С.Хонгорхүү: Сансрын нисгэгчтэй кинонд тоглоно гэх хүсэл минь жүжигчний мэргэжил рүү хөтөлсөн

Олон удаагийн хөл хорионд орсон нийслэлчүүд сэтгэл доторх гутрал, гансарлаа сэгсэрч хаяхаар кино театрыг зорин иржээ. Хагас жил хаалттай байсан театрын эрдэнэ шишний үнэр нь хүртэл сэтгэлд дотно. Гарч буй үзвэрийн дунд “Гэгээн учрал” нэртэй цор ганц монгол кино байлаа. Уг киноны зурагт самбаруудыг ажиглавал, олны танил хүн үгүй, бүгд шинэ дүр төрхүүд. Эргэлзэх юмгүйгээр үзлээ.
Бид энэ удаа “Гэгээн учрал” киноны Бөхөөгийн дүрд ажилласан жүжигчин Соёлбаатарын Хонгорхүүг танилцуулж байна. С.Хонгорхүү СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг өнгөрсөн онд төгссөн, “ZEV” уран бүтээлийн нэгдлийн жүжигчин.
ӨДӨР БОЛГОН ӨӨР ХЭМНЭЛТЭЙ АМЬДРАХЫГ ХҮССЭН

-Жүжигчний мэргэжил таны багын мөрөөдөл үү?
-“Саруул талын малчин айлд сансрын нисгэгч хүүхэд байлаа” гэдэг шиг би багадаа сансрын нисгэгч болно гэж боддог байлаа. Харин манай улс сансрын нисгэгч бэлтгэдэггүй гэдгийг мэдээд энэ шийдвэрээ өөрчилсөн. Сансрын нисгэгч болж болохгүй юм бол сансрын нисгэгчтэй кинонд тоглож болох юм байна гэж бодсон. Тэгээд л жүжигчин болохоор шийдсэн. Мөн Жэки Чаны “Цагдаагийн түүх” кино их нөлөөлсөн. Тавдугаар ангидаа энэ кино их үздэг байсан юм.
Би ер нь уйдамтгай араншинтай, ихрийн ордны хүн. Тиймдээ ч оффист сууж, уурхайд ажиллахыг хүсээгүй. Өглөө босоод ажилдаа явна. Орой тарна. Хоёр өдөр амарна. Ийм. Өдөр болгон өөр хэмнэлтэй амьдрахыг хүссэн учраас жүжигчний мэргэжлийг сонгосон.
-“Гэгээн учрал” киноны Бөхөө таны ажилласан анхны гол дүр. Энэ дүр дээр ажиллахад хүндрэлтэй зүйл юу байв?
-Мэдээж туршлага. 2019 оны зун “Single ladies 4” киноны олны хэсэгт ажилласнаас өөр бие даасан уран бүтээлийн туршлага байхгүй. Гэхдээ туршлагыг нөхөх түшиг тулгуур нь миний өссөн ахуй байсан. Бага нас минь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өнгөрсөн. Мөн зуны амралтаараа хөдөө өвөө, эмээгийндээ очдог байсан. Тэр утгаараа энэ дүр дээр ажиллах дөхөм байсан. Харин би тухайн үед нэг шүдээ авахуулчихсан, шүдний аппарат зүүж эхэлсэн байсан болохоор бага зэрэг биеэ барьж, зарим тоглолтуудаа гаргаж чадаагүй.
Дүр дээр ажиллахад хэцүү байсан юм гэвэл, жүжигчид тодорхой хэмжээний хугацаанд дүрээ бодох ёстой. Тийм хугацаа бага олддог байсан. Өглөө эрт босоод өнөөдрийн авах сценээ бодоод, төвлөрөхгүй бол зураг эхэлчхээр амжихгүй. Зураг авалт эхлэхийн өмнө бодоод дахин сэргээгээд ордог байсан. Шөнийн зураг авалтын дараа өглөө эрт босно гэдэг чинь асуудал шүү дээ.
