ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Өнөөдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна

Өнөөдөр Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 1988 онд ДЭМБ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэхүү өдөр нь олон улсын эрүүл мэндийн хамгийн чухал өдрүүдийн нэг болж, эл өвчний улмаас нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хүртээмжийг өргөжүүлэх зэрэг ололт амжилтыг тэмдэглэх гол боломж болдог тул онцлогтой.

1981.06.05-нд АНУ-ын Өвчний хяналтын төв шинэ өвчин болох ДОХ /Дархлалын олдмол хомсдол/ өвчнийг бүртгэсэн байдаг.

ДОХ-той тэмцэх өдрийг анх 1988.12.01-нд дэлхийн бүх улс орны Эрүүл Мэндийн сайд нарын уулзалтаар ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээллийг түгээх, нийгэмд тэвчээртэй хандахыг уриалсны дараа тэмдэглэн өнгөрүүлж байжээ.

Жил бүр тэмдэглэдэг энэхүү олон улсын өдөр нь дэлхийн бүх бүс нутагт тархаж буй ХДХВ/ДОХ-ын тахалтай нийтээрээ зохион байгуулалттай тэмцэх хүчин чармайлтыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Зохион байгуулалттай хүчин чармайлт гэдэг нь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэн бэхжүүлж, ХДХВ/ДОХ-ын бүх талын талаар сургалт зохион байгуулж, иргэдийг зохистой мэдээллээр хангахад чиглэгдэж байна.

ХДХВ/ДОХ-ын цар тахал улам бүр өсөн нэмэгдэж буй нарийн төвөгтэй байдлыг ухамсарлан ойлгосны үндсэн дээр НҮБ 1996 онд дэлхийн зургаан байгууллагын нэгдлийг үүсгэн байгуулжээ. НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хамтарсан хөтөлбөр /UNAIDS/ гэж нэрлэгддэг уг хөтөлбөрийн хамтарсан төслийн ивээн тэтгэгчээр НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ болон Дэлхийн Банк гар нийлэн хамтран ажилладаг.  

Тус байгууллагын мэдээлснээр, өнөөдөр дэлхий даяар 37,7 сая хүн ХДХВ-ийн халдвартай байгаа бөгөөд тэдний дөрөвний нэг нь халдвартай гэдгээ мэддэггүй гэсэн тооцоо судалгаа бий. Тиймээс хүн эрсдлээс өөрийгөө хамгаалж, эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдаж, ДОХ гэлтгүй өөр ямар төрлийн өвчин эмгэг туссан туссаагүйгээ эрт мэдэж авч байх нь дэлхийн иргэн хүний үүрэг юм. ДОХ-ын халдвартай гэдгээ эрт үед олж мэдэх нь ХДХВ-ийн халдварыг эмчлэх, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эхний алхам юм.

ДОХ-ын эсрэг тэмцлийн бэлгэ тэмдэг бол “Улаан тууз”. “Улаан тууз”-гүйгээр ДОХ-той холбоотой нэг ч арга хэмжээ хийгдэж байгаагүй юм. “Улаан тууз”-ыг 1991 оны хавар ДОХ-ын тухай ойлголтын бэлгэдэл болгон бүтээжээ. Түүний санааг зураач Фрэнк Мур эзэмшдэг. Тэрбээр Нью-Йорк мужийн нэгэн хотод амьдардаг байсан бөгөөд түүний хөрш айл нь цэрэгт явсан охиноо Персийн булангаас эсэн мэнд буцаж ирнэ гэж найдан хүлээхдээ шар тууз зүүгээд хүлээж байснаас санаа авсан гэгддэг.  

ХДХВ-ИЙН ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ

-Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох

-Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх

-ХДХВ-ийн халдвартай эхээс урагт,  хөхний сүүгээр дамжин халдварладаг.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ, ЯВЦ

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь хамгийн багадаа зургаан сараас бүр цаашлаад 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй “Т4” гэх эсийг гэмтээдэг аж.
Хүний дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэн, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий эмзэг болж эхэлдэг. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд ч өртөх нь элбэг. ДОХ өвчний үед  илрэх шинж тэмдгүүд:

-Биеийн жин буурах

-Байнга ядрах

-Шөнө хөлрөх

-Хүзүү, суга, цавины булчирхай томрох

Амьсгаадах, хий ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж,  ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг гэсэн эмгэнэлтэй тоо бий.

ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ АРГУУД

ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа  илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд  илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэж нэрлэдэг.

ЭМЧИЛГЭЭ

ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.

Харин нэгэн таатай мэдээ байгаа юм. Японы Био анагаахын инноваци, эрүүл мэнд, хоол тэжээлийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хүний ​​дархлал хомсдолын вирус буюу ДОХ-ын эсрэг туршилтын вакциныг сармагчингууд дээр 2021.11.28-нд туршсан байна. Туршилтаар вакцин нь дархлаа тогтоож, амьтдыг ДОХ-ын халдварын вирусээс хамгаалсан байна.

Эрдэмтэд вакцины туршилтыг өмнө нь шинэ вакцин хийлгэж байсан макака сармагчин дээр туршсан бөгөөд туршилтын үр дүнд шинжилгээнд хамрагдсан долоон сармагчингийн дөрөв нь халдвар авсан боловч хэсэг хугацааны дараа шинжилгээгээр тэдний биед вирус илрээгүй аж.

Эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакциныг таван жилийн дараа хүн дээр турших эмнэл зүйн туршилт хийж эхэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн.

ХДХВ-ИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

-Хосууд бие биедээ үнэнч байх

-Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих

-Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх

-Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх гэх мэтээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд энэ нь хувь хүний зохион байгуулалт, эрүүл мэндийн зохистой мэдлэгээс хамаарах нь мэдээж.

ДОХ нь одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

(Эх сурвалж: UNAIDS)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button