УРЛАГ

Амжиж тогтнуулсан дөрвөн хоног

ЗОХИОГЧООС ЖИЧ өгүүлэх нь:

Их эзэн хаан Чингис богдын Их Монгол эзэнт гүрнээс хойш бага хаадын үеэс монгол төр сулран доройтож, ханлигуудад задарч улмаар Манж Чин улсын эрхшээлд орсон 220 шахам жилийн эмгэнэлт түүхтэй. Харин үндэсний эх орончид буюу цагаан ясны ноёд түшмэд, хутагт хувилгаад нэгэн санаагаар нэгдэн тэмцэж, Манжийн сүүлчийн амбан Сандог Хүрээнээс хөөн зайлуулж, улмаар 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дэлхийд зарласан түүх бол бүх түүхэн үйл явдлын дотор зиндаа дээгүүрт орох томхон байр суурийг эзэлнэ. Энэ 12 дугаар сарын хэдхэн хоногийн дараа 110 жилийн түүхэн ой тэмдэглэнэ. Уламжлалгүй шинэчлэл байдаггүйн адилаар энэхүү үндэсний хувьсгал 1921 оны Ардын хувьсгалын суурь болж өгсөн төдийгүй, баатруудын эх оронч халуун элгэн зүрхэнд оч харвуулж өгсөн гэхэд болно.

“Том бэлтэй болж байж том юм руу ордог” гэж Б.Ринчен абугайн үг буй. Энэ түүхэн үйл явдлыг зохиогч миний бие албан болон аман баримтыг хэрэндээ цөөнгүй жилээр судалж, борив бохисхийлгүй, оюун тархины шөрмөс чилэн ажиллаж, “ЦАГААГЧИН ГАХАЙ ЖИЛ” 800 гаруй хуудастай том хэмжээний түүх аж байдлын романыг 2011 онд чадан ядан бүтээснээс хойш яг 1О жил болжээ. Бүтээл маань Монголын үндэсний Радиогийн “ИХ ХӨЛГӨН ТУУЛЬС” уранзохиолын нэвтрүүлгээр жил гаруй уншигдаж, хүмүүс сайхнаар хүлээн авч, шүүмжлэгч судлаачид үнэлгээгээ өгч урам зориг хайрласанд баярлаж бахархаж явдагаа хэлэх нь үүрэг гэж бодно. “Түүх бол сургамж” юм. Энэ жилийн түүхэн 110 жилийн ойд уран бүтээлчийн хувьд дуугүй суух аргагүй гайхамшигт үйл явдал болохын тулд дараах “Амжиж тогтнуулсан дөрвөн хоног” түүхэн танин мэдэхүйн эсээгээ ялангуяа залуу үеийнхэндээ зориулж байна. Ертөнцийн бөөрөнд Монгол төрт улс улам мандан гийх нь өлзий тавиланг ерөөн хүсье.

2021.12.14

Зохиогчоос До.ЦЭНДЖАВ

АМЖИЖ ТОГТНУУЛСОН ДӨРВӨН ХОНОГ

Түүхэн танин мэдэхүйн эсээ

Түүх чамаас өмнө мянга мянган жилээр эхэлж, чамаас хойш мянга мянган жилээр үргэжлэх учраас хэн ч гэлээ аугаа их буурал түүхийн өмнө тэргүүн мэхийхээс өөр аргагүй.

(Зохиогчийн “Цагаагчин гахай жил” романы өмнөх эшлэл)

Орон зай, цаг хугацаанд аугаа түүх унтаж, аугаа сэрж байдаг зүй тогтолтой. Бас түүхэн үйл явдал дэлбэрч тэсэрч, оргилж буцалж, эвдэлж түйвээж, тэр ч бүү хэл хуйхлан сүйрүүлэгч мөн чанараараа зарим улс дэлхийн тавцангаас арчигдан ул мөргүй болж, зарим нь цоо шинээр дахин үүсч гарч ирдэг ч удаа бий. Ерөөс өнгөрсөн зуунуудын түүх бүхэлдээ дайн дажин, аймшигт урвалт, харгис хэрцгийлэл, их нь багыгаа идсэн мөнөөх Оросын яруу найрагч Александр Блокын шүлэглэснээр “Аугаа их арванесдүгээр зуун аугаа их төмрийн зуун” гэж эрин зууны зүрхний ховдолд төмөрлөг зэвхий мөн чанар оршсоныг тун гүн холын тусгалтай хэлчихжээ. Даяаны түүхэнд цойлж гарч ирсэн, хүн төрөлхтөн даяараа зөвшөөрч, үзэн ядавч түүхийн хуудаснаас арчиж чадахааргүй үлдсэн аугаа их түүх бол ХII, XIII зууны Их Монгол Улсын түүх буюу эцэг дээд тэнгэр их эзэн хаан Чингис болоод түүний үр ачуудын тойгтныг бөхийлгөж, толгойтныг сөхрүүлсэн аугаа хүчирхэг түүх юм. Төр гээд байх юмгүй, байсан ч сул дорой, тарж бутарсан вант жижиг ханлигуудыг нэгтгэж чадсанаараа “FAX MONGOLIA” буюу энхийг төвшитгөн захирагч түүх энэ ертөнцийд тооловч гарын таван хуруунаас цаашгүй.