-Олны танил жүжигчин, туршлагатай уран бүтээлчгүй, дан залуусаараа ажиллах ямар вэ?
-Манай продакшны залуус нэг үеийнхэн. Бид гуравдугаар дамжаанд суралцаж байхдаа хамтарч уран бүтээл хийе гэж ярилцаж байсан. Яг тамга тэмдгээ аваад продакшин болоод нэгдсэн үе гэвэл өнгөрсөн оны зургаан сар. Үндсэн гишүүн гэвэл есүүлээ.
Жишээлбэл, бид өвлийн зурагт явж үзээгүй байсан. Тэр утгаараа жаахан даарсан. Шөнийн зураг авалт олонтой кино шүү дээ. Шөнийн зураг авалтын дараа жүжигчдийн хоолой өвдөх гэх мэт асуудлууд мэдээж тохиолдсон. Бид аль болох бие, биедээ тустай дэмтэй явахыг хичээсэн. Багийн ажиллагаагаар туршлагаа нөхөх ёстойгоо ойлгоцгоосон болохоор уран бүтээлээ амжилттай дуусгаж чадлаа гэж бодож байна.

-Киноны ажил руу яг хэзээнээс хамцуй шамлан орсон бэ. Хэдий хугацаа зарцуулав?
-“Гэгээн учрал” киног өнгөрсөн жилийн долдугаар сараас хийхээр болсон. Ер нь их гэнэтийн санаа. Зураглаач маань хөдөө зураг авалтад яваад “Энэ объектод тулгуурлаад залуучуудын хайрын тухай, гэгээлэг кино хийе” гэж бодол өвөртөлж ирсэн. Энэ бодол дээр тулгуурлан кино зохиол бичигдсэн. Бид зун натурт очиж, 20 хоног зураг аваад хотод ирээд үлдсэн зургуудаа авсан.
-Киноны зохиолыг хоёр жүжигчин нь хамтарч бичжээ. Анх зохиолын санаагаа ярьж, дүрүүдээ хуваарилчхаад бичсэн үү, эсвэл зохиолоо биччихээд дүрүүдээ хуваарилсан уу. Надад бол дүрүүдээ хуваарилчхаад бичсэн юм шиг санагдсан?
-Манай продакшны залуус бүгд жүжигчний мэргэжлээр төгссөн. Тийм болохоор жүжигчдээ харж зохиолоо бичсэн. Зохиолоо түрүүлээд биччих юм бол түүнд нь жүжигчид нь таарахгүй байж мэднэ гэж бодоод энэ дүр дээр тэрийг ажиллуулна гэж хуваарилаад бичсэн.
-Хувь хүнийх нь зан араншинд тохируулж бичсэн гэсэн үг үү?
-Яг тэгж ойлгох юм бол өрөөсгөл. Тухайн хүнд нь тааруулаад биччихээр жүжигчний хувьсах, өөрчлөгдөх чанар нь үгүй болчихно. Яахав гадаад төрхөд нь тааруулж зохиолыг нь бичсэн гэхэд болно.
-Виолагийн дүрд ажилласан жүжигчин Монголоор тааруухан ярьдаг юм билээ. Танай прадокшны жүжигчин үү?
-Үгүй ээ. Хайнал Виола Нонна мэргэжлийн жүжигчин биш. Багадаа Унгарт амьдарч байгаад монголд суурьшсан. БНХАУ-д сэтгүүлч мэргэжлээр сурдаг охин. Бид түрүүлж зохиолоо биччихээд Виолагийн дүр дээр ажиллах санал тавьсан юм.
-Мэргэжлийн жүжигчин биш хүнтэй ихэнх сценүүд дээр ажилласан юм байна. Ажиллахад хүндрэлтэй болон бие биенээсээ суралцсан зүйл юу байв?
