УЛС ТӨР

УЛС ТӨРИЙН ТОЙМ: “Рио Тинто” тулгаж, Л.Цэдэвсүрэн эргэн ирж, “Шинэков”-ууд тангараг өргөв

Өнгөрч буй энэ долоо хоногт улс төрийн ертөнцөд өрнөсөн үйл явдлын тойм мэдээллийг хүргэж байна.

-ЗАСГИЙН ЗАЛУУСЫН ОРСОН АЦАН ШАЛАА-

Даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаан ердийнхөөсөө урт үргэлжлэв. Ингэхдээ сүлжээ унагагч тавьж, хаалттай хэлбэрээр нэг асуудлыг хэлэлцсэн нь Оюу толгой.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, “Далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд манай талыг буулт хий гэж хөрөнгө оруулдагчид шахсан. Хэрэв тэгэхгүй бол далд уурхайн төслийг зогсооно гэж мэдэгдсэн” хэмээн Х.Нямбаатар ярьсан нь ихээхэн анхаарал татав.

Оюу толгойн гэрээг өөрчилж, энэ төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн УИХ-ын 92-р тогтоол бий. Энэ тогтоолыг хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын Түр хороо байгуулагдаж, Ц.Даваасүрэн гишүүн ахалж буй. Харин Засгийн газар тус Түр хорооноос чиглэл авч, 92-р тогтоолын хүрээнд Оюу толгойн хэлэлцээг хийж байгаа юм.

Гэвч энэ чиг шугамаа баривал далд уурхайн зардал хэтэрсэн асуудалд Засгийн газар буулт хийх боломж бага. Хөндлөнгийн шинжээчид шалтгааныг нь геотехникийн нөхцөлөөс бус менежментийн алдаанаас болсон гэж дүгнээд байгаа билээ.

Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт далд уурхайн төслийг хэлэлцээ хийсэн нэрийн дор ингээд зосоочих том зүрх олдохгүй. Тэд залуу, урт хугацаандаа улс төр хийх алсын хараатай улс тул ингэж нэрээ сэвтүүлэхийг хүсэхгүй. Гэвч ингэлээ гээд “Рио Тинто”-д шууд буулт хийчихвэл хэлэлцээний гол зорилго хазайгаад явчихна.

Түр хорооны гишүүд бол “Далд уурхайг цуцалбал цуцална л биз” гэсэн байдлаар Засгийн газрыг шахсан утгаар дуугарсан гэх. Нэг ёсондоо Х.Нямбаатар нар ацан шалаанд оров. Эцсийн дүндээ далд уурхай зогсвол гадаад орчиндоо Монгол Улсын алдах боломж, хүлээх эрсдэл өндөр тул хувь улс төрчийн нэр хүндээ бодох эсхүл бусдын улс төрийн шахалтад автах биш хамгийн голч шийдвэр гаргах үүрэг л Засгийн газарт оногдоод байна.

-Л.ЦЭДЭВСҮРЭН ЭРГЭН ИРЖ, Л.ЭНХ-АМГАЛАНТАЙ ТУЛАВ

Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын нэлээд халаа солио хийв. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоог ХЗДХ-ийн дэд сайд болгож, оронд нь Д.Батбаатарыг томилсон. Д.Батбаатар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас саяхан чөлөөлөгдсөн. Харин тус яамны сайдаар хэсэг хугацаанд ажилласан Л.Цэдэвсүрэн Д.Батбаатарын оронд томилогдсон нь ихээхэн анхаарал татлаа.

Б.Солонгоо ингэж Х.Нямбаатарт илүү ойртсон нь Оюу толгойн хэлэлцээ хийгээд бусад реформын шинжтэй ажлуудын гал тогоог барилцах үүргээ нарийн түвшинд хүлээж эхэллээ гэлтэй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нарын МАН доторх залуусын фракц урт хугацаандаа улс төр хийх чухал ажлуудад тэр сайн “Нарийн бичиг”. Асуудлыг улс төржүүлж бус ажил талаас нь харж, ханддаг нэгэн тул асар хэрэгцээтэй.

Харин Д.Батбаатар, Л.Цэдэвсүрэн нарын томилгоо нэлээд сонирхолтой. Д.Батбаатар Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Л.Энх-Амгалан сайдтай таарамжгүй харилцаатай явсан. Гаднаа Л.Энх-Амгалангийн ажил ихэд гялгар, гялтгар байгаа ч хөшигний ард албан тушаалын халаа солионы тал дээр Д.Батбаатартай багагүй маргаантай байсан.

Бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах ажил явагдаж буй хүрээнд Д.Батбаатар нь Л.Энх-Амгалангийн гэгдэх, Л.Энх-Амгалан нь Д.Батбаатарын гэгдэх хүмүүсийг ажлаас чөлөөлөх тэмцэл маягийн зүйл БШУЯ-нд өрнөсөн гэх ерөнхий тойм мэдээлэл бий. Эцэст нь Л.Энх-Амгалан түүнийг явуулсан.

