ЭнтертайнментЯрилцлага

Их сургуульд сураагүй ч, 22 насандаа "TechNomad” медиа компани байгуулсан Д.Түшигт-Эрдэнэ

Өнгөрсөн таван жилийн хугацаанд арав гаруй томоохон хэвлэлийн байгууллагад урт болон богино хугацаанд ажилласан туршлагаараа "TechNomad” медиа компаниа үүсгэн байгуулж, амжилттай яваа 22 настай Д.Түшигт-Эрдэнийг бид онцлох болно.

МУИС-ийн Бизнесийн ухааны дээд сургуульд тэнцсэн ч, хэвлэлийн компанид ажиллахаар сэтгэл шулуудсанаар 14 хоногийн дараа сургуулиа хаясан гэдэг. Төрөлх Сүхбаатар аймагтаа математикийн хичээлд толгой цохиж, улсын болоод олон улсын олимпиадуудаас алтыг нь түүдэг байсан гавал хүүгийн эл шийдвэр өнөөдрийг нь орвонгоор өөрчилжээ.

Их, дээд сургууль төгсөөгүй л бол хүний тооноос хасагдаж, хүссэн хүсээгүй нийгмийн гашуун амьдралыг туулна гэх хуучинсаг үзлийг халсан тэрбээр хүсэл мөрөөдлөө дагаж, хийж буй ажилдаа дурлахын гайхамшгийг биеэр үлгэрлэж явна.

-ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 10 ГАРУЙ ХЭВЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ ҮЗСЭН БАЙНА-

-“TechNomad” медиа компанийг үүсгэн байгуулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би 11-р ангиасаа хойш медиа салбарт ажиллаж байгаа. “Хамгийн анхны ажлын гараагаа news.mn, yolo.mn хоёрт боловсролын гэрээт сэтгүүлчээр эхэлж байсан. Тухайн үедээ “Гадаад хэл хэрхэн сурах вэ” гэх мэт орчуулгын мэдээг нийтэлдэг байлаа. Ийм зарчмаар ажилласаар өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт арав гаруй томоохон хэвлэл мэдээллийн сайтуудад урт болон богино хугацаагаар  ажиллаж үзсэн байна.

Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага болон хийсэн зүйлсээ хараад байхад “Монголд яалт ч үгүй үзэж буй хүндээ өгөөжтэй, үр дүнтэй контент хийх шинэ форматаар ажилладаг байгууллага цөөхөн” байгаа нь ажиглагдсан. Медиа чиглэлээр ашиг олох хэцүү учир ажиллаж байгаа газрууд нь ч захиалагч талаас хэт хараат байгаа нь анзаарагдсан.

Тиймээс бидний зорилго маш сайн видео контент хийх. Хамгийн гол нь үзэгчдэд үнэ цэнээ өгч чаддаг, хараат бус медиа компани байгуулахыг зорьж “TechNomad”-аа эхлүүлсэн.

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд хэр хугацаа өнгөрөв?

-Анх найзуудаараа "е-cпорт”-д зориулж контент бүтээхээр компаниа байгуулж байлаа. Одоогоос гурван жилийн өмнө бид салбар бүрт тодорхой туршлагыг хуримтлуулаад, “Медиа компаниа байгуулахад бэлэн болсон” юм байна гэж үзсэний дараа судалгаагаа эхлүүлж “TechNomad”-ыг байгуулсан. Одоо үйл ажиллагаа эхлээд гурван сар болсон байна.

-Дөнгөж 20 гаруйхан настай хэр нь 10 гаруй мэдээний агентлагт ажиллаж үзсэн, таван жилийн ажлын туршлагатай гэхээр сонин байна?

-Би 2017 онд Сүхбаатар аймагт арван жилийн сургуулиа төгссөн. Ингээд оюутан болоод МУИС-ийн Бизнесийн ухааны сургуульд орох хуваарь авч, хоёр долоо хоног орчим суралцаад сургуулиа орхисон. Тухайн үед “Медиа салбарт бүтэн цагаар ажиллаад үзье. Шинэ зүйл суръя” гэх зорилготой байлаа. Анх яг нэг жил л ажиллаад, эргээд сургуульдаа оръё гэж бодсон ч, нэг мэдэхэд таван жил өнгөрсөн байна.

