#Номын баяр| Л.Чаминчулуун: Хүн дурсамжаа ашиглаж амьдарсаар дуурсагдах зүйлээ үлдээдэг

Асар доторх өөрийнхөө орон зайд налайж, хавь хүмүүсийн харцыг булаагч тэр эмэгтэй бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун. Түүнийг танихгүй, тайз дэлгэцээс хараагүй битгий хэл зүс үзээгүй монгол хүн гэж ховор. Тийм ч учраас бүгд түүнийг урдаа ямар ном дэлгэж, худалдаж суугааг сонирхож, ойртоно.
Л.Чаминчулуун гавьяатыг Үндэсний их номын баярын талбай тойрсон их асруудын нэгэнд сууж байхыг харах сайхан. “Харин чамд баярлалаа. Ажил үйлс чинь бүтэж явах болтугай” гэж номыг нь худалдан авсан нэгнийг ерөөж суух тэр бусад асрын уран бүтээлчдээс нэг л чамин чимэгтэй харагдсан хэрэг л дээ.
Өглөө нь бид уулзаж, товч ярилцахаар тохироод салсан юм. Харин орой нар буухын алдад ирэхэд тэр ном, сэлтээ хурааж байлаа. Ингээд асарт нь хэсэгхэн хором хөөрөлдөв. Яг өмнө минь тэр эгээ л тайзан дээр уран уншиж, урлан жүжиглэж байгаа мэтээр асаж, оволзож, инээж, уйлж ярилаа.

ХӨЛӨӨРӨӨ ТУУЛЖ БАРАХГҮЙ ТЭР ИХ ҮЗЭСГЭЛЭН ГООГ НОМНООС Л АВНА
-Та хэд дэх удаагаа номын баярын асарт сууж байна вэ?
-Дөрөв дэхээ.
-Өөрийнхөө бичсэн номууд, уран бүтээлийн си-ди зэргээ ард түмэндээ дэлгэж тавьж байна уу?
-Тийм ээ. Өөрийн бичсэн өгүүллэгүүд бүхий “Инээдмийн ертөнц” гэж ном маань байна. Мөн дээхэн үед Б.Туяа, Б.Батзаяатайгаа тоглож байсан үзэгдлүүд бүхий ном бий. Эргээд уншихад ерөөсөө хоцрогдоогүй байна. Би бас хөөрхөн хүүхдийн хоёр жүжиг бичсэн юм. Нэгийг нь ном болгоод гаргачихсан. Мөн Монголын зохиолчдын хоёр си-ди гаргасан. Алтан, мөнгөн бөмбөлөг гэж. Алтанд нь уянгын, мөнгөнд нь хошин өгүүллэгүүд багтсан. За, бас Нобелийн шагналт зохиолчдын нэлээн чансаатай долоон өгүүллэгтэй си-дигээ авчирсан. Б.Батзаяа, Б.Туяа, Д.Сосорбарам бидний анх тоглож байсан тоглолтуудын ди-ви-ди байгаа. Өөр орчуулсан материал, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлүүд зэргээс бүрдсэн “Судалсан минь” гэж бэсрэг жижигхэн ном гаргасан. Би өөрийгөө нэг их мундаг хүн гэж бодоод яах вэ. Хүнд хүрч л байвал болно.
-Таныг хаанаас нь ч хараад Монголын ард түмэн танина. Өнөөдрийн Номын баяр дээр таньж ирээд л бүтээлүүдийг нь сонирхож байна уу?
-Өө, ирээд бүгдийнх нь утга учрыг сонирхож, асууж байна. Хамгийн гол нь ард түмэн минь хүндэлж, ихээр худалдаж авч байгаад их баяртай байна /Инээв, Сурв/.
-Таныг хүүхдийн жүжиг бичсэн гэж дуулаагүй юм байна. Ер нь их бичих, туурвих ажил хийдэг тань монголчуудад тийм ч ил биш байх аа?
-Их сургуулийн багш хүний хувьд байнга л бичдэг л дээ. Яах вэ, түмэнд зарлаад байдаггүй. Том, том зохиолчдын дэргэд би өөрийгөө бичдэг гэвэл ичмээр шүү дээ. Итгэлтийн хэлдгээр “Ардаа цэгтэй нь мунагтай гүү, урдаа цэгтэй нь хээлтэй гүү” гэдэг шиг. Хүнд хүрч байвал л болоо. Уншсан хүмүүс сэтгэл өндөр байдаг.
