П.Баярцэнгэл: Урлаг өөрөө аз жаргал

Олон түмэнд “Ёодол” дуугаар танигдсан цагаасаа хойш оролцсон шоу, тоглосон бүтээлүүдээрээ шаггүй авьяаслаг гэдгээ харуулсан дуучин, жүжигчин П.Баярцэнгэл. Түүнтэй амьдрал, уран бүтээлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүллээ. Ташрамд сонирхуулахад, тэрбээр өдгөө “Нийслэл хүүхэн” уран бүтээлийн хоёрдугаар улирлын зураг авалтад оролцож байгаа аж.
-ХӨДӨӨГИЙН ӨРГӨН УУДАМ ТАЛ НУТАГТ БАЙРЛААД МОРЬ, МАЛТАЙ ОЙР БАЙХ САЙХАН-

-Хоёулаа яриагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаас тань эхлүүлье.
-Уран бүтээлийн сонин гэвэл, Хүмүүс сайн мэдэж байгаа болов уу. “Orange entertainment”, NTV телевизийн хамтын уран бүтээл “Нийслэл хүүхэн” ОАУСК-ны хоёрдугаар улирлын зураг авалт дөнгөж эхлээд явж байна. 60 гаруй хоногийн зураг авалт төлөвлөсөн. Одоогоор хотын зургаа аваад эхэлсэн. Хөдөөний зураг авалт эхэлбэл тэнд “индиан” болно доо /инээв/.
-Уран бүтээл нь хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх жилийн эхний сард үзэгчдэд хүргэнэ гэж бодож байгаа.
-Тус уран бүтээлийн эхний улиралд оролцон тоглосон учир, одоо илүү амар байгаа болов уу?
-Өмнөх улиралд бид баг хамт олноороо 60 орчим хоног зураг авалт хийсэн. Тухайн хугацаанд бүгд л нэг баг болоод ойлголцоод ажилласан. Тиймээс хоёрдугаар улирлын зураг авалтад асуудал үүсэхгүй болов уу. Хамгийн гол нь бүгд нэгнээ сайн ойлгодог болсон. Зохиол нь шинэчлэгдээд бүр гоё сонирхолтой болсон байгаа. Саад болох ямар ч зүйлгүй учир цаг хугацаа хэмнээд, киногоо жаргаж хийж байна даа.
-Хөдөө удаан хугацаанд зураг авалт хийхэд хүндрэлтэй байдаг уу?
-Хөдөөний зураг авалтад нэг л зүйл нь хүндрэлтэй байдаг. Залуус бүгд нийлээд 50 хоногийн турш явахад гоё л доо. Мал ахуйгаасаа холдсон бидэнд хөдөөгийн өргөн уудам тал нутагт байрлаад морь, малтай ойр байх сайхан. Гэвч гэр бүл, найз нөхдөөсөө холдохоор санах нь хэцүү. Ойрхон зураг авалттай үед завсраар нь гэр рүүгээ яваад ирэх ч, тэр бүр санаснаар гэр рүүгээ яваад байхгүй шүү дээ. Тиймээс гэрийнхнийгээ л их санадаг даа.
-Хөдөө гэснээс та аль аймагт төрсөн бэ?
-Би Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. Анх 2007 онд 18 насандаа Улаанбаатар хотод орж ирж байлаа. Аймагтаа 12-р бүрэн дунд сургуулийг төгссөн. Хожим очиход, төгссөн сургууль маань байхгүй болсон байна билээ. Уг нь хөгжмийн төрөлжсөн сургалттай “Авьяастны сургууль” гэгддэг байсан.
-Хөгжмийн зэмсгээр оролддог байв уу?
-Морин хуур тоглохын сацуу дуулдаг байсан. Хичээлдээ их муу. Хичээлээ хийхээс илүү дуу дуулаад л дүнгээ гаргуулчихдаг байлаа /инээв/.
-Тэгэхээр их авьяаслаг байжээ?
-Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Чөлөөт цаг” гэдэг хамтлагтай байлаа. Бас хөөрхөн 20 орчим дуутай. “For you” гэдэг дуугаа анх хамтлагаараа дуулж байсан. Тухайн үед “Нүд” нэртэй байлаа шүү дээ. Тэр дууг ах минь зохиосон. Ер нь л миний ихэнх дууг ах П.Отгонцэнгэл маань зохиож өгсөн. Одоог хүртэл бид уран бүтээлээ хамтдаа хийж байгаа.
-НАМАЙГ ХҮҮХЭД БАЙХЫН Л ХҮМҮҮС УРЛАГИЙН ХҮН БОЛНО ГЭДЭГ БАЙСАН-

-Та эхээсээ хэдүүлээ бэ?
-Тавуулаа. Хоёр ах, хоёр эгчтэй. Би айлын бага.
-Хэр эрх байв?
