ЭДИЙН ЗАСАГ

Н.Цэрэнбатын “Эрдэнэс оюу толгой”-н захирал болохдоо хүлээсэн үүрэг юу вэ

Монголын Засгийн газар, “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээрийг “Хэвийн үргэлжилж байна” хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо онцолжээ. Хэлэлцээртэй холбоотой шинэ, сонин албан мэдээллүүд тэр бүр дуулдахаа байсан ч Засгийн газрын зүгээс зориуд “унжсан” байр суурь илэрхийлэх болсон нь анхаарал татаж байгаа.

Тодруулах юм бол, энэ чиглэл дэх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Рио Тинто” групп рүү “Бид сэтгэл дундуур боллоо. Хэлэлцээнд ахиц гарахгүй байна” гэсэн агуулгатай захидал бичсэн. Араас нь Б.Солонгоо дарга ч хэвлэлд ийм утгатай байр суурь илэрхийлжээ.

“Рио Тинто” группийн хувьд Засгийн газарт хэд хэдэн санал тавьсан. Үүндээ 1 их наяд төгрөгийн төсвийн дэмжлэг үзүүлэх, ноогдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах зэрэг нөхцөлүүдийг дурдсан байгаа. Засгийн газрын зүгээс эдгээрт тодорхой байр суурь илэрхийлээгүй.

Харин далд уурхайн зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөлөөс болсон гэх байр сууриндаа “Рио Тинто” бат зогссоор байгаа юм. Үүнд нь Засгийн газар сэтгэл дундуур байгаа бөгөөд “Үүнийгээ дорвитой үндэслэл тавьж тайлбарлахгүй бол бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд үндэслэж, хэлэлцээнд хандана” гэж мэдэгдээд байгаа билээ.

Хэлэлцээн дэх хоёр талын зөрчилдөөд буй нэг цэг нь эл сэдэв. Үүн дээр нь нэмээд далд уурхайн олборлолт эхлэх хугацааг дахин гурван сараар хойшиллоо гэж “Рио Тинто”-гоос зарлаад байна.

-34 ХУВИА ЗАРАХ БИШ, БАРЬЦАА УЛАМ ЛАВШРУУЛАХ ТАК ТИК-

Эдгээрийн цаана далд яригдаж буй өндөр ач холбогдол бүхий нэг асуудал нь “Эрдэнэс оюу толгой” ХХК. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр Засгийн газрын байгуулсан тус компани “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг. Зарим эдийн засагчид эл 34 хувиа зөрж, гагцхүү роялти татвар авдаг болбол эдийн засагт ирэх өгөөж нь илүү гэж үздэг.

Харин хэлэлцээний багийнхан эл агуулгыг төдийлөн урьтал болгохгүй байгаа. Оронд нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьж буй бөгөөд 34 хувьтайгаа үлдэх сонирхолтой байгаа юм. Түүнчлэн, 34 хувь эзэмшдэгийн хувьд “Эрдэнэс оюу толгой” ХХК-иар дамжуулж Оюу толгой төсөлд хяналт тавих, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг хөндөж байна.

Өөрөөр хэлбэл “Эрдэнэс оюу толгой”-гоор дамжуулж Оюу толгой төсөл дахь Монголын Засгийн газрын оролцоо, хяналтыг сайжруулах энэ зорилго олон нийтэд төдийлөн мэдээлэгдэхгүй байгаа юм. Хэлэлцээний багийнхан өнгөрсөн хугацаанд Монголын тал төсөлд хяналт тавих, нээлттэй мэдээллээр хангагдах тал дээр дутмаг явж ирсэн гэж үзэж буй. Хаягдсан байсан ч гэж болно.

Харин саяхан “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Цэрэнбатыг томилсон явдал нюансын хувьд эл сэдэвтэй уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл  тэр Оюу толгой төслийн менежментэд Засгийн газрын тавих хяналтын эрх мэдлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн нь үүгээр харагдаж буй. Н.Цэрэнбатын хувьд Оюу толгойд холбогдох хөшигний ар дахь мэдээллүүдээр баялаг нэгэн гэгддэг.

Товчоор хэлэхэд эл албан тушаал нь ер Оюу толгой төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэх бүхий л эрх мэдлийн “гал тогоо” болох дүр зурагтай байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button