УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ТӨСӨВ ШИНЖИХҮЙ: 16.4 их наядыг ОЛЖ, 18.1 их наядыг ЗАРЛАГАДАХ хэт өөдрөг төсөл

Намрын чуулган нээлтээ хийхийн урд өдөр Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Ирэх 2022 оны төсвийг тоймлон хүргэж байна.

-ИРЭХ ОНД 16.4 ИХ НАЯДЫГ ОЛЖ, 18.1 ИХ НАЯДЫГ ЗАРЛАГАДНА-

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 5.0 хувьтай, төсвийн алдагдлыг ДНБ-ний -5.1 хувьтай байна гэж төсөөлжээ. 2022 оны төсвийн төсөлд нийт орлого 16.4 их наяд буюу өнгөрсөн жилийн төсвийн нийт орлогоос 3.1 их наядаар өссөн дүн юм. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дагуу тооцсон тэнцвэржүүлсэн нийт орлого 2022 онд 15.8 их наяд төгрөгт хүрэхээр байна. Үүний 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг татварын орлого, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлэх аж.

Харин нийт зарлага 18.1 их наяд байхаар тусгасан байна. Үүнээс урсгал зардалд 13.3 их наядыг, хөрөнгийн зардалд 5.1 их наяд, эргэж төлөгдөх цэвэр зардал 264 тэрбум төгрөг байх аж.

-ТӨСВИЙН АЛДАГДЛАА ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЗАМААР НӨХНӨ-

Ингэхээр төсвийн алдагдалыг 2.4 их наяд байна гэсэн тооцоололтой. Зарлага нь орлогоосоо давж байгаа үзэгдлийг төсвийн алдагдал гэдэг. 2022 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьд хүрэхээр тооцоолжээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2,387.1 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1,384.0 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал юм. Түүнчлэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын санд хуримтлагдах 643.4 тэрбум төгрөг, төсвийн дэмжлэг 293.0 тэрбум төгрөг болон Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах замаар тус тус төсвийн алдагдлыг санхүүжүүлэхээр тусгасан. Тодруулбал, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг төвлөрүүлэх зорилгоор 2,852.4 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөжээ.

-ЗЭС, НҮҮРС: Уул уурхайгаас 4.3 их наядыг төсөвт ТӨВЛӨРҮҮЛНЭ-

НҮҮРС ЭКСПОРТОД ХЭТ ӨНДӨР ТӨСӨӨЛӨЛ ТАВЬЖЭЭ

Ирэх онд 36.7 сая тонн нүүрс, 1.21 сая тонн зэсийн баяжмал тус тус экспортолж, төв банк 20 тонн алт худалдаж авахаар тооцоолсон байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 44.5 хувь буюу 958.1 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 37.1 хувь буюу 799.0 тэрбум төгрөгийг нүүрснээс, 7.8 хувь буюу 166.8 тэрбум төгрөгийг алтнаас төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Ингэхдээ нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6,306.0 ам.доллар, нэг тонн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 73.4 ам.доллароор тооцжээ.

Улмаар уул уурхайн салбараас 4.3 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь биеллээ олбол түүхэн дэх хамгийн өндөр орлого болно. Энэ нь төсвийн орлогын 26%-ийг бүрдүүлэх юм.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СОНЖВОЛ:

-1.7 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ-

Улсын төсвийн хөрөнгө оруулалт нь 2022 онд хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт байхыг онцолсон байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл гаргажээ.

  • Хөвсгөл аймагт баригдах “Найрамдал-2” цогцолбор төсөлд 30.0 тэрбум төгрөг,
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлд 37.0 тэрбум төгрөг,
  • Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгад 18.0 тэрбум төгрөг
  • Залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилтын хүрээнд: "Залуус-1 орон сууцны хорооллын төслийн гадна инженерийн шугам сүлжээ төсөлд 29.9 тэрбум төгрөг
  • Төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд: “Аймгуудын шинэ суурьшлын бүсэд баригдах орон сууцны хорооллын шугам сүлжээ, дэд бүтэц төсөлд 100.0 тэрбум төгрөг”, “Сум, суурин газрын цахилгаан хангамж, шугам сүлжээ, дэд бүтэц төсөлд 12.0 тэрбум төгрөг”, “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл 45.9 тэрбум төгрөг”,
  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зам тээврийн сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд: Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдэд нийт 455.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ирэх жилийн төлөвийг “сонжиход” ийм.