Монгол үндэстний бахархал бол хоёрын хоёр зууныг гартаа базаж атгасан, байгуулж мэдрүүлсэн хөх монгол түүх юм. Хүч чадлаараа ч, сод ухаанаараа ч барьсан энэхүү аугаа түүхээс төр гэдэг юу юм бэ? гэдгийг мэдрүүлсэн учраас Германы суут сэтгэгч, сонгодог философич Георг Вильгельм Фридрих Гегель “Дэлхийн түүх дорноос эхтэй, тэр тусмаа монголоос...учир нь тэнд төр байсан юм” гэсэн үгийг хүн төрөлхтний түүхийн хуудсанд арилшгүйгээр гагначихжээ. Сонгодогийн сонгодог тэр сод ухаантнаар ингэж хэлүүлсэн улс гүрэн бараг байхгүй, өлгий эх орон нь ч дуулаагүй үг шахуу. “Хүн ерөөс мэдэж таниагүй болгондоо чөтгөр байдаг” тул манай хүчирхэг түүхийг үзэн ядагсад бий ч, хүлээн зөвшөөрөгч нь хамаагүй дийлэнх ээ.

Цусаараа түүхээ бүтээдэг тэртээх зуунуудын авир ааш, өнөөгийн шинэ зуунд ч дэлхийн өнцөг булан бүрт голомт нь бөхөлгүй оршсоор л байна. Энэ бүхнийг үл өгүүлэн Манж Чин улсын Энх- Амгалангийн 30 дугаар он буюу XII жарны цагаагчин хонь жил буюу 1691 он хүртэл төвийн зүрхэн талын халх монголчууд ёстой л хангай, говийн хооронд халхын уудам нутагтаа морин хуураа хөглөн татаж, найр наадмаа хурайлан үүсгэж, хайрлаж дурлаж, дөрвөн цагийн өнгийг даган нүүдэллэж, хаа дуртай газраараа морин дэлэн дээгүүр сэлгүүцэн давхилдаж, уйлж унжиж, тунирхаж баясч, өнчирч хайлж, өрөвдөж энэрч Хэрлэн Онон, Туулыг үсчүүлэн хойш урагш давхилдан ая тааваараа амьдарч байсаан.

1686 онд Заг Байдаргийн Хүрэн бэлчирт халх, ойрадын 44 том ноёдын хоёрдугаар чуулганд Галдан бошгот, өндөр гэгээн Занабазар нар оролцон цаашдаа хэрхэхээ хэлэлцээд өөр хоорондоо андгай тавьж, тэврэлдээд салсан мах цусны ахан дүүс төд удалгүй зэвсэг хангинуулан ойрад монгол, төв халх монголчууд дайтан хядалцаж гал усны гашуун аюул нөмөрчээ. Гаднаас хэн ч дайраагүй, дотроо хядалцав. Бие биенээсээ л өө эрдэг, ерөөс дажин үймээнд голдуу хоёлангийнх нь буруу байдаг. Хэн нэгний хийрхэл солиорол, болчимгүй үг үйлдлээс болж, улмаар өсөрхөл, хонзогнол монгол эх газрын хөрс шороонд багтаж ядав. Халхууд төрж өссөн газар усандаа багтаж шингэхийн аргагүй түрэгдэж, ойрадын хаан Галдан бошигтод их Өгөдэйн үүсгэсэн монголын төв голомт Эрдэнэзуугаа шатаалгаж, “Одоо яахав” гэдэг эрээд олшгүй том асуулт тулгарчээ. Хариулт олохыг дор дороо хичээв. Зарим Чихундорж мэтийн цөс нь хавиргаа дэлдэгсэд Галдангийн ойрдуудтай цусаа юүлтэл дайтья гэхэд “Ингэвээс монгол газар хоёр хөлт, хохимой толгойт” монгол хүн алга болж, хайран саруул бэлчир нутагт харийн хан үндэстэн эзэгнэн суурьшина, халиран зугтая гэсэн нэг хэсэг байлаа. Зарим оросуудыг дагая гэлээ. “Тэс хөндлөн шашинтай, тэс хөндлөн гарал үүсэлтэй оросыг дагах нь юу л бол? гэцгээхэд Өндөр гэгээн Занабазар “Мандах төрийг дагаснаас, мөхөх төрийг дагасан нь дээр байна” гэж 200 гаруй жилийн хойтохыг хараагүйсэн бол энэ Монгол улс маань өнөөдрийн Улаан-Үүдийн Буриад лугаа адил болох ч байсан уу? хэн мэдэхэв.

Өвөр монголын Долнуурт Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан, хувраг лам нар хийгээд Өвөрмонголын 49 хошууны ноёд нийлээд 5ОО гаруй ноёд чуулан хэлэлцэв. Манжийн Энх-Амгалан хаан биеэр оролцоод, басчиг хоорондоо гэрээ байгуулан XII жарны цагаагчин хонь жил буюу 1691 онд хүчирхэг Манжид дагаар орсон гашуудалт эмгэнэлт түүхтэй. Манжийн төр мандахаас мөхөх хүртэл хуучны эрэлхэг дайчин монголчууд номхноор түүний суганд 22О шахам жил тийчигнэлээ. Үе, үеийн амбануудаас болоод эсэргүүцэж байсан ч сүртэй юм болсонгүй, дээдэс ноёдод ч цалин пүнлүү, эд агуурс, шан харамч нь илүү байсан болохоор зөнгөөр нь шүү явж иржээ.

