Ярилцлага

Г.Майцэцэгийн охин Б.ЕСҮГЭН: Аавдаа зориулж урласан бүтээлийнхээ ашгаар тамирчдад амны хаалт хийж бэлэглэнэ

Амьдран буй өдрүүдийн хаа нэгтээгээс намайг ховсдон татагч гэрэл гэгээтэй хүмүүс. Тийм хүмүүс рүү хар зөнгөөрөө сэтгэл татагдаж, алхсаар өмнө нь сууж, юуны ч юм тухай ярилцана. Энэ удаа ч мөн хөдөлмөрч хайрлам зангаараа сэтгэлийг минь татсан нэгэн охинтой уулзлаа. Түүнийг Баясгалангийн Есүгэн гэдэг. 16 настай. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд сурдаг. Энэ намар арванхоёрдугаар ангид орно. Хүмүүс түүнийг Монголын анхны брендүүдийн нэг “Exclusive” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэгийн охин гэдгээр нь эчнээ таних биз ээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө аавынхаа гэгээн дурсгалд зориулж, өөрөө дизайныг  нь гарган футболка хийсэн юм. Улмаар бүх орлогоороо паралимпийн тамирчдын амны хаалт урлаж өгч бэлэглэхээр болжээ.

Тэрбээр биднийг “Exclusive” брэндийн үйлдвэр дээр угтаж авлаа. Оёдлын машин, өнгө өнгийн утас, даавуу, бэлэн болчхоод эзнээ хүлээж буй хувцас гээд бүхий л зүйл нүдэнд ил харагдана. Энэ үйлдвэрт түүний аав ажиллаж байсан. Харин одоо тэрбээр аавынхаа халуун амьсгал, хөдөлмөрийн хөлс шингэсэн энэ газар ажиллаж байна. Хаа сайгүй харагдах даавууны өөдөснүүд харж зогссон тэрбээр “Эдгээр даавууны өөдсөн дунд аавын минь сонгож байсан даавууны өөдөс бий гэж бодохоор сэтгэл дулаан оргидог” хэмээн ярьсан юм.

Б.Есүгэн долдугаар анги болон аравдугаар ангидаа Эрээнд суралцжээ. Аравдугаар ангиа төгсөж, Монголдоо ирчхээд аав, ээжийнхээ ажилд тусалж, товч хадах, хувцас эвхэж, ууталж эхэлсэн байна. Зуны амралтаараа ийн үйлдвэрт байж, оёдлын ажил хэцүү юм байна даа гэдгийг хажуу талаас нь харсан байна. Тэгээд л намар хичээлдээ орж, ажлаасаа түр завсарлага авчээ. Улмаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш “Exclusive” брэндийн хувцасны зураг авалтыг нь хариуцаж хийж байгаа аж. Түүнд мэргэжлийн камертай, гэрэлтэй харьцах чадвар байгаагүй. Энэ чадварыг чадна гэх итгэлийг түүнд аав нь өгчээ. Ерөнхий мэдээлэл өгөөд чи өөрөө интернетээс хайгаад судалчих гэж хэлээд моделиудын утасны дугаарын жагсаалтыг мөн өгчээ. Энэ үйлдэл нь түүнд маш итгэл өгсөн талаар тэрбээр дурсаж байлаа.

ААВ+ЭХ ОРОН

“Долдугаар сарын 17-ны өдөр. Хуанли хартал аавын төрсөн өдөр болоход 14 хоног дуу байлаа. Ямар нэгэн юм хийхгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Тэгээд хувцас урлая гэж бодсон. Эхлээд санаагаа олж, дараа нь эсгүүрээ хийж, материалаа сонгосон. Үйлдвэрийнхээ оёдолчин эгчтэй хамт сууж, 26 ширхгийг хийсэн.