-Эрх бол байгаагүй ээ. Миний дээд талын ах П.Отгонцэнгэл, эгч хоёр маань эрх байсан. Бусад гурав нь ажил төрөлдөө сайн. Эрх байгаагүй. Нүүрс түлээгээ хагалаад, усаа бол авчихна аа.
-Эцэг эх тань урлагийн хүн болохыг дэмждэг байв уу?
-Эцэг эх маань мундаг дуулдаг. Хуучин “Сүхбаатарын соёлын ордон” гэж байдаг байхад аав тэнд дуулдаг байсан. Сүүлд багш болоод л дуулахаа больсон. Миний амьдралын дурсамжид дуу хуургүй үе байдаггүй. Мэдээ орсон цагаасаа л хойш дуу хууртай их ойр байсан. Тэрэндээ ч их дуртай. Намайг хүүхэд байхын л урлагийн хүн болох нь ойлгомжтой байсан гэж ярьдаг. Тийм дээ ч би “урлагийн хүн болох юм чинь хичээлээр яах вэ” гэдэг байлаа шүү дээ/инээв/. Эцэг эх маань намайг дэмжиж, ойлгодог байсан. Урлагийн хүн болсон нь эцэг эхийн минь гавьяа бас хүсэл нь байсан.
-Таныг харах нь ээ дуулахаас илүү жүжиглэх нь их юм?
-2009-2010 онд “Universe best songs” наадамд оролцож Ёодол дуугаараа олон түмэнд танигдсан учир хүмүүс намайг дуучин мэргэжилтэй гэж хараад байдаг. Миний эзэмшсэн үндсэн мэргэжил жүжигчин. Би 2011 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Номыг нь үзээд ногоотой шөлийг нь уугаад дөрвөн жил сурсан учир би энэ салбартаа хайртай. Өөрийнхөө чадах хэмжээнд тултал эзэмшсэн мэргэжлээр дүр бүтээж, ард түмэндээ сайхан уран бүтээлүүд хүргэх юмсан гэж боддог. Дуугаа ч мөн хийж л байгаа. Кино урлагт дүр бүтээгээд, хамт олонтой байгаадаа жаргалтай байдаг. Кино хийнэ гэдэг өөрөө жаргал. Тэр дунд багтаад жаргалыг амсаад явах гоё.
-Хэчнээн уран бүтээлд ажиллачихав аа?
-Тоолоогүй ээ. Гэхдээ тийм их бол биш. Арав дотор л байгаа.
-Хамгийн анхны, эсвэл сэтгэлд хоногшсон дүр тань юу байв?
-Миний хамгийн анх ажилласан “Анчид” уран бүтээл сэтгэлээс гардаггүй. Улсын Драмын Эрдмийн Театрийн жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтай цуг тоглосон.
-Дуу дуулах, дүр бүтээх хоёрын аль нь танд сайхан санагддаг вэ?
-Ялгаагүй дээ. Дуу, кино бүгд гоё. Урлаг өөрөө аз жаргал учраас алинд ч явсан сайхан. Дуугаа дуулаад тайзан дээр гарч үзэгчдээс алга ташилт авах гоё. Кино хийх явц, нээлтээ үзэх ч мөн сайхан. Адилхан.
-ГЭР АМЬТАЙ УЧИР ӨӨРИЙГӨӨ САЙН ААВ ГЭЖ ДҮГНЭДЭГ-

-Таны клипийг харахаар өндөр, царайлаг хүүхнүүдийг тоглуулаад байх шиг?
-Нэг удаагийн клипийг л хүмүүс тэгж хараад байх шиг. “Holy Dolly” дээр л өндөр хүүхнүүдийг тоглуулсан. Бусад нь гайгүй шүү /инээв/.
-Фитнесээр хичээллээд хэр удаж байна вэ. Булчинлаг гоё биетэй болсон байна?
-Фитнес нь тууштай байх ёстой спорт юм билээ. Өмнө нь 2013, 2014 оноос анх эхэлсэн. Хоёр, гурван жил явж биеэ задлаад, дундуур нь уран бүтээл гэж явсаар жил гаруй хугацаанд орхисон. Эхэлсэн хугацаа нь эрт боловч, ажлын ачаалал, цаг үеийн байдлаас шалтгаалаад тууштай хичээллэсэн нь ховор. Фитнес нь цаг хугацааны спорт гэдэг нь үнэн болж таарсан. Хэдэн сар хичээллээгүй орхиход булчин жижгэрнэ. Биед дассан учир одоо хийхээр маш хурдан өөрчлөлт өгдөг болсон. Тиймээс сүүлийн хоёр гурван сарын хугацаанд үр дүн, өөрчлөлт сайн гарсан. Би фитнест, ер нь л спортын бусад төрлүүдэд дуртай. Байнга л хичээллэхийг хичээдэг.
-Спортын өөр ямар төрлөөр хичээллэдэг вэ?
-Тэрийг хэлэхгүй ээ. Өөр хичээллэдэг, дуртай спорт бий.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Танд муу зуршил бий юу?
-Муу зуршил гэдэг нь?