Манжууд гэж хэн бэ? нэгэн үе манжийн дарлал гэж түүхийн бүх сурах бичигт байсан бол одоо арай аядуугаар “Манжийн эрхшээл” гэж түүхэн сурвалжид бичиглэх болсон байна. “Юмыг олон талаас нь харах хэрэгтэй, тэгвэл олон янз харагдана” гэж Энэтхэгийн гүн ухаанч Махатма Гандийн хэлсэн үг буй. Энх-Амгалан хааны үеийн манжууд гэрээ хэлэлцээрээ сахиж, ядаж л монголыг маань хятадуудад залгиулчихаагүй нь бурхны аврал, аз гэлтэй. Хятадууд монгол газарт газар тариалан эрхэлж болохгүй, хятадууд монгол эхнэр авч болохгүй, монголын хил хязгаарыг давж дураараа явж болохгүй, монгол айл гэрт, тэр бүү хэл хороо бууцанд майхан саваа барьж ч хоноглож болохгүй хэмээн хил гаальд хатуу хяналт тавьж байжээ.

Өнөөдөр нанхиадыг эзэлж, захирч байсан хүчирхэг Манж улс гүрэн гэж байхгүй, харин энд тэнд амьдардаг тархай бутархай манж хүмүүс хааяа тааралддаг. Түрүүнд үүнийг өгүүлэгч “Цаг хугацаа орон зайд түүх оршдог” гэж санамсаргүй хэлээгүй ээ. Манжид дагаж орсон нь яалтгүй буруу, яалтгүй зөв гэсэн асуултад өнөөдөр хариулахад амар...

Нэг хэсэг нь “Манжид эзлэгдээгүй харьцангуй бие даасан байдлаа хадгалсан Манж Чин улсын нэг ёсны ДОМИНИОН улс байсан гэж үздэг. Тэр нь юу вэ? гэвэл өөрийн засгийн газартай, өөрийн хил хязгаартай, өөрийн нийслэлтэй байсаан гэсэн үгийг Төрийн хүндэт индэрээс сонсгосон шүү. Бас нөгөө талаар дундад зууны үеийн томьёоллоор “VASSAL” өнөөгийн ойлголтоор “SATELLITE” буюу “ТҮШМЭГ УЛС” байсаан гэж цөөнгүй улстөрчид, эрдэмтэд үзэж эхэлжээ. Эдгээр нь “Манжийн колончилол” “Манжийн дарлал” гэсэн үзэл суртлаар сэхээ самбаагүй нүдүүлсэн хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг удаа байх юм. Яавч үргэлжид сайхан байхав, яавч үргэлжид муухай байхав. Дэндүү ихийг үзэж, дэндүү их гадаад, дотоодын олон ухааныг харьцуулан шүүж, дэндүү их шинжлэх ухаанд нэвчиж гэгээрсэн их номч, эрдэмт Ш.Бира абугай “Зуун эрхэм” нэвтрүүлгээр орохдоо, “Манжуудыг муулаад ч яахав, магтаад ч яахав” гэчихнэ лээ, эрхэм та хэрхэхийг мэдтүгэй.

Уул хүртэл сэтэрч товог болно, ус мөрөн ч эргээд урсах үе бий тул Энх-Амгалан хааны үеийн манжууд хожим хойтдоо танигдахгүй болтолоо хувирчээ. Манжуудад өөрсдийн гэсэн төрийн ухаан бодлого сул байжээ, хаад хаадаас болоо биз. Манай хуучин монгол бичгийг төрийнхөө бичиг болгосон ч, төрдөө хятад хэлбичигтэй түшмэдүүдийг илүү авах нь ажилсаг нягт, ухаан сэдэх нь өөр, эсэргүүцэх үггүй, дуулгавартай гэлцэн манж түшмэдүүд тэдэнд бүх юмаа даатгаад, өөрсдөө санаа амар наргиж цэнгэсээр явтал нэг мэдэхэд манжууд хятадатчлагдсан гэж болно. Ямх ямхаар ахиж, өмх өмхөөр идэж, яван яван яргадаг нангиадад нөгөөх аугаа их гүрэн Манж улс уусан илбийн юм шиг, газар доогуур орсон мэт уусч алга болсон хачирхалтай түүхтэй.

Түүхийг сөхвөл заавал үүнийг хэлэхээс аргагүй болдог. Цастын Төвд оронд Галдан бошгот, Занабазар хоёр хар багаасаа шавилж хоёулаа Далай лам, Банчин Богдод шавь орж төвдүүдийн номтуудыг гайхширтал сурч хоёулаа шашны дээд зэрэг цолыг олсон улс...Мэргэд мэргэдийгээ мэрдэг юм ч буй, мэргэд мэргэдийгээ номын гэгээгээр гэрэлтүүлдэг нь ч буй. Ойрадын Галдан бошготод баатарлаг гавьяа бий. 1685-1697 он хүртэл 12 жил манжийн эсрэг айхтар хатуу тэмцсэн нь ч үнэн...бас 30.000 цэргийн хүчээр төв халхын нутагт цөмөрч, дайралдснаа сүйтгэж, элэг нэгтнүүдээ хүчирхийлсэн нь ч үнэн. Монголын түүхнээ арилшгүй мөрөө үлдээсэн энэ хоёр суутныг одоо өнөө үед сөргөлдүүлэн хэн, хэнийг нь буруутгаж үзэн ядаад ч яахав, зарим түүх унтаж байх нь зүй. “Том түүх бага орноо авардаг”. Мэргэжлийн бус бичээчдээс түүхээ хамгаалж, мэргэн түүхчдийгээ сонсох нь, дагах нь илүү гэдгийг дурдсу. “Бага хүмүүсийн хорлон самуун их“ шүү гэдгийг үргэлжид санах ёстой. Эртний мэргэдийн сургаалд, “Муу үг ганцыг өгүүлэхэд зуны цаг боловч сэтгэлд хүйтэн, сайн үг ганцыг хэлэхэд, өвлийн цаг боловч сэтгэлд дулаан” гэснийг эрхбиш эргэцүүлж, түүхийн гашуун нясууныг дотогшоо залгиж, бүх монголчууд түүхийн бахархлыг бүх биендээ, сэтгэлдээ шингээвээс сайн сан.

