Байгаль хамгаалагч Н.Дорж: Идэш, усгүйн улмаас баавгай, согоо, буга, аргаль нийслэл рүү орж ирэх болсон

-УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ БҮХИЙ ЕСӨН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИЙН НЭГ НЬ БИ-

НБОГ-ын байгаль хамгаалагч Н.Доржтой уулзаж ярилцлаа.
-Тантай уулзах гээд холбогдоход Био компинат, Эмээлтэд ажлаар явж байна гэсэн. Тэгэхээр нэлээд том газар нутгийг хариуцан ажилладаг бололтой?
-Би Толгойт хэсгийн ахлагч. Баруун зүүн салаа, Найрамдал, Баруун туруун, Эмээлт буюу СХД-ийн 32, 21, 22 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороог хариуцан ажилладаг. 27 мянган га газраас 400 га нь ойн сан, бусад нь тал хээрийн бүс, дамжин өнгөрөх хяналтын цэг бусад гэх мэт. Миний тухайд байгаль хамгаалагчаар ес дэх жилдээ ажиллаж байна. ХААИС-ийг байгаль хамгаалагч, экологич мэргэжлээр төгссөн.
-Байгаль хамгаалагч гэхээр ой мод л хамгаалдаг хүн гэж боддог, ихэнх нь. Гэтэл үгүй юм байна?
-Буу үүрч морь унаад явдаг байгаль хамгаалагчийн үе өнгөрсөн. /инээв/. Өнөөдрийн байгаль хамгаалагч хог хаягдал, ойн сан, ААН-ийн хяналт шалгалт, ус ашиглалт гээд бүхий салбарын үйл ажиллагаанд оролцож байна. Ингэхдээ ойн тухай хууль, усны тухай хууль, ургамлын тухай хууль, зөрчлийн тухай хууль, хялбаршуулсан журмаар хэрэг нээж прокурорт хянуулж арга хэмжээ авах ажлуудыг зохион байгуулдаг. Нийслэлийн хэмжээнд улсын байцаагчийн эрх бүхий есөн байгаль хамгаалагч байдгийн нэг нь би.
-Таны хариуцсан хэсгийн онцлог, ямар ямар асуудлууд ихэвчлэн гарлаг вэ?
-ААН-үүдийн худаг усны холбогдолтой зөрчлүүд маш их гарч байна. Эмээлт орчимд БНХАУ-ын болон дотоодын 60 гаруй ААН үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд ус ашиглах зөвшөөрөл нь байгаа ч тоолуур тавиулаагүй учраас газрын гүний усыг хэмжээ хязгааргүй ашиглаж байна. Өдөрт нэг компани 80-90 тонн ус хэрэглэдэг гэсэн мэдээлэл байна. Ойрын өдрүүдэд холбогдох газруудтай хамтраад тоолуур тавиулах ажлыг эхлүүллээ. Мөн ААН бүрийг паспортжуулаад усны төлбөрийг нь нөхөн төлүүлнэ. Иргэдийн зүгээс зан үйлийн холбогдолтой зөрчлүүд их гардаг. Жишээ нь, бөө зайрангууд уулын ам болгонд нэг овоо босгочихсон. Үүнийгээ шүтэх, тахих зан үйл хийх нь олширсон. Энэ нь хуурайшилтын үед түймэр гарах магадлал өндөр байна. Бид байнгын хяналт шалгалт хийж болгоомжлуулах, сэрэмжлүүлэх асуудлаар ярьдаг, хэлдэг. Асуудал үүссэн нөхцөлд ойн тухай хуулиар торгодог.

-ИДЭШ, УС НЬ ХОВОРДСОН ЗЭРЛЭГ АМЬТАД НИЙСЛЭЛ РУУ ОРЖ ИРЭХ БОЛСОН-
-Онцлог...?
