ДЭЛХИЙМэдээНИЙГЭМЭнтертайнмент

NASA: БНХАУ-аас өмнө Саран дээр газардахын тулд АНУ бүх хүчин чармайлтаа дайчилна

АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын сансрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад санаа зовниж байгаа бөгөөд Хятад улс сансрын нисгэгчдээ Саран дээр буулгахаас өмнө амжиж, АНУ сансрын нисгэгчдийн багийг Сар руу нисгэхэд бүх хүчин чармайлтаа гаргах бодолтой байна гэж мягмар гараг /2021.11.08/-т болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Үндэсний сансар судлалын агентлаг /NASA/-ийн тэргүүн Билл Нельсон мэдэгдэв.

Түүний хэлснээр, БНХАУ-ын сансрын хөтөлбөр бол “анх бодож байснаас хамаагүй эрт” Саран дээр нисгэгчээ буулгах “улам илүү чадвартай” болж байгаа гэлээ.

“Бид өрсөлдөгчдөө давж гарахын тулд аюулгүй байдал, техник технологийн чадавхийг харгалзан аль болох түргэн, эрчтэй ажиллах бодолтой байна” гэж NASA-гийн тэргүүн хэлэв.

“Бид БНХАУ-ын маш эрчимтэй, сайн сансрын хөтөлбөртэй тулгарч байна. Энэ сүүлийн хэдэн жилд Хятадууд хэд хэдэн амжилтад хүрснийг бид харлаа. Бидэнд сансрын хөтөлбөр бий гэж үзэх бүрэн үндэслэл бий. Хятадууд бидний өрсөлдөгч яах аргагүй мөн гэж хэлэх үндэслэл бий. Тэд маш хүчтэй өрсөлдөгч. Бид хагас зуу гаруй жилийн дараа Сар руу хамгийн түрүүнд дахин буухыг эрмэлзэж байна” гэж Нельсон нэмж хэлэв.

Мэдээллийн үеэр тэрбээр “АНУ 2025 онд “Артемида” /Artemis/ хөтөлбөрийн хүрээнд сансрын нисгэгчдээ Саран руу илгээх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.

NASA 2019 оны хавар Саран дээр буух “Артемида” хөтөлбөр бол гурван үе шаттай гэдгийг зарласан. Эхнийх нь “Орион” сансрын хөлгийн хөөргөх шинэ системийг ашиглан нисгэгчгүй горимд ажиллаж, Сарыг хэд хэд тойрч, Дэлхийд буцан ирэх аж. Хоёр дахь нь хөлөг дээрх багийн хамт Дэлхийн байгалийн хиймэл дагуулыг тойрон нисэх явдал юм. Гурав дахь шатанд харин NASA сансрын нисгэгчдийг Саран дээр буулгаж, улмаар 2030-аад оны дундуур Ангараг гараг руу илгээхээр төлөвлөжээ.

(Эх сурвалж: Space.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button