Манайх гэлтгүй бүх л оронд, бүр агуу гүрэн улсад ч уналт,сэргэлт болсоор ирснээс Монгол маань хаашаа зайлах вэ? Нэгэн хашаа хороонд хашигдаж, хүний үгээр, хүний гараар үг дуугүй хөдлөх шиг, өөрийн толгой тархигүй юм шиг байх гутамшиг энэ ертөнцөд бий гэж үү? Монголд даанч удаан...даанч хөөрхийлэлтэй...даанч балчир хүүхэд мэт Манж гүрэнд харьяалагдан 22О шахам жил явж иржээ. Та бод доо, эрх мэдлээр дутуу ийм байдлаар хоёр жил ч явах бүгчим ой гутам эмгэнэлтэй бизээ.

...Түүхийн цаг хэнгэргээ цохилоо. Чингисийн ураг дээд язгууртны жинхэнэ үндэсний эх орончид толгойгоо өндийлгөлөө. Байж ядталаа тэсэрлээ. Гэвч энэхүү үндэсний энэ их хувьсгалыг өнгөрсөн нийгэмд хар шар феодлууд гэж харааж байсан цагаан ястнууд ван гүн, лам хуврагууд бүгдээрээ цулаараа нэгдэн бослоо. Монгол дахь Манж Чингийн улс төрийг устгаж, сүүлчийн амбан Сандог Их хүрээнээс хөөн зайлууллаа. Энэ түүхэн үйл явдлыг өмнөх зарим хэт марксист түүхчдийн номонд “Гол хөдлөх хүчин нь ноёд түшмэд учраас феодлуудын хөдөлгөөн” гэж тоомсоргүй хүйтэн хөндий хандаж байлаа. Юу гэсэн үг вэ? Агуу...агуу гэхээс өөр аргагүй. Энэ чинь ерөөсөө Чингисийн төрт улсаа эргүүлэн тусгаар улс болгон авчирч сэргээсэн өмнөх зуунд ч, ирэх зуунд алтан үсгээр бичиглэх Монголын бахархам түүх ээ. Бусдын дарлал, мөлжлөг эрхшээлээс гарна гэдэг бол монголчуудын нуруундаа үүрсэн бул хар чулууг авч хаяад, зүрх сэтгэлдээ хилэгнэн уурсаж, гуниж гутаж явсан сэтгэлийг сэргээсэн явдал мөн.

Өнгөрсөн зууны үед энэхүү үндэсний их хувьсгалыг мандуулж ярихаасаа халгаж байлаа. Бурхан минь...Богд хутагт Жибзундамбыг түүх, уран зохиолоор ёстой л хорхой шавж дээр няц гишгэх адил, дүлий хад чулуу сонсгол ортол шившиг бүхнийг дэлгэж, үгийн муу, үзлийн муугийн дээдээр булж гутааж байсныг мэдэх газар...”Бичсэн нь үлдэж, ярьсан нь замхардаг”, тэр бүх зүйлс цагаан дээр хараар өмнөх бичлэгт үлдсээн. Хэрвээ энэ бие хүн байгаагүй бол бүх монгол даяараа мөрөн дээрх цасаа сэгсрэх шиг манжийн эсрэг өндийж босохооргүй байлаа.

Яахав бас оройн дээд шүтээн “Амьд бурхан” гэж итгэгдсэнийх гэж болох боловч, хувь хүний хувьд эрс шийдмэг зоригтой, алсыг харсан ухаалаг, шийдвэр төгс, хэлснээсээ буцдаггүй өнөөгийн хэллэгээр бол сүрхий улстөрч байсан талаар монголчуудаас гадна гадаадын элчин, жуулчид бахархалтай тэмдэглэн үлдээсэн баримт олон. Таван настайдаа тодорч Төвдөөс залагдсан Жибзундамба бага залуудаа найр цэнгэл, архи дарсанд шаггүй автаж байсан ч дэргэд нь дандаа монголын том эрдэмт багш нар ном эрдмийг болоод хаан дээдэс хүний ёс горим, үүх түүхийг заан сургасаар төрөлхийн сэргэлэн хүүг өдий зиндаанд хүргэжээ. “Түүхчдэд найдаж болохгүй, түүхчид засаглаж байгаа ноёдод хэрэгтэйг нь ярьдаг үйлчлэгчид юм” гэж Шимон Пересийн хэлсэн гашуун үг буй. Түүхчид, зохиолчид хэдийбээр эр зоригтон байлаа ч үнэнийг хэлэх эрхгүй, хэлэх ч аргагүй нэг онол үзэл суртлын илд толгой дээр нь далайгаастай байлаа, гэвч цухас цухасхан, утга далдлах аргаар эвийг нь олоод хэлж л байсныг бас үгүйсгэж болохгүй.