-Манай хэсэгт шалган нэвтрүүлэх хоёр цэг ажиллаж байна. Баруун аймгуудаас орж байгаа хууль бус ан амьтангийн холбогдолтой эд зүйлс Эмээлтэд буудаг учраас хяналт шалгалтыг байнга хийдэг. Энэ жилээс Нийслэлийн байгаль орчны газраас байгаль хамгаалагчдад үнэрч нохойтой болгох ажлыг эхлүүлж хамгийн эхний нохойг надад өгсөн. Одоо над дээр ирээд сар болж байна. Үнэрч нохойн эрлийн ажлыг нийслэлийн хэмжээнд Макс /нохойны нэр/ бид хоёр эхлүүлнэ.
-Зэрлэг ан амьтад энэ бүс рүү орж ирдэг. Та энэ талаар ярилцлага өгч байсан даа?
-Эмээлт, Баруунтуруун бол зэрлэг ан амьтан гүйдлийн бүсчилсэн нутаг. Нэг талаас Хустайн нуруу ойрхон байна. Нөгөө талаас иргэд жимс самар их түүснээс болж идэш хоол нь ховордож, булаг шанд нь ширгэснээс усгүй болоод наашаа орж ирдэг. Саяхан гэхэд л “Монгол наадам” цогцолборт хээлтэй согоо орж ирснийг бид нар амьтныхаа мэргэжилтэнтэй хамтраад гаргасан. Ноднин намар баавгайн бамбарууш орж ирсэн. Уржинан аргаль орж ирснийг нутагшуулсан. Энэ мэтээр зэрлэг ан амьтан манай энэ 361 гарам, Эмээлт орчмоор дамжиж явдаг. Аргалийн хурга ирж төлөг болтлоо айлын хонь бараадаж амьдарсан. Бид нар ХААИС-ийн багш нартай нийлээд Говьсүмбэрт нутагшуулж тавьсан.
-Амьтдаас иргэдээс хамгаалах ажил бас гарах уу?
-Тэгэлгүй яахав. Агначих гээд л байна шүү дээ. Тэр жил Эмээлт дээр хоёр буга орж ирээд сар гаруй харсан. Эмээлт орчим БНХАУ-ын иргэд их байдаг, бугын эд эрхтэн авдаг болохоор болгоомжилж манах хэрэгтэй байсан. Зэрлэг амьтан бол адуу мал шиг агуулж хашиж болдоггүй. Нэг л шөнө нутаг сэлгээд явчихдаг. Хоёр буганы нэг нь өөрөө явчихсан, нөгөө нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байсан болохоор нийслэлийн ногоон бүс Нарийны аманд буга нутагшуулдаг Дорж гэдэг хүний сүрэгт нийлүүлсэн.
-Макс нохой ажлаа ирэх сараас эхэлнэ гэсэн. Нохойгоо танилцуулаач?
-Макс бол нисэхийн аюулгүй байдалд онгоцны аюулгүй байдлыг хангаж тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх үүрэгтэй ажиллаж байсан. ЦЕГ-аас зохион байгуулсан тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн ур чадвартай сайн нохой, одоо 5 настай. Макс нэг удаа нэг онгоцыг өдөржин саатуулж эхэл хийж дэлбэрчихсэн зай илрүүлсэн гэж сургагч багш нь ярьж байсан. Ер нь бол нисэхээс тэтгэвэртээ гарсан нохой гэж ойлгож болно. Бид хоёр удахгүй сургалтаа төгсөж батламжаа аваад ажилдаа орно.
-Тэтгэвэртээ гарчихсан нохой ажлын бүтээмж нь зүгээр үү?
-Тэсрэх бодисын тухайд нэг хоёр настай гөлгөн нохой сайн ажилладаг юм байна. Тэр утгаараа Максыг нааш нь шилжүүлсэн. Байгаль орчинд бол хангалттай ажиллах ур чадвар бүхий нохой гэж үзэж байгаа. Ямар ч амт үнэргүй тэсрэх бодис илрүүлж байгаа нохой амттай үнэртэй ангийн гаралтай эд зүйлсийг илрүүлэхэд ойрын 2-3 жилдээ асуудалгүй сайн ажиллана гэж багш нар нь хэлсэн.
-Ажлын онцлог, тулгамддаг асуудлын тухайд?