-ЗАМ ТЭЭВРИЙН САЙДАД ХАМГИЙН ИХ БУЮУ 217 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ӨГӨХӨӨР ТӨСӨВЛӨЖЭЭ-

2022 онд Зам тээврийн хөгжлийн яаманд хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл улсын төсвийг төвлөрлийг сааруулах зорилгоор дэд бүтцийн салбаруудад ихээхэх мөнгө хаяхаар төлөвлөж байгаа юм байна. Энэ нь шинэ хөрөнгө оруулалтын 40.32 хувийг эзлэх аж.

  • Ингээд Зам тээврийн хөгжлийн сайд хамгийн их буюу 217 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 54 төсөл хэрэгжүүлэх аж.
  • Дараа нь Барилга хот байгуулалтын сайдад 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 108 төсөл хэрэгжүүлэх
  • Удаах нь БШУ-ны сайд 193 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 163 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Эрүүл мэндийн сайд 70 тэрбум төгрөгөөр 5. төсөл хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд 56 тэрбум төгрөгөөр 31 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тус тус төсөвт суулгажээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР 5.7 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ, ИРЭХ ОНД ХЭД ХЭДЭН ТОМООХОН ӨР ТӨЛНӨ

2022-2023 онуудын хувьд валютын ханш 2.8 болон 4.1 хувиар суларч, төсвийн үндсэн тэнцэл алдагдалтай байхаар төсөөлөгдсөн ба тус онуудад бодит ДНБ-ний өсөлт өндөр байхаар төсөөлөгдөж байгаа нь өрийн ДНБ-д эзлэх харьцааг бууруулах гол хүчин зүйл болохоор байна. Засгийн газрын өрийн үлдэгдэл (ӨҮЦ)-ийн ДНБ-д эзлэх харьцаа суурь төсөөллөөс мэдэгдэхүйц өсөж 2022 онд 67.2 хувь, 2023 онд 62.9 хувь, 2024 онд 59.4 хувьд тус тус хүрэхээр байгаа.

Өрийн үндсэн төлбөрт 3 их наяд төгрөг төлөхөөр байгаа тул 3.6 их наяд төгрөг хүртэлх дотоод үнэт цаас арилжаалахаар төлөвлөж.

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР: Засгийн газрын 1990 оноос 2021 оны эхний хагас жилийн байдлаар түнш орнууд болон олон улсын байгууллагаас авч ашигласан гадаад зээлийн үлдэгдэл 5,753.6 сая ам.доллартай тэнцжээ. Засгийн газрын зүгээс арилжааны нөхцөлтэй 2022-2024 онуудад төлөгдөх 1.3 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны өр байна.

  • БНХАУ-ын Хөгжлийн банканд: 2022 онд 27.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө.
  • МИАТ ТӨХК Бойнг онгоц худалдан авсан: 2022 онд 8.15 сая ам.доллар, 2023 онд 2.0 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлнө
  • Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 2021 оны хагас жилийн байдлаар 9.3 сая ам.доллар төлөх
  • “Самурай” үнэт цаасны үндсэн төлбөрийг 2023 онд төлөх

-ИРЭХ ОНД НЭГ АМ.ДОЛЛАРЫГ 2930 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ТООЦОО ХИЙЖЭЭ-

Ирэх онд бид цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулахаар зорьж байна. Улмаар Сангийн яам ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоо хийжээ. Сүүлийн нэг жилийн турш ам.долларын ханш 2848 төгрөгийн үнэтэй байгаа юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: ҮХНӨ-өөр төсвийн анх өргөн барьсан зарлагын хэмжээг УИХ тэлэх хуулийн эрхгүй болсон. Ингэснээр Сангийн сайдаа нойл орсон ч анаж отож байгаад уулздаг гишүүдийн төсвийн лоббиг хязгаарласан билээ. Тэгэхээр анх өргөн барьсан энэ зарлага тэлэгдэхгүй. Өнгөрсөн онд төсвийн нийт орлого 13.7 их наяд, зарлага 15.7 их наяд байсан. Алдагдал 4 их наядад хүрсэн. Тэгэхээр ирэх жилийн орлого, зарлага даруй 3 их наядаар нэмэгдэж орж ирсэн. Өөрөөр хэлбэл хэт өөдрөг төсөөлөлтэй төсөл болохыг эдийн засагчид эхнээсээ илэрхийлээд эхэлчихсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button