Богд хутагтын тухайд “Чингисийн агуу их хаант гүрнийг гэхэд үгүй ядахнаа тусгаар тогтнолоо олж авах эрмэлзэлтэй байлаа. Засаг ноёд хийгээд лам нар түүнээс айдаг, ард түмэн хайрлан хүндэтгэдэг, алдар нь цуу нь Монголын хил хязгаараас нэгэнт халин гарсан билээ. Бие даасан бодлоготой, ухаалаг, тэргүүн санваартан жолоодогчийн хувьд Төвөд, Хятадыг ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй” (М.Г. Торновский) гэх мэтээр уулзаж, ярилцаж явсан гадаадынхан олонтаа үнэлсэн байдгийг нуршаад яахав, ингэсхийгээд орхиё.

Эцэг дээд Чингис хааны язгуур алтан ургийн цагаан ястан дээдсүүд “Монгол орноо харийнханд толгой мэдүүлж, мөрөн дээрээ толгойгүй юм шиг, мөлхөх хөлгүй юм шиг явахыг тэвчиж ядан манжуудыг яаж сэгсрэх вэ? гэдгийг далд нууцаар ярилцаж, яван явсаар нэг хүн шиг санаа нийлж байлаа. Гэвч дангаар тэмцэхэд хурдан хурц зэвсэг байхгүйд арга ягджээ. Он цагийн зурхайд зурагдсан мэт агуу тоолол гэж бий, ингээд цагаагчин гахай жил буюу 1911 оны зун олон аймаг шавиас Богдод даншиг өгөх ёслолыг хийж, энэхүү хан, ван, лам хувраг дээдэс нэгэн цаг дор цуглах завшааныг ашиглан Жибзундамба хутагтаас үг сонсох алдаж болохгүй “алтан мөч“ иржээ, нууц алдагдвал бүгдээрээ толгойгүй болох байлаа. Эхийн талаараа монгол цустай гэгддэг Сандо гэгч тун сүрхий үнэрч, хятад монгол, төвөд олон талын туршуулын сүлжээтэй төдийгүй ялангуяа Богдын хөдлөх хөдөлгөөн, мөр бүрийг байнга тагнаж, түүнийг зөвшөөрөлгүй хөдөө гадаа явуулахыг хорьчихсон байв.

Угийн гөжүүн тэрслүү гэхээр Жибзундамба “Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэднээ,хө” гэсэн хандлагаар үл тоомсорлон хөдөөлж, гадаалж байлаа. “Хоёр нар, сар ” байдаггүйн адилаар нэг саванд үл багтан үүгээрээ ч, түүгээрээ ч хоорондоо өстөн дайсан бололцжээ. “Үг гаргавч амандаа, хэрэг гаргавч нударгандаа” бие биеэ танадаж байв. Богд дэргэдээ Баатар захирагч гэгчээр толгойлуулсан тагнуул туршуулын албатай, олон улсын нэртэй туршуулч эрдэнэ жонон ван Ширнэндамдингаар дамжуулан манжуудтай тун ойрын харилцаатай Наянт вангаас мэдээ занги авахаа мэднэ. “Мэдээллийг эзэгнэсэн нь эрин цагийг эзэгнэнэ” гэж хэзээ эртнээс үзэж иржээ.

Манжийн эсрэг босохыг хамгийн зоригтойгоор эхлүүлсэн хүмүүс бол Ханддорж чин ван, да лам Цэрэнчимэд байсан ч өвөрлөгчөөс харчин гүн Хайсан айхтар хүчтэй нөлөөлөгч, ятгагч байлаа. Тэд Чин улсаас салах тухайгаа даншигийн үеэр мэдэгдэхэд, “Одоо Манж улсын тоо улирал дуусч, засаг төр нь мөхөх цаг хэмжээ болсон, тусгаар улс төрийг байгуулан бүтээж болно” гэсэн маш нууц лүндэн буулгалаа. Хаанахын хэнийг дагахыг ч айлдав. Оросын их цагаан хаанаас тусламж эрж, энэ хэргийг гүйцэлдүүл гэлээ. Амь насан дээсэн дөрөөн дээр үед туйлбаргүй, зориггүй, аясыг хүлээсэн, аймхай хулчгар, үлбэгэр сул дорой лам хуврага хүнээс ийм үг гарах уу? Үгүй ээ, тэр зоригтой шийдэмгээ харуулав. Богдын зурсан зураг, бодсон бодлоор тэд Оросын тэр үеийн нийслэл Петербургийг зорьж, оросууд тэдний хүсэлтийг зөвшөөрч, батлан хамгаална гэсэн баярлууштай үгийг дуулав. Хэрэг шийдэх тал руугаа орлоо. “Дарины утаа бүү хэл, тамхины утаа ч” гаргалгүй, нэг ч хүний амь насыг ч үрэгдүүлэлгүй энэ хувьсгалыг сүрдүүллэгийн аргаар хийсэн ч гэж болно.