Олон газарт ажиллаж үзсэн гэдэг нь миний бодлоор “Хүн сайн нийтлэл бичвэл нэг газарт ажилд орно”. Харин нэг газарт сайн ажиллаад, олон зүйлийг сурвал дараа дараагийн газруудтай холбоо тогтоогоод эхэлдэг юм болов уу. Үйлдэл бүр нэгийг дагуулаад явчихдаг мэт санагддаг. Би тухайн үед ажиллаж байхдаа, “За энэ миний найм дахь, ес дэх нь гэж бодож байгаагүй” юм билээ.

Зүгээр л нэг мэдэхэд, 10 гаруй газарт ажилласан байсан. Тоонд акцент өгөхөөс илүү, “тухайн газруудаас, чадварлаг редакторуудаас юу сурсан бэ, медиа компаниуд хэрхэн ажиллаж байна” зэргийг харсан. Зөвхөн сонин, телевиз, сайтад ажилласан сэтгүүлч медиа салбарыг өргөн утгаар нь харж чадахгүй. Тиймээс сэтгүүл, сонин, сайт, телевиз зэрэг медиа салбарын уламжлалт болон шинэ технологийг үзсэний дараа салбараа өргөн харж чадна гэж бодсон.

-ИХ СУРГУУЛИА ОРХИСОН Ч НЭГДҮГЭЭР КУРСТ БЭЛЭН АЖЛЫН САНАЛ ИРЧИХСЭН БАЙСАН-

-Дурын оюутан хүсээд орж чадахгүй, МУИС-ийн Бизнесийн ухааны сургуулийг сонгосон ч, сэтгүүл зүй тэр дундаа медиа салбарыг сонгоод орхисон нь эцэг эхэд тань хүндээр туссан болов уу?

-10 жилийн сурагч байхдаа би математик, IQ хичээлдээ дуртай, сайн ч байсан. Улсын болон Олон улсын олимпиадуудаас нэлээн олон медальтай. Тийм хүүхдийн ирээдүй тодорхой байдаг шүү дээ. Математикийн багш, санхүүч болох гэх мэт. Би математикийн хичээлдээ дуртай, сайн байсан ч, заавал математикч байх албагүй гэж бодсон.

Ингээд тухайн үед хэл, уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан учир тэр чиглэлээ дагаад явахад азаар миний дуртай салбар мөн болж таарсан. Гэхдээ математикт сурсан зүйл одоо ингээд медиа компаниа байгуулаад ажиллахад яалтачгүй хэрэг болж байгаа. Суурь ойлголтоо л сайн ойлгочихвол, математикдаа сайн хүүхэд логик сэтгэлгээ сайтай байдаг. Контент хийхэд логик сэтгэлгээ, дэс дараалал чухал.

Мэдээж тухайн үед 10 жилээ сайн дүнтэй төгсөөд, МУИС-ийн хуваарь авчхаад сургуулиа хаяна гэдэг нь гэр бүл, хамаатан саданд маш цочирдом байсан нь ойлгомжтой. Гэхдээ яагаад зөвшөөрүүлж чадсан бэ гэхээр нэгдүгээр курст надад бэлэн ажлын санал ирчихсэн байсан. Тухайн ажил нь миний 10 жилдээ ажилласан байгууллагуудтай холбоотой буюу түрүүн дурдсанчлан нэг зүйл нөгөөгөө дагуулаад явдагтай адил сайн санал байсан. Ингээд сургуулиас гарах саналыг минь гэрийнхэн зөвшөөрсөн. Эргээд харахад ажлын туршлагатай, медиа компанитай болоод амьдралаа боломжийн авч яваа учир гэрийнхэн маань сэтгэл хангалуун байдаг.

-Тухайн үедээ суралцаж чадаагүй ч, цаашид суръя гэх бодол бий юу. Сурвал ямар чиглэлээр сурах вэ?

-Их сургуульд сураагүй ч, би боловсролын байгууллагыг үгүйсгээгүй шүү. Хүн зөв газраа, зөв цагтаа сурах ёстой гэж боддог. Тухайн үед 18 настай байхад миний суралцах зөв үе байгаагүй гэж санагддаг. Гэхдээ одоо бол суръя гэж бодож байгаа. Сурах сурахдаа нэлээн том сургуульд, гадагшаа явъя гэж бодсон. Чиглэлийн хувьд магадгүй улс төр эсвэл сэтгүүлч байх болов уу.

Тэр дундаа олон улсын сэтгүүл зүй хэрхэн явдгийг мэдмээр байдаг. Миний анзаарснаар томоохон хэвлэлийн компаниуд сүүлийн үед медиа формат руу шилжиж байна. Үйлдвэрлэсэн контентууд сошиалд их тавигдаж байна. Нүсэр урт нэвтрүүлэг биш, 20 секунтын стори зонхилж байна. Тухайн арга барилыг нь сурмаар байгаа. Монголын хэвлэл мэдээллийн салбарыг тодорхой хэмжээнд ойлгосон учир үүнийгээ илүү сайн баталгаажуулах юм болов уу гэж бодсон. Тиймээс ойрын хугацааны төлөвлөгөөнд сурах багтсан.

-Ажилласан хэвлэлийн агентлагуудаас юуг сурав. Юу нь дутагдалтай санагдсан бэ?

-Монголд олон мундаг хэвлэлийн газрууд бий. Миний анзаарснаар сул тал нь төрөлжсөн медиа цөөхөн гэж харсан. Жишээлэхэд, бүгд санхүү бичих гэж яардаг. Гэвч үүнээс гадна хүний нөөц, санхүү, уншигчийн тоо байна. Бид жижиг зах зээлд бүгд ижил зүйл хийгээд байгаа нь учир дутагдалтай. Бүгд улс төр бичээд, Засгийн газрын ордон ороод байдаг нь нэг бодлын хайран санагдсан.

Миний бодлоор юу хүсэж байна вэ гэхээр илүү төрөлжсөн медиа олон гарч ирэхийг хүсэж байгаа. Сайн жишээнүүд олон. “Lemonpress” гээд зөвхөн санхүүгийн, хөрөнгө оруулалтын чиглэлээр бичдэг газар байна. Бидэнд улс төрийн мэдээнээс гадна санхүү, хөрөнгийн зах зээл, технологи, боловсрол, урлаг хэрэгтэй. Олон контентын салбараас нийгмийг түүж хийдэг нь учир дутагдалтай. Төрөлжсөн мэдээнүүд хийхээр түүнийг дагаад контентын чанар ч сайжирдаг.

-ЗАЛУУС ГОЁ КОНТЕНТ ХИЙГЭЭД, ОЛСОН МӨНГӨӨ ХУВААЖ АВАХ НЬ ХАМГИЙН КАЙФТАЙ МӨЧҮҮДИЙН НЭГ-

-Таны хувьд “Tomyo.mn” сайтад чамлахааргүй хугацаанд ажилласан шүү дээ. Магадгүй тухайн байгууллагаас олж авсан туршлага тань “TechNomad”-аа байгуулахад тусалсан болов уу.

-"Tomyo” нь сүүлийн үед залуусын дунд ихээхэн танигдаад байгаа боловсролын технологийн байгууллага юм. Би анх 2019 оны наймдугаар сард ажилд орж байсан. Тухайн үед В.Баярсайхан ах Инстаграмдаа ажлын зар оруулсан байсныг хараад би амьдралдаа бичиж байгаагүй урт мэйл бичиж байлаа. Мэйлдээ үнэн бодит байдлаа л бичсэн.

“Би хөдөө орон нутагт сурч байсан. Тухайн үед боловсролын мэдээлэл хангалтгүй байсан учир үеийнхэндээ зориулаад влог нээгээд ажиллуулж эхэлсэн. Тухайн влог амжилттай болж 10 жилээ төгсөхөд хоёр том газраас ажлын санал ирж байсан. Гэхдээ би боловсролын чиглэлийн контентыг илүү гоёор тууштай хиймээр байна.

Таны бодож, харж байгаа зүйлс надад таалагдаж байна” гэж бичээд мэйл явуулж байсан. Ингээд В.Баярсайхан ах намайг дуудаж уулзаад, бид долоо хоногийн дотор учраа олоод ажилдаа орсон. Намайг анх ороход "Tomyo” тэс өөр нэртэй байсан. Гэхдээ нэрийг нь одоо хэлээд яах вэ. Одоогийнх шиг гоё оффистой байгаагүй.

