УЛС ТӨР

Н.Ганибал: Хог хаягдлын хуулийг зөрчсөн тухай мэдээллийг өгвөл урамшуулал олгоно

УИХ-ын гишүүн Н.Ганибал

 Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, олон нийтээс санал авахаар цахим орчинд байршуулаад байгаа талаараа фэйсбүүктээ нийтэлжээ. Бид уг хуулийн төсөлд ямар шинэлэг зохицуулалт тусгасныг тодрууллаа.

Та хуулийн төсөлдөө одоо мөрдөгдөж буй Хог хаягдлын тухай хуульд байхгүй ямар зохицуулалтыг шинээр тусгаж өгсөн бэ?

Эхлээд энэ хуулийг бичихэд хүрсэн нөхцөл байдлыг тайлбарлая. Монголчууд бид тэнүүн уудам, үзэсгэлэнтэй газар нутгийг эзэгнэн аж төрдөг, азтай ард түмэн. Гэхдээ хаа ч очсон хогондоо дарагдсан дүр төрх угтахыг хараад эмзэглэл төрдөг л дөө. Хүмүүс бидний л ухамсаргүй үйлдлийн үр дүн шүү дээ. Хэдийгээр зориулалтын бус газарт хог хаясан нь тогтоогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянга, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгох заалттай ч илрүүлэлт нь маш хангалтгүй байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн  иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох хуулийн заалттай ч хэрэгжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байлаа.

Парламентын гишүүд хууль батлахаас гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Мэргэжлийн хяналтын газраас эхлээд 21 аймаг, 9 дүүрэг рүү асуулт, албан бичиг илгээж,  тайлан мэдээлэл хүлээж авсан. Тэдгээр тайлангаас харахад мөнгөн урамшуулал олгох дээрх хуулийн заалт огт хэрэгжээгүй байна. Бүр нэг ч тохиолдол байхгүй шүү. Тэгэхээр энэ хуулийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажил хангалтгүй хийгдсэн гэсэн үг. Нөгөө талдаа санхүүжүүлэх эх үүсвэрийг нь ч хуульчилж өгөөгүй байгаа юм.

Иймд миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Төслөө www.lawforumparliament.mn  сайтад байршуулсан байгаа, хүссэн хэн бүхэн орж танилцаад саналаа илэрхийлэх боломжтой.

Одоо таны асуултад хариулъя. Улсын Их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан байдаг. Уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т “Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгоно” гэж тусгасан. Гэвч өмнө хэлсэнчлэн энэ урамшууллыг хаанаас санхүүжүүлэх талаар хуульд тодорхой заагаагүй байна. Миний боловсруулсан төслөөр санхүүжилтийг нь тухайн орон нутгийн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргахаар зохицуулалт хийсэн.

Мөн дээрх хууль тогтоомж зөрчсөн талаарх мэдээллийг иргэн хэнд, ямар хэлбэрээр өгөхийг тодорхой зааж, мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийг шуурхай шалгаж, арга хэмжээ аваагүй этгээдэд хариуцлага тооцох талаар ч нарийвчлан тусгасан.

Түүнчлэн иргэн мэдээлэл өгөхдөө бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, гүтгэх зэргээс урьдчилан сэргийлж, хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан.

Тусгай хамгаалалттай газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тухайн газраа хамгаалах, цэвэрлэх үүрэг хүлээдэг биз дээ?

Тийм ээ, тусгай хамгаалалттай газар нутгийг арчлан хамгаалах, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, ААН-үүдэд шилжүүлдэг. Ийм гэрээ байгуулсан иргэд болон компаниуд байгалийн баялаг, газрыг ашиглан жуулчны бааз, сувилал гэх мэт үйл ажиллагаа явуулахдаа түүнийг хамгаалах, нөхөн сэргээх чиг үүрэг давхар хүлээдэг. Гэсэн хэдий ч тусгай хамгаалалттай уул, гол, мөрөн зэрэгт тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй. Тэдгээр газрыг голдуу байгаль хамгаалагч нар өөрийн зардлаар цэвэрлэж, устгаж, тээвэрлэдэг. Үүнд гарах зардлыг орон нутгийн төсвөөс гаргах талаар зохицуулалт мөн л дутмаг. Тиймээс “Хог хаягдлын үйлчилгээний хураамж”-аас тухайн орон нутагт байрлах тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, ариутгах, халдваржүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргах талаар төсөлд тусгаж өгсөн.

Хог хаягдлын хураамжаас төсөвт хичнээн төгрөг төвлөрдөг юм бол?

Хог хаягдлын үйлчилгээний хураамжаас 2007-2012 онд жилд дунджаар 2,3-3,6 тэрбум төгрөг төвлөрч байсан юм билээ. Сүүлд энэ хураамжийг татварын нэг төрөл болгон, орлогын биелэлтэд нь орон нутгийн татварын алба хяналт тавих болсноор 2019 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 16 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Тэгэхээр энэ хураамжаас багагүй орлого улсын төсөвт ордог байгаа биз. Гэтэл улсын тусгай хамгаалалттай газрын хог хаягдлыг устгах, тээвэрлэх, ариутган халдваргүйжүүлэх зардлыг орон нутгийн төсөвт тусгаагүй байдаг.  Үүнийг хуульчлаад өгчихөж байгаа юм.

Төслөө хэзээ өргөн барих вэ?

Төсөл бэлэн болсон. Өргөн барихаасаа өмнө санал авахаар Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг яамд, агентлагууд мөн 21 аймгийн Засаг дарга нарт төслөө хүргүүлсэн байгаа.  Түүнчлэн олон нийтээс санал авах зорилгоор lawforumparliament.mn сайтад байршуулсан. Энэ төсөлтэй танилцаж, саналаа илэрхийлэхийг нийт иргэддээ уриалж байна. Холбогдох газрууд болон иргэдээс ирүүлсэн саналуудыг нэгтгээд энэ чуулганы хугацаанд багтаан төслөө өргөн барина. Хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах шаардлагад ихээхэн нөлөөлдөг. Тиймээс магадгүй, зарим хүний хувьд жижигхэн асуудал байж болох ч орхигдуулж болохгүй, маш чухал энэ асуудлыг ямар ч хийдэлгүйгээр хуулийн зохицуулалт хийж өгөхийг зорьж байна. 

Та гурван сарын өмнө Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-асуулга тавьж байсан. Одоо боловсруулж буй хуулийн төсөлтэй холбоотой байсан уу?

Тийм ээ, Хог хаягдлын тухай хууль тогтоомж дээр засч сайжруулах шаардлагатай зүйлс байгааг анзаарсан учраас бэлтгэл ажлынхаа хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавьсан. Ер нь хууль бичнэ гэдэг маш их судалгаа шаарддаг ажил л даа. Хүн хүний харах өнцөг өөр учраас надад ийм сэтгэгдэл төрлөө гээд түүндээ тааруулж хууль бичиж болохгүй. Бүх талын эх сурвалжуудаас албан ёсны тайлбар, мэдээлэл авч, шаардлагатай судалгаануудыг хийж, дүгнэлт гаргаж байж хууль бүтдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button