-Зураг авалтын явцад бие биенээ мэдэрч, тоглолтын бэрхшээлээ давж гарч чадсан. Бие, биенээсээ суралцсан зүйл гэвэл зөндөө. Мэргэжлийн талаасаа биш гэхэд хувь хүнээс нь суралцмаар чанарууд их байсан. Маш их тэвчээртэй. Эмэгтэйчүүд хөдөө хээр 20 хоног зурганд орно гэдэг амар биш. Тэсвэр тэвчээртэй, эрчүүдээсээ дутахааргүй мундаг охин. Тэр хандлагыг нь тусгаж авмаар санагдсан.
-Бөхөөгийн дүрд ажиллахаас гадна киноны стилистээр ажилласан юм билээ. Жүжиглэхийн хажуугаар өөр үүрэгтэй ажиллах хэцүү байсан уу?
-Стилистын тухайд гайгүй. Зураг авалт эхлэхээс өмнө стилистын ажил явагддаг. Зохиолоо уншаад энэ дүр дээр ийм хувцас, өнгө төрхийг харуулах юм бол характер нь илүү тодорч харагдах юм байна гэж шийдэг. Ганц би гэлтгүй манайхан бүгд давхар үүрэгтэй байсан.
МОНГОЛ ХҮНИЙ ЗОЧЛОМТГОЙ ЗАН ДЭЭР КИНО МААНЬ БОССОН

-Анхны сэтгэгдэл маш чухал. Багийнхаа залуусыг анх хараад ямар сэтгэгдэлтэй үлдэж байв. Амь халуун тэр дурсамжаа уудлаач?
-Ч.Түвшинтөгсийг анх хараад жүжигчиний ангид ийм залуучууд тэнцдэг юм байна гэж бодсон. Харин Б.Түвшиндоржтой харьцаж үзээд эр хүн шиг, эр хүн юм байна даа гэж бодсон. Даалгасан юмыг яг таг хийдэг их хариуцлагатай залуу байсан. Д.Дашдолгорын бол итгэж болохуйц, найдвартай хүн гэж харсан. Тэгээд найзлаж эхэлсэн. З.Тэмүүжинитэй бол нэг их найзалдаггүй. Мэндийн зөрүүтэй л байсан. Тэгээд гуравдугаар дамжаанаасаа хамтарч, ойлголцож эхэлсэн. Уян зөөлөн, маш сайн ярилцагч залуу. Т.Алтангэрэл харин их хөгжилтэй залуу. Хамт байхад уйдамгүй.
Ер нь төв СУИС-ийн баруун жигүүр их сайхан газар. Тэнд залуус нэг зүгт харж, тэмүүлж, урт коридорын толинд хамтдаа дасгалаа хийсээр найз нөхөд, хамтрагчдаа олж авдаг. Жүжигчин, найруулагч, зохиол, зураач гээд бүгд хамтдаа үе үеэрээ бэлтгэгддэг болохоор зөв хандлагатай бол хөгжих боломжтой орчин гэж боддог.
-СУИС-ийн Театрын урлагийн сургуульд сурч буй залуус театрын тайзны агаар амсах хүсэл тэмүүл тээж явдаг. Харин таныг чухам юу дэлгэцийн уран бүтээл рүү хөтөлчихөв өө?
-СУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжигчний анги театрт зориулан жүжигчин бэлтгэдэг. Дөрвөн жил усыг нь уусан учир мэдээж дотоод ухамсарт театр орчих юмсан, театрын жүжигчин болчих юмсан гэсэн бодол төрнө. Тэр ч утгаараа би театрт шалгалт өгөх юмсан, тэнцчих юмсан гэж бодоогүй биш бодсон. Гэхдээ театрт ороогүй шалтгаан бий. Кино урлаг гэдэг зүйл театрыг бодвол орчин цагт ялангуяа монголд хүч түрэн орж ирж байгаа. Тийм ч утгаараа кино урлагт, гал гарсан урлагийн салбарт хүчээ үзье гэж бодсон. Яахав нас яваад ирэх юм бол театр хүчээ сорино.