Хоёр, гуравхан ажилтантай жижиг компани байхад нь эхэлж байсан. Түүнээс хойш одоо хоёр дахь жилдээ "Tomyo” маань 200 мянган хэрэглэгчтэй, Монголын топ явж байгаа “Start-up”-уудын нэг болоод байна. “Tomyo”-гийн хамгийн гоё давуу тал нь дандаа залуус ажилладаг байсан. Миний хувьд тэр багаас сурсан зүйл олон. Хоёрхон жилийн хугацаанд нүдэн дээр хөгжсөн учир маш их урам авч, олзуурхсан.

Tomyo-гоос хэзээ, хэрхэн гарсан бэ?

-"TechNomad”-аа байгуулахад манай багийнхан бүгд л дор бүрнээ тодорхой туршлагыг хуримтлуулсан байсан. Анхнаасаа л нийлсэн зорилго огт мөнгө байгаагүй. Зүгээр "Youtube” дээр үздэг гаднын гоё контентуудыг хийе, бүтээе гэсэн залуус байлаа. "Tomyo”-гоос гарсныхаа дараа өөрсдийнхөө гэрээс компьютер, камераа авчраад юу ч үгүй эхэлж байсан. Одоо гурван сарын хугацаанд хамтарч ажилладаг харилцагчийн тоо эрс нэмэгдсэн байна.

Биднийг ажиллаж байхад дундуур нь томоохон хөрөнгө оруулалтын саналууд ирж байсан. Гэвч бид түүнийг авч байгаагүй. Яагаад вэ гэхээр бидэн шиг залуучууд өөрсдийн гар, оюунаар шөнөжин сууж контент хийгээд, олсон мөнгөө хувааж авна гэдэг хамгийн кайфтай мөчүүдийн нэг. Мэдээж гаднаас том хөрөнгө оруулалт авчихвал бидний ажил түргэн өргөжнө. Гэхдээ бидэнд хурдан мөнгөтэй болох бус өөрсдийн гараар бүхнийг хийх нь гоё санагддаг. Одоо манай баг есөн хүнтэй. Бид одоогоор видео продакшн чиглэлд түлхүү ажиллаж байна. Гэхдээ цаашид урт хугацаандаа медиа салбар руугаа орно гэсэн төлөвлөгөөтэй.

Магадгүй 5, 10 жилийн дараа том медиа групп болохыг найдаж байна. Манай багийн хамгийн том онцлог бол бид бусад компаниудтай харьцуулахад тоног төхөөрөмж харьцангуй муу. Гэвч бидний гаргаж байгаа контентууд манай залуусын ур чадвар, чин сэтгэлээр бүтээгдэж байгаа. Авч байгаа сая гаруй төгрөгтөө дүйцэх бус 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд контент хийе гэх чин сэтгэл нь байдаг.

-ОЙРЫН ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД , "NETFLIX”-Д БҮТЭЭЛЭЭ БАЙРШУУЛНА-

-22 настай залуу компани байгуулаад, үеийн залуусаа чиглүүлээд хамтдаа ажиллах ямар байдаг вэ?

-Өмнө нь тогтсон цалинтай ажил хийдэг байхад цалин тавьж байгаа мөнгө хаанаас ирж байгаа нь нэг их сонин байгаагүй. Одоо гэтэл өөрөөсөө гадна найман залуугийн амьдралыг хариуцаад, санхүүг зохицуулахын чихэрлэг болоод исгэлэн амтыг тэнцүүхэн хүртээд л явна. Залуус минь бүгд л байрны зээл, ардаа амьдралтай хүмүүс. Манайх цалингийн зардалд их мөнгө зарцуулдаггүй ч сардаа тогтмол 15 сая төгрөгийг гаргадаг.