Бид 4-5 өдөр сууж хийсэн. Тэгээд аавынхаа төрсөн өдрөөр /07.31/ худалдаанд гаргасан. Ингэсэн нь их учиртай. Аав маань хүүхдүүдийнхээ амжилтаар бахархдаг байсан. Мөн сайн үйл хийх үед минь баярладаг байсан. Тиймдээ ч анхны бүтээлийг аавыгаа баярлуулж байна гэж сэтгэлээр хийж дуусгасан. Бүгд амжилттай зарагдаж дууссан. Хүмүүс анхны бүтээлийг минь дэмжин ирж худалдан авалт хийж, найз нөхдөдөө цахим хуудсаараа дамжуулан хэлсэн байна билээ. Анхны бүтээл маань зарагдаж дууссаныг сонсоод маш их баярлаж, их зүйл хийх урам зориг, эрч хүчтэй болсон. Тэр эрч хүчээрээ паралимпийн тамирчдад амны хаалт хийж байна.

...Долдугаар сард аавынхаа дурсгалд зориулаад бүтээл хийж байхад олимп болж байсан. Олимп үзээд маш их огшсон. Саид Моллаеиг мөнгөн медаль авах үед уйлчих гээд л. Бас тамирчны ялалт хямдхан олдоогүйг сонсохоор уйлах гээд сонин болж байсан. Тэгээд паралимпийн тамирчдын амны хаалтыг хиймээр байгаагаа ээждээ хэлсэн. Ээж Монголын Паралимпийн хороотой холбож өгч, нийт 100 маск хийж өгөхөөр болсон. Эсгүүрийг нь гаргаад маскаа бүгдийг нь хийчихсэн. Одоо наалтыг нь наах л дутуу байгаа. Нэг талд нь Монголын Паралимпийн хорооны логог, нөгөө талд нь шөнө гэрэлтдэг соёмбо наана. Ялалтыг бэлгэдэж, гэрэлтдэг соёмбо захиалж авсан. Тамирчдыг амжилт руу алхахынх нь өмнө өөрийн чадах зүйлээ хийж өгч байгаа минь нэр төрийн хэрэг”.

ОМОГШЛЫН ЦААНА...

Б.Есүгэн спортоор хичээллэж байжээ. Тиймдээ ч тамирчин хүний тэвчээр, хатуужлыг үнэлж, паралимпийн тамирчдад маск хийж өгч буй аж.

Энэ талаараа тэрбээр “Би өмнө нь спортоор хичээллэх гэж үзсэн. Усан сэлэлтээр гурван жил хичээллэж байсан. Чөлөөт цагаараа л хичээллэнэ. Түүнээс биш тамирчид шиг хичээллэж чадахгүй гэдгээ ойлгосон. Тамирчид бол үнэхээр мундаг хүмүүс байдаг юм билээ. Сэтгэлийн хат, хатуужилтай. Уйгагүй хөдөлмөрч хүмүүс. Тамирчдыг хүндлэхгүй байхын аргагүй. Усан сэлэлтээр хичээллэсэн гурван жил надад асар их зүйл өгсөн. Дархлаа сайтай болж, өвөл ханиад хүрэхээ больсон” хэмээв.

Анхны гэсэн тодотголтой юм бүхэн цаанаа л нэг нандин. Догдолно. Б.Есүгэн ч анхны бүтээлээ худалдаанд гаргачхаад хоёр өдөр дэлгүүр дээр зогссон байна.

Тэрбээр энэ талаараа “Хийсэн хүн нь хувцсаа зарах гэж оролдох нь хэцүү юм билээ. Анх аав, ээж хоёр дэлгүүрээ нээж байхад аав өөрөө дэлгүүртээ зогсож, хувцсаа зардаг байсан. Тэр үед аавд ямар хэцүү байсныг жаахан ч болов ойлгосон. Хүмүүс хувцас үзээд явж байхдаа шүүмжээ хамаагүй хэлчихдэг. Шүүмжийг бол хүлээцтэй сонсоно. Гэхдээ утгагүй шүүмжүүд их хэлдэг юм билээ. Тэнэг юм байна гэх мэт доромж агуулсан үг юу ч бодолгүй хэлцгээсэн” гэв.