Дөрвөн аймгийн монгол цэргүүд Богд хан уул, Баянзүрх хайрхан, Сонгино хайрхан, Хан уул, Цэцээ гүн хайрхнаар шивээлчихжээ, орос цэргүүд хойноос гол мөрний урсгал мэт орж ирэх нь гэсэн цуу яриаг тараав. Сандо сандарч, Бээжингээс цэргийн хүч шаардсан боловч, азаар өөрсдийгөө яая гэсэн бас л хөдөлгөөнд орсон байлаа. Люба тэргүүт Оросын Хүрээн дэх консулууд ч “Сандо та амиа бодож, Хүрээг үтэр түргэн орхиж яв, бид хамгаалалтдаа авна” хэмээжээ. Ерөөс энэ ташрамд хэлэхэд, 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний хувьсгал, 1921 оны цагаагчин тахиа жилийн хоёр хувьсгалын гадаадын түшиг тулгуур, дэмжин тусалсан хүчин бол цагаан орос, улаан орос хоёр байсныг санах хэрэгтэй болов уу? Сайн, саарийг та бүхэн шүүтүгэй, юутай ч буруу байгаагүй гэдгийг шуудхан хэлж чадна. Аливаа хувьсгалын хөдлөгч хүчин нь ажилчин тариачин ядуу пролетариуд гэсэн марксист онол байдгийг дээр доргүй мэднэ. Гэвч цагаагчин гахай жилийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үндэсний хувьсгал бол “Ноёд дээдсийн хувьсгал” байлаа.

Миний бие энэхүү эсээгээ яагаад ”АМЖИЖ ТОГТНУУЛСОН ДӨРВӨН ХОНОГ” гэсэн бэ? гэдэг нь ёстой л монголын их хувь заяа гэгч, дээд тэнгэрийн аврал ивээл гэдгийг тархинд нь зоотол хэлье гэсэндээ тэр юм. Богд хутагт гадаад, дотооддоо маш өргөн мэдээлэлтэй байсныг түрүү дурдсан. Түүхч Б.Буянчуулган “Эфү түшмэд манжид үнэнчийн дүрээр хүчин” зүтгэж гэж бичсэн байх юм. Тэд гадаад байдал төрхөөрөө арга буюу үнэнчийн дүр эсгэж байсан ч, дотоод зүрх сэтгэлээрээ монголоосоо урваагүй нь цөөнгүй байжээ.

Манжийн анхны эзэн хаан Нурхач баатар “Ертөнцийг чичрүүлж байсан Чингисийн уг үндсийг миний цагаан дээлийн хормогч дор сөгдүүлж явахыг хүснэ” гэж хойч үедээ андгайлсны дагуу манжууд охидоо ар, өвөр монголын цагаан ястан ноёдуудад хайр найргүй бэр болгон өгч байжээ. “Хүргэн хүү хүзүүгүй” гэгчээр Эфү хүргэд дотор сайн муу хүмүүс цөөнгүй байсан байж таарна. Бээжинд эфү буюу манжийн хүргэн хэмээгдэн нүүрэн дээрээ тал олсон мэт ч, зүрхний ховдол дундуураа Чингис дээдсийн язгуурын цус бүх судсаар нь гүйсэн хүмүүс “Хятадад Синьхайн хувьсгал гарлаа, мөдхөн Манжийн төрийг устгаж, Хятадад шинэ төр засаг байгуулагдах нь тодорхой боллоо. Үүнээс өмнө маш хурдан амжиж, тусгаар тогтнолоо зарлахгүй болбоос хуучин Манжийн үеийн эзэлсэн газар нутгаар хуу хамрагдаж, шууд Хятадын бүрэлдэхүүнд орох аюул нүүрлэхээр байна” гэсэн мэдээ Бээжингээс авч, үүний зэрэгцээ монгол үндэсний эх орончид ч энэ мэтийг аль хэдийнэ сэтгэж, маш богино хугацаанд бэлтгэл ажлыг ханган 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын хаан ширээнд Богд Жибзундамба хутагтыг залах таван цагийн туршид бүхнийг тооцоолсон гайхамшигтай төрийн их ёслолыг үйлдэж, түүнээ төрийн тамга, өргөмжлөлийг өргөн барьлаа.

Энэ үеэс эхлээд Богд хутагт биш, Богд хаан гэсэн алдар хүндэтгэлийг хүлээж,тусгаар улсын он тооллыг “Олноо өргөгдсний” гэхээр тогтов. Дэлхийн чихэнд хэл чимээгүй, байгаа үгүй нь мэдэгдэхгүй байсан төв Азийн Монгол орон Манжаас салж тусгаар улс болсноо зарласныг мэдэцгээлээ. Энэ үйл явдал хятадуудаас ердөө 4-хөн хоногийн өмнө амжиж тусгаар тогтнолоо зарласан нь монголын хувь заяаг тэнгэр тэтгэсэн хэрэг байв. Яагаад гэвэл хятадууд Манж Чин Улсыг мөхөөж, 1912 оны нэгдүгээр сарын 1 буюу ердөө дөрөвхөн хоногийн дараа тусгаар тогтносон Думдад Иргэн улсыг зарлаж, манжаас тусгаарлахад гол үүрэг гүйцэтгэсэн хэт үндсэрхэг үзэлтэн Сун-Ятсинийг түр ерөнхийлөгчөөр тунхаглалаа. Одоо ч өөрийн улсын эцэг гэж хүндэлдэг Сун-Ят- Синий гол бодлого бол аугаа Думдад улсын халуун элгэн гэр бүлд ар, өвөр монгол, төвөд, уйгар бусад үндэстнийг нэгтгэхийг уриалсан, түүний төлөөнөө тэмцэхийг хатуу зорилгоо болгосон зүтгэлтэн байсан болохоор хамж авах аюул алхмын цаана байлаа.

