Ярилцлага

Ургамлын генетик нөөц судлаач Т.Атарсайхан: Тэрбум мод тарья гэвэл эхний 1-2 жилд бэлтгэл ажлаа хийх ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс “2030 он гэхэд нэг тэрбум мод тарина” гэж мэдэгдсэн. Энэ нь цаг үеэ олсон, чухал агуулгатай уриалга. Гэвч нарийн төлөвлөгөө алга. Төрийн байгууллагууд, олон нийт мод тарих ажилд хэт түргэдээд орчихов уу гэлтэй.

Эл сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор (PhD), УГТХ-гийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч Т.Атарсайхантай цахимаар холбогдож, товч ярилцлаа. Тэр Дархан-Уул аймагт амьдарч, энэ чиглэлд судалгаа хийсээр буй бөгөөд ургамлын генетик нөөцийг хамгаалах сэдвээр мэргэшсэн нэгэн юм.


-Ерөнхийлөгчийн уриалгыг дагаад төрийн байгууллагууд идэвхийлэн мод тарьж эхэллээ. Одоо намрын сүүл сар. Ийм цагт яг ямар төрлийн модыг таривал өвлөө даадаг юм бэ?

-Манай орны уугуул, зэрлэг модны төрлүүдийг намар цагт тарьж болдог. Нөгөө талд, сүүлийн жилүүдэд гадаадын орнуудаас модны суулгац ихээр авчирч, тариалж, үржүүлэх болсон. Тухайлбал алим, интоор, чавганы мод байна. Мөн агч зэрэг гоёлын моддыг нэрлэж болно. Тэдний хувьд ургалтын хугацаа урттай тул намар тарихад төдийлөн тохиромжгүй.

Энгийнээр хэлбэл, суулгац маань өвөлдөө бэлтгэж, нахиа зангидаж амжсан байх хэрэгтэй. Тэгж гэмээ нь мэнд үлдэнэ. Харин дээр дурдсан модод нь тэгж амжилгүй өвөлтэй золгодог гэсэн үг. Харин хайлаас, гүйлс, бүйлс зэрэг Монголдоо зэрлэгээр ургадаг моддын хувьд өвлөө даачихна. Өвөлд тэсвэртэй жимс, жимсгэний моддоос үхрийн нүд, чацаргана, тошлой зэргийг ч нэрлэж болно.

-Мод үржүүлгийн газраас олон нийт ихэвчлэн ямар төрлийн модны суулгац сонгож авдаг юм бол?

-Ойжуулах кампанит ажлын хүрээнд шилмүүст мод авч, тарих нь элбэг. Харин айл, өрхүүд жимс, жимсгэний моддыг түлхүү тариалахыг эрмэлздэг. Бидний өнөөдөр ярилцаж буй энэ сэдвийн хүрээнд хамгийн анхаарууштай зүйл гэвэл, эрдэмтдийн хийсэн судалгааны ажлууд байгаа юм л даа.

Тодруулбал, Монголын эрдэмтэд мод үржүүлгийн салбарт маш их судалгаа хийж, сорт бүрийн стандартыг батлуулсан байдаг. Гэвч иргэд судлагдаагүй буюу нутагшаагүй сортын суулгацыг мэргэжлийн биш хүнээс худалдаж авах тохиолдол элбэг. Гэтэл Стандартчилал, хэмжил зүйн газар, ХХААХҮЯ зэрэг байгууллагуудын албан сайтаас моддын сорт, тэдгээрийн стандарттай шууд танилцах боломжтой.

Судалгааны хүрээнд хийгдсэн олон ажлуудын зах зухаас дурдахад ийм. Өөрөөр хэлбэл манай монголчууд эрдэмтдийнхээ бүрдүүлсэн мэдлэгийн нөөцийг ашиглахдаа тааруу гэх үү дээ.

-Эрдэмтдийн дуу хоолойг эл уриалгын хүрээнд сонсож, ажиллах нь зүйтэй. Одоогоор таны нүдээр нэг тэрбум модыг шинжлэх ухаанчаар, эрдэмтдийн судалгаанд суурилж тарих төлөвлөгөө харагдаж байна уу?