Түүний урласан хувцаснаас хамгийн түрүүнд ээж нь худалдаж авчээ. Харин удаахыг нь түүний найз ирж авсан байна. Тэр агшин Б.Есүгэнд асар их урам зориг өгч, баяр жаргалтай нэгэн болгожээ. Тэрбээр “Найз чинь талх хийж байгаа бол үнээр нь худалдаж ав” гэж үг санаанд орсон. Намайг гээд ирэх, дэмжих найзуудтай гэдгээ ойлгосон. Анхны бүтээлээ гаргаснаас хойш улам их өөртөө итгэлтэй болсон. Аавынхаа төрсөн өдрөөр худалдаанд гаргаж байгаа болоод ч тэрүү сэтгэл их тайвширсан. Худалдаж авсан хүмүүс гоё материалтайг нь гайхаж байсан. Энэ бол аавын минь буян. Аав материал сонгохдоо хамгийн сайныг нь сонгодог байсан. Энэ яг ч миний материал биш. Би өөрөө ч олоогүй юм. “Exclusive”-ын материал. Чанартай даавуугаар боломжийн үнэтэй зүйл хийхийг зорьсон. Аав, ээж хоёр маань ч чанартай материалаар, загварлаг, боломжийн үнэтэй хувцас хийхийг баримталдаг. Тэр нь бас надад нөлөөлсөн. Мөн аавын өмнө нь дээлийн хаваас хийхдээ ашиглаж байсан солонгон өнгийн утсыг өөрийн бүтээлдээ ашигласан. Аав минь агаар болсон ч түүний бүтээлүүд надад урам зориг, дэм өгч буй. Түүнд нь маш их баярлаж, талархаж байна” хэмээв.

-ХҮН ЮУНЫ ТӨЛӨӨ ЗОВОХОО ӨӨРӨӨ Л СОНГОДОГ-

-Нэг жилийн дараа ЕБС-иа төгсөх юм байна. Цаашдаа ямар чиглэлээр суралцахаар төлөвлөж байна вэ?

-fashion engineering, fashion designer гээд хосолсон чиглэлээр суралцана. Өмнө нь Эрээнд сурч байсан болохоор Хятад хэл мэднэ. Тиймээс БНХАУ руу явж суралцахаар төлөвлөж байгаа.

-Чухам хэзээнээс хувцас загварын салбарын хүн болно гэж зориг шулуудсан бэ. Эсвэл энэ аавын тань хүсэл үү?

-Аав минь өглөө эрт гэрээсээ гараад орой л ирдэг байсан. Тухайн үед юу хийгээд байгаад нь яг таг мэддэггүй байлаа. Гэтэл үйлдвэр дээрээ л ажиллаад л суудаг байж.

Би 6 настайдаа тоглоомондоо хувцас хийдэг байсан. Аав даавууны өөдөс авчирч өгч, би гараараа оёдог байлаа. Энэ цагаас л хувцас загварын салбарын хүн болно гэж битүүхэн мөрөөдсөн. Бас би 3 настайдаа өмсөж байсан футболкаа таарчихдаг байсан гэсэн. Үүнийг харсан аав эмээгээс “хүүе та тайраад өгчихсөн юм уу” гэж гайхан асууна. Харин сүүлд зураг авах сонирхолтой болсон. Урласан хувцсыг харуулж, таниулах зүйл бол зураг авалт шүү дээ. Энэ хоёр салшгүй холбоотой болохоор ч тэр юм уу зураг авах дуртай болчихсон байсан.

-Цаашдаа энэ салбар руу эргэлт буцалтгүйгээр орно гэж байна. Ээж нь хэр дэмждэг вэ?

-Ээж мэргэжил сонголт дээр юу ч хэлдэггүй. Хийх гэж буй бүхий л ажлыг минь дэмждэг. Сайн ярилцдаг. “Чи өөрөө шийд. Юунд дуртай байна түүнийгээ л сонго, зүрх сэтгэлээ дага. Би чамайг хүчлэхгүй” гэдэг. Аав, ээж хоёр маань биднийг ийм арга барилаар өсгөсөн. Загнаж, зандарч, хүсэл тэмүүллийг минь хориглож байгаагүй. Тийм болохоор би чөлөөтэй сэтгэж чаддаг.