-Нас яваад гэхээр...?
-50 насны үүдээр алхаад л театрт орно. Би нэгэнтээ шийдчихсэн.

-Залуу уран бүтээлчид хамтраад бүтээл хийхэд санхүүжилт дээр мадлуулдаг. Богино гэлтгүй кино маш их хөрөнгөөр бүтдэг. Ивээн тэтгэгч спонсор байгууллагууд олоход хүндрэлтэй байсан уу?
-Бид бүх санхүүгээ өөрсдөөсөө гаргасан. Спонсор байгууллагууд хайгаагүй биш хайсан. Мэдээж хэрэг хэн ч танихгүй, хэдэн оюутанд итгээд хүмүүс ивээн тэтгэхгүй. Тэдний нүдэнд бол хүүхдүүд л харагдаж байгаа. Тэр утгаараа хүүхдүүдэд итгэж мөнгө өгөх байгууллагууд байгаагүй. Бид нийслэлээс баригдмал төсөвтэй хөдөлсөн. Үнэндээ бол монгол хүний зочломтгой зан дээр кино маань боссон. Элсэн тасархай дээр зуны дүрсүүдээ авахад нутгийн иргэд маш их тусласан. Тэр хүмүүсийн буянд энэ кино боссон. Харин бусад объектод бол тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Ашиглаж байгаа юм чинь мөнгийг нь төлөх зүй.
-Тусалж дэмжсэн нутгийн иргэдэд нээлтийн урилга явуулсан уу. Өнөөдөр ирж үзэх үү?
-Кино маань өнөөдөр албан ёсоор нээгдэнэ. Тусалсан ах эгч нарыг нээлтэндээ урьчихсан байгаа. Ирж амжихгүй нь хэд хоногийн өмнө ирж үзсэн. Уран бүтээл маань халуун сэтгэлээр тусалсан хүмүүсийн сэтгэлд хүрнэ байх аа гэж найдаж байна.
-Ингэхэд та киногоо эцсийн байдлаар нь үзсэн үү. Эсвэл монтаж хийгээд явж байхад нь үзсэн үү?
-Монтаж хийгдэж байх явцад нь үзсэн. Яг үнэнийг хэлэхэд өөрийгөө харчхаад их эвгүй санагдсан. Анхны уран бүтээл гэдэг утгаараа ч юм уу. Өөрийгөө жаахан чамласан. Чамлах нь ч зөв л дөө угаасаа. Харин кино театрт хоёр хоногийн өмнө хүнээс яриа авах гэж очоод эцсийн байдлаар үзсэн. Том дэлгэцээр өөрийгөө харна гэдэг эвгүй юм билээ. Нүүрний өө сэв бүх юм тод харагдаад л. Өөрийгөө хараад би ч болоогүй юм байна даа гэж бодсон. Өөртөө гурвалжин тавина. Цаашаа хөгжих байлгүй дээ.
ОДООХОНДОО АЖИЛТАЙГАА Л ҮЕРХЭЖ БАЙНА

-Гэр бүлийнхэн нь мэдээж үзсэн байх. Ямар сэтгэгдэлтэй гарч ирсэн бол?
-Аав, ээж, охин дүү маань өчигдөр үзсэн. Кино үзэхээр явлаа гэхэд нь би хэлсэн л дээ. “Одоо үзэж яах гээд байгаа юм бэ. Нээлтээр нь нэг мөр үзээч” гэхэд “Үгүй, үгүй. Нээлт дээр нь дахиад нэг үзчихэж болно биз дээ” гэж зөрүүдэлсээр байгаад үзсэн. Ний нуугүй хэлэхэд кино театраас ирэхийг нь тэсэн ядан хүлээж байсан л даа.Үзээд таалагдах болов уу яах бол гэж бодсон. Намайг бүх амьдралын маань туршид мэдэх хүмүүс. Худлаа жүжиглэсэн байх юм бол мэдээж урам нь хугарна. Аав ээж минь надад зөвлөсөн гэхээсээ илүү, маш сайн дэмждэг. Үргэлж миний ард бат зогсдог хүмүүс. Анх жүжигчин мэргэжлийг сонгоход ч гэсэн дэмжсэн. Хүмүүс хүүхдээ урлагийн хүн болно гэхэд дэмждэггүй шүү дээ.
Тэр ч утгаараа “Гэгээн учрал” киног үзэж гарч ирчхээд ээж маань уйлсан байсан. Бүр хоёр удаа уйлсан гэсэн. Тэгээд “Үнэхээр таалагдсан. Миний хүү мундаг байна. Танай баг хамт олон үнэхээр шижигнэсэн сайхан залуучууд байна. Цаашдаа хийж бүтээх ирээдүй харагдаж байна. Энэ чигээрээ урагшаа” гэж хэлсэн дээ.
Урлагийн амьдрал хатуу, амаргүй гэдгийг гэрийнхэн маань ойлгодог нь сайхан. Мэргэжил бүхэнд өөрийн гэсэн бэрхшээл, бас давуу тал бий. Хоолтой, хоолгүй хононо, алдаа маань шууд олны хүртээл болно. Гэхдээ тэр бүхнийг давна, болгоно гээд зүтгэхэд гэр бүлгүйгээр түүнийг төсөөлөхийн аргагүй.
-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг бүгдээрээ нэг үеийн залуучууд хэдий ч ур чадвараа зарим нь ялгарна, илүүрхэнэ. Киноны зураг авалтын үеэр мэргэжил талаасаа үлгэр болсон, чамд “юм” өгсөн хүн бий л байх?
-Тэгэлгүй яахав. О.Дашдолгорыг нэрлэнэ. Би нэгдүгээр дамжааны оюутан болоод л найзалсан. Маш их юм боддог. Асуудлыг бид хоёр талаас нь хардаг байлаа гэж бодъё. Харин О.Дашдолгор дөрвөн талаас, бүр найман талаас нь харж чаддаг. Дүр дээрээ гаргаж буй жижиг ч хамаагүй хөдөлгөөн нүдний харц, хоолойн өнгө нь намайг хөглөж өгдөг. Найзаасаа үргэлж суралцдаг. Тэр хүнийг давж гарахын төлөө хичээдэг. Мэдээж цагаахнаар өрсөлдөнө. Найзаасаа л их юм сурдаг даа.
-Охид танай киног 3-4 удаа үзэж байгаа цуурхал байна. Ер нь үзэгчдээс ямар санал сэтгэгдэл ирж байна?
-Миний дүр даруухан, тэгсэн мөртлөө алиа. Монголчууд чинь хар бараан арт гэхээсээ илүү гэгээлэг хөгжилтэй юманд татагддаг хүмүүс байдаг. Үзэгчдэд хөгжилтэй байгаа нь таалагддаг юм болов уу. Үзэгчид бол Бөхөөг их алиа дүр байна гэж байсан. Таньдаг хүмүүсээс урмын үг ирж байгаа.
-Одоо хүссэн хүсээгүй олны анхаарлын төвд орж ирлээ. Тэгэхээр сэтгэлээ өгсөн бүсгүй байдаг эсэх нь киноны үзэгч охидод сонирхолтой байж болох юм?
-Найз охингүй. Залуу хүн хөгжиж дэвших ёстой. Тэр утгаараа ажилдаа цаг, сэтгэлээ зориулаад яваад байгаа. Хүнтэй уулзаж, учирч зав гаргана гэдэг хэцүү. Бүх юм шинэ, бүх юм тэгээс эхэлж байгаа болохоор одоохондоо ажилтайгаа л үерхэж байна.
