ЯРИЛЦЛАГА

ЧИНГИС ХААН: Олны анхаарлыг татахын тулд тавилттай “жүжиг” тавьсан

Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан Чингис хаан хэмээх залууг энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан хэмээн танилцуулсан бөгөөд “Үүнээс өмнө намайг таньдаг байсан хүмүүс цаашдаа намайг Чингис хаан гэх хүнээр хараасай”  хэмээн ярьлаа.

-ЧИНГИС ХААН ГЭХ НЭРЭЭ 2018 ОНЫ 8 САРЫН 20-НД АВСАН, ОДОО ЯГ НЭГ НАС ХҮРЧ БАЙНА-

-Сайн байна уу? Чингис хаан гэх залуугийн бага нас хаана хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхэлцгээе?

– Сайн байна уу. Тэгэлгүй яахав. Архангай аймаг Цэцэрлэг хот, Булган уулын зүүн энгэрээр бага нас минь бусад хөдөө нутгийн хүүхдүүд шиг өссөн дөө. Багаасаа морь унах их дуртай, моринд хайртай байсан. Манайх адуу багатай байсан ээж ааваасаа гуйн барин адуу олонтой морь уядаг айлуудад очин морь унадаг хоббитой байлаа.

-Хотод хэзээ ирсэн бэ?

Хотод 2000 онд орж ирсэн. Хорь гаруй жил миний амьдрал Дарь-Эх орчимд өнгөрсөн, тэндэхтэй салшгүй холбоотой.

-Өөрийг тань хүмүүс Чингис хаан гэх нэрээр сайн мэднэ. Зарим хүмүүс таныг овог нэрээ сольсон гэлцдэг?

-Нэрээ сольсон минь үнэн. Гэхдээ овгоо бол солиулаагүй шүү.

-Өмнө нь хэн гэдэг нэртэй байсан бэ. Яагаад солих болсон юм бол?

-Өөртөө зорилго тавьж шинэ хүн болох зорилготойгоор, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн Чингис хаан шиг хүн болохоор зорьсон. Ингэж л Баасанжаргал гэх нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн. Чухам яагаад Чингис хаан гэх нэрийг сонгох болсон нь их утга учиртай. Чингис хэмээх нэрийг түүх өв соёлын дагуу судалбал, боловсролын цол, хэргэм билээ. Нөгөөтэйгүүр унтаа байдалтай байгаа залууст жишээ болж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэл болгон хүргэхийн хүссэн. Чингис хааны түүхийг урд хөрш болон Турк улсынхан булаацалдаж, өөрсдийн түүх соёл мэтээр ярих болсон. Иймд өөрсдийн өв соёлоо хамгаалан сэрэх хэрэгтэй болж буй. Иймийн учир бусдын анхаарлыг татахын тулд нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн нь энэ.

-Албан ёсоор хэзээ нэрээ сольсон бэ?

-Одоо яг нэг нас хүрэх гэж байна. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор нэрээ солин Чингис хаан болгосон.

-ETV БОЛОН UBS MUSIC, STAR ТЕЛЕВИЗЭД ХӨГЖМИЙН НЭВТРҮҮЛГИЙН ХӨТЛӨГЧ, ТЭР БҮҮ ХЭЛ ХИП ХОП ДУУЧИН БАЙЛАА-

-Нэрээ солиход нь гэр бүлийнхэн нь дургүйцэж, эсэргүүцсэн үү?

-Өөрөө мэд хэмээн хэлсэн. Ер нь 2011 онд ээж маань өөд болсон. Тэр цагаас хойш л өөрийгөө сэрж эхэлсэн гэж боддог. Тийм болохоор л нэрээ сольсон. Тэр цаг мөчөөс өмнө хип хоп дуулж, пи ар менежмент хийж байлаа. Тэр бүү хэл ETV болон UBS music, STAR телевизэд хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үедээ л дуу дуулдаг, телевизийн чатаар дуу нь байнга гардаг гээд л “хурган” од байлаа.

-Ямар хамтлагт байсан бэ? Олонд танигдсан бүтээлүүдээсээ дурдвал?

