Ярилцлага

Хён Сылги: Цаашид цусны бүлэг таараагүй донороос эрхтэн шилжүүлж болдог дэвшилтэт мэс засал хийнэ

Тэр цагаан халаад өмсөлгүй гарч ирснээ санаад, уучлалт гуйн буцаад дэгдчихлээ. “Цагаан халаадтай бурхад” гэж монголчууд эмчийн мэргэжлийн хүндэтгэдэг. Солонгост ч адил ажээ. Хён Сылги эмч ярилцлага өгөхдөө ийн халаадаа өмсөж аваад, тухаллаа.

Гурван жилийн өмнө Монголд ирж, “Агапе” христийн эмнэлэгт ажиллаж буй тэр Монголоор давгүй сайн ярьж сурчээ. “Та хүсвэл эх хэлээрээ яриарай. Бид орчуулан хүргэж болно” гэвэл тэр хүндэтгэн толгой дохих ч бүх сэтгэлээрээ монгол үгс хэлхэн хөөрөлдлөө.

Хён Сылги анагаах ухааны магистр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалч. Мөн бөөрний дутагдалтай хүмүүст гемодиализын аппаратын эмчилгээнд орж эхлэхээс нь өмнө фистул судас тавих бичил мэс ажилбартаа нарийн мэргэшсэн нэгэн юм.

-Монголын өвөл танд ямар санагддаг вэ. Энд их хүйтэн шүү?

-Баярлалаа. Би Монголд гурван жилийн өмнө ирсэн. Миний бодлоор Монголын өвөл үнэхээр хүйтэн юм байна. Гэвч Солонгост байхгүй олон гоё соёл энд бий. Гадуур төдийлөн яваад байхгүй, ихэвчлэн байшин дотор ажилладаг ч сайхан цаг хугацааг өнгөрүүлж байна. Монголчуудын өвлийн соёл их хөгжилтэй, сайхан санагддаг.

-Та ажлын нэг өдрөө танилцуулаач. Хэр завгүй өдрүүдийг энд өнгөрүүлж байна вэ?

-Би 06.00 цагаас босоод, ажилчдын автобусаар эмнэлэг дээрээ ирдэг. 08.00 цагаас 16.30 хүртэл эмч нартайгаа хамт ажиллана. Миний хувьд мэс засалч учраас мэс заслаа хийж, эмчлүүлэгчдэдээ зөвлөгөө өгч эдгээр өдрүүдийг өнгөрүүлдэг дээ.

-Солонгост эмчээр ажиллаж байсантайгаа харьцуулахад танд ямар ялгаа мэдрэгддэг вэ?

-Ерөнхийдөө төстэй л гэж хэлмээр байна. Манай “Агапе” эмнэлэг хөгжиж байгаа.  Ийм болохоор Солонгост байхдаа ажиллаж байснаас маань жаахан өөр зүйлс бий. Гэхдээ төстэй гэж хэлэх ёстой. Миний бодлоор монгол эмч нар солонгос эмч нараас илүү сайхан хандлагатай. Өдөр ч, шөнө ч эмчлүүлэгчидтэйгээ төвөгшөөлгүй утсаар ярьж, зөвлөгөө өгдөг.

Бид “Агапе” эмнэлгийн гэр-кофе шопод ярилцаж байна. Эмнэлгийн гадаа гэр барин тохижуулсан нь энэ. Ажилтнууд энд цайны цагаараа ирж цайлах бөгөөд халуу дүүгсэн монгол гэрийн уур амьсгал дотно, дулаан аж.

БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Агапе” эмнэлэг “Христийн” гэсэн тодотголтой. Эмч нар нь Есүст залбирна. Библид номлодог хариу нэхдэггүй сайхан сэтгэлийг үндэс болгон баримталж, тэд олон олон эмчлүүлэгчтэй харилцана. Өмнөд Солонгосын анагаах ухааны салбарын хөгжил, тогтоосон жишгийг тэд энд үлгэрлэн, нутагшуулж буй.

-Та ер анх яагаад Монголд ирж ажиллах шийдвэр гаргасан юм бэ?

-“Агапе” эмнэлгийн шугамаар Монголд ирээд, шижигнэсэн залуу эмч нартай танилцсан минь үлдэх шалтгаан болсон гэх үү дээ. Тэдэнд итгэж, хамт ажиллах, сурсан мэдсэнээ хуваалцах их хүсэл төрсөн. Эмнэлэг маань миний хувьд их онцгой. Бид Есүсийн хайрын дор хамт ажилладаг. Солонгост ч ийм эмнэлэг цөөн.

-Шашны итгэл үнэмшлээсээ шалтгаалан, эмч нарын эмчлүүлэгчдэдээ хандах хандлага өөр байдаг болов уу?

-Их ялгаатай гэж бодохгүй байна. Бүх л эмч нар эмчлүүлэгчдийнхээ төлөө ажилладаг учраас тэр. Өнөөдөр би онцгойлон О.Адъяахүү, Х.Дорждэрэм эмч нарынхаа тухай яримаар санагдаж байна. Манай мэс заслын багийн эмч нар. Маш чадварлаг, залуу эмч олонтой нь бидний давуу тал. Бидний зорилго мөнгө биш. Харин хамгийн сайн эмчилгээг хүмүүст хэрхэн өгөх вэ гэдэг л эрхэм зорилго. Энэ чин сэтгэлээр ханддаг нь шашны итгэл үнэмшлээс илүү онцлог зүйл гэж бодож байна.

-Монголд ирээд та богино биш хугацааг үджээ. Үүнээс хамгийн хүнд мэс заслын ард гарсан удаагаа дурсахгүй юу?

-Бөөрний дутагдлаар шаналж байсан тэр ах санаанд орж байна. Харамсалтай нь тэр нас барсан. Ийм өвчинтэй хүмүүс гемодиализын аппаратын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Үүний тулд гартаа том судас тавиулдаг. Бидний хувьд хэцүү мэс засал биш л дээ. Гэвч бид л муу ажилласан учраас түүний хуруу үзүүрээсээ үхжиж эхэлсэн. Дараа нь тэр ахын гэр бүлийн хүмүүс ирээд “Маш их баярлалаа. Та бүхэн бидэнд их тусалсан. Талийгаач маань их талархсан шүү” гэж хэлж байсан. Заримдаа тэр ахыг боддог. Бидний эмчилгээний үр дүн сайн биш байсантай л энэ холбоотой. Иймд эмчлүүлэгчдийнхээ төлөө үргэлж сайнаас сайн ажиллах ёстой гэж боддог.  

-Эмчилгээ амжилтгүй болох үед үүнийг сэтгэлдээ хэр хүндээр тусгаж авдаг вэ. Мөн хэрхэн давж гардаг бол?

-Бид үргэлж хамгийн сайн үр дүнг гаргахын төлөө ажилладаг мэргэжилтэй хүмүүс ч бүгд санаснаар болдоггүй. Тийм учраас олон мэс засалч эмч архи уудаг. Гэвч би архи ууж чаддаггүй учраас залбирдаг. Их алдартай эмч ингэж хэлсэн байдаг, “Та мэс засалч болсон бол Есүст итгээрэй. Яагаад гэвэл эмчилгээ тань муу үр дүн гаргавал танд залбирал хамгийн тус болно”. Энэ үгийг би санаж явдаг.

Мөн мэс ажилбарын тухайд баг их чухал. Энэ бол нэг хүний ажил биш ээ. Мэс засал амжилтгүй болох үед багийнхаа эмч нарын өмнөөс сэтгэл их хүнд болдог. Гэхдээ тэдэндээ хэцүү байгаа сэтгэл зүйгээ илэрхийлээд байж болохгүй. Нөгөө талаар алдаа, оноогоо цаг тухайд нь ярилцаж, хэлэлцэж байх хэрэгтэй. Бид ийм хурлыг тогтмол хийдэг. “Яагаад ийм явдал болов. Юу дээр бид алдав. Дараагийн удаа үүнийгээ хэрхэн засаж болох вэ” гэж хэлэлцдэг. Хэцүү ч ийм үеийг эмч нартайгаа давж гарах сайхан.

Түүний харц үргэлж өөрийгөө голох, илүү сайн руу тэмүүлэх хүслийг илэрхийлэх шиг. Бас ямар ч ажилд чин сэтгэлээ зориулж ажилладаг чанар нь эрчтэй, гүйцэт хөдөлгөөнүүдээс нь харагдана.

Хён эмчийн хувьд хамгийн чухал зүйл бол баг. Энд ажиллах хугацаандаа нэг баг болж буй О.Адъяахүү, Х.Дорждэрэм эмч нараа болж өгвөл л ярих гэж, тэднийгээ яриулах гэж хичээнэ.

-Монголын эмч нарыг чадварлаг гэдэг. Гэвч манай улсын эрүүл мэндийн салбарт авлигал, хээл хахуулын асуудал тээг тушаа болдог. Энэ тухайд та өөрийн бодлыг хуваалцахгүй юу?

-Үүнийг хүний ухааны асуудал гэж бодож байна. Би Монголын эмнэлгүүдийн тухай сайн мэдэхгүй л дээ. Учир нь ганцхан “Агапе” эмнэлэгт ажиллаж буй туршлагатай. Гэвч Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйг их гэрэлтэй гэж хардаг. Хамт ажиллаж байгаа залуу эмч нараа харвал солонгос эмч нараас илүү чадварлаг байна. Бас илүү сайхан хандлагатай. Мэдээж өнөөгийн цаг үе хүнд байна. Гэхдээ энэ залуу эмч нар сайн ажиллаж, туршлага хуримтлуулах хэрээр бусдадаа нөлөөлж, салбараа хөгжүүлэхэд нэмэр тус болно гэж боддог.

-Хэдий эмч нар хичээж ажиллавч эмчлүүлэгчийн буруу амьдралын хэвшил, эмчийн зааврыг дагадаггүй зан чанар зэргээс болоод эмчилгээ үр дүнгүй болох магадлал өндөр. Таны ажигласнаар монголчуудын нийтлэг гаргадаг алдаа, анхаарах хэрэгтэй зүйл юу вэ?

-Энэ асуултад хариулахдаа нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Манай монгол ах нар их зоригтой. Бид хэсгийн мэдээ алдуулалттай мэс засал хийдэг. Миний бодлоор их өвдөж байх ёстой. “Та зүгээр үү, өвдөж байна уу?” гэхээр “Өө, зүгээр зүгээр” гэдэг. Үүнд нь их талархдаг.

“Монголчууд учраас эмчийн зөвлөгөө дагадаггүй” гэж ойлговол буруу болно. Солонгост сайн эмч нар байлаа ч үг сонсдоггүй эмчлүүлэгчид маш олон бий.

Бид судасны мэс засалд орсон хүмүүстээ “Тамхи татаж болохгүй” гэж хэлдэг. Гэвч татаад сурчихсан хүмүүс энэ зуршлаа хаядаггүй. Тамхи татах нь судасны ханыг хатууруулж, шинээр тавиулсан судсанд нь сөрөг нөлөө үзүүлдэг. “Тамхи татахаа болиоч” гэж л гуймаар санагддаг.

Эцсийн дүндээ бид хамгийн сайн эмчилгээг хийхийн тулд багаараа, хамтдаа ярилцдаг. Нэг хүнд мэс засал хийхийн тулд хамтын шийдвэр гаргадаг. “Ингэж шийдвэл мөнгийг амраар, ихээр олох юм байна” гэж болохгүй. Тухайн эмчлүүлэгчийн алс ирээдүйг бодсон  замыг л сонгох ёстой. Үүнийг маань л ойлгож байгаасай гэж боддог.

-Монголд эмчээр ажиллахад юу танд хамгийн бэрхшээлтэй санагдаж байна вэ?

-Би солонгос хүн учраас хэлний асуудал хамгийн том бэрхшээлтэй байна. Мөн монгол соёлд бүрэн дасаагүй тул буруу ойлгох, ойлголцох тохиолдол цөөнгүй гарч байгаа. Гэвч манай О.Адъяахүү эмчийн англи хэл, Х.Дорждэрэм эмчийн солонгос хэлний чадвар их сайн тул бид хамтдаа ажиллаж байна. Их том бэрхшээл биш шүү.

-Та эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалч эмч шүү дээ. Монголчууд ихэвчлэн ямар өвчлөлөөр “Агапе” эмнэлэгт хандаж байна вэ?

-Манай эмнэлэгт хамгийн олон хийгдэж буй эмчилгээ нь бөөрний дутагдалтай хүмүүст фистул судас тавих мэс ажилбар. Хамгийн гол нь, тэд энэ хүртэл өөрсдийгөө урьдчилан сэргийлж чадахгүй байна. Би энэ талаар судалгаа хийгээгүй ч, солонгосчуудаас өндөр цусны даралттай хүн Монголд их олон байна. Тэгэхээр даралт ихтэй хүмүүст бөөрний дутагдал болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдээлэл өгөх, зөвхөн эмч нар илүү хэрэгтэй гэж бодож байна.

Хён эмч энэ үеэрээ 12 настай, бөөрний дутагдалтай охины гарт фистул судас тавьсан тухайгаа дурсамж болгон ярилаа. Охины ар гэр амьжиргааны түвшин доогуур байсан тул тэд эмчилгээний дараа багаараа, гэрт нь очиж, гэр бүлийнхэнд нь сэтгэлийн дэм өгч байжээ. Түүнд шаардлагатай хамгийн гол эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах. Гэвч 18 нас хүрээгүй тул дахин зургаан жил гамтай хүлээх хэрэгтэй.

Тэрбээр “Зургаан жилийн дараа манай эмч нар энэ хагалгааг сайн хийдэг болтлоо туршлагажих байх. Тэр үед би байхгүй, нутаг буцсан байх болов уу” хэмээнэ. “Агапе” эмнэлэг одоогоор бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийх эрхээ ЭМЯ-наас аваагүй байгаа аж. Хэрэв авбал донорын цусны бүлэг таарахгүй байсан ч холбогдох эмчилгээг хийсний үндсэн дээр эрхтнийг шилжүүлэн суулгах зэрэг олон дэвшилтэт мэс ажилбарыг хийнэ, хийж чадна гэж Хён Сылги эмч хэлж байлаа.

Ингээд тэр мэс заслын багийн эмч О.Адъяахүү, Х.Дорждэрэм нараа ярихыг урилаа. Тэднийг эмчлүүлэгчид нь урт дараалал үүсгэн хүлээжээ.

-Өөрсдийгөө товч танилцуулахгүй юу?

О.А: Намайг ОАдъяахүү гэдэг. 2016 онд АШУҮИС-ийг төгсөж, 2018 онд резидент эмчийн хөтөлбөрийг дүүргэсэн. Түүнээс хойш гурван жил энэ эмнэлэгт ажиллаж байна.

Х.Д: Харин намайг Х.Дорждэрэм гэдэг. 2020 онд резидент эмчийн хөтөлбөрөө дүүргэсэн. Төгссөнөөсөө хойш “Агапе” эмнэлэгтээ ажиллаж байна.

Зүүн гар талаас Х.Дорждэрэм, О.Адъяахүү.

-Хён эмчийн яриаг сонсоход, хамгийн гол нь багийнхандаа итгэдэг, мэддэг чаддаг бүхнээ хуваалцахыг хамгийн гол зорилгоо болгодог нь ойлгогдож байна. Та бүхэн түүнээс сургуульд заагаагүй ямар зүйлсийг үлгэрлэж авсан бэ?

О.А: 2017 онд бид анх уулзаж, танилцаж байсан. Харин хамт ажиллаж эхэлснээсээ хойш түүнийг илүү сайн мэддэг болж байна. Тэр “Миний мэдлэг бол миний мэдлэг биш. Энэ бол ертөнцийн мэдлэг” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл бид дундын мэдлэг бүтээх нь чухал. Хүн нэг бүрийн мэдлэг нийлж  байж бүтэн цогц болно. Иймд Хён эмч сурсан бүхнээ зааж өгөх, хуваалцах эрмэлзэлтэй байдаг. Энэ хандлагаас нь их зүйл сурч байгаа. 10, 20 жилийн дараа түүний зэрэгт дөхөж очоод, мөн л ийм хандлагаар залуу эмч нарт хандана. Миний хувьд энэ хандлагыг сурч, үлгэрлэж авч буйдаа их олзуурхдаг.

Х.Д: Би “Агапе” эмнэлэгт резидент эмчийн хөтөлбөрт суралцаж байх хугацаандаа ирж, ажилласан. Энэ үеэрээ Хён эмчтэй танилцаж, биднийн сургахын төлөө маш их зүйл зарцуулж, зориулж байгааг нь хараад гайхсан. Монголын эрүүл мэндийн салбарт ийм хүн их ховор байдаг. Эмчлүүлэгчдэдээ хандаж байгаа хандлага нь монгол эмч нарынхаас их ялгаатай. Хүнтэй “Би эмч” гэсэн байдлаас биш, яг хүн л бол хүн гэдэг өнцгөөс их хүндэтгэж харилцдаг. Үүнээс нь бид суралцахыг хичээж байна. Мөн мэс засал хийхэд шийдвэр ба сонголт их чухал байдаг. Харин Хён эмч ганцаараа шийдвэр гаргадаг биш багаараа хэлэлцэж, хамгийн сайн сонголт хийхийг хичээдэг нь онцлог.

-Хагалгаанд орохын өмнө багаараа хэрхэн сэтгэл зүй, оюун санаагаа нэгтгэж, бэлтгэл ажлаа хангадаг вэ?

Хён Сылги: Эмч нарын хувьд байх ёстой хамгийн суурь зан чанар бол сайхан сэтгэл. Хамтдаа ажиллаж буй энэ залуу эмч нараа би солонгос эмч нараас хандлага, чадварын хувьд илүү гэж онцолсон нь үнэн юм. Сайхан сэтгэлтэй ч мэдлэг, чадвар дутмаг бол тэдэнд итгэхэд хэцүү. Харин эмч нараа үүнд бэлэн болсон гэж хардаг.

О.А: Хагалгаа хийхээс өмнө төлөвлөгөөгөө нэг бүрчлэн зураглаж чадвал айх айдас байхгүй. Хүмүүст хагалгааны үеэр ямар байдаг бол, тэмцээн уралдаан шиг юм болоод өнгөрдөг болов уу гэсэн бодол төрдөг байх. Ерөөс энэ бүхэн тухайн эмчлүүлэгчтэй анх уулзсан цагаас хойш л бэлтгэгдэж эхлэх учиртай. Тодорхой хэлбэл, толгой дотор хагалгаа эхнээсээ дуусах хүртлээ амжилттай явагдаад дуусаж байх ёстой. Хаа нэг газраа зогсчихож байвал дахиад л бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Харин яаралтай хагалгааны үеэр тэс өөр нөхцөл байдал үүсдэг л дээ.

Х.Д: Нэмж хэлэхэд, нэг баг болж холбогдсон, сэтгэл зүйгээрээ нэгдэж, итгэж найдсан, бүгдийг шалгаж, бас дахин шалгаж үзсэн байх хэрэгтэй. “Дабл чек” гэж үүнийг нэрлэдэг. Бэлтгэл ажил хангалттай хийгдсэн хойно ямар ч мэс засалчийн сэтгэл тайван байдаг.

Цөөн хором ярилцаад тэд эмчлүүлэгчид рүүгээ яарлаа. Гэр-кофе шопоос эмнэлэг хүртэлх цастай хэдхэн алхамд тэр дуу алдталаа бээрээд, инээд алдаж байна. Хүлээсэн эмчлүүлэгчдээ бөхөлзөн угтаж аваад, “За, судас нь сайхан тавигджээ. Аппаратад ороход нь ямар нэг асуудал гарсан уу?” гэж асууна.

39 настай солонгос эмч түүний салахдаа хэлсэн үг “Залуу эмч нар маань миний хувьд хамгийн чухал хүмүүс. Монголд ажиллаж буйн учир шалтгаан”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 22, 2021 08:40

mundag setgeltei hun ymaa

Зочин
Зочин
12 сар 22, 2021 08:42

chimeegui sahuisan tenger ymdaa. muugaasaa sain humuus olon boljee

Зочин
Зочин
12 сар 22, 2021 08:46

manai mongol emch nar uneheer chadaltai daanch ted nariig mn demjeed zaawarlaad ywaad ogchih hun bhku. tor zasag n toohku bhad gadnii humuus ireed mundag chadaltai gedgiin medeed demjeed hamtarch ajillaj bna daa

Зочин
Зочин
12 сар 22, 2021 09:48

дэлдийчээд ямар ч хөөрхөн юм

Зочин
Зочин
12 сар 22, 2021 12:00

ajiliin amjilt husey,

Зочин
Зочин
12 сар 22, 2021 13:04

Мундаг ЭЗЭН ивээг

Зочин
Зочин
12 сар 22, 2021 14:49

Монгол эмч нарыг сургахын тулд ихээхэн зүтгэж өвчтөнөө дээдлэж хүнлэг ханддаг нь сайхан.

Зочин
Зочин
12 сар 22, 2021 14:49

Altan gartai emch nar mundag shuu

эгэл
эгэл
12 сар 22, 2021 22:22

таныг бурхан үргэлж ивээх болтугай, сайхан сэтгэлтэй хүн юм аа

Зочин
Зочин
12 сар 23, 2021 00:36

Эмч хүний хандлага маш зөв чин сэтгэлээсээ байв�##� өвчтөнд өвчнөө ялан дийлэх сэтгэлийн хүч тэнхээг өгдөг гэдэг.Энэ солонгос эмчид монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн т�##�арх�##� дэвшүүлье.Мөн түүний багийнхан шиг ёс зүйтэй эмч нар монголд маань улам олон байж өвдөж шан�##�сан хүмүүстээ чин сэтгэлийн тус дэм болж байгаарай гэж ерөөе.

Зочин
Зочин
12 сар 23, 2021 07:22

Gegeeleg saihan yariltslaga bna. Setgel gegee tatuulsan bodold hushig neesen.

Отгон бат
Отгон бат
12 сар 23, 2021 09:21

Амжилт хүсэе

Отгон бат
Отгон бат
12 сар 23, 2021 09:21

Амжилт хүсэе

Ц.Цолмон
Ц.Цолмон
12 сар 23, 2021 10:00

Энэ эмчээс сур�##�цах арвин их туршлага бнаа,мэдлэгтэй чадварлаг даруухан.Бас манай эмнэлгийн эмч нар хамтарч ажиллаж туршлагы нь аваасай.ЭМЯ-үүн дээр онцгой анхаараад дэмжээд өгөөсэй,энэ эмч монголын л ард түмний эрүүл энхийн манаанд явж бгаа.Чадварлаг энэрэнгүй баг хамт олонд нь амжилт,эрүүл энхийг ерөөе!

нацагдорж
нацагдорж
12 сар 23, 2021 10:57

сайн үйлс бүтээж буй сайхан сэтгэлт эмч нартаа сайн сайхныг хүсэн ерөөе. сайн үйлс дэлгэрэх болтугай. