Ярилцлага

“ХҮН ЦЭГ”: Амьдралын “шуурга”-нд бөхийгөөгүй зангараг

Монголын урлагийн салбарт өнөө ч од болон гялалзаж, тайз, дэлгэцийн олон, олон дүрээрээ мөнхрөн, жүжигчний ур чадвар, амьдралын хатуу бэрхэд сөхөрч, шантраагүй тэнхээгээрээ зангараг зааж яваа эрхэм бол Гавьяат жүжигчин Дашнямын Цэрэндарьзав.

“Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө”, “Хүргэн хүү”-гийн Халтмаа, “Солиот эх”-ийн хадам эх зэрэг тайз, дэлгэцийн олон дүрээрээ бидний сэтгэлд хоногшсон тэрбээр Монгол Улсынхаа төдийгүй ОХУ-ын Буриадын Гавьяат жүжигчин.

Д.Намдагийн “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал хүртсэн Д.Цэрэндарьзав гуайн тоглосон “Хадаг” кино л гэхэд дэлхийн кино наадмаас 50 гаруй шагнал хүртсэн. Тэрбээр Монголынхоо төдийгүй гадаадын цөөнгүй уран бүтээлд тоглоод буй. Францын уран бүтээлчид Монголд ирж, зураг авалтаа хийсэн “Ер бусын ертөнц ” кинонд удганы дүр бүтээсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн билээ.

Урлагийн салбарт 50 гаруй жил зүтгэж буй Д.Цэрэндарьзав гуайг “Хүн цэг” буландаа онцоллоо.

МАЛЧНЫ ХОТНООС УРЛАГИЙН ТАЙЗНАА

Би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1945 онд мэндэлсэн. Хонь хариулж, хөдөөгийн бусад хүүхдийн адил аав, ээждээ нэмэр болж, хамаг л хар бор ажлаас нь хамжилцаж өссөн. Ёстой нэг юу ч үзэж, хараагүй, соёлоос хоцорсон хүүхэд сургуульд орж байлаа. Ямар сайндаа Хатгалын сургуульд орсныхоо дараа л машин анх удаа үзэж, жигтэйхэн гайхсан юм даг. “Сэрэлт” кинон дээр гардаг шиг л юм болсон.

Хатгалд хааяа концерт тоглоно, кино гарна. Кино анх удаа үзсэнээ ер мартдаггүй. Би хамгийн урд нь очоод, том дэлгэцийн өмнө суучихав. Кино эхэллээ. Цаашаа харан хэвтэж байсан, томоо гэгч нь хамартай орос хүн гэнэт наашаа эргээд харчихав. Яг л миний хажууд ирчихэж байгаа юм шиг санагдсан. Би сандарч, цочсондоо чарласаар гараад гүйчихэж билээ. Тийм л үзсэн, харсан нь бага хөдөөгийн хүүхэд байсан юм, би.

Манай сургуульд Нацагдорж гэдэг багш байлаа. Намайг дуулуулна, бүжиглүүлнэ. Тэгснийх нь ачаар би дуу, бүжгийн овоо дөртэй болсон. Бүр сургуулиасаа шалгарч, аймгийн Соёлын ордонд мэргэжлийн бүжигчидтэй хамт бүжиглэж байлаа.

Аравдугаар ангиа төгсөх жил ямар хуваарь авах учраа олохгүй нэлээд эргэлзэв. Хүнсний технологиор Германд сурах хуваарийг сонирхлоо. Ээждээ хэлтэл “Дэмий юм донгосоод. Чамайг хот руу явуулах уу, яах вэ гэж байхад юун Гитлерийн Герман” гээд халгаасангүй. Дайны улмаас Герман улсад нийтээрээ таатай ханддаггүй байсан үе л дээ. За, тэгээд Германд сурах худлаа болов. Дахиад л “Яах вэ” гэх бодолд дарагдлаа. Тэгээд багшийнхаа зөвлөсний дагуу кино драмын ангийн хуваарийг авсан юм. Урлагийн салбарт хөл тавьж, урлагтай амьдралаа холбосон минь тэндээс эхлэлтэй.