-Нэг үеийг бодоход хангамж энэ тэр сайжирсан. Шинэ мотоцикль өглөө. Байршил тогтоогч, дрон, буу, бороохой одоо дээрээс нь эрэлч нохойтой болчихлоо. Нэгэн үеийг бодоход иргэдийн маань хууль зөрчих асуудал ч бас гайгүй болж байна. Хогоо аваад явдаг боллоо. Байгаль хамгаалагчийн үгэнд орноо, бас. Согтууруулах ундаа хэрэглэсэн аялагчид их ширүүн ш тээ. /инээв/ Монголынхоо нутаг дэвсгэр дээр ганц шил архи ууж болохгүй юу гэж агсарна. Болохоос нь болохгүй хүртэл үзэж зохицуулна. Байгаль орчинтой холбоотой асуудал үүсвэл би өөрөө улсын байцаагчийн эрхтэй учраас торгоно, арга хэмжээ авна. Агсам согтуугийн асуудлыг цагдаадаа хариуцуулна. Ер нь бол хариуцсан нутаг дэвсгэр дээрээ өдөрт 100-150 км газар явж ажилладаг. Малтай иргэд,морин эргүүл бүхий идэвхтэн байгаль хамгаалагч нарын дөрвөн хүнтэй хамтран ажиллдаг. Тэд маань малаа хариулангаа байгаль орчинтой зөрчлийн мэдээлэл өгдөг.
-Байгальд хайртай хүмүүс ч бас байдаг байх?
-Тийм шүү. Манай идэвхтэн байгаль хамгаалагч нар бол маш сайн ажилладаг. Бас булаг шандны эхийг хамгаалалтад аваад үлгэр жишээ авахуйц сайхан янзалсан ажил байна. Ерөөсөө байгаль орчинд иргэн хүний сэтгэл зүрх их чухал нөлөөтэй. Хайрлаад, хамгаалаад зөв зохистой харьцаад байвал байгаль эх хэдэн сая жил унаган төрхөөрөө орших бүрэн боломжтой.
-Эрсдэлтэй явдалтай тулгарч байв уу?
-Бид нар ихэвчлэн үүрээр шалгалтад их гардаг. Хууль бус модны хулгайчидтай олон жил тэмцлээ. Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн ачаар олуулаа явдаг учраас эрсдэл нь гайгүй. Буутай хүнтэй хоёр гурван удаа таарч байсан. Ажлын арга туршлага самбаачлагаар бууг нь эхэлж авдаг. Ер нь эрсдэлтэй, амь өрссөн нөхцөл байдалд ордог ажил. Гэхдээ хувь хүний ажлын туршлага, зан харилцаа, багийн ажиллагаа өдий хүртэл ямар нэг эрсдэлт нөхцөлд оруулаагүй.

-БАЙГАЛИА ХАМГААЛААД ЯВАХААР ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ӨӨРӨӨ ТӨЛӨВШИЖ БИЙ БОЛДОГ-
-Та иргэдэд байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцах талаар энгийн хэрнээ хэрэгтэй мэдээлэл өгөөч?
-Жил бүрийн 3 сарын 20-ноос 6 сарын 20, 9 сарын 10-наас 11 сарын 20 хүртэл хүртэл ой модоор аялж зугаалахыг хориглодог. Ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 300 нэгжийн торгууль төлнө. Одоо бид нар тухайн газрын ан амьтан, өвс ургамал, булаг шанд гээд зохистой мэдээллийг агуулсан самбаруудыг байршуулахаар ажиллаж байна. Энэ самбарыг хараад иргэд тухайн газрын онцлогийг ойлгож биеэ зөв авч явах учиртай. За мөн байнгын оршин суудаг айл өрхөд түлээний модны эрхийн бичиг өгнө. Нэг портер гишүүний зөвшөөрөл 22 мянган төгрөг. Тэгэхээр иргэд энэ мэт зүйлийг сайн ойлгож аваад бүх зүйлийг хууль тогтоомжийн хүрээнд хиймээр байгаа юм. Модны хог одоо дийлдэхээ больчихсон шүү дээ.
-Хууль бусаар мод бэлтгэх асуудал танай нутаг дэвсгэр дээр хэр байна?