-Том зургаараа бол нэг тэрбум мод тарих нь цагаа олсон, зөв санаачилга. Гэвч аливаа ажилд бэлтгэл хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хүний болоод модны суулгацын нөөцөө бид бэлдсэн үү гэдэг асуудал хамгийн түрүүнд тавигдана. Түүнчлэн иргэдийн мэдлэгийн нөөц ямар байгаа нь ч санаа зовоож байна. Миний харж буйгаар, эхний 1-2 жилд ер бэлтгэл ажил хийж, сайтар төлөвлөх шаардлагатай.

Тухайлбал, ихэнх аймгууд жилдээ 2 сая мод тарина гэсэн зорилт дэвшүүлж байх шиг. Миний амьдардаг Дархан-Уул аймагт гэхэд нийт 20 сая, жилдээ 2 сая мод тарих чиглэл өгөгдсөн. Энд мод үржүүлгийн газар цөөнгүй л дээ. Гэвч тэд нийлээд жилдээ ер 300-400 мянган модны суулгацын нөөц л бүрдүүлэх чадалтай. Энэ 2019 оны судалгаа юм. Тэдгээрийн 52 мянга нь жимс, жимсгэний мод.

Ингээд харахад суулгацын нөөц нь зорилтот дүнгээ хангаж чадахгүйд хүрч байна. Хэд дахин бага байна шүү дээ. Монголдоо мод үржүүлгийн газар олонтой Сэлэнгэ аймгийн хувьд дээрх тоо 600-700 мянга л болж өснө. Үүний дээр, бусад аймаг хотууд модны суулгац авахдаа Сэлэнгэ, Дархан-Уул аймаг руу ханддаг. Тэгэхээр үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээс л тэр бэлтгэл ажил маань эхэлнэ гэж харж байна.

-ОХУ-ын зүгээс бидэнд модны суулгацуудаар туслах боломжтой гэсэн агуулга илэрхийлсэн байсан. Гадаадаас импортолж оруулж ирсэн суулгацууд энд батлагдсан стандартаас зөрөх үү?

-Манай улсын хувьд модны суулгацынхаа нэлээд хэсгийг ОХУ-аас авсаар ирсэн л дээ. Ургах, амьдрах чадварын хувьд дутахгүй. Гэхдээ тухайн бүс нутагтаа үржүүлсэн суулгац мэдээж илүү үр дүнтэй.

-Таны дурдсан тоогоор бодоход ойрын хэдэн жилдээ дотоодын нөөцөөр модны суулгацаа хангаж дийлэхгүй юм байна. Ер 2030 он хүртэл дотоод эрэлтээ хангах хэмжээний нөөцөө өөрсдөө бэлддэг болох боломжтой юм уу?

-Миний харж буйгаар, бид эхний таван жилийнхээ ажлыг одоо байгаа нөөцдөө тулгуурлаж хийх хэрэгтэй. Харин цаашид зах зээлийн эрэлтээ дагаж, мод үржүүлгийн газрууд хүчин чадлаа нэмэх байх. Иймд тэднийг урт хугацаандаа бодлогоор дэмжих нь зүй.

Мод үржүүлнэ гэдэг их хөдөлмөр л дөө. Доод тал нь л хоёр жил хичээж байж нэг модны суулгац бэлэн болно. Гэвч эргээд зах зээлийн үнэлэмж нь асар бага. Энэ хөдөлмөрийг иргэд, ААН-үүд төдийлөн олж хардаггүй. Нэг суулгацыг 2 мянган төгрөгөөр худалдаж авахдаа дуртай биш байдаг. Нэг талдаа үүнээс шалтгаалж өдийг хүртэл мод үржүүлгийн газрууд төдийлөн өргөжөөгүй байна л даа.

-Моддыг тарих бүс нутгаар нь, ач холбогдлоор нь ангилах шаардлагатай юу. Цөлжиж буй говийн нутгуудаар заавал, төдий тоогоор тарина гэдэг ч юм уу?

-Мэдээж шаардлагатэй. Нэг тэрбум мод тарих аяны хүрээнд хэд хэдэн төрлийн ойжуулалт хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт говийн бүст, цөлжилтийн эсрэг чиглэсэн ойжуулалт. Хоёрдугаарт, газар тариалан хийгдэж, хөрсний эвдрэлд орсон газруудад агро-ойжуулалт хийх хэрэгтэй. Гуравт нь, уул уурхайн нөхөн сэргээлт, зайлшгүй. Түүнчлэн хот, суурин газруудад ногоон байгууламж байгуулахаа ч мартаж болохгүй.  

