ВИДЕО КОНТЕНТЯрилцлага

АМЬДРАЛЫН НОМ | Ранжилын Ариунболд: Энэ номын агуулгыг уран зураачид нийлж зураад ч барахгүй, арвин

Ном хэмээх зүйл амьдралынх нь салшгүй хэсэг болсон хүмүүс байдаг. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс болох номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг гэдгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзлэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Эгүүр.мн сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Бид энэ удаа зураач, арьсан урлагийн мастер Ранжилын Ариунболдыг урилаа. Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрэх юм.

ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ, МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛИЙГ БИД ТҮҮХЭЭС Л ОЛЖ АВНА

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар номыг нэрлэх вэ?

-Миний багад  одоогийнхтой адилхан гар утас, интернет байсангүй. Оюун санаагаа тэжээдэг ганц зүйл нь ном байлаа. Багаасаа номонд дуртай байсан. Дурлан, дурлан уншдаг байв. Францын зохиолч Жюль Верн, Английн нэрт зохиолч Томас Майн Рид гээд дэлхийн сонгодог уран бүтээлчдийн бүтээлийг уншиж өссөн. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг унших үнэнхүү дуртай.

Ер нь бол түүхэн болон уран зохиолын номууд унших дуртай. Тавдугаар ангийн сурагч байхаасаа хойш “Монголын нууц товчоо”-г уншиж, гүн шимтсэн. Одоо ч би унших дуртай. Миний ширээний ном. “Монголын нууц товчоо” түүхэн үнэн баримтаар бичигдсэн ном болоод ч тэрүү унших болгонд шинэ зүйлийг ойлгуулаад байдаг.

-Амьдралд тань хүчтэй нөлөөлсөн уг номтой танилцаж байсан түүхээ дэлгэрүүлээч?

-Тавдугаар ангидаа багш нарын шахалтаар уншиж байсан. Анх номын дэлгүүрээс авч байсан санагдаж байна. Одоо ч би бариад сууж байна. Ц.Дамдинсүрэн гуайн хуучин монгол бичгээс орчуулж, крилл үсгээр хэвлүүлсэн хувилбар нь. Саарал хавтастай л ном байсан санагдаж байна. Эргүүлж тойруулж үзсээр хавтас нь салж унасан. Өөрөө арьсаар хавтаслаж, өөд нь татаж авсан. Одоо ч би нандигнан хайрлаж явдаг.

Гадаад хэл дээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-г найз нар маань хавтаслуулдаг. Нууц товчоо давтагдашгүй сайхан, бодит баримтуудаар дүүрэн. Чингис хааны амьдралыг 100 хувь мэдэх, хамгийн ойрын хүн нь бичсэн юм шиг санагддаг.

-Уг ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Ухаарал хайрласан. Өнгөрсөн үеэ бодитоор харах түүнийг бодитоор мэдрэх ухаарлыг л миний оюун санааны амьдралд өгсөн. Намайг урлагтай холбогдоход “Монголын нууц товчоо” нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. “Монголын нууц товчоо”-нд гардаг алдар цуугаа дуурсгасан баатрууд надад үлгэрийн баатрууд шиг санагддаг. Үлгэр юм болов уу гээд уншаад үзэхээр бүгд бодит хүн. Тэгсэн мөртлөө хүний хийж боломгүй үйлдлийг хийчихсэн байдаг. Энэ нь надад бахархах, гайхах сэтгэгдлийг төрүүлж, ахин дахин уншаад баймаар л санагдуулдаг. Унших тусам миний анзаараагүй, мэдээгүй, ойлгоогүй зүйл дахин гарч ирээд л байдаг.

Монгол түмэн давтагдашгүй түүхтэй. Бүр дэндүү баялаг түүхтэй ард түмэн. Гэвч энэ түүхээ бид бага мэдэж байна. Бага мэдэхээс гадна сүүлийн 70 жил огт ярьсангүй. Шинэ цаг ирж, дэлхий дахин Монголын түүхийг хүлээн зөвшөөрч байхад бид нүд нь балай, чих нь дүлий байж болохгүй. Бид дэлхий дахиныг байлдан дагуулсан түүхтэй гэж цээжээ дэлддэг атлаа үнэн бодит түүхийг хүний нүдэнд харагдтал нь зурсангүй. Монгол хүн л үүнийг хийнэ шүү дээ. БНХАУ-ын, ОХУ-ын зураач зурж, дэлхийд нэрд гарсных нь дараа бид араас  нь гүйж алгаа таших ёстой юм уу. Үүнийг монгол хүн хийх ёстой. Тиймдээ ч энэ хариуцлагатай ажлыг хийж, өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж мөрөөдөж явдаг. “Монголын нууц товчоо” гээд ганцхан ном байгаа мэт боловч энэ дотор байгаа үйл явдлыг уран зургаар гаргах юм бол Монголын хэд, хэдэн үеийн уран зураачид нийлж хийгээд ч барахгүй арвин баялаг түүх шүү дээ.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Монголын нууц товчоо”-ны бүх үйл явдал, мөрүүд нь үнэтэй.  Энэ ч хамаагүй дээ, үүнийг нь унш гэж хэлэх юм байхгүй. Үг бүрчлэн, зүйл болгоныг нь цээжлээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн үед хэвлэл хөгжөөд “Монголын нууц товчоо”-ны хүүхдэд зориулсан зурагтай хувилбар нь гарсан байна. Мөн тайлбар бичигтэй хувилбарууд ч гарчээ. Энэ болгоныг авч, ширээний ном болгон уншаарай гэж хүсэх байна. Яагаад гэвэл үндсэрхэг үзэл, Монголоо гэсэн сэтгэлийг бид түүхээс л олж авна. Тэгэхгүй бол аль нэг орны соёл иргэншлийг нь шүтээд л байвал Монгол Улс минь хөгжихгүй.

-Энэ булан цааш өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу. Яагаад урих болсон шалтгаанаа хэлбэл манай уншигчдад илүү сонирхолтой байх?

-Дараагийн зочноор П.Батжавыг уримаар байна. П.Батжав бол миний шавь. Монголын Арьсан урлагийн “Хүрэл буга нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байгаа. Номын тухай сонирхолтой яриа өрнүүлэх байх гэж бодож байна.


ӨМНӨХ КОНТЕНТ: С.Бадрал

Энд дарж уншаарай

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2021 10:47

Маргашгүй үнэн :d

Зочин
Зочин
7 сар 31, 2021 15:52

Дараагийн зочинг нь тэсэн ядан хүлээж байя

Зочин
Зочин
8 сар 1, 2021 08:03

Арьсаар нэг ном хавтаслуулб�##� хэр удах вэ

Зочин
Зочин
8 сар 1, 2021 08:29

Гэгээлэг контент түгээдэгт баярл�##�аа эгүүр

Холбоотой мэдээ

Back to top button