Гадаад мэдээДЭЛХИЙ

17 улс, 3132 сэтгүүлчийн судалгаа: Сэтгүүл зүйд ямар асуудлууд тулгамдаж байна вэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр |2024.05.03| тохиож байна. Цаг үеэ дагаж, нийгэм, технологи өөрчлөгдөхийн хэрээр аливаа салбарт тулгарч буй асуудлууд өөрчлөгддөг.

Тэгвэл одоо цагт, хэвлэл мэдээллийн салбарт ямар асуудлууд тулгамдаад байгааг харцгаая.

Их Британийн “Cision” фирм 2023 оны хоёроос гуравдугаар сарын хооронд дэлхийн 17 улсын 3,132 сэтгүүлчийг хамруулсан судалгаа явуулжээ. Энэхүү судалгаа нь ерөнхийч байдлаараа дэлхий дахины болоод эдүгээ монголын хэвлэлийн салбарт ч тулгамдаж буй асуудлыг харуулсан гэж дүгнэж болохуйц юм.

Судалгаагаар сэтгүүлчдээс 2022 онд сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудал, сорилтуудын талаар асуухад, гуравны нэг нь:

  • Итгэмжлэгдсэн, найдвартай мэдээллийн эх сурвалж гэх байр сууриа хадгалж үлдэх,
  • Худал мэдээлэл тарааж байна хэмээн буруутгагдаж буй явдалтай тэмцэх гэж хариулсан юм.

Үүнээс гадна боловсон хүчний хангамж, орлого буурсан гэх мэт зүйлсийг тулгамдаад буй асуудал гэж үзжээ.

Сэтгүүл зүйд тулгамдсан асуудлуудыг жагсаавал:

  1. Итгэмжлэгдсэн мэдээллийн эх сурвалж гэх байр сууриа хадгалах, хуурамч мэдээлэл тараасан хэмээн буруутгагдаж буй явдалтай тэмцэх – 27%
  2. Боловсон хүчин, бусад нөөцийн хомсдол – 20%
  3. Орлогын бууралт – 20%
  4. Сошиал платформ, инфлюенсерүүд уламжлалт хэвлэлийг давсан – 19%
  5. Редакцын болон сурталчилгааны бичвэрийн хоорондын ялгаа бүдгэрсэн – 11%

“Cision” фирм дээрхээс сэтгүүл зүйд хамгийн тулгамдаад буй гурван асуудлыг авч үзсэн байна. Эдгээрийг задалж харцгаая.

Итгэмжлэгдсэн мэдээллийн эх сурвалж гэх байр сууриа хадгалах, хуурамч мэдээлэл тараасан хэмээн буруутгагдаж буй явдалтай тэмцэх

3,132 сэтгүүлчээс 2022 онд тулгамдаад буй хамгийн том асуудал юу вэ гэж асуухад 27 хувь нь энэхүү хариултыг сонгосон юм. Энэ асуудал 2022 онд явуулсан санал асуулгаар хамгийн тулгамдаад буй зүйлээр мөн шалгарсан юм.

Тодруулбал 2022 оны санал асуулгаар 3,800 сэтгүүлчийн 32 хувь нь энэ асуудлыг тулгамдсан гэж хариулжээ.Үүнээс гадна ихэнх сэтгүүлчид олон нийт тэдэнд итгэдэггүй гэж боддог байна.

Тодруулбал, 2022 оны судалгаанд сэтгүүлчдийн 57 хувь нь 2021 онд олон нийт хэвлэлд итгэх итгэлээ алдсан гэж бодож байна хэмээн хариулжээ. Энэ нь 2021 оны судалгаанаас дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм.

Боловсон хүчин, бусад нөөцийн хомсдол

Судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 20 хувь нь боловсон хүчин, бусад нөөцийн асуудал 2022 онд тулгамдсан гэж хариулжээ. Харин 2022 оны судалгаагаар бол 3,800 сэтгүүлчийн 16 хувь нь энэ асуудлыг 2021 онд тулгамдсан гэж хариулж байсан юм.

Үүнээс харвал хүний болон бусад нөөцийн асуудал хэвлэлийн салбарт жил ирэх тусам хүндэрч байгаа аж. Мөн 2022 оны судалгаанд сэтгүүлчид олон салбарт хөрвөж, мэдээ бичих шаардлага тулгарсныг онцолсон байна.

Тодруулбал, сэтгүүлчдийн 43 хувь нь тав болон түүнээс дээш салбарт (эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан гэх мэт) мэдээ бичдэг гэж хариулжээ.

Орлогын бууралт

3,132 сэтгүүлчийн 20 хувь нь орлогын бууралт 2022 онд тулгамдсан асуудал болсон гэж хариулсан юм. Харин 2022 оны судалгаагаар сэтгүүлчдийн 16 хувь орлого буурч буй явдал 2021 онд тулгамдсан гэж хариулсан байна.

Лайк, шэйр, бичлэгийн үзэлт гэх мэт тоонууд сэтгүүл зүйн салбарт томоохон нөлөө үзүүлж байгаа аж. 2022 оны судалгаагаар бол сэтгүүлчдийн 59 хувь нь лаяк, шэйр, үзэлт мэдээг хувьдаа дүгнэх байдлыг нь өөрчлөхөд хүргэдэг гэж хариулжээ.

“Cision” фирм сэтгүүл зүйгээс гадна сэтгүүлчийн хувьд юу хамгийн тулгамдсан асуудал юу байсан бэ асуусан байна.

Энэхүү асуултад:

  1. Боловсон хүчин цөөрч, бусад нөөц хумигдаж байгаа нөхцөлд нэмэгдсэн ачаалалтай ажиллах – 38%
  2. Чухал сэдэв болон орлого авчирдаг сэдвийн балансыг барих – 22%
  3. Худал мэдээлэлтэй тэмцэх – 13%
  4. Бусад – 11%
  5. Хэвлэлийг улс төржүүлэх – 10% хэмээн хариулжээ.

Дэлхий даяарх сэтгүүлчдийг хамруулж явуулсан судалгаанаас харвал орчин үед хэвлэлийн итгэмжлэгдсэн байдал, худал мэдээлэл, ажиллах хүчин, орлого бууралт сэтгүүл зүйд тулгамдсан асуудал болжээ.

Эх сурвалж: Cision

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button