САРЛАГ ХАРААД УЙЛДАГ ОХИН

Гэрээсээ, нутгаасаа холдож үзээгүй надад хотод байх, сургуульд сурах ёстой чанга байлаа. Гэрээ санасан гэж жигтэйхэн. Нэг удаа манай сургуулийнхан намрын ажлаар Хэнтий аймгийн Батноноров суманд очин, өвс хийсэн юм. Эрчүүд нь өвс хадан, эмэгтэйчүүд бухалдаж байлаа. Би нэг өдөр долоон сарлаг харангуутаа уйлчихаж билээ. Манай нутаг сарлагийн орон. Гэрээ тэгж их санасан байсан юм. Түүнээс хойш би нэг хэсэг “Сарлаг хараад уйлдаг охин” гэж дооглуулж билээ.

Э.ОЮУН БАГШИЙН АМИНЫ ШАВЬ

Би УБДС-ийн кино драмын ангийн хоёр дахь төгсөлт нь. Тухайн үед тус анги дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Би Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров багшаасаа их зүйл сурсан. Багш минь үнэхээр чадварлаг, мундаг хүн байж билээ.

Сургуулиа төгсөн, ажлын гараагаа хаанаас эхлүүлэх вэ, хаана ажилд орох вэ гээд бодол болон сууж байтал Э.Оюун багш манай ангиас дөрвөн хүүхдийг шилж УДЭТ-т оруулсан юм. Тэдний нэг нь би. Урлагийн хүн, жүжигчин болох гараагаа театраас тэгж эхлүүлж билээ. Намайг театрт ороход алтан үеийн жинхэнэ аварга жүжигчид угтсан. Би маш их азтай, хувь заяатай хүн.

Амьдралын минь бүхий л цаг үед УДЭТ, Театрын хамт олон минь намайг түшиж, тулсаар өдий хүрсэн. Театртаа би их хайртай. Үүдээр нь ороод ирэхэд л баярламаар, бахархмаар, үнэхээр халуун дотно, сайхан санагддаг. Хэдийгээр би театртаа 30 шахам жил ажилласан ч хийж, бүтээсэн минь чамлагдахаар бага.

ТАЙЗНАА АМИЛУУЛСАН АНХНЫ ЖҮЖИГ НЬ “ЭХИЙН ДУУЛЬ”

Театрын тайзнаа тоглосон анхны жүжиг минь Чингиз Айтматовын “Эхийн дууль”. Би тус жүжгийн гол дүрд тоглон, миний тухай сонинд анх удаа бичиж байлаа. Сонинд “Д.Цэрэндарьзав сайн тоглолоо” гэж бичсэнийг аав минь уншаад “Энэ “Д” нь би шүү дээ” гээд баярлаж, гүйсэн гэнэ лээ.

Би “Эхийн дууль”-д тоглохдоо маш их бэлдсэн, хөдөлмөрлөсөн. Дайны уршгаар нөхрөө алдаад сэтгэл санааны хямралд орж галзууран, сүүлдээ архинд орсон эмэгтэйн дүр. Тиймдээ ч тоглоход их амттай байж билээ. Би үнэхээр их хичээсэн. Эмнэлэг дээр очин, жирэмсэн хүн амаржиж буйг үзэн, сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөнүүдтэй хүртэл ярилцсан. Дүрээ судалж яваа минь тэр.

“Эхийн дууль”-д тоглохдоо ээждээ үзүүлсэн юм. “Жүжиг ямар санагдав” гэж ээжээс асуухад “Аан, мэдэхгүй. Яасан ч муу ёрын юм бэ. Миний охин сүүлдээ тэгээд үхчихэж байгаа юм уу” гэсэн нь санаанаас ер гардаггүй юм.

Би УДЭТ-ын тайзнаа 50 гаруй жүжигт гол, туслах бүтээсэн. Гол дүр нь цөөвтөр. Гэхдээ юу гэж чамлах вэ. “Их авхай” жүжгийн Норжингоор шилдэг дүр, “Эмээ нар гэрлэсэн нь”-ийн Авдотия Петровнагаар “Гоо марал” шагнал хүртсэн минь театрын, сайхан хамт олны минь л ач гавьяа.

