ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Хөгжмийн зэмсгийн хайрцганд нуугдаж, Японы хилээр гарсан ТҮҮХ

Та бүхэнд Карлос Гон хэмээх хүний тухай нэгэн сонирхолтой түүхийг танилцуулъя.

Энэ бол хөгжмийн зэмсэгийн хайрцган дотор нуугдаж Японы хилээр гарсан хүний тухай сонирхол татам басхүү ээдрээтэй түүх.

Карлос Гон бол Ливан гаралтай Франц менежер, францын “Рено” /Renault/” компанийн Ерөнхийлөгч асан, Японы “Ниссан” /Nissan/ компанийн гүйцэтгэх захирал асан. Мөн “Renault-Nissan-Mitsubishi” компанийн стратегийн холбооны тэргүүн.

“Ниссан” компанийн дуулиант хэргийн дараа алдартай болсон нэгэн.

Тэрбээр 1999 оны зургадугаар сард Японы “Ниссан” компанид Үйл ажиллагааны хэлтсийн захирлаар томилогдож, нэг жилийн дараа буюу 2000 оны зургадугаар сард компанийн Ерөнхийлөгчөөр, ахин нэг жилийн дараа 2001 оны зургадугаар сард Гүйцэтгэх захирлын албыг хашсан юм.

Ийнхүү “Ниссан” компанид ажиллах хугацаандаа тэрбээр компанийн зардлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, компанийг гүн хямралаас гаргахад тусалсан тул “Зардлын алуурчин” хоч нэр авсан түүхтэй.

Карлос Гон 2011 оны гуравдугаар сараас 2012 он хүртэл 12,5 сая америк долларын орлого олж, Японы хамгийн өндөр цалинтай топ менежерийн нэг болж чадсан юм.

ХЭРЭГ ҮҮССЭН НЬ

2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Японы болон Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Карлос Гон Токиогийн прокурорын газарт очин сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг баривчилсан гэх мэдээлэл цацагдаж тухайн үеийн хамгийн сенсацитай мэдээ болж, шуугиан тарьсан байдаг.

Гэсэн ч, Гон энэ бүхнийг үгүйсгэдэг. Гэм буруугаа хүлээж өөрөө бууж өгсөн мэт харагдуулсан нь эцсийн дүндээ олон нийтийн өмнө түүнийг жинхэнэ буруутан мэт харагдуулах Япончуудын нэгэн муу заль байсан хэмээн дурсан ярьсан байдаг. Ер нь хаа газрын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал ташаа мэдээллийг үнэн мэт мэдээлдэг нь бодитой зүйл юм.

Карлос Гоныг буруутгах нь “Nissan Motor Co.” компаниас хөрөнгийн биржид оруулсан орлогоо удаан хугацаанд бүрэн гүйцэд тайлагнаагүй, менежментийн орлогоо хэтрүүлсэн, орлогоо нуун дарагдуулсан, мөн компанийн хөрөнгийг дээд удирдлагууд нь хувийн хэрэгцээндээ ашигладаг гэж мэдээлснээс үүдэлтэй.  

Үүний гол буруутны нэг нь Карлос Гон, Грег Келли нар хэмээн цоллох болсон байдаг. “Ниссан” компани Гоныг огцруулах асуудлыг ТУЗ-д танилцуулна хэмээн мэдэгдсэн бөгөөд мөн компанийн хувьцаа эзэмшигчдээс уучлалт гуйсан байдаг. Энэ бүх хэл ам компанийн хувьцааг даруй 12 хувиар унахад хүргэсэн. Францын “Рено” /Renault/ компани хүртэл Карлос Гоныг 2019 оны нэгдүгээр сарын 24-нд удирдлагаас чөлөөлсөн юм.  

2019 оны гуравдугаар сарын 6-нд Карлос Гон Токиогийн шоронгоос 1 тэрбум иен буюу ойролцоогоор 9 сая орчим америк долларын барьцаатайгаар суллагджээ. Ингээд дөрөвдүгээр сарын 8-нд түүнийг “Ниссан” компанийн Удирдах Зөвлөлөөс хассан байна.

