ТОДРУУЛГА: Түймрийн тоосжилт агаарын чанарыг 70 хувь бохирдуулжээ

Сүүлийн хоёр долоо хоногт Улаанбаатар хот орчмоор агаар тоосжиж, бохирдолтой үзэгдэх болсон. Энэ агаарын өөрчлөлтөөс болж иргэдэд толгой өвдөх, дотор тавгүйрэх шинжүүд илрэх болсон тул агаарын чанарт ямар өөрчлөлт орж, хүний биед хор учруулж байгааг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.
-ОХУ-ын Якутад их хэмжээний түймэр гарч утаа нь манай улсад сааралтах болсон. Агаарын чанарт ямар өөрчлөлт орсон бэ?
-Улаанбаатар хотын агаарын чанарыг 12 харуул хянадаг. Якутын түймрээс ялгарч байгаа утаа Монгол орныг бүрхсэн байна. Энэ нь наймдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн илүү тархаж агаарын чанарыг их хэмжээгээр муутгасан.
Монгол орны агаарын чанар зуны улиралд харьцангуй цэвэр байдаг. Гэвч энэ түймрийн утааны улмаас агаарын байх ёстой стандарт хэмжээг хоёр дахин давж 70 хувь бохирдуулсан байна.
-Хүмүүсийн толгой өвдөж, дотор муухайрах шинж их байна. Энэ нь бохирдсон агаартай холбоотой юу?
-Энэ чанаргүй болсон агаар нь өндөр настан болон жирэмсэн, нялх биетэй болон эмзэг мэдрэмтгий, бие султай хүмүүст шинж тэмдэг өгч байна. Ялангуяа коронавирусийн халдвараар өвчлөөд уушгины үйл ажиллагаа нь суларсан хүмүүст агаар дахь бохирдсон утаа хэт мэдрэгдэнэ.
-Хүний биед мэдрэгдэж байгаа учраас их хортой нэгдлүүд энэ утаанд байгаа бололтой?
-Ойн түймрээс үүдэлтэй тоосонцрын хэмжээ ихэссэн. Агаар дахь бусад нэгдлүүд хэвийн түвшинд байна. Зөвхөн шаталтаас үүдэлтэй тоосонцрууд юм. Гэхдээ энэ тоосонцор хэвийн түвшнээс давсан. Гэхдээ хүнд хүр учруулахуйц хортой биш, эмзэг мэдрэг хүмүүс л үүнд хямарч, ужиг сэдэрч, утаанд толгой манарч, дотор муухайрна.
ОХУ-д 250 гаруй түймэр дүрэлзэж байна. Түймэр унтраахад гурван сая гаруй хүн ажиллаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.