ХАНЬДАА ХАЯГДАН, ӨНЧИН УЛИАС ШИГ ГАНЦААРАА ҮЛДСЭН НЬ

Ханьтайгаа оюутны ширээнд танилцан, ханилсан. Хүн бүхэн элэг бүтэн, аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь гачлантай. Том хүү минь хоёр настай, бага нь гэдсэнд, намайг оюутан байхад хань минь өөр эмэгтэйг дагаад явахад нь би өнчин улиас шиг ганцаараа торойгоод үлдсэн. Хоёрын хоёр хүүхэд ганцаараа өсгөхийн хажуугаар театрт ажиллах амар байгаагүй ээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрэн, цөхөрсөн, шантарсан үе олон. Тийм хүнд үед аав, ээж хоёр минь л намайг түшиж, тулж байлаа. Намайг театрт орсноос хоёр жилийн дараа ээж минь нас барж, ачааны хүнд аав бид хоёрын нуруун дээр ирсэн юм. Аргагүйн эрхэнд нэг хүүг минь аав, нөгөө хүүгээ би ажил руугаа дагуулж ирдэг байв. Энэ нь нөлөөлсөн байж мэднэ, хоёр хүү минь хоёулаа театр дуртай, урлагийн, найруулагч хүн болсон юм.

Театрын этик их хатуу. Гэр бүлийн асуудал, сэтгэл зүйн хямралаа театрын хаалганы цаанаа үлдээгээд орж ирэх ёстой гэж шаардана. Сэтгэлээр хэчнээн унаж, хямарсан ч ажилдаа инээгээд орж ирдэг байлаа, би.

ХОЁР ХҮҮХДЭЭ ӨРГҮҮЛСЭН ГАНСРАЛ

Хоёрын хоёр хүүхэд ганцаараа өсгөнө гэдэг надад үнэндээ хүнд ачаа байлаа. Нэг охин мэндэлсэн ч зургаан сартайдаа өөд болсон нь надад бүр ч хүнд цохилт болсон. Дараа нь хоёр хүү төрүүлсэн ч аргагүйдээд, амьдрахын эрхэнд хүнд өргүүлсэн юм. Би хүнд өгье гээд өргүүлээгүй.

Нэг хүүг минь Казах айл, найз маань өргөж авсан. Хэд хэдэн удаа хүүхэд гаргасан ч эндсэн найз минь надтай хамт эмнэлэгт төрсөн юм. “Гайгүй төрчихлөө, аштай юу даа” гээд баярлаж байтал хүүхэд нь төд удалгүй эндчихсэн, хөөрхий минь. Найз минь сэтгэлээр унасан гэж тоймгүй. Бүр арга нь барагдсан, цөхөрсөн бололтой “Чи хоёр хүүхэдтэй юм чинь гурав дахийгаа надад өгчих” гэж гуйхад нь би “Үгүй” гэж хэлж чадаагүй. Аав руугаа захидал бичихэд “Ажил төрөл чинь амаргүй. Аав нь “Өг” гэж хэлэхгүй. Өөрөө л мэд. Ээжид чинь хэлээгүй. Халгаахгүй, эсэргүүцнэ” гэсэн юм. Тэгээд би хүүгээ найздаа өгчихсөн. “Манай ёс хатуу. Би төрсөн хүүгээ л гэж бодно. Үнэнийг төрсөн ээждээ, ханьдаа л хэлнэ. Бусдад нь хэлэхгүй” гээд хүүг минь аваад явсан. Ээж минь уурлаж, намайг нэг сайн саваадаж билээ.

Тээж төрүүлсэн хүүхдээ хүнд өгөх хэцүү. Үргэлж бодогдоно, санана. Хэчнээн санаж, буцаагаад авчихъя гэж бодсон ч найзыгаа өрөвдсөн, амлалтдаа хүрэхээр шийдсэн юм. Би тэднийд очиж болохгүй. Адаглаад үнэнийг нь мэдчих вий, найзыгаа эвгүй байдалд оруулчихна гэж би санаа зовсон юм.

ЭХ, ҮР ХОЁРЫН 37 ЖИЛИЙН ДАРААХ УУЛЗАЛТ

Хүүгээ ой хүрснийх нь дараа уулзсан. Дараа нь дахиж хармаар, уулзмаар санагдаад болдоггүй ээ. Тоглолтоор Баян-Өлгийд очсоныхоо дараа бүр зорьж очоод уулзсан юм. Тухайн үед хүү минь гуравдугаар ангид сурч байлаа. Гэрт нь яваад ороход хүү минь тоглож байв. Царай төрх нь яг би. Надад хөгжим тоглож өгснөө гараад гүйчихэж билээ. Түүнээс хойш би хүүгээ зөндөө санаж, дахиж уулзмаар байсан ч очоогүй. Тэгээд бодохоор би их хатуу эх байгаа биз.