Тэр мөнгийг хаанаас олох вэ, цалингаа таслахгүй байх арга замуудыг эрэлхийлж эхэлнэ. Цалингаа амжилттай тавих нь маш кайфтай. Олсон мөнгөөрөө шинэ компьютер, микрофон авах түүнийхээ шинэ баглааг задлах нь сайхан. Хэцүү нь уран бүтээлчдийн ажлын нүдэнд харагддаг хэсэг нь маш бага. Бид 10 минутын контент хийхэд тэр нь гаднын нүдээр 10 минутын ажил гэж харагддаг бол, цаанаа бэлтгэл ажилд урт хугацаа шаарддаг.

Хүмүүс бидний ажлын ердөө 20 хувийг хардаг бол үлдсэн 80 хувь нь шөнө суугаад ажлаа бодох, хийх, камераа зөв өнцөгт тавиад бичлэг хийх, гэрлээ гоё тавих зэрэг олон зүйлд анхаарч ажилладаг. Тиймдээ ч контент салбарын үнэлгээ бага байдаг юм уу гэж хардаг. Түүнийг харилцагчдадаа ойлгуулахыг хичээдэг. Гэвч сүүлийн үед иргэд, залуусын хийж бүтээгээд буй ажлыг харьцангуй сайн ойлгодог болсонд баяртай байдаг.

-"TechNomad” болон Д.Түшигт-Эрдэнэ ирэх таван жилд ямар амжилтад хүрсэн байна гэж боддог вэ?

-Компанийн хувьд бүх төрлийн медиа контентыг сайн хийж чаддаг болсон байна гэж боддог. Магадгүй тоглоомын агентлагтай, загварын сэтгүүлтэй болсон байхыг үгүйсгэхгүй. Хийх зүйлс олон байгаа. Мөн ойрын гурван жилд өөрсдийн хийсэн контентоо "Netflix”-д байршуулахыг хүсэж, түүнийхээ төлөө зорьж байна.

Яг одоо хангалттай тоног төхөөрөмж байхгүй ч, хугацаа л байхад манай компани, залуус бүхнийг хийж чадна гэж бодож байгаа. Хувь хүний хувьд нийгэмд хөндөх ёстой асуудлуудыг орчин үеийн гоё форматаар хөндөж, бүтээхийг хүсэж байна.

-Таны хувьд хоёр ч номон дээр ажилласан нь өдгөө худалдаанд өндөр эрэлттэй байна. Дараагийн бүтээл дээрээ ажиллаж эхэлсэн үү?

-Би энэ оны нэг сараас эхлээд номон дээр ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ хэцүү санагдаж байсан ч, "Санаанаас сая долларын Start up” номоо, В.Баярсайхан ахтайгаа хамтраад гаргасан. Номын ерөнхий редактороор ажилласан. Одоо ном маань гарсан цагаасаа эхлээд номын дэлгүүрүүдэд өндөр борлуулалттай байна. 10 гаруй мянга хэвлэгдсэн байна.

Үүний дараа би таван сараас "Гадаадад сурах гарц” номыг өөрөө гол зохиолч нь хийгээд ажилласан. Эл номонд хэцүү бэрхийг туулж гадаадад сурсан зургаан залуугийн түүх гардаг. Гадаадад сурах гарц, арга замуудын тухай өгүүлсэн. Ингээд харахад хагас жилийн хугацаанд хоёр номон дээр ажилласан байна. Одоо гурав болон дөрөв дэх номон дээрээ ажиллаж байгаа.

Ном гэдэг их мэдээллийг цэгцтэй, бага орон зайд багтаадаг учир дуртай. Ажиллаж байгаа номондоо өөрийнхөө намтар, "Techmedia”-г үүсгэн байгуулсан түүх зэрэг бодит, намтарчилсан зүйлсийг оруулж байгаа. Гарах хугацааг тодорхой хэлж мэдэхгүй ч, гарвал залууст их сургамжтай бүтээл байх болно.

-"ТесhNomad” -ийн цаашдын ажил болоод таны номын ажилд амжилт хүсье. Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрч хүчтэй сайхан з�##�уу байна. Бууж өгөлгүй, дайчин ажиллаарай. Амжилт хүсье.

Зочин
Зочин

Сургуульдаа сур даа. Закербэрг, Жобсыг дууриах хэрэггүй. Тэд нар нэг төрлийн сэтгэцийн өвчтөнгүүд

Холбоотой мэдээ

Back to top button