Хөлөөрөө туулаад барахгүй тэр их үзэсгэлэн гоог, тэр их мэдлэгийг, тэр их үзэмжийг чи номноос л авдаг. Хоёрдугаарт, ном бол манай монгол хэлний жинхэнэ дархлаа. Манай хэл дэлхийд шавхагдашгүй баялгаараа гайхалтай. Тийм учраас уран тунгалаг хэллэгтэй хэлээ хойч үедээ үлдээх, өв соёлоо хамгаалахын тулд Номын баяр болдог гэж би боддог оо. Бид төрөлх хэлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ.
Би АНУ-ын найман хотоор тоглолтоор явахдаа тэндхийн монгол хүүхдүүд монгол хэлээрээ хальт, мультхан ярьдгийг олж үзсэн. Юм яривал л “No, no”, нэг бол “Oh, yes!” энэ тэр гээд л. Харамсмаар. Бид эндээ түүн шиг болчих вий гэж би айдаг юм аа. Үүний учрыг чи юу гэж бодож байна?
ҮГ БОЛ ХҮЧ ЧАДАЛ, УРАН САЙХНЫ СЭТГЭЛ ЗҮЙГ ЧИГЛҮҮЛЭГЧ
-Залуус гаднын соёлд илүү үнэ өгөөд байна уу?
-Тэр байна. Гэхдээ хамгийн нэгдүгээрт, гэр бүлийн суурь хүмүүжил гэж зүйл явагдахгүй байна. Бидний багад бол ээж, аав үлгэр ярьж өгдөг байсан. Зүйр цэцэн үгээр загнадаг байсан. Өглөө дуудахдаа “Нойрыг унтаж биш, сэрж бардаг юм” гэж сэрээнэ. “Босооч ээ, сэрээч ээ” гэж орилохгүй. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал. Өнөөдөр чи намайг хуурч байгаа бол маргааш өөрийгөө, хожим улсыг хуурна” гэж хэлж байсан. Ийм мундаг ёс суртахууны нөлөөллийг гэр бүл олгодог байлаа.
Суурь хүмүүжилгүй хүн мянган мэдлэгтэй байгаад дээшээ гардаггүй. Монгол хэлний нандин, тансаг шинж чанарыг хүүхдэдээ ойлгуулах гэж оролдож буй залуу эцэг, эх гэж алга. Гэр бүл доторх эрхийн асуудал давамгайлаад үүрэг нь алга болчихсон. “Би тийм эрхтэй” л гэж хашгирна. Ялангуяа орчин үеийн багш нар, ээж, аавуудыг харахаар хүүхдүүдийг хэт дураар нь тавьж байна.
Би СУИС-д 42 жил багшилж байна. 10 жилдээ гэр бүл, сургуулийн суурь хүмүүжил аваагүй хүүхдүүдийг бид аваад алдагдсан боловсролыг нь нөхөөд, дээр нь дээд сургуулийн мэдлэг эзэмшүүлэх гэж махаа иддэг ээ. 10 жил төгсөөд орж ирсэн хүүхэд үсгэлж уншина. Ингэхээр чинь яах юм бэ. Багшаас асар их хүч шаарддаг. Энэ бүхэн юутай холбоотой вэ гэвэл нөгөө гэр бүлийн хүмүүжил.
-Тайз, дэлгэцийн их салбараас өнөөдөр номон дунд сууж буй нь та л байна. Залуу уран бүтээлчид харин ном уншихын үнэ цэнийг нэг их тоохоо больчихсон юм шиг?
-Чи бид хоёрын яриан дотор хамгийн үнэ цэнтэй зүйл сэтгэлээс гадна юу байна аа?
-Хөдөлмөр үү?
-Үг байгаа биз дээ. Үг. Чи бид хоёр үгээр харьцаад, үгээр хоёр биенийхээ нүд рүү хараад байгаа биз дээ. Гэтэл дуу дуулахад үг орж байна уу, орж байна. Шүлэг уншихад үг орж байна уу, орж байна. Харин үгийн нарийн мэдрэмжийг хүнд суулгах хамгийн гол арга нь зохиол бүтээлийг л унших байхгүй юу.