Эдгээрээс туйлын чухал нь цөлжиж буй говийн бүс нутагт мод тарих асуудал юм. Энэ Монголд төдийгүй Азидаа тэргүүн эгнээнд тулгамдсан асуудал болсон. Тийм ч учраас төр засгийг маш том хүрээний стратеги, төлөвлөгөө гарах байх гэж хүлээж байна. Одоогоор яг тодорхой төлөвлөлт харагдахгүй л байна.

Иргэдийн хувьд ч тэр нэгдсэн төлөвлөгөөний нэг хэсэг болж, модоо тариалах хэрэгтэй. Харин хэн дуртай нь, хаа дуртай газраа, тааралдсан модоо тариад байвал энэ үр ашиггүй ажил болно. Хэрэв иргэд, байгууллагуудын энэ нама тарьсан модод ургахгүй бол ажил урт хугацаандаа тогтмол урагшлахгүй шүү дээ. Тиймд эхнээсээ зөв төлөвлөгөө хэрэгжүүлж, улмаар суулгацууд амжилттай ургаад ирвэл иргэд, ААН-үүд ч урамших болов уу.

-Нэгдсэн төлөвлөгөөний хүрээнд мод тарих газруудыг ч тусгайлан зааж өгөх ёстой мэт. “Мод тарья” гээд л нэг иргэн хотоос жаахан зайдуу гарч байгаад, шууд нэг нүх ухаад суулгачихаж мэдээж болохгүй биз дээ?

-Тийм шүү. Дархан-Уул аймгийн тухайд тийм маягийн төлөвлөгөө гаргасан байна л даа. “Энэ газарт ийм хэмжээний ойжуулалт хийгдэнэ”, “Энэ хэсэгт иргэдийг, энэ хэсэг байгууллагуудыг дайчилна” гэх мэтээр. Үүнийгээ бүр газрын албадтайгаа ярилцаж, зургийг нь гаргаж, хэн, хаана, ямар мод тарихыг харьцангуй тодорхой болгосон байна.

-Энэ төлөвлөгөөг Дархан-Уул аймгийн удирдлагууд өөрсдөө хийсэн гэсэн үг үү?

-Тийм, Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас санаачилсны дагуу эрдэмтэд хамтран ажиллаж, ийм төлөвлөгөө гарсан. Ингэхээр нэгж иргэнд хүртэл яаж, ямар модыг хаана тарих нь тодорхой болоод явчихна. “Шинэ хүүхэд өлгийдөн авбал энэ газарт ирж 10 ширхэг шилмүүст мод тарьж болно шүү”, “Энэ хэсэгт нарсан ой байгуулна шүү” гэх зэргээр төлөвлөсөн.

-Зөвхөн хөдөө, гадаа биш, нүүрсхүчлийн хий их ялгардаг хот дотор ч мод тарих шаардлагатай юу?

-Тийм, хот байгаа л бол ногоон байгууламж заавал байх ёстой. Хамгийн их хүчилтөрөгч ялгаруулдаг мод бол шилмүүст модод. Гэтэл шилмүүст модыг үржүүлэхэд 10 жилийн дараа л сая нэг 1.5 метр өндөрт хүрнэ. 10 жил арчилж, ургуулсан энэ суулгацаа хэрхэн үнэлж, иргэдэд худалдах вэ гэдэг өнөөдөр маш маргаан дагуулсан асуудал болсон.

Учир нь, зарим иргэд моддыг нялхад нь зүгээр л уулнаас ухаж авчраад, үржүүлгийн газруудаас хямд худалдчихдаг. Гэтэл мод үржүүлгийн газар ургасан суулгац ургахдаа, амьдрахдаа шал өөр.

-Ерөнхийлөгчийн уриалгын дараа 2030 он хүртэлх хугацаанд тэрбум мод тарьж яагаад ч амжихгүй нь гэдэг энгийн тооцооллыг олон нийт хийж байсан. Цаг хугацааны хувьд боломж, бололцоог нь мэргэжлийн хүний нүдээр хэрхэн харж байна вэ?