-Одоо харьцангуй багассан. Хуулийн хариуцлага сул байсан учраас нэг үе бол ёстой дийлдэхгүйд хүрч байсан шүү дээ. Бид УМБГ-тай хамтран ажиллаж нэлээд олон хүнд эрүү үүсгэсэн. Олон ч хүн ял аваад явсан. Одоо ингээд торгуулийн хэмжээ, хариуцлагын асуудал нэмэгдээд ирэхээр модны хулгай ер нь татарч байна шүү.
-Энэ том хэмжээний газар нутгийн байгаль орчныг хамгаалахаар өдөр шөнөгүй ажиллаад явж байгаа та бол бүх асуудлыг бодитоор мэдэрч яваа. Тэгэхээр ажил үүрэгтэйгээ холбоотой хэлэх санал санаачилга байгаа байх?
-Мэдээжийн хэрэг маш олон санаа оноо төрдөг. Төрдөг гэхээсээ илүүтэй ихэнх нь шаардлагатай байдаг. Жишээ нь, орчны бохирдол, хогны асуудлыг бид нарын ажил үүргийн хуваарьт оруулчихмаар санагддаг. Яагаад гэхээр хүссэн хүсээгүй хогны асуудал бидэнд тулгарч энэ ажлыг сайн дураараа хийж байна. Хогоо зориулалтын бус газар хаяж байгаа иргэнийг барьж авахдаа бид нар айлгаж байгаа юм. Торгоно, бичиг баримтыг нь хураана ч гэдэг юмуу. Гэтэл яг тэр эрх нь бидэнд байхгүй учраас адаг сүүлдээ Улаанчулуут руу буулгуулаад дараа битгий ингээрэй л гэдэг. Хогны асуудлыг маш чанга хуулиар шийдээд өгвөл модны хулгай шиг цэгцрэх бүрэн боломжтой.
-Өөр танд нэмж хэлэх зүйл юу байна?
-Би байгаль хамгаалагчийн ажилдаа маш их хайртай,ажил мэргэжлээрээ бахархдаг. Эх дэлхийгээ унаган төрхөөр нь байлгах гэж зүтгэж тэмүүлж яваа минь бахархал юм. Хүн байгалиа хайрлаж хамгаалаад явахаар эх оронч үзэл өөрөө төлөвшиж бий болдог. Манан татсан намрын өглөө, хаврын сайхан бороотой өдөр эргүүлээ хийгээд явж байхад эх орноороо бахархах хайрлах сэтгэл эрхгүй төрдөг. Нөгөөтэйгүүр энэ ажил хувь хүнд маш олон ур чадварыг бий болгодог. Хууль бусаар мод хийдэг нөхдүүдтэй хөөцөлдөөд модон дундуур гүйж өгнө. Машинтай эсвэл мотоцикльтой араас нь хөөнө. Цаг агаарын байдлыг ер нь гадарлачихна. Ургамал, жимс ногооны хаана гар хүрсэн байна гэдгийг хараад л мэднэ. Тэгэхээр надад л гэхэд ургамал судлаач, цаг уурч, уулын спорт, мотоспорт гээд олон төрлийн ур чадварыг бий болгосон байгаа биз. Хайрлахгүй,бахархахгүй, бас улам илүү ихээр зүтгэж тэмүүлэхгүй байхын аргагүй сайхан мэргэжил дээ.
-За эцэст нь Макс та хоёрт амжилт хүсье. Эзнийхээ ажлаас бага ч болов хөнгөвчлөх бизээ?
-Баярлалаа. Би нохойтой болсондоо их баяртай байгаа. Ээлжийн амралт авахгүй, ээж аавдаа золгоно гээд явчихгүй, цалин авахгүй дээрээс нь миний ажлыг хөнгөвчлөөд намайг хамгаалаад явна. Макс их стресстэй нохой. Нэг ажлыг хийсэн бол заавал дуусгадаг. Бас их мэдрэмжтэй. Тэнгэр муудахыг, бүр түймэр гарсныг хүртэл мэдээлдэг.
ГЭРЭЛ ЗУРАГ, ВИДЕО БИЧЛЭГИЙГ С.БОРГИЛ
СЭТГҮҮЛЧ Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.