ЯПОНООС ОРГОХ ГАЙХАЛТАЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Карлос Гон тэр бүр хүний санаанд оромгүй сонин аргаар Японы хилээр гарсан юм. Тэрбээр хөгжмийн зэмсэгийн том хайрцган дотор нуугдан Япон улсыг орхисон. Нэг үгээр хэлбэл, хууль бусаар хил давсан гэсэн үг. Учир нь, Япон улсын шүүхээс түүнд хилийн хориг тогтоож, гэрийн хорионд байлгаж байсан юм. Тэрбээр хувийн онгоцоор Истанбулаар дамжуулж Ливан руу Франц улсын паспортаар очсон аж. Түүний нэг Япон өмгөөлөгч Гон үргэлж Ливан, Франц, Бразиль гэсэн олон орны паспортыг биедээ авч явдаг байсан гэж хожим нь ярьсан байдаг.

Карлос Гон Японы хилийг давсан тухайгаа ийнхүү дурсан ярьсан нь бий.

2019 оны арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн шөнө. Цаг 22.30 болж байв. Хувийн онгоцон дээрээ байсан юм. Гэвч бие минь атиралдаад чөлөөтэй ч хөдөлж чадахгүй хөгжмийн зэмсгийн хайрцагт би хэвтэж байлаа. Онгоц 23 цагийн үед хөөрөх хуваарьтай байсан болохоор онгоц хөөрөхөөс өмнөх тэр хайрцганд өнгөрүүлсэн 30 минут миний амьдралд тохиосон хамгийн урт хүлээлт байсан байх. Хав харанхуй битүү хайрцганд байхдаа хүн өнгөрснийг биш, ирээдүйг биш зөвхөн амьсгалж байгаа одоо цагийг л боддог юм билээ. Айдас хүйдэс ч байгүй, сэтгэл хөдлөл ч байхгүй зөвхөн энэ бол эцсийн ганц боломж шүү л гэж хамаг анхаарлаа төвлөрүүлдэг юм билээ. Хайрцганд хагас цаг өнгөрүүлсэн хугацаа яг л хагас жил болсон мэт санагдсан даа.

Үүний дараагаар тэрбээр 2020 оны хоёрдугаар сарын 31-нд богино хэмжээний хэвлэлийн бага хурал зарлаж дараах мэдэгдлүүдийг хийсэн байдаг.

Би одоо Ливанд ирээд байна. Би ахиж хэзээ ч Японы худал хуурмагаар дүүрэн шударга бус тогтолцооны барьцаанд орохгүй. Япончууд гэм бурууг нотлолгүйгээр урьдчилан ял шийтгэл ногдуулж, ялгаварлан гадуурхаж, хүний ​​үндсэн эрхийг бүрэн үгүйсгэдэг. Тиймээс би Японы зальхай, шударга ёсонд үл нийцэх тогтолцооны золиос ахин болохгүй. Би шударга байдлаас огт нуугдаагүй. Би зөвхөн шударга бус байдал, улс төрийн хавчлагаас л зугтсан. Одоо би хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингээд чөлөөтэй ярьж чадаж байгаадаа баяртай байна.

Түүнийг Японы хилээр давахад өөрсдийгөө хөгжимчид хэмээн нэрлэсэн Майкл Тейлор, Питер Тейлор гэх аав, хүү хоёр америк тусалсан байдаг.

Гэсэн хэдий ч, аав, хүү хоёр америкийг Японы эрх баригчид баривчлан саатуулсан бөгөөд тэдэнд Карлос Гоныг хилээр хууль бусаар оргох ажлыг зохион байгуулахад тусалсных нь төлөө гурван жилийн хорих ялаар шийтгэсэн аж. Түүнчлэн, Карлос Гонтой “Ниссан” компанид цуг ажиллаж байсан хамтрагч асан, Гоны орлогч дарга Грег Келлид мөн хорих ял төлөвлөсөн гэсэн яриа ч бий. Грег Келлиг өөрийн дарга Карлос Гоны компанийн хөрөнгийг хувьдаа завшиж, орлогоо нуун дарагдуулахад нь нууцаар тусалсан хэмээн буруутгаж байгаа юм.

Карлос Гоны хөгжмийн зэмсэгийн хайрцганд 30 минут өнгөрүүлсэн гэх хэргийн талаар баримтат кино бүтээл бий. Тус баримтат киноны трэйлерыг эндээс харна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button