Энэ дөрвөн хоногт алмайрч, наргиж цэнгэж, назгайрсан бол яах ч байсныг чөтгөр бүү мэд. Ямар ч байсан өөрийн улсын тусгаар тогтнолыг зарлаж, гадаад дотоодгүй шуугиан дуулиан тарьж, дэлхийн чихэнд нэгэнт хүрсэн тул тэрхүү хуучин Чин Улсын газрын зургаар хүчээр нэгтгэх “шар шуурганы” аюулын гадна гаргаж чадсан нь мөнөөх хар, шар феодлууд буюу Чингисийн цагаан ястаны удам угсаат үндэсний эх орончдын ухаан зүтгэл, эр зориг байсан юм. Энэ бол тэнгэрээс ивээгдсэн аугаа ДӨРВӨН ХОНОГ юм гэж үзэж байна. Гэвч 59 насалсан Сун түр ерөнхийлөгчийн сэнтийд удсангүй, түүний оронд Думдад иргэн Улсын Ерөнхийлөгч Юань-Шикай гарч ирээд, ар монголыг нэгтгэх талаар шаргуу дээрэнгүй бодлого явуулж, сүрдүүлэг, тулгалтыг байнга хийж шахаж шаарджээ.

Хэсэг хугацаанд Ерөнхий сайдын алба хашиж байсан Мандшир гэгээн донхор хутагт Цэрэндорж Богд хаанд бараалхаад “Манай Монгол руу нэг хүнд 1000 цэрэг цэрэг гаргаж хятад цэрэг ирж явна. Үгүй бол цэргээ гаргаж ирж байлд, үгүй бол бууж өг гэж байна. Яахыг айлдана уу?” хэмээн ихэд айн мэгдэхэд. “Шийдэж ядах юу байхав, хариу бичиг өг. Яах вэ? үс олон ч гэсэн ганц хутгаар авдаг юм. Манайх тэр адил гэж бичээд хариу өг” гэсэн шийд өгснийг дэргэд нь байсан өвгөн Жамбал чихээрээ сонссоноо үлдээснийг эрхэм уншигч та их соён гэгээрүүлэгч Цэндийн Дамдинсүрэн абугайн номоос уншсан болов уу? Энэхүү хоёр гуравхан үгэнд Жибзундамбыг ямархуу аймшиггүй чин зоригтой, хэчнээн мэргэн ухаантай аргагүй л улсын тэргүүн шиг байсан нь илт байгаа бизээ.

1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалын үнэт зүйлсийн талаар олон зүйлийг хэлж болно, энэ талаар дагнасан даацтай судалгаа хийсэн түүхч Оохнойн Батсайханы эрдэм шинжилгээний гавьяаг энд дурдах нь зүй. Харин тэрхүү түүхчийн бүтээлд дурдагдаагүй нэгэн нэн ховор олдворыг архивч, түүхийн ухааны доктор Гонгорын Дашнямын 2003 онд “Манай Монгол” сэтгүүлийн 01-ийн 31 дүгээр талд гаргасан “Шашин төрийг хослон баригч Хаант Монгол Улсын Төрийн түшээдийн тангараг” хэмээх чухамхуу үнэт ховор баримтыг гаргаж тавьсан боловч үүнийг шүүрч аван сайшаасныг эл бие нэгэнт олж харсангүй. Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байсныг мөнөөх түүхч олоод нэн олзуурхсан нь мэдээж.

Бид ч бас даган баясахаас аргагүй тул бүрэн эхээр нь оруулав. Энэ тангарагийг Цэргийн яамны дэд сайд бэйс Насанравжих, Гадаад яамны дэс түшмэл Сөстэй нар төр улсынхаа төлөө буцалт няцалтгүй зүтгэх тангарагийг анх үүдэн сэтгэж Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэдэд өргөснийг нэн сайшааж, Богд хаанд уламжлан айлтгажээ. Таван яамны сайд түшмэд хамтран хэлэлцээд тангарагийн ёслолыг ёс төртэй явуулсан байна.

Тангарагаа “Эдүгээ бидний төдийгүй үүрд олноос цөм дагаваас зохимуй” хэмээснийг иш болгожээ. “Эдүгээ бидний олон монголчууд язгуураас үндэс суртал нэг тул энэхүү их журмыг мөрдөн тангараг сахилгыг батлан тогтоож, шашны сахиусанд батлан тогтоож, шашны сахиусанд даатган айлтгаад, үүнээр дотоод дор болбаас тус тусын үнэн шударгыг илэрхийлэн хөшөөлдөж, таамаглан сэжиглэх санааг ариутгаж, гадаад дор болбаас бусдын хорлол, хөнөөгч арга мэхэнд үл хөдлөх төмөр чулууны мэт бат болж, аюулт дайснаас аянга цахилгааны мэт буцалт үгүй улсын сүрийг бадруулан үзүүлбээс зохихын тулд ийнхүү гурван зүйлийн тангараг сахилга тогтоож, түмэн үед хүртлээ хаан эзэн дор үнэн хүчийг өргөж, шашин төрийг үүрд бататгаваас зохимуй.