-Чиний хувьд эхнэр болох хүн чинь ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Гэр бүл төлөвлөлтийг боддоггүй хүн гэж байдаггүй байх. Миний хувьд 30 нас дөхүүлээд гэр бүл зохионо гэж төлөвлөж байгаа. Мэдээж хэрэг намайг ойлгодог гэхээс илүү би тэр хүнийг ойлгодог байх хэрэгтэй. Тэр хүн ч бас намайг ойлгодог байх хэрэгтэй. Хайр гэдэг ойлголцол дээр л тогтдог шүү дээ. Мэдээж намайг ажил төрөлдөө явчихсан байхад хойноос утас цохиж, ирж байна уу, хүүхдээ хараач гээд байвал хэцүү. Угаасаа амьдралын төлөө л явж байгаа шүү дээ. Тиймдээ ч гэр бүлээ сайхан авч явъя гэж бодож, хичээж байгааг минь ойлгодог хүн л байгаасай гэж боддог. Түүнээс биш царай төрх бол дэд асуудал.
ГЭНЭТИЙН БЭЛГИЙГ ЭРТ ЗАДАЛЖ БОЛОХГҮЙ

-Найруулагч нараас киноны санал ирсэн үү?
-Одоогоор бол аваагүй байгаа. Ирвэл мэдээж ажиллана. Хэрэв манай кинотой давхцахаар бол мэдээж өөрсдийн уран бүтээлээ сонгоно.
-Дараагийн уран бүтээлийнхээ тухай ярьж болох уу?
-Одоохондоо нууц. Бид зохиолоо бичиж байгаа. Гэнэтийн бэлгийг эрт задалж болохгүй.
-Сансрын нисгэгчээс өөрөөр ямар дүр дээр ажилламаар байна?
-Цагдаа, эмч, алуурчин, драмын залуу, Марвелийн супер баатрууд гээд хүслийн жагсаалт урт шүү дээ. Монголын анхны супер баатарт тоглоно гэж мөрөөддөг болно. /инээв/
-Үлгэр дуурайлал авдаг хүн нь хэн бэ?
-Мэргэжлийнхээ үүднээс биеэ авч явж байгаа байдал, хувцаслалт үс засалт ч гээд бүх зүйлээрээ Брэд Питтээс үлгэр дуурайлал авдаг. Тэр бол миний шүтээн. Хамгийн наад зах нь тэр кино болгон дээр хоол идэхдээ тэс өөрөөр иддэг. Сайн анзаарах юм бол маш олон талт, хүчирхэг жүжигчин. “Долоо” кинонд бүтээсэн мөрдөгч, “Зодооны клуб”-ийн төсөөллийн найз, “Эр зоригийн дууль”-киноны Тристан гээд дүр бүхэн нь сэтгэлд хоногшдог нууцыг би анзаарч, өөртөө нээхийг хүсдэг.
-Мэдээж хэрэг догдолж байгаа. Догдлолоо цөөн үгээр дүрсэл гэвэл юу хэлэх бол?
-Нойр хулжиж байна. Бид хөлс хүчээ гарган байж хийсэн кино маань үзэгчдийн хүртээл болж байна. Энэ бол тэсэн ядан хүлээсэн мөч. Тэр утгаараа ерөнхийдөө нойр хулжина. Догдлоод ч байгаа юм шиг. Маргаашийн үзвэрт киног маань хэдэн хүн үзэх бол ямар сэтгэгдэлтэй гарах бол гэж бодно, догдолно. Хамгийн их хүсэн хүлээж байсан мөч маань ирэх гэж гэж байна. Киноны маань нээлт болох гэж байна. Аймар догдолж байна. Анхны киноны анхны нээлт шүү дээ.
С.Хонгорхүү хэмээх ийм нэгэн шинэ уран бүтээлчийг үзэгч та бүхэнтэй танилцууллаа. Бидний ярилцлага дуусаагүй. Учир нь түүнд одоохондоо ярих зүйл биш хийх ажил их байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт з�##�уу краш чинь бнаа