутагт амьдарч яваадаа баярладаг. “Хувьтай юм” гэж боддог. Тэр нь л уянга, эмзэглэл болдог.

Хурай
Хурай
7 сар 11, 2021 11:35

Хурай хурай хурай уухай уухай уухай

Цншигч
Цншигч
7 сар 11, 2021 13:25

Нэг т�##�даа наадмын үнэ цэнийг илүү ухааруулах жил юм даа

Eenee
Eenee
7 сар 11, 2021 13:28

Гүрбазар гуайд ардын уран зохиолч цол өгөх болоогүйм бхдаа

Уншигч
Уншигч
7 сар 11, 2021 13:29

Сайхан хүн шүү

Уншигч
Уншигч
7 сар 11, 2021 13:31

Таньд болон танай гэр бүлд баярын мэнд хүргье. Та сайхан амарч, аялаж, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Зочин
Зочин
7 сар 11, 2021 14:25

Наадмын өдөр гоё яриа уншлаа. Баярл�##�аа эгүүүр

бодол минь
бодол минь
7 сар 11, 2021 15:10

Гүрбазар гэж авьяасандаа хахмаар гял�##�зсан з�##�уу бай ж билээ. Одоо ч хэвээрээ үзэгчдийн хүндэтгэл хүлээсээр,үе үеийнхэн үзсээр.Аав,ээж байтугай үеийнхэн таараасай гэж боддог нь насны жам гэлтэй.Улам золбоолог ,урт амьдраарай .

Зочин
Зочин
7 сар 11, 2021 17:04

estoi zoolon,or nimgen,saihan setgeltei hun.bi ih durtai.duu hooloi,uzel bodol n mash ih taalagddag.ih zoolon hun.

Зочин
Зочин
7 сар 11, 2021 20:41

ardiin uran zoxiolch baij bolox l xundee, xarin shulguuded ni Balxjaviin ayanuud g###gddog uomaa

Зочин
Зочин
7 сар 11, 2021 20:44

Gurbazariin shulguded Balxjaviin ayanuud g###gddpg

Зочин
Зочин
7 сар 11, 2021 20:46

Гурбазарын шүлэгт Б�##�хравын аянууд хэтэрхий гологддог

Зочин
Зочин
7 сар 11, 2021 20:48

ГҮРБАЗАРЫН ШҮЛГҮҮДЭД БАЛХЖАВЫН АЯНУУД ГОЛОГДОЖ СОНСОГДДОГ ШҮҮ

Irgen
Irgen
7 сар 11, 2021 23:12

Ene yariltslaga tsagaa olson saixsn kontent bna.....ENE BOL EG..UUR . ..mash sain bna..tanai xamt olnii medremj xurd ontslogotou bolj....Amjilt......sumiin naadam yzsen xun buriin setgeliin uvhgiig xunduj chadsan sedeb shuu....OMOGSHIMOOR shulguurtei..

Зочин
Зочин
7 сар 12, 2021 09:50

Наадмын өдөр сайхан яриа уншлаа. Дурсамж сэргээж байна шүү

Онцгой онцгой
Онцгой онцгой
7 сар 12, 2021 14:37

Бас онцгой төрсөн, омогших, огших нь илхэн сэтгэлийн г�##�тай яруу найрагч даа.
Ёстой үнэн хэлжээ. Гүрбазарын шүлгэнд Б�##�хжавын ая арай орчин үе з�##�уу т�##�руугаа хэлтийгээд, ая нь гологддог юм шиг арай сулхан болчидгийн. Шагн�##� яах вэ өгвөл тэр л биз. Өөрөө шагхийсэн байхад ард түмэн үнэлнэ

Гүрээ
Гүрээ
7 сар 13, 2021 14:22

Гүрээг эжийдээ үнэхээр хайртай хүү юм билээ гэж олон жилийн өмнө дөө манай нутгийн хөгшин хэлж байж билээ. Учир нь тэр хөгшин Гүрээгийн эжийтэй хамт сувилуулж байсан юм байх. Өөрөө арван хэдэн хүүхэдтэй хүн. Харин Гүрээгийн эжий нь ганц хүүтэй. Манай нутгийн хөгшний арав гаруй хүүхдээс эжийгээ эргэж ирээгүй байхад Гүрээ эжийгээ хэд хэдэн удаа эргэж очоод, үнсүүлээд үнсээд, толгойг нь илээд явж амждаг байсан гэнэ лээ. Эжийгээ амьдад нь хайрлаж чадаагүй мань мэтэд цочтол нь сонсогдсон үг л дээ.

Зочин
Зочин
7 сар 16, 2021 15:32

Гүрээгийн Орчлонгийн дутуу гэдэг шүлэг нь үнэхээр айхтар утгатай, мундаг шүлэг байдаг. Гүрбазар бол үнэхээр аугаа яруу найрагч хүн. Олон сайхан шүлэг тэрлээрэй. Ардын уран зохиолч болоорой!

Зочин
Зочин
7 сар 19, 2021 14:26

UNEXEER L EEJ AAVIIG MINI TANIX XUN TAARAAD TEDNII MAANI TALAAR SAIXAN DURSAMJ UG XELSEN XUN SUU AMSUULSAN MET SAIXAN BAIDAGDAA. GURBAZART ARDIIN URAN ZOXIOLCH OGOXOD XUUUS UOM XELEXGUIDEE.SAIN ZOXIOLCHURAN ZOXIOLCH SHUU. AMIDRALIIN UNENIIG ENGIINEER OGUULDEG ZOXIOLCH

Зочин
Зочин
7 сар 6, 2022 17:43

Gurbazar gej aguu aviyas bilegees gunshaa bold turuulj turiin shagnal avsan geheer Elbegdorj Hurelsuhiin derged nusan goojuur gedeg n haragdaj bna.

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
7 сар 10, 2022 04:57

Ш.Гүрбазарт оносон шагн�##� болжээ.Баяр хүргэе.

Холбоотой мэдээ

Back to top button