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ: Хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхүй дор хялбарыг эрэх үгүй, бэрхээс зайлах үгүй, амины завшлыг гээж, албаны хэрэг дор цөм нэгэн эвт сэтгэлээр амин биеийг хайрлалгүй бат журмыг барьж, улсын эзний хишиг дор хариулсугай.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ: Эдүгээ байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлаж хамгаалсугай.Энэ байгуулсан ану, эдүгээ бидний төдий үгүй үүрд олноор цөм дагаваас зохимуй.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ: Энэхүү байгуулсан төрийн тул батлан тогтсон тангараг сахилгыг үүрд туслан өршөөж хамгаалан тэтгэсээр шамбалын орон дор хүргэгтүн. Эс дагаж, үл сахин шашин төрд хорлол хөнөөгчид ба амь биеийг хайрлан шударгаар Богд эзний өмнөөс үл зүтгэгчдийг шашны сахиулсан гэгээнээр тольдож тухай бүр илтэд үзүүлэн соёрх гэжээ.

Өөрийн тусгаар улсаа батлан тунхагласан нь бүх юмс ган тайлагдаж, нялх ногоо, цэцэг навч дэлгэрэх шиг бөгтийсөн нуруу цэгцэрч, их Д.Нацагдоржийн хэлснээр төв азийн халуун нар салхинд түлэгдэж харласан монголчуудын магнайд азын од гийсэн билээ. Монголын үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан үндэсний хувьсгалын түүхт өдөр сайндаа л зарим нь монгол дээлээ өмсч, тэрүүхэн тэндээ даяараа бус ёслол төдий болоод өнгөрдөг. Харин өнөө жил энэхүү түүхт өдрөөр Улсын Их Хурлын төгсгөлийн чуулганыг эртний Монгол туургатны нийслэл Хар Хорумд хийхээр шийдвэр гаргасныг монголчууд талархан сайшаахаас өөр аргагүй.

Мөн энэ өдөртэй европын хритос тооллын шинэ жил бараг давхацаж, түүний хөлгүй их наргиан цэнгээн, ёслолын сүрт буудлагын цацарсан оч гэрэлд үндэсний энэ баярт үйл явдал бүдгэрэн сүүмийж чухам юу болоод байгаа нь мэдэгдэхгүй шахам өнгөрдөг энэхүү өдрийг дээдсийн “ТӨРИЙН ТАНГАРАГИЙН ӨДӨР” болгохыг төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигдаж болмоор ч мэт санагдана. Үгүй бол эсвээс бас далд мөртлөө айхтар сүрхий толхилцоонтой сүм, хийд шашныхан, лам хуваргууд энэхүү Богд эзэн хааны мутарласан тангарагийг сүм хийд бүртээ ариутган сахиж, ном бурхнаа хөгжөөж болмоор байх юм.

Бас дээр нь нийслэлийн чанх төвд шинээр урамтай сайхан босч байгуулагдсан “ЧИНГИС МУЗЕЙНХЭЭ” Цагаагчин гахай жилийн 1911 оны хувьсгалын үзмэрийн манлайд дээрх дээдсийн тангарагийг алтаар сийлж мандуулж болохоор санагдсанаа өичж хэлье. “Оготны дуу тэнгэрт хүрдэггүй шиг өчүүхэн чадуу миний энэ үг санаа, дээд тэнгэрт цацагдаж, доод газарт шингэн одох вий дээ” гэж зовнином.

Эцэст нь 2011 оны ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ БОЛООД 1921 оны АРДЫН ХУВЬСГАЛЫГ өөр хооронд нь сөргөлдүүлж, дор дороо хувьчилж, энэ нь чухал, тэр нь чухал бус гэсэн талцал хурц тод биш ч гэлээ, цаагуураа “Эв хамт намын тунхагт байдаг” ёстой нөгөө талцлын ХИЙ ҮЗЭГДЭЛ иргэдийн дунд ч, улс төрийнхний хооронд ч сүүмэлзээд байдгийг болиулах хэрэгтэй. Хоёулаа л энэ Монголд маань гэрэл гэгээ, итгэл эрмэлзэл, зорилго тэмүүлэл, асар их өөрчлөлт хувьсал хөдөлгөөн авчирсан ихэр хоёр АГУУ ТОМ ХУВЬСГАЛ юм гэдгийг онцольё. Мэргэд та бүхний мэлмий дор биширье.

Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Цэнджав

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 14, 2021 12:48

Зохиолч Цэнджавт өдрийн мэнд хүргэе. З�##�ууст нэгийг бодуулсан, ухааруулсан сайхан эссэ болжээ. Баярл�##�аа

Дорж
Дорж
12 сар 14, 2021 12:50

З�##�уусыг уншихгүй, үүх түүхээ мэдэхгүй б гээд шүүмжлээд бдаг. Эрдэмтэн, судлаачид нь ингээд дуугараад үлгэрлэх хэрэгтэй. Сайхан нийтлэл болжээ. Цэнджавын үеийнхэн ч мөн ингэж дуугараасай, з�##�ууст үлгэрлээсэй.

Back to top button