Ер нь тэгээд хүн дуртай юмаа хийсэн ч зовно. Дургүй юмаа хийсэн ч зовно. Хамгийн гол нь юуны төлөө зовохоо өөрөө л сонгодог. Би юуны тухай зовохоо сонгочхоод сууж байна. Хувцас урлах, зураг дарах үед чадахгүй мэдэхгүй зүйлтэй нүүр тулна. Алдагдалд орно. Тэр болгонд шантрахгүй, урагшилна.

-Аавыгаа ажлаа хийж байхыг хажуугаас нь хараад заалгаж, зөвлөгөө авч байсан үе хэр олон бэ?

-Ер заалгаж байгаагүй. Аав надад “Чи өөрөө хийх явцдаа сурна. Чамд эхнээс нь заагаад байвал Б.Есүгэн биш болчихно. Өөр нэг Л.Баясгалан болчихно” гэж хэлдэг байсан. Харин олон зүйл хийсний чинь дараа зөвлөгөө бол өгнө гэж хэлж байсан.

-Өнөөдөр анхныхаа бүтээлийг хийж, амжилттай борлуулж дуусгачхаад сууж байна. Гэхдээ цаашдаа яавал зүгээр вэ гээд асуух гэхээр аав тань эзгүй. Амьд ахуйдаа зааж, зөвлөж өгч байгаагүйд нь гомдож, туних сэтгэл төрдөг үү, танд?

-Би үнэндээ тэгээс эхлээгүй. Надад аавын өгөгдөл байгаа. Тэр хүн миний дотор байна гэсэн үг. Тийм болохоор аавдаа гомддоггүй. Яахав амьд ахуйд нь заалгаад авахгүй яав даа гэж ганц нэг зүйл дээр өөрийгөө зэмлэнэ.

Ний нуугүй хэлэхэд хүн зовж байж ойлгодог юм шиг санагдсан. Хэрвээ аав байсан бол би ухаарахгүй ч байсан юм шиг. Хэн нэгнийг алдахад бидэнд маш том ухаарал ирдэг юм байна.  

-Цаашдын зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцаач. Юу хийж бүтээе гэж хүсэж байна?

-Мэдээж “Juju’s world” дэлгүүрээ хөгжүүлж, шинэ коллекц гаргана гэж бодож байгаа. Илүү олон төрлийн хувцас хийнэ. Мэдээж чанартай, цөөхөн тоогоор, боломжийн үнэтэйгээр. Аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн байгаа.

-Нууц биш бол хэлж болох уу?

-Бололгүй яахав. Би компьютер дээр зураг зурдаг юм. Түүнийгээ оролцуулаад хэвлэмэл зүйл хийе гэж бодож байгаа. Эхлээд цамц гаргах нь тодорхой болсон.

-Энэ намар хичээл эхлэхээр ажлаасаа түр завсарлага авах уу. Эсвэл...?

-Амралтын өдөр гэртээ байхаар нэг юм дутагдаад байгаа юм шиг санагддаг болсон байна лээ. Хичээл орохоор ч бас тэгж санагдах байх. Тэгэхээр хичээлээ тарчхаад үйлдвэр дээрээ ирж ажиллах байх.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ухаантай сурхий охин байна амжилт хусье

Зочин
Зочин

Сайн хүний үр
Сүүт гүүний унага гэдэг юм.
Амжилт хүсье охин минь.

Зочин
Зочин

Амжилт хүсье

Дунд сургуулиасаа
Дунд сургуулиасаа

МАШ МУНДАГ БАЙНА ШҮҮ. АМЖИЛТ.

Зочин
Зочин

Eguuriinhen shuurhai shuu

Зочин
Зочин

Yesugeeen amjilt ???? i’m rooting for ya ????❤️‍????

Холбоотой мэдээ

Back to top button