-Зөв төлөвлөгөө л гаргаж чадвал 2030 он хүртэл нэг тэрбум мод тариалах бүрэн боломжтой гэж харж байна. Одоо цаашдаа яаж тариалах юм бэ. Ингээд л нэг байгууллагын хамт олны хүчинд, эсвэл хэн сонирхсных нь хүсэл дулдуйдаад яваад байх уу. Эсвэл шинэ технологи оруулж ирэх юм уу. Нөгөө л хувингаар усаа зөөгөөд, нүхээ хүрздэж ухаад суух уу зэргээ төлөвлөх хэрэгтэй.

-Мод тарихаар төлөвлөж буй иргэнд модыг яаж таривал илүү мэнд үлдэж, амжилттай ургах боломжтой тал дээр зөвлөгөө өгнө үү?

-Хамгийн эхэнд тарих гэж буй модныхоо стандартын шаардлага хангасан суулгацыг таньж, сонгож авах хэрэгтэй. Өнөө цагт ямар ч модны ургах нөхцөлийг олж мэдэх боломжтой цахим орчин бий бүрдсэн. Тэгэхээр авсан суулгацаа хэрхэн, ямар нөхцөлд тариалж, дараа нь хэрхэн арчлах төлөвлөгөөгөө зөв гаргах бололцоо нь иргэдэд байна.  

Нөгөө талд, мэргэжлийн бус хүмүүс мод үржүүлж, стандарын бус суулгацуудыг иргэд, ААН-үүдэд нийлүүлэх гэж их оролдох нь элбэг. Тэгэхээр үүнийг худалдан авагч ялгаж мэддэг байх хэрэгтэй. Энэ тухай мэдээлэл албан сайтууд дээр байдаг талаар дээр дурдсан.

Мөн манайхан мод тарьчихаад л орхичихдог.  Мод бол амьд организм шүү дээ. Долоо хоногт нэг удаа очиж услаад, хөрсийг нь сийрүүлээд байхад шал өөр ургадаг.

-Нэг тэрбум мод тариалах ажлын хүрээнд мод үржүүлгийн газруудыг өргөтгөх  нь чухал юм байна. Гэвч дагаад стандарт бус суулгац үржүүлж зардаг, уулнаас мод ухаж авчраад худалддаг иргэдийн ашиг сонирхол ч нэмэгдэх эрсдэлтэй гэж ойлголоо?

-Тэд үүнээс хойш улам олшрох нь тодорхой.  Тиймээс иргэдэд энэ тухайд сонголт хийх мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал болж байна. Төр мэдлэг олгох хүрээнд ч ажлаа хийх хэрэгтэй болж буй.


ЭНЭ СЭДВЭЭР БЭЛТГЭСЭН ӨМНӨХ КОНТЕНТ:

Ядуурлаас гаргах “Тэрбум мод” төсөл ба 4.3 их наядыг “босгох” МӨРӨӨДӨЛ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кочин
Кочин
10 сар 13, 2021 13:05

За даа мод үрслүүлэх аэил �##�ь эртнээс хийгдсээр л байгаа шдээ..Юун заах дуртай гарууд вэ..гар биеээрээ оролцооч..

Bataa
Bataa
10 сар 13, 2021 13:10

Төлөвлөлт болоод бэлтгэл ажил.Үрсэлгээ,арчилгаа...Гэнэт субботникоор хийх ажил биш.

Saraa
Saraa
10 сар 13, 2021 13:10

Яг цаг үеээ олсон шийдэл мөн үү. Арай өөр зүйлд анхаарлаа хандуулсан дээр бус уу

содбилэг
содбилэг
10 сар 13, 2021 13:10

Д�##�ан х�##�ьс жимсгэнэ модноос авч зөвөлгөө аван тарьсан Ажлын амжилт хүсье????

м
м
10 сар 13, 2021 16:48

Бэлтгэл ажил гэж 2 уил �##�даад яхав дээ.Тарж эхэлсэн нь зөв ш дээ мод тахих сонирхолтой бүхэн хашаандаа зусландаа өвөлжөө бууцандаа тарж байна шүү дээ ингэж ажил сааруулаад яхав дээ

Zochin
Zochin
10 сар 13, 2021 18:59

Tegj taarah bhaa

Зочин
Зочин
10 сар 16, 2021 10:52

1тэрбум модыг нэг жилд тарьж болно

Холбоотой мэдээ

Back to top button