Он цаг өнгөрсөөр, цаг хугацаа хөвөрсөөр 37 жил болов. Нэг өдөр танихгүй дугаараас надад дуудлага ирлээ. “Хэн юм бол” гээд авах нь ээ “Та Цэрэндарьзав гэдэг хүн мөн үү” гэж асуув. Би “Мөн” гэтэл “Сайн байна уу, ээж ээ. 37 жилийн өмнө өргүүлсэн хүү нь би байна” гээд уйлсан. Тухайн үед хүү минь Казахстанд амьдарч байсан юм.

Ээж нь нас барахдаа “Миний хүү халх хүний хүүхэд. Чиний ээж жүжигчин хүн” гэж үнэнийг хэлсэн гэнэ лээ. Тэгэхдээ миний нэрийг бүтэн хэлж чадаагүй. “Цэрэн” гээд л дутуу хэлсэн гэсэн. Бие нь тэгж их дордсон байж. Хүү минь энэ талаар мэдэнгүүтээ намайг хайгаад зөндөө явсан, “Цэрэн” гэдэг нэр орсон хэд хэдэн жүжигчинтэй холбоо барьж, асуусан байна билээ.

Хүү минь надтай холбоо барьсныхаа дараа яаран яарсаар 10-аадхан хоногийн дараа Монголд ирж, ээжтэйгээ уулзсан. Амьдралд минь тохиолдсон хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг тэр яах аргагүй мөн. Бүхэл бүтэн 37 жилийн дараа хүү минь төрсөн эхээ мэдэж, би хүүтэйгээ уулзсан болохоор магнайгаа хагартал баярлалгүй яах вэ. 

Одоо тэр хүү минь БНСУ-д, Эрдэнэтийн айлд өргүүлсэн дараагийн хүү минь Улаанбаатар хотод амьдардаг.

20 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРААХ УУЧЛАЛ

Нөхөр маань 20 гаруй жилийн дараа гэртээ буцаж ирэхэд үнэндээ юу гэж хэлэх, яах учраа би олоогүй. Өнөөх суусан эмэгтэйгээсээ салан, архи уугаад байхаар нь хоёр хүү минь аавыгаа дагуулаад ирсэн юм л даа. “Би явмааргүй байна. Та гуравтайгаа хамт амьдармаар байна, үлдье” гэхэд нь би нүүр буруулж чадаагүй. Хоёрын хоёр үрээ, ханиа орхиод явсан түүнийг 20 гаруй жилийн дараа уучлах амар байгаагүй. Тэр хооронд би нэг хүнтэй суусан ч амьдрал болоогүй. Гол нь би хоёр хүүхдээ бодсон. Аавынхаа нөмөр нөөлөг, орон зайг мэдэрч амьдраг гэж бодоод л би ханиа уучилсан юм.

ХАГАЦАЛ

Харамсалтай нь, элэг бүтэн амьдрал минь тийм ч удаан үргэлжлээгүй. Хань минь цус харван, хоёр жил орчим надаар асруулаад өөд болсон. Нас барахад нь дэргэд нь би байгаагүй. Дүүргээс амралтанд амрах эрхээр намайг шагнаад, би түр явчихсан хойгуур тийм харамсалтай зүйл болсон. Гэртээ хүмүүстэй архи ууснаас болоод нас барсан гэж боддог. Зүрх муутай хүн их архи уувал тэсэхгүй. Даанч үүнийг хадмын талынхан маань ойлгоогүй. “Зүв зүгээр байж байгаад нас барах учиргүй” гээд намайг буруутгах хандлага гаргасан юм. Хоёр хүүг минь хүртэл цагдаагийн байгууллага шалгасан. Ханиа алдчихаад тэгж шалгуулах, сэрдэгдэх хүнд байдаг юм билээ.

Ханиа алдан, хагацлын гашуунд шаналж байхад нэрмээс болсон бас нэг юм бий. Манай нөхрийн нэг танил нь намайг гуйсаар байгаад хүнээс хоёр сая төгрөг зээлүүлсэн юм. Тухайн үеийн хоёр сая төгрөг гэдэг чинь тоймгүй их мөнгө байлгүй яах вэ. Би найзаасаа зээлээд өгчихсөн. Гэтэл “Танай нөхөрт өгчихсөн” гээд мөнгөө буцааж өгөөгүй. Нөхөрт минь өгсөн бол гэрт байлгүй яах вэ. Би бүр цөхрөнгөө бараад дахиад хэлтэл “Ханийнхаа ясыг өндөлзүүлээд ямар сонин хүн бэ” гэсэн. Тэгэхээр нь дахиж нэхээгүй. Аргаа бараад найзынхаа ломбарданд ажиллан, юм, юм хийж байж тэр өрийг арайхийж дарсан.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ГЭРЭЛ ЗУРАГЧИН ХИЙСЭН НЬ

