Оюу толгойн асуудлаар манай тал Их Британи, Австралийн Засгийн газартай уулзахаар төлөвлөсөн үү
Financial Review сайтад манай улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хооронд хийгдэж буй хэлэлцээний явцын талаар мэдээлсэн байна. Ингэхдээ ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн “Бид Рио Тинто талаас илүү тод, нээлттэй байдал хүсэж байна” гэж хэлснийг онцолсон байна.
Түүнчлэн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн Английн нэгдсэн вант улсад хийж буй айлчлалын талаар нийтлэлдээ дурджээ. Уг айлчлалд Б.Солонгоо дарга мөн хамт оролцож байгаа аж. Тэгвэл, тэднийг уг айлчлалынхаа хүрээнд Их Британийн Засгийн газартай уул, уурхайн асуудлаар уулзалт хийж буй хэмээн Financial Review тайлбарлажээ.
Үүний дээр ирэх оны эхээр манай Засгийн газрын төлөөллүүдийг Австралийн Канберра хотод айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэж бичсэн байна. Ингэснээр Англи-Австралийн хос жагсаалтад багтдаг уул уурхайн тэргүүлэх компанид холбогдох асуудлуудтай тулж ажиллана гэж онцолжээ. Энэ нь “Рио Тинто” компанийг хэлж буй бололтой. “Рио Тинто”-гийн тодорхой хувийг Английн томоохон компаниуд эзэмшдэг.
Харин эх сурвалжийн хэлж буйгаар, Лондон дахь уулзалтад манай талаас уул уурхайн сэдвээр ярилцах төлөвлөгөөтэй байсан ч боломж гараагүй гэх.
Мөн тус нийтлэлд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал хэтрээд буй талаар дурджээ. Чингээд Засгийн газраас томилж ажиллуулсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн нь геотехникийн нөхцөлөөс болоогүй нь нотлогдсон тухай үйл явцыг онцолсон байгаа юм.
Мэдээлэл өгөхөд, Оюу толгой төслөөс Монголын талд ирэх үр ашгийг нэмэгдүүлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанитай хийх хэлэлцээнийхээ нэгэн шинэ шатанд гишгээд буй. Тодруулбал, хөрөнгө оруулагч компаниас манай талд тодорхой саналууд бүхий захидал илгээж, хариуд нь арбитрын шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлээ татахыг хүсээд буй юм.
Саналуудад, 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх, “Оюу толгой” ХХК-иас манай талын эзэмшдэг 34 хувьд ноогдох зээлийн хүүг бууруулах, ноогдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах зэрэг багтаж байгаа билээ.
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь Оюунэрдэнд ОТ асуудлаар их найдвар тавьж бсан ёстой худал боллоо..!!! Б.Солонго гэх Рио гийн тэжээвэр авгайг ЯЗГХЭГ дарга болголд, олоо ОТ асуудлаар Лонднюон явуулллаа гэь!!!!!! Ямар ё аргаар хамаагүй РИО гийн эрх ашгийгихамгаалж Ард түмнээ далдуур хуурах мэхлэх далд ажиллагааа яьагдаад байгаагүй биз!!!! Итгэл алдарлаа шүү!!!!