-Манай хамтлаг Click click boom, Flash, Desant зэрэг хамтлагуудтай нэг үе байлаа. Хамтлагийн маань нэр PR , анхны дуу клип “Ачтан”, харин үмүүсийн хамгийн сайн мэдэх дуу гэвэл “Цаснаар” гэх бүтээл байна.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Тайз дэлгэцийн найруулагч мэргэжилтэй гэж хэлэхэд болно. 2013 онд “Цэцэн” продакшнаа нээн одоог хүртэл ажиллуулсаар байгаа.

-Сэтгүүлзүйн салбартай ойрхон юм байна шүү дээ…

-Телевизийн салбарт 2009-2014 он хүртэл ажилласан. Одоо бол хувийн студиэ ажиллуулахын зэрэгцээ бусад зорилгоо биелүүлэхээр хэд хэдэн компани байгуулчихсан ажлаа эхлээд явж байна. Манай хувийн студи маань реклам сурталчилгаа, баримтат кино зэрэг бүтээлүүд туурвидаг байгаа.

-АРГАЛЫН ҮЙЛДВЭР БАРИХААР ХАНДИВ ЦУГЛУУЛАХАД 200 МЯНГА ГАРУЙ МӨНГӨ ЦУГЛАСАН, БҮХ БИЧИГ БАРИМТУУД БИЙ-

-Сүүлд харахад Чин-эс, Эв хайр, Алтан гадас зэрэг компани байгууллаа, санаж явахад бүтнэ хэмээн цахим орчиндоо нийтэлсэн байсан. Эдгээр компаниудын үйл ажиллагааны зорилго тодруулбал?

-“Чин-эс”, “Эв хайр”, “Алтан гадас” зэрэг компаниудаа Чингис хаан хэмээх нэрээ авснаас хойш буюу энэ оны гуравдугаар сард бүртгүүлсэн. “Чин-Эс” ХХК маань филм, мэдээлэл харилцаа чиглэлтэй үйл ажиллагаа явуулах байгаа. Харин  “Алтан гадас хот” ХХК-аа үйлдвэрлэл чиглэлтэйгээр байгуулсан. Энэ нь миний яриад буй аргалын үйлдвэр болон цэвэр ус цаашлаад олон төрлийн үйлдвэрлэл явуулах чиглэлтэй компани болж өргөжих юм. Мөн “Алтан гадас” хэмээх аялал жуулчлалын хотыг Архангай аймагт босгох чин хүсэл бий.

-Цагаан сарын үеэр та өөрийн цахим хуудастаа “Есдүгээр сард аргалын үйлдвэртэй болно, Ганданд ном уншуулахын орон надад 500 төгрөг хандивлаарай хэмээн иргэдийг уриалсан байсан. Энэ бүтээн байгуулалт нь юу болж байгаа вэ?

-Тухайн үед 200 мянга гаруй төгрөг цугласан, бүх баримтууд нь надад бий. Үйлдвэрийн хувьд судалгаа болон тооцооллын ажлууд хийгдэж бэлэн болсон. Одоо төсөл бичих болон хөрөнгө оруулалтын явцад байна. Гэвч аргал хэрхэн үр ашгаа өгч болох уу гэдэг тал дээр асуудалтай. Мэдээж аргалыг үхэр бий болгож байгаа. Иймд бид аргал гэлтгүй хэрхэн эко, шахмал түлш буюу эко түлш, био түлш хэрхэн үйлдвэрлэж болох вэ гэдэг талаас нь судалж байна.

-САНААНДГҮЙ ТОХИОЛДЛООР ХҮННҮ НЭРТЭЙ ХҮНЭЭР “ХААН” ГЭХ ШИВЭЭСИЙГ ЧИНГИС ХОТОД ХИЙЛГЭСЭН-

-Хүзүүндээ “Хаан” хэмээх үгийг монгол бичгээр шивүүлсэн байсан. Гэхдээ сонирхолтой нь Хүннү гэгч хүнээр Чингис хотод очиж шивүүллээ хэмээн дурдсан байсан. Үүнийг үнэхээр зорьж очин хийлгэсэн үү?