Амьдрахын эрхэнд юу эсийг хийх вэ. Нэг талаар амьдралдаа дэмтэй гээд, нөгөө талаар хоббигоо дагаад хэсэг хугацаанд Сүхбаатарын талбай дээр гэрэл зураг авсан. Хүмүүс тантай зургаа авхуулъя гээд их ирнэ. Яг зураг дарахын үед тэрүүхэндээ дөлөөд, холдчихдог байв. Би гайхаад асуухаар “Зүгээр ээ, таны зургийг дангаар нь авмаар байна. Тийм зураг сонин” гэдэг байлаа. Үүний хажуугаар сонин дээр “Гавьяатыгаа өвлийн хүйтэнд талбай дээр зураг дарууллаа” гэх мэтээр элдвээр бичиж байв. Тийм, тийм юмнаас шалтгаалаад талбай дээр зураг дарахаа болчихсон юм.

НҮҮР БУДАГЧ ЭСВЭЛ ДАГАЛДАН ЖҮЖИГЧИН ХИЙХ СОНГОЛТЫН ӨМНӨ

Театраас гарахад нөлөөлсөн шалтгаан бол ерөөсөө л тухайн цаг үе, амьдрал. “Буяны нүгэл” кинонд тоглочихоод ирэхэд театрын хамаг сор болсон жүжигчид гарчихсан байлаа. Зах зээлийн ороо бусгаа үе байсан тул хаана хаанаа хүнд байв. “Театртаа үлдвэл үлд. Гэхдээ чи нүүр будагч хий" гэсэн. Тийм нарийн мэргэжлийн ажлыг би чадахгүй нь ойлгомжтой. “Би чадахгүй ээ” гэхэд “За, тэгвэл дагалдан жүжигчнээр ажилла” гэв. Тэгэхээр нь театраасаа гарсан.

“30-аад жил ажилласан намайг дагалдан жүжигчин, нүүр будагч хийлгэх гэлээ” гэж театртаа би гомдоогүй. Үнэндээ тухайн үеийн нөхцөл байдал хүнд, боломж нь л тийм байсан юм. Театрт 25 жил ажилласан байсан тул тэтгэврээ тогтоолгох боломжтой байлаа. Тэтгэврээ тогтоолгоё, өөр газарт оръё гээд гарсан юм. Дараа нь би армийн театрт хоёр жил гаруй ажилласан. Тэнд ажиллаж байхдаа би Гавьяат жүжигчин цол хүртсэн юм.

ОЛНООС НАМ ГҮМ АМЬДРАХЫН ТУЛД НИСЭХЭД ОЧЖЭЭ

Театр маань надад хоёр өрөө байр өгсөн. Машин авч өгөн, хүүгээ баярлуулъя гээд байраа борлуулаад, нэг өрөө болгосон. Би бага тэтгэврээр гарсан, 39,000 төгрөгөөр. Одоо нэмэгдсээр бараг 400-гаад мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Хоёр том хүү минь өөд болсон. Ханиа, хоёрын хоёр хүүхдээ урдаа оруулах хэцүү. Тэр бүхэнд унаад, сөхрөөд байж болохгүй. Ууган хүү, хань хоёр минь ойрхон өөд болсны дараа хэвлэлд янз бүрээр бичээд байхаар сэтгэлээр бүр их унана. Олны тиймэрхүү хандлага, хэл амнаас зугтаагаад би энд, Нисэхэд ирсэн юм. Ер нь 2001-2010 оны хооронд надад үнэхээр хүнд, хэцүү байсан. Энэ хугацаанд номоо бичин, аав, ээждээ зориулж төрсөн нутагтаа суварга босгосон.