Өнөөдөр зарим нэгэн дуучдын дуулж буйг харахаар сэтгэл өвддөг юм шүү дээ. Яагаад гэвэл, дуун доторх үгийн нарийн мэдрэмжийг мэдрэлгүй, зүгээр аялгуундаа хөтлөгдөөд дуулж зогсдог. Тэр нь нүднээсээ мэдрэгддэг. Нүд сэтгэлийн толь. Хүн үгийг ойлгоогүй байж ярих юм уу дуулбал дуусаа. Үг гэдэг асар увдистай, хүчтэй, утга агуулгатай. Дуучид байтугай жүжигчид ч үгэн дээр нарийн ажиллах үүргээ умартдаг. Үг бол хүч чадал, тэнхээ, уран сайхны сэтгэл зүйг чиглүүлэгч.
Би оюутан байхдаа орос дээр, зундаа ирж монгол дээр ном уншдаг байлаа. Яг сэтгэлдээ бол сэтгэл зүйн ачаалал агуулсан богино өгүүллэгүүд унших дуртай. Зузаан зузаан роман уншилгүй яах вэ, унших ёстой. Гэхдээ тэр богино, авсаархан юман дотор асар их зүйл агуулагддаг.

Биднийг ярилцаж суух хооронд олон хүн ирж, түүнтэй мэндлэх юм. Мэнд усыг нь асууж, сайн сайхныг ерөөх юм. Л.Чаминчулуун гавьяат машид энгийн мөртлөө үргэлж өөрийгөө урлаг мэтээр төсөөлж явдаг гэлтэй. Хэлж буй үг, хийж буй үйлдэл нь яг л тайзан дээрх шигээ.
-Та юугаар баян бэ?
-Би шавь нараар баян. Миний шавь нар дотор гайгүй урагшилж яваа нь олон бий. Тэдний бахархал, 10 гавьяат гарчихсан байгаа. Гэхдээ би ганцаараа багшилж, гавьяат болгоогүй шүү дээ. Эргээд харахад бахархмаар. Хамгийн сүүлд гавьяат болсноос нь нэрлэвэл С.Болд-Эрдэнэ, Ц.Төмөрхуяг, Д.Ганцэцэг гээд байна. Гол нь тэд ард түмэнд хүрдэг хүртээмжээ л нэмэгдүүлмээр байгаа юм.
-Таны хувьд энгийн байх гэдэг юу гэсэн ойлголт вэ?
-Ерөөсөө ухаалаг бөгөөд боловсролтой хүн л энгийн даруухан байдаг шүү дээ. Хоосон тархи хашгирамтгай гэдэг үг байна, айн? Би зарим юмыг дув дуугүй өнгөрөөдөг. Мэдэхгүйдээ биш. Тэгж цаг алдмааргүй. Өнөөгийн залуус мэдэхгүй байгаагаасаа биш, мэдэхийг хүсэхгүй байгаагаасаа ичих хэрэгтэй. Тэгээд хүн чанар муутай учраас атаа ихтэй байх юм. Чи маш мундаг, сайн хүн байлаа гэж бодоход муугаар хорлохын тулд үгээр, үйлдлээр яаж ч мэднэ. Гэтэл хүн чанартай хүн бол “Би энэ хүний юунаас суралцах вэ?” гэж боддог.
Амьдрал ганцхан. Хүн гэдэг амьтан үхэхгүй юм шиг амьдраад, амьдраагүй юм шиг үхдэг гэж үг бий. Бид хүн болж төрөнгүүтээ дурсамж цуглуулж эхэлдэг, сайн, муу, янз бүрийн. Тэр дурсамжаа нэлээд нас ахитлаа ашиглаж амьдардаг. Тэгээд дараа нь дуурсагдах юмаа үлдээдэг. Өнөөдөр энд дуурсагдах, дуурсах юмаа үлдээх хүмүүс олон байгаад би бахархаж байна. Дуурсах, дуурсагдах хоёрын огтлолцол дээр хүн мөнхөрдөг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.