Засгийн газар “Рио Тинто”-д цохилт өгч, далд уурхайн асуудлаар шахаж эхэллээ
Өнөөдөр Засгийн газар “Рио Тинто”-д томоохон цохилт өглөө. Тун товчхондоо “Та нар худал ярьжээ” гэж даруухан мөртлөө жинтэй мэдэгдэв.
Дубайн гэрээгээр Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Гэвч 2019 онд “Рио Тинто” компани гэрээнд заагдсан ТЭЗҮ-ээ өөрчлөх шаардлагатай боллоо хэмээснээр Монголын эдийн засгийн хөгжилд багагүй тушаа үүссэн гэхэд болно. Зардал 1.4 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэж, хугацаа 22 сараар хойшилно гэж тэд мэдэгдсэн. Ингээгүй бол өдийд далд уурхайн олборлолт хэдий нь эхэлсэн байх байв. Шалтгааныг нь хөрөнгө оруулагчид “Геотехникийн тааварлаагүй нөхцөлөөс боллоо” гэж тайлбарласан нь анхаарал татсан.
- “Рио Тинто”-гийн энэ тайлбарт эхэн үедээ итгэгсэд олон байв. Гэвч сүүлийн үес “Туркоиз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид “Геотехникийн шалтгаантай гэдэг нь худал” гэж үзэн Арбитрын шүүхэд өгөөд буй. Мөн манай Засгийн газар ч уг асуудалд хөндлөнгийн шинжээчид томилон ажиллуулсан.
Энэ оны гуравдугаар сард томилогдон ажиллаж эхэлсэн хөндлөнгийн шинжээчид таван сар ажиллаж, өнөөдөр дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлээд буй талаар өмнө нь мэдээлсэн. Мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
АНУ, Австрали, Канад, Монгол гэсэн дөрвөн улсаас бүрдсэн, зэсийн томоохон төслүүд дээр 20-40 жил ажилласан туршлагатай найман хүн уг хөндлөнгийн шинжээчдийн багт багтжээ. Тэдний дүгнэлт далд уурхайн зардал, хугацаа хэтэрсэн нь геологийн тогтцоос хамааралгүй гэж гарсан байна.
Үүнд үндэслэж, Засгийн газраас “Рио Тинто” компанид өнөөдөр шаардлага тавьжээ. Тодруулбал хөндлөнгийн шинжээчдийн уг дүгнэлтэд тайлбар хийхийг хүссэн байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэн эхлүүлэхийг шаардахын сацуу шинэ ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Энэ тухай өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, "Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир мэдээлэл хийн танилцуулсан юм.
Манай Засгийн газар “Рио Тинто” компанитай Дубайн гэрээг цуцалж, Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хэлэлцээр хийж буй. Энэ цаг үед хөндлөнгийн шинжээчдийн ийм дүгнэлт гарсан нь томоохон шинэ нөхцөл байдал үүсгэж болох юм.
М.ТЭНГИС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gazrin gund nuralt uusej, osol garval naad expertuud chini buruutan bolox uu. Gazrin gunii uurhai ni unexeer aimar yum baina lee. TV-eer xaraxad l tegj xaragdaj baina lee dee. Biechilj uzvel bur aimar baix. Osol garval yana daa gej bodogdoxoor.