БҮХНИЙГ ШИНЭЭР ЭХЛҮҮЛЖ, ДАХИН ӨНДИЙСӨН НЬ

Хань, ууган хүү хоёроо алдсаны дараа сэтгэлээр их унасан. Тэднийхээ араас гуниж, гутраад л байвал амархан дордох юм билээ. Нэг өдөр толинд харах нь ээ би өөрөөсөө тэс өөр Цэрэндарьзавыг харсан. “За, ингэж болохгүй. Дараа, дараачийнхаа үр хүүхдийн төлөө би босох ёстой. Хэцүү бүхнээ март, март” гэж өөртөө хэлсэн, тэгээд бүхнийг шинээр эхлүүлсэн юм.  Уран бүтээл хийгээд, кинонд тоглохын хэрээр сэтгэл санаа сэргэн, өөдрөг болдог юм билээ.

Кинонд тоглох болохоор миний сэтгэл их хөдөлдөг. Зохиолоо байнга эргүүлээд, “Ингэж тогловол илүү зүгээр юм байна” гээд дүрийнхээ талаар боддог юм. Бүр шөнө зүүдэлнэ.  

Би нэлээд хэдэн жил хүүтэйгээ хамтарч хүүхдийн уран бүтээл хийсэн. Хүү минь найруулж, би тоглодог байсан юм. Харамсалтай нь, хүү минь өөд болсноос хойш энэ ажлыг нь үргэлжлүүлж чадахгүй сууна. Би одоогоор тайзны, хүүхдийн 80-аад, дэлгэцийн 40-өөд уран бүтээлд тоглоод байна.

“Та дандаа эсрэг талын, бусдын дургүй, зэвүү хүргэсэн, болж бүтэхгүй яваа хүний дүрийг л бүтээх юм. Тэгээд таны амьдрал өөдлөхгүй байгаа юм биш үү” гэж хэд хэдэн хүн надад хэлсэн. Би тэгж боддоггүй. Би уран бүтээлч хүн. “Энэ ийм эсрэг талын, муу хүний дүр байна” гээд голох, тоглохгүй байх эрх надад байхгүй.

“ХИРТЭЭГҮЙ САРНАЙ”-Д ЭЕРЭГ ТАЛЫН ЭМЭЭГИЙН ДҮРД ТОГЛОСОНДОО БАЯРЛАЖ СУУНА

Энэ жил шинэ уран бүтээл арвин байгаа. Тоглосондоо, бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байгаа кинонуудын нэг нь Ц.Хүсэлбаатарын найруулсан “Хиртээгүй сарнай” кино. Тус киноны онцлог юу вэ гэвэл, би эерэг дүр бүтээсэн. Ач охиныхоо амьдралыг өөд нь татах, зөв замаа олчихоосой гээд яваа сайн талын эмээд тоглосон. Тийм эерэг дүр бүтээсэндээ би их баярлаж сууна.

КЭЙТ ВИНСЛЕТИЙН ДҮРД АНГЛИАР ДУУ ОРУУЛЖЭЭ

Кинонд тоглуулахын зэрэгцээ сонирхолтой, сонирхолтой санал их ирнэ ээ. Хоёр жилийн өмнө би алдарт жүжигчин, “Титаник” киноны голд дүрд тоглосон Кэйт Винслетийн дүрд англи хэлээр дуу оруулах санал ирсэн нь миний санаанд багтаагүй. Англи  хэл мэдэхгүй надад бүтэшгүй мэт санагдсан л даа. “Таны хоолойны өнгө яг тохирно” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Дэвтрийн хуудсан дээр ар, өвөргүй бичсэн үгийг нь цээжилж, ач охинтойгоо хамтарч байгаад сурав.

Студи дээр нь очиход интернетээр нэг англи найруулагчтай холбосноо “За, таныг энэ хүн удирдана” гэлээ. Тэгээд тэр найруулагч цахимаар намайг удирдаад, би Кэйт Винслетийн дүрд дуу оруулсан. “Англи хэл мэдэхгүй би ёстой хөглөсөн байх” гээд санаа зовж суутал “За, ёстой гоё боллоо. Яг ийм хоолойг бид хоёр сар гаруй хайж байсан юм” гээд баярлаж буйгаа илэрхийлсэн.

КИНОНД ТОГЛОХООС ОДОО Ч АЙДАГ МИНЬ ИЙМ УЧИРТАЙ

Театр тайзнаа жүжиглэх, кинонд тоглох хоёр тэс өөр. Кинонд тоглохоос одоо ч би айдаг. Арай хэтрүүлчихсэн, ичмээр тоглосон кино надад бий. Дүрээ сайн бүтээх гээд тунг нь арай хэтрүүлчихдэг гэсэн үг. Тиймээс ямар ч найруулагчид “Цэрэндарьзав эгчдээ сайн зөвлөж, хэлээрэй” гэж захьдаг юм.  