-Архи, тамхи гэх мэт...
-Тамхи бол татахгүй. Муу зуршил гайгүй л юм байна. Залуу хүн учир найз нөхөдтэйгөө хааяа сууна аа. Түүнээс тамхи татах, өөр буруу зуршил нь гайгүй шүү.
-Ёодол аялгуугаар хийсэн таны “Holy Dolly” уран бүтээлийг хүмүүс хуулбарласан уран бүтээл гэх юм билээ?
-Ёодол нь Австри, Швейцар зэрэг Альфийн нуруугаар нутагладаг үндэстний дуу юм. Манайхаар бол хөөмий, уртын дуутай ижил. Түүнийг анх монгол хүн дуулсан нь би болохоос биш, бүр хэдэн зуун жилийн түүхтэй дуу юм. “Holly Dolly” гэдэг нь дэлхий даяар мэддэг аялгуу. Үггүй, үгтэй, хөгжмөөр, бүжигтэй гээд янз бүрээр л хийгдсэн байдаг. Ёодол хувилбараар хийсэн анхных нь миний уран бүтээл юм.
-ЗУРАГ АВАЛТАА ДУУСГААД ДУУНЫ УРАН БҮТЭЭЛДЭЭ ОРНО-
-Гэр бүлийн хүн тань урлагаас хол мэргэжилтэй юу?
-Урлагаас хол. Гэхдээ ажил мэргэжлийг маань сайн ойлгодог учир сайхан байдаг.
-Эхнэртэйгээ ахлах сургуульдаа танилцсан гэж дуулсан?
-Тийм ээ. Эхнэр бид хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Гэрлээд арав гаруй жил болжээ. Хоёр сайхан охины эцэг, эх болсон байна.
-Ханьтайгаа хэрхэн танилцсан дурсамжаасаа хуваалцаач?
-Эхнэртэйгээ арван жилийн нэг анги гэж байгаа боловч, хамтдаа хичээлд суусан нь нэг л өдөр байсан юм билээ. Би хичээлдээ сууж байтал эхнэр минь шилжиж орж ирсэн. Тухайн өдрөө л нэг ангид хамтдаа суугаад маргааш нь би өөр сургууль руу шилжсэн. Солонгос кино шиг л... /инээв/.
Тэгээд л нэгнээ мэддэг болсон. Дорнод жижиг аймаг учир энд тэнд их таарахаараа мэндлээд өнгөрдөг байлаа. Ингээд оюутан болсныхаа дараа хотод автобусанд ахиж таарсан. Түүнээс хойш хөөрхөн харилцаж байгаад л өнөөдрийг хүрсэн.
-Уран бүтээлчид завгүй цагийн хувиараас шалтгаалаад гэр бүлдээ төдийлөн анхаарч чаддаггүй болов уу. Та өөрөөгөө хэр сайн аав гэж хэлж чадах вэ?
-Сайн эсвэл муу аав болохыг хань, хүүхдүүд минь л хэлэх болов уу. Би гэрийнхэнтэйгээ, гэртээ цагийг өнгөрүүлэх дуртай. Гэр амьтай учир харьцангуй сайн аав болов уу гэж дүгнэдэг. Гэхдээ өөрийгөө тэгж хэлж болох эсэхийг мэдэхгүй юм.
-Уртаас урт үргэлжилсэн хөл хорио таны амьдралд хэрхэн нөлөөлөв. Юу хийсэн бэ?
-Коронавирус урлаг гэлтгүй, улс эх орны бүхий л зүйлсэд нөлөөлж байна. Эх дэлхийд ч хүртэл нөлөөлөөд сандаргаж байна шүү дээ. Миний хувьд сүүлийн хоёр жил уран бүтээлд ажиллаагүй. Цаг үеэс шалтгаалаад хийх ч боломжгүй байлаа. Би гэртээ байх дуртай. Тиймээс энэ хугацаанд ихэнхдээ гэртээ л байлаа. Цаг хугацаа их гарсан ч клип хийх боломжгүй байсан учир хэдэн сайхан шинэ дуу хийсэн. Төлөвлөгөө гаргалаа. Өөрийгөө хөгжүүлэх талаас олон сургалтад суусан. Коронавирус амьдралын хэмнэлийг их өөрчилсөн.
-Шинэ уран бүтээлээ хэзээ гаргахаар төлөвлөсөн бэ?
-Яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Киноны уран бүтээлтэй явж байгаа учир зураг авалт дуустал дуу, клипэнд ажиллаж чадахгүй болов уу. Зураг авалтаа дуусаад л дууны уран бүтээлдээ орно. Хэд хэдэн дуу хийгээд тавьчихсан байгаа. Тиймээс клипжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын зорилго, төлөвлөгөөний тухай асууя?
-Киноны зураг авалтаа дуусгаад, дуунуудаа клипжүүлнэ. Ирэх онуудад тоглолтууд төлөвлөсөн.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд тань өндрөөс өндөр амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.