О.Цогтгэрэл БАРДАЖ, М.Тулгат БАЛМАГДАВ

М.Тулгатын, О.Цогтгэрэлийн гэх хоёр АН гурав дахь сонгуулийнхаа өмнө ирлээ. УИХ-ын болоод Ерөнхийлөгийн гэсэн хоёр том сонгуульд нэгдэж чадаагүй байж одоо хоёрхон тойрогт өрсөлдөх нөхөн сонгуулийн өмнө эвлэлдэнэ ч гэж юу байхав.
-М.ТУЛГАТ “ЭВЛЭРЭЛ ХҮСЧ”, О.ЦОГТГЭРЭЛ АН-ЫН БҮЛГИЙН АРД “ЭРДЭВ”
Саяхан О.Цогтгэрэлийн АН-аас мэдээлэл хийхдээ “МАН-ынхан С.Эрдэнийн АН-ыг захиалсан. Нэр дэвшинэ. СЕХ тэднийг бүртгэнэ” хэмээн хашгичсан. Энэ таамаг ч ёсоор болж Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт АН-ыг УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуульд оролцохыг албан ёсоор батламжилсан. Албан ёсны хариуг М.Тулгатын талд гардуулсан.
Улмаар нөхөн сонгуульд оролцох бэлтгэл ажлыг хангахаар хоёр ажлын хэсэг гарч Хэнтий аймагт АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн ажиллахаар болсон. Гэхдээ М.Тулгат гуйж, О.Цогтгэрэл гэдийчихсэн сууна. Дотоод сонгуулиа хамт хийе гэсэн ч нөгөө тал хөдлөөгүй. Учир нь О.Цогтгэрэлийн ард АН-ын бүлгийнхэн, Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа болохоор түүндээ эрдэж.
-БҮЛГИЙН ХАГАРАЛ АСУУДЛЫГ УЛАМ БИЛҮҮДНЭ-
Харамсалтай нь, О.Цогтгэрэлийн ард байгаа гэгдэж буй парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-ын бүлгийн ч дотоод уур амьсгал сайнгүй байгаа. Саяхан УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг албан тушаалаас нь буулгаж, УИХ-ын гишүүн, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнийг, Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилох тухай шуум явсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга хуруугаа зангаж, ийм хөдөлгөөн хийж байгаа гэх.
Нэг талаар энэ мэт холио солионы асуудал хөндөгдвөл АН-ын бүлэгт ч ан цав үүснэ. Нөгөө талаар тэднийг хольж солих чухам ганц хүнд ашигтай юу гэхээс Монголын Ардчилалд лав ашиггүй. Парламентад бүр сөрөх хүчгүй сөрөг хүчин гэх тодотголтой болчихсон дуугүй хэдэн нөхдийн нэгийг нөгөөхөөр сольсон ч, эс сольсон ч ялгаагүй юм.
Асуудал энэ мэт хөвөрвөл Ардчиллынхан Хэнтий аймгийн 18 болон Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн гадна үлдэх нь. Нөхөн сонгуульд оролцлоо ч өмнөх алдаагаа давтах магадлалтай. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгууль болоход сарын зай байна. Энэ хугацаанд АН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй аваас “тойргийн гадна” үлдэнэ. Хоёр Ардчилсан намын аль нь ч дөвийж чадахгүй аваас бараг энэ нам устсантай адил. Ардчиллыг ардчилагчид л сүйтгэх вий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.