Сүхбаатарын ээж Хандын дүрийг бүтээхдээ арай л хэтрүүлсэн хэд хэдэн хэсэг бий. “Хүний төлөө” кинон дээр худаг дээр хүнтэй муудалцдаг, айхтар ууртай авгайн дүр энэ тэр бол аймар. Одоо үзэхээс би ичдэг. Найруулагч Гэндэн гуай “За, яах вэ чи театртаа бол жүжигчин л юм байна” гэсэн. Сайн гэж ерөөсөө хэлээгүй. “Кинонд тэгж тоглодоггүй юм шүү. Чи яасан муухтай ууртай тоглов. Тэгж уурладаг хүн байдаг юм уу” гэж намайг зэмлэж билээ.

Би залуудаа уран бүтээлд хэтэрхий шунаснаас болоод хатуу хандаж явсан тал бий. “Сэлбэлзээд энэ ёстой муухай ааштай жүжигчин байх” гэж зарим хүн намайг дүгнэж явдаг нь анзаарагддаг. Надтай ойр дотно явдаг хүмүүс, найз нөхөд “Чи дэндүү зөөлөн, хүний үгээр” гэдэг юм. Би хүнтэй бараг хэрэлдэж үзээгүй. Хамгийн сайн найз, Гавьяат жүжигчин Тунгалагтайгаа нэг удаа ам зөрчихсөн юм. Гэхдээ “Чи, би” дээрээ тулаагүй, утсаар л жаахан маргалдсан. Түүнээс өөрөөр би хүнтэй хэрэлдэж, маргалдаж үзээгүй.

АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛОХ СОН ГЭЖ ШУНАДАГГҮЙ. МЭДЭЭЖ ТИЙМ ХУВЬ ЗАЯА БАЙВАЛ САЙХАН БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ

“Та Ардын жүжигчин цол хүртэх гавьяатай хүн. Цаг нь болсон” гэж хүмүүс надад хэлдэг л юм. Талийгаач хүү минь “Ээжийгээ Ардын жүжигчин болгоно, хөөцөлдөнө” гэж ярьдаг байсан юм. Одоо намайг хэн хөөцөлдөх вэ. Хүүгийн минь пропакшны ажил зогсон, харьяалагдах ямар нэгэн албан байгууллага надад байхгүй.

“Ардын жүжигчин болох сон” гэж би боддоггүй, шунадаггүй. Би төр, засгийнхаа хайр, хүндлэлийг хангалттай хүртсэн, Гавьяат жүжигчин том цол юм шүү. Би сэтгэл хангалуун байдаг. Яах вэ, хувь заяа байгаад Ардын жүжигчин болвол сайхан байлгүй яах вэ.

“Насаараа зовж амьдарлаа. Үхэл хагацал их үзлээ. Амьдрал минь өөдөлсөнгүй” гэж би огт боддоггүй. Харин ч би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Би ямар аав, ээжийн охин билээ, ямар амьдрал тууллаа. Би өөрийгөө азтай хүн л гэж боддог. Хойч үе минь дурсах эсэх, мартагдахаас би айдаггүй. Ер нь мартагдана гэж байдаггүй юм.

Нэг ийм л амьдралыг туулж яваа хүн дээ, би. Өнөө жил УДЭТ-ын 90 жилийн ой тохиож байгаа. Үе үеийн театрынхаа хамт олонд ойн баяр мэнд хүргэн, уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.


“Хүн цэг”-ийн анхны зочноор уригдсан Д.Амартүвшингийн тухай контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-17 13:31

ЦЭРЭНДАРЬЗАВ ГУАЙ АРДЫН ЖҮЖИГЧИН БОЛОХООР ХҮН ШҮҮ. ӨГӨӨРЭЙ ТҮҮНД ЦОЛЫГ НЬ. МАШ ЧАДВАРЛАГ. ХАЛТМААГААС ЭХЛЭЭД Л НҮДЭНД УРГАТАЛ СЭТГЭЛД БАЙХААР ТОГЛОДОГ ХҮН.

zochin
zochin
2021-11-17 14:19

mundag ich aviiastai jujigchin egchdee eruul ench ,urt udaan naslachiig chusen erooe.

Зочин
Зочин
2021-11-17 14:54

mundag hun ymaa gaviyat uguusei

Холбоотой мэдээ

Back to top button