Гэвч оронд нь Л.Цэдэвсүрэн ирж, “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр хариу өөрчлөгдөхгүй” гэдэг шиг зүйл болов. Л.Цэдэвсүрэн, Д.Батбаатар нарыг “Нэг талынх” гэж хөшигний ард ярьж буй. Тэр бол яаманд сүүлийн 20-иод жил ажилласан, тэнд жинхэнэ фракц байдлаар холбоо, сүлжээ үүсгэх чиглэлд “гавьяа” байгуулсан нэгэн. “Дошин дээрээ атаман”. Харин Л.Энх-Амгалан Д.Батбаатарын, угтаа Л.Цэдэвсүрэнгийн хүмүүсийг хэд гурваар нь явуулчихсан байгаа.

Сайдаар ажиллаад унахдаа насаараа хоргодсон “үүр”-нээсээ түр холдсон Л.Цэдэвсүрэн яаманд ингэж эргэж ирснээр Л.Энх-Амгалантай тодорхой хэмжээнд “тулах” нөхцөл үүсэв. Тэд хэрхэн ойлголцож, ямар эрх ашиг дээр нэгдэж ажиллах нь анхаарал татаж байна.

-ЧУУЛГАН: ШИНЭ ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ БҮТЭЦ ХЭЛЭЛЦЭГДЭВ-

УИХ-ын чуулганы хүрээнд нөхөн сонгуульд ялалт байгуулсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөсөн онцлох үйл явдал боллоо.

Э.Батшугар ялалт байгуулах нь тодорхой өрнөлөөр нөхөн сонгуулийн сурталчилгаа явагдсан гэхэд болно. Өрсөлдөгч намуудаас төдийлөн сурталчилгаа хийхгүй, Э.Батшугар луу зорилготойгоор дайрахгүй намбайсаар сонгуультай золгосон. Ингэж Н.Энхбаяр МАН-тай нийлснийхээ хариуд авах ёстой зүйлээ авлаа.

Гол нь тэр өөрөө биш, тусдаа бие даасан Батшугар хэмээгч хувь хүн Монголын ард түмнийг төлөөлөхөөр болсныг аль аль талдаа ухамсарлаасай. Э.Батшугар парламент дахь хамгийн залуу гишүүдийн нэгээр тооцогдож байна. Түүний хувьд гадаадад боловсрол эзэмшсэн, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэргээр нь мэдлэгтэй гэж үнэлэх хэсэг цөөнгүй байдаг.

Гэвч нөхөн сонгуулийн мандатыг очиж очиж түүнд өгсөн нь МАН-ын хувьд ихээхэн доош орсон явдал болсон нь гарцаагүй билээ.

Ц.Идэрбатын хувьд нэгт Хэнтийдээ нэртэй, хоёрт У.Хүрэлсүхээр удаан дэмнүүлж яваа нэгэн. Тийм ч учраас улс төрд өгсөх замаар урагшилж буй нэгэн ч яг мэдлэг боловсрол, ур чадвар талдаа хэр хүн гэдгийг нь Монголын ард түмэн төдийлөн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч тангараг өргөсөн дороо УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд тусгайлан мэхийж, хүндэтгэл үзүүлсэн үйлдэл нь түүнийг зальтай, жижигдүү хүн мэт л харагдуулав.

Энэ бүтцээрээ УИХ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахад чиглэсэн хуулийн төслийг болон 2022 оны төсвийг хэлэлцлээ. Энэ тухай бичсэн тойм нийтлэлийг энд дарж унших боломжтой. Төсөв, Засгийн газрын бүтэц гэсэн хоёр сэдэв хоорондоо уялдаж буй. Тодруулбал, шинээр хоёр яам, дөрвөн агентлаг байгуулах чиглэлд 41.6 тэрбум төгрөгийн зарлагадахаар 2022 оны төсөвт шууд автоматаар тусгасан.

Гэвч шинэ бүтцүүд нь дотроо ямар бүтэц, зохион байгуулалттай байх, ямар чиг үүрэг хэрэгжүүлэх гэх мэт төлөвлөгөөний агуулгатай баримт бичиг нэгээхэн ч гараагүй байна. Иймд төсвөө урьдчилж хүчээр зоогоод, дараа түүндээ зориулж шинэ бүтэц байгуулах хүрээнд далд түвшиндээ дур, дураараа ажиллацгаар нөхцөл байдал үүсээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2021 09:03

Хоёр нусан жур тангараг өргөсөн

Зочин
Зочин
10 сар 23, 2021 09:14

Гайгүй болж байсан Боловсролын яам дахин дампуурах �##�хам руугаа явлаа.

Зочин
Зочин
10 сар 23, 2021 13:00

Сайхан хүүхэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button