
Европын Холбооны орнууд болох Франц, Испани, Чех, Румын, Грек зэрэг орнууд Европт хийн үнийн өсөлт түүхэндээ дээд амжилт тогтоож өссөн учир шалтгааныг судлахыг санал болгожээ. Европын Холбооны таван улсын энэ мэдэгдлийг “Блүүмберг” /Bloomberg/-ийн сэтгүүлч Хавьер Блас “Твиттер” хуудсандаа жиргэжээ.
“Байгалийн хийн хувьд одоогийн хийн тухай гэрээ хэлцэл нь яагаад хангалтгүй байсныг ойлгохын тулд Европын хийн зах зээлийн үйл ажиллагааг судлах ёстой” хэмээн мэдэгдэлд дурьджээ.
Дээр дурьдсан таван орон үнийн өсөлтийг бууруулахын тулд байгалийн хийн нөөцийн талаар нийтлэг дүрмийг баримтлахыг уриалав. Тус мэдэгдэлд ерөнхий нөхцөл байдлыг сайжруулахын тулд худалдан авалтын зохицуулалтыг нэмэгдүүлэхийг санал болгожээ.
Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг ба хэрэглэгчдийн эцсийн үнийн хоорондын уялдаа холбоог сайжруулахын тулд Европын Холбооны цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх шаардлагатай гэж баримт бичгийг боловсруулагчид үзжээ.
Санаачилга гаргасан таван улсын дүгнэснээр байгаль орчинд ээлтэй цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг хурдан нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.
“ICE” биржийн мэдээллээр аравдугаар сарын 4-ний арилжааны үеэр Европ дахь хийн үнэ дахин дээд амжилтыг эвдэж, 1000 шоо метр тутамд 1,2 мянган америк доллароос давжээ. Өнгөрсөн долоо хоногт энэ тоо түүхэнд анх удаа 1000 доллараас давсан.
ОХУ-ын “Газпром” компанийн ТУЗ-ийн дарга Алексей Миллер өмнө нь Европ дахь газар доорхи агуулахуудад хий шахах ажил удааширч, эрэлт нэмэгдэж байгаа нь Европт түлшний үнэ дээд амжилт тогтоож өссөн бөгөөд ойрын үед бүр ч илүү өсөх магадлалтай байгааг тэмдэглэжээ.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.