-Хэнтий аймагт дахин сонгууль болох сургаар МАХН-ынхантай хамт тийшээ явах тохиол санаандгүй байдлаар бий болсон. Энэ үед фэйсбүүкээр намайг дэмждэг залуусын нэг Хүннү маань “Хэрэв Хэнтий аймагт ирвэл заавал хэл дуулгаарай” хэмээж байсан юм. Ингээд л Хүннү дээрээ очтол найздаа шивээс хийж таараад, би ч санаандгүй байдлаар энэ шивээсээ хийлгэсэн. Гэвч одоо энэ шивээсээ дахин засаж янзлуулж улам гоё болгоно. Дөнгөж суурийг нь тавьсан гэж хэлэхэд болохоор байгаа.

-Ойрын үеийн үед юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Найзын минь хурим энэ сарын 18-нд Хөвсгөлд болох юм. Түүнд зориулж тусгайлан өөрийн хийж чаддаг зүйлээрээ бэлэг барьж, хуримын зураг авалт, зураг гэх мэт зүйлсийг нь хийж байна.

Үүний дараагаар хийхээр төлөвлөж буй ажил бол 2018 онд санаачлан анх үүсгэж байсан “Утаагүй тархи” хэмээх хөдөлгөөн байгаа. Уг хөдөлгөөний хүрээнд ирэх сард буюу 2019 оны 9-р сарын 9-нд Сүхбаатарын талбайд 3000 залуусын жагсаал цуглаан хийхээр албан ёсны зөвшөөрлийг хөөцөлдөж байна. “Утаагүй тархи” хөдөлгөөнөөр бид утааны асуудалтай холбоотой шийдлүүдийг гаргана. Түүнчлэн хот утаатай байхаас гадна бид өөрсдийн тархиндаа утаатай байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байна, элдэв янзын шашин шүтлэг, намуудын ухуулга бидний оюуны санааг утаатай болгож байна. Бид хүнд итгэхээ байчихсан, хэрэгтэй хэрэггүй мэдээллийн хог новш дунд орчихсон явна. Энэ бүхнийг арилгая хэмээн зорьж байна.

-ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ, ХЭЛЭХ ҮГЭЭ СОНСГОХ ЗОРИЛГОТОЙГООР ТАВИЛТТАЙ ЗҮЙЛ ХИЙСЭН-

-Чингис хааны хойд дүр гэж нэлээд шуугиан тарив, түүнчлэн бичлэг зэргээр. Энэ байж болох зүйл үү? Та ямар нэг шашин шүтлэгтэй юу?

-Би шашин шүтлэггүй. Мөнх тэнгэртээ итгэж өөрийгөө даатгадаг хүн. Харин тухайн үед цацагдсан миний цээж нүцгэн уухайлж буй бичлэгийг найз маань намайг мэдээгүй байхад хийсэн. Түүнийг нь би дараа нь олж авч, мэргэжлийнхээ үүднээс бага зэрэг эффект өгч, цахим орчинд бусдын анхаарлыг татах үүднээс нийтэлсэн.

-Өөрийг тань Чингис хаан гэж гарч ирж байхад хүмүүс олон янзаар хэлж байсан. Тэр бүрийг хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Өөртөө зорилго тавьчихсан байсан үүндээ хүрэхийн тулд олны анхаарлыг албаар өөртөө татаж, хэлэх гэсэн үгээ дуулгах зорилготойгоор тавилтай зүйл хийж гарч ирсэн энэ. Тийм болохоор хүндээр хүлээж авах зүйл байхгүй.

-Чингис хаан өдөр тутамдаа Монгол хувцас, аяга таваг бусад хэрэглэлээ байнга авч явдаг уу?

-Ер нь бол тийм. Одоо хүйтэн болчихвол дээлээсээ бараг салахгүй дээ.

-Ус уухдаа хүртэл өөрийн цэс аягаа гаргаж ирж байгаа нь сонирхолтой санагдлаа.

Миний эдэлж байгаа аяга, хөөрөг, хутга, зүүлт бүс зэрэг хэрэглэлүүд маань яагаад ч  юм санаандгүй байдлаар бэлэг дурсгалын байдлаар ирж цугларсан. Хутга маань л гэхэд ууланд гарч яваад нэгэн сэтгэлээр гутарсан ахдаа таарч, тэр хүнтэй нэлээдгүй удаан хугацаанд ярилцан, сэтгэл санааг нь дэмжиж тайтгаруулсны дараа салахдаа дурсгасан юм. Бүс зүүлт маань ч бас бэлэг дурсгал. Харин аягаа бол Гандангаар явж байгаад нэг дэлгүүрт ортол таалагдаад авсан нь энэ. Чухамдаа миний эдэлж буй эдгээр зүйлс бүгд алтан шаргал өнгөтэйгөөс гадна өөрсдөө цугларч байгаа нь содон тохиол мэт санагддаг шүү.

-2020 ОНЫ УИХ-Д НЭР ДЭВШИЖ, АРАВТЫН СИСТЕМД ШИЛЖҮҮЛНЭ-

-Хэнтий аймгийн нөхөн сонгуулиар албан бусаар өрсөлдөж гарна гэж байсан. Тэгвэл 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Тэгэлгүй яахав. Хятадын алдарт жүжигчин Жаки Чан өөрийн амьдарч байсан ядуусын хорооллоо маш сайхнаар засаж тохижуулж, одоо хамгийн тохилог хороолол болсон. Иймд би ч бас тэр жишгээр Баянзүрх дүүрэг буюу Дарь-Эхийн хуучин эцэс орчмоос нэр дэвшинэ. Иймд өөрчлөлтийг өөрийн амьдарч байсан газраасаа эхэлж, аливаа зүйлийг хийж болдог гэдгийг харуулахыг зорьж байна. 

-УИХ-ийн сонгуульд нэр дэвшихэд нэлээдгүй хөрөнгө шаардагдана. Үүнийг яаж шийдэх вэ?

-Их мөнгө ордог гэдгийг сайн мэдэж байна. Гэхдээ яаж ийгээд л болгоно доо. Нэгэн үе хэцүү байсан ч, одоо хамаагүй дээр байна.

УИХ-д гарч чадвал хэрхэх вэ?

-Чингис хааны үед байсан шиг аравтын системд оруулахаар зорино доо.

-ЗАГВАР ӨМСӨГЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН АМИА АЛДСАН ӨДРИЙН ТАЛААР АНДААСАА СОНССОН, ХЭРЭГТЭЙ БОЛ ХЭЛНЭ-

-Сүүлийн үед “Босох цаг болсон тэмцэе, хувьсал хийе” хэмээн уриалжээ. Тэр тусмаа загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийн гэрч Г.Ганзоригтой найзууд бөгөөд тэр хэргийн талаар гэрч болж чадна хэмээсэн байсан. Энэ талаараа?

-Талийгаач Г.Улсболд андтайгаа аргалын үйлдвэр барих санаан дээр сэтгэл нэгдэн танилцаж байсан. Чухам загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдах өдөр юу болсон, сонсож харсан талаараа найз маань ярьж байсан ч тухайн үед тийм ч чухлаар хүлээж авч тоогоогүй.  Талийгаач Г.Улсболдынхоо гэрээр орж гарч байх үеэр манай хүн нэг хүнтэй видео дуудлага хийж байсан. Тухайн үед бид хоёрыг танилцуулж, онгод тэнгэр зэрэг өөрсдийн сайн мэдэх зүйлсээр нэлээдгүй хөөрөлдөж танил болсон.

Үүний дараагаар хэсэг би хэцүүхэн байдалд орж, Г.Улсболд найзынхаа байшинд амьдрахаар болсон. Тухайн үед найзаасаа түлхүүрийг авахаар очиход үнэхээр ямар ч  цог золбоогүй дарамтад орчихсон мэт санагдсан. Ингээд л хэдэн өдрийн дараа цахим орчноос найзынхаа талаар харсан. Итгэхэд бэрх байсан. Эхнэртэй нь утсаар ярихад золгүй явдал гэж байсан. Гэр бүлийнхэнтэй нь өөрийн биеэр уулзаж чадаагүй. Мэнд мэдэх ч хэцүү байсан. “Сайн уу” гэлтэй ч биш хэцүү байдалд орсон доо. Андын маань хэлсэн зүйл үнэн худлыг мэдэхгүй ч , хэрэгтэй бол хэлэх хүмүүст хэлнэ.

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Намайг М.Баасанжаргал байх үед таньдаг байсан хүмүүст хандаж хэлэхэд, тэр үеийн өөрийн тань таних Баасанжаргал байхгүй болсон. Чингис хаан хэмээх шинэ хүнээр минь хүлээн аваарай гэж хэлмээр байна. 

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close