Ярилцлага

Н.Галсанцэрэн: Талбай дээр ирэхгүй нэг өдөр болоход сэтгэл хоосроод байдаг

Улаанбаатар хотод ирсэн хэн боловч Сүхбаатарын талбайг зорьдог. Зун, намрын урин дулаан цагаар төв талбай хүүхэд хөгшид, жуулчид болон залуусын хөлд дарагддаг. Үймж шуугисан олны дундаас “зургаа даруулах уу” гэсээр ирэх цэнхэр хантаазтай, аппарат барьсан хүмүүс нэг л танил. Талбайн зурагчин гэх нэрэн дор 100 гаран хүн Сүхбаатарын талбайд ажилладаг байна.

Тэдний нэг 1993 оноос хойш тасралтгүй зураг авч буй Нямхүүгийн Галсанцэрэнтэй гэх эгэл хүмүүнтэй ярилцлаа. Тоолж барахгүй олон хүний гэрэл зургийг авч, аз жаргалтай сайхан мөчийг нь зургийн хальсанд мөнхөлж чадсан тэрээр халуунд халж, хүйтэнд хөрч 26 жилийг Сүхбаатарын талбай дээр өнгөрөөжээ.

-ЗӨВ САЙХАН ЗҮЙЛД ДУР СОНИРХОЛТОЙ БАЙВАЛ ТҮҮНИЙГ НЬ АЛЬ БОЛОХ ДЭМЖИХИЙГ ХИЧЭЭДЭГ-

-Сайн байна уу? Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн, сайн байна уу? Намайг Нямхүүгийн Галсанцэрэн гэдэг.  1980 онд Архангай аймгаас Улаанбаатар хотод ирж суурьшсан. Тэр үеэс л зурагчин болъё гэж шийдээд зургийн аппарат аваад талбай дээр гарч ирсэн дээ. Одоо эхнэр бага хүүтэйгээ амьдарч байна. Охидууд маань "үүрнээсээ нисээд” хүний хүн болоод явчихсан. Бие өвдөж, гурван жил өнжсөнийг эс тооцвол Сүхбаатарын талбай дээр 1993 оноос хойш өдийг хүртэл гэрэл зураг авч байна.

-Гэрэл зураг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Хүүхэд байхаасаа фото зураг сонирхдог байсан. Зургаадугаар ангид байхад манай багш зургийн дугуйлан явуулж эхлээд тэрэнд сурдаг байлаа. Тэр үед Зинет гэдэг хальсан аппаратаар зураг хэрхэн дарах, угаах зэргийг гэртээ зааж өгсөн.  

Ээж аавдаа уйлан дугарч байгаад зенитээ авхуулаад хөдөө гадаа хаана ч явсан зураг дараад байдаг байсан. Зураг авмаар санагдаад, үргэлж бодогдоод “донтоно” гэдэг нь болсон.

-Таны зураг авах хүслийг ээж, аав тань дэмжиж байв уу?

-Ижий аав минь миний дуртай зүйлийг дэмжээд зенит гэдэг зургийн аппарат авч өгч байсан нь хүүгээ насаар нь аз жаргалтай байхад нөлөөлсөн гэж боддог. Би хүүхдүүдээ тэр л журмаар хүмүүжүүлж байна. Зөв сайхан зүйлд дур сонирхолтой байвал түүнийг нь аль болох дэмжихийг хичээдэг. Манай зээ хүү хөлбөмбөгт үнэхээр хайртай. UB CITY клубт оруулсан долоо хоногт гурван удаа хичээллэдэг.

-ӨВЛИЙН ХҮЙТЭН, ЗУНЫ ХАЛУУН, ХАВРЫН ШОРООН ШУУРГАТАЙ ЯМАР Ч ҮЕД ЗУРГАА АВДАГ-

-Хэдэн оноос талбайн зурагчин болсон бэ? Тэр үед хэр олон зурагчин ажилладаг байв

-1993 оноос талбайн зурагчин болсон. Ховор ховор, цөөхөн 30-40 зурагчин ажилладаг байлаа. Тэр үед талбайн зурагчин их л үнэ хүндтэй хүн байж. Одоо бол 100 гаран зурагчин байна. 1990-ээд оны үед техник технологи хөгжөөгүй, хүмүүс одоогийнхтой адил гар утсаараа зураг дарна гэж байхгүй. Хувьдаа зургийн аппараттай хүн ч ховор учраас зурагчин хүний эрэлт их байсан.

Хөдөөний хүмүүс болон гадаад дотоодоос ирсэн хүмүүс голцуу талбай дээр зургаа авхуулна гээд зориод ирнэ.

-Одоо хэр байна? хэдэн цагаар ажилладаг вэ?

-Тэр үеийг бол яаж гүйцхэв дээ. Орчин цагт хүн бүр зурагчин болж дээ. Өөрөө ажлын цагаа зохиодог. Миний хувьд өглөө 8,9 цагт ирээд гэр хол болохоор орой эртхэн 9,10 цагт бууна. Манай гэр бүр нисэх рүү байдаг. Өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын шороон шуургатай ямар ч үед зургаа авдаг. Өвөл дулаалж ирээд л зургаа авна. Даарвал цайны газар орж халуун юм уучихаад л зогсдог.

Намайг талбай дээр зураг авч эхэлж байхад төрийн ордны зүүн талд лабораторт зургаа угаадаг маргааш нөгөөдөр нь бэлэн болдог байсан. Одоо бол машиндаа фото принтрээ тавьчихаад 10 минутад зургийг нь угаагаад өгдөг. Юм хөгжөөд сайхан байна.

-ЗУРАГ ДАРАХАД Ч ГЭСЭН ХҮНИЙ СЭТГЭЛ ЧУХАЛ СЭТГЭЛ БАЙГАА ГАЗАР БҮХ ЗҮЙЛ БАЙДАГ -

-Зураг дарахад хамгийн чухал нь зургийн аппарат шүү дээ. Та ямар ямар аппарат хэрэглэж байв?

-Талбай дээр зураг авч эхлээд хальсан зургийн аппарат хэрэглэж байсан. Хэдэн сар болоод л эвдэрчихнэ. Нэлээн хэдийг “цааш нь харуулсан” даа. Дижитал аппатар 10 жилийн өмнөөс гарсан. Одоогоор хоёр дахь дижитал аппаратаа хэрэглэж байна. Өдөр бүр хэрэглэж байгаа болохоор амархан элэгддэг. Ойрын үед энэ аппаратаа солих санаатай байгаа. Энэ жил арай л чадахгүй бололтой.

-Хальсан зургийн аппарат пилонкоо гэрэлд цохиулчихвал зураг гардаггүй, харанхуй өрөөнд зургаа гоё угаах гээд хичээдэг байлаа. Чанартай зургийн аппаратаар сайн зураг авах амархан. Харин муухан зургийн аппаратаар чанартай сайн дүрс буулгана гэдэг хэцүү. Гэсэн хэдий ч сайн зураг авахын тулд их хичээдэг. Гайхалтай сайхан зураг дарна гээд үнэтэй аппараттай байлаа гээд сайн зураг гарах нь юу л бол. Зураг дарахад ч гэсэн хүний сэтгэл чухал. Сэтгэл байгаа газар бүх зүйл байж л байдаг.

-Сэтгэл зүрхээ зориулж хийсэн бүхэн үнэ цэнэтэй байдаг. Та зураг дарахдаа чин сэтгэлээсээ хандаж байгааг тань түрүүн анзаарагдаж байна. Фото зургийн талаар?

-Гэрэл зураг бол миний амьдрал. Алдартай хүмүүсийн зургийг авах, сайхан газар орны зураг авах бол мэргэжлийн хүмүүсийн хийх ажил байх. Гэхдээ миний хувьд хамгийн сайхан нь эгэл амьдралын дунд жаргал зовлонг нь хуваалцаад, даарч хөрөөд ажиллаж сайхан. Өөрийн дуртай, сонирхолтой зүйлээ хийнэ гэдэг хүн болж төрсний хэргээ бүтээж буй хэрэг.

Талбай дээр ирэхгүй нэг өдөр болоход  сэтгэл хоосроод байдаг. Өдөржингөө зураг аваад орой хоолныхоо мөнгөтэй гэртээ харина. Тэр л аз жаргал.

-Өмнө нь зургаа даруулж байсан хүмүүс дараа нь хэр холбогддог вэ?

-Хөдөө айлд ороход миний авч байсан зураг байхад үнэхээр гоё санагддаг. Нэг ч гэсэн хүний сайхан дурсамжийг гэрэл зурганд мөнхөлж байгаадаа баярлаж, урам авдаг. Миний бүтэн нэр Галсанцэрэн байгаа юм. Хүмүүс зурагчин Галсан гэж дуудсаар байгаад өөрийн бүтэн нэрийг мартах шахуу л юм болж байна. /инээв.сур/

Гурав дөрөв хоногийн өмнө нэг залуу ирээд “Таниар өмнө нь зургаа авхуулж байсан одоо дүү нь хуримаа хийх гэж байгаа юм та зураг дараад өгөөч” гээд ирэхэд их баярласан. Зургаа даруулсан хүмүүс утасны дугаар аваад явна. Зарим нь ярина. Дахиж ирж зураг даруулна. Мөн сургуулийн багш нар их үйлчлүүлдэг. Хүүхдүүдийнхээ зургийг даруулах хэрэг их гардаг.

-Хүмүүс ямар үед хамгийн их зураг авхуулдаг вэ?

-Хүүхдийн баяр, наадам, шинэ жилээр хамгийн их хүн цугладаг. Зогсоо зайгүй зураг авдаг даа. Одоо бол хурим найр, ангийн уулзалт их ирж байна.

Баяр наадмын өдрүүдэд гэрийхэнтэйгээ байж чаддаггүй. Шинэ жилээр салют буудаад он гарсны дараа л харина шүү дээ. 20-оод жил гэртээ он гаргаагүй. Манай гэрийхэн намайг ойлгож, дэмждэгт их баярладаг.

-ХҮНИЙ АМЬДРАЛ БОГИНОХОН ШҮҮ ДЭЭ ТЭР ДУНДААС ЗУРАГ Л ҮЛДЭНЭ-

-Та олон жилийн хугацаанд нэлээн их зураг дарсан байгаа. тэр дундаасаа хамгийн хайртай зураг тань юу вэ?

-Байлгүй яахав. Хоёр хөөрхөн нохойн гөлөгний зураг дарж байсан. тэр их хөөрхөн санагддаг. Төв талбай дээр тоглож байгаа хоёр бяцхан гөлгийг хараад манай улсын бүх зүйл тайван сайхан юм гэсэн бодол төрдөг. Хальсан аппаратан дээр дарж байсан болохоор пилонкоос угаах боломжгүй, хальсийг нь хадгалдаг. Хэзээ нэгэн цагт хэрэг болж магадгүй гэж бодоод дээр үеийнхээ хальснуудыг хадгалдаг. Зураг зуун жилийн дурсамж гэдэг тэр бол үнэн шүү дээ. Хүний амьдрал богинохон шүү дээ. Тэр дундаас зураг л үлдэнэ.

-Зурагчин байхын хамгийн сайхан нь юу вэ?

-2016 оноос хойш гурван жил өнжсөн энэ жилийн зургаан сараас талбай дээрээ ирж зургаа авч байна. Доороосоо даарснаас болж цус харвасан. Эмч нар хэлэхдээ үргэлж цементэн дээр зогссоноос болсон гэж хэлсэн. Гэртээ зээ нараа харж байсан гурван жил их удаан өнгөрсөн. Талбай дээр очоод л зураг дараад л баймаар санагдаад. Заримдаа бүр зүүдэлнэ. Аз жаргал гэдэг мөнгө төгрөг биш эрүүл байж дуртай зүйлээ сэтгэл амар хийх юм байна гэдгийг өдий 60 нас хүрч байж л ойлгож байна. Гэрэл зураг миний амьдрал болсон зүйл учраас надад аз жаргалыг өгч байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
moogii
moogii
8 сар 23, 2019 08:08

iim engiin khvnees l yria awakh khepegtei. saikhan yriltslaga baina

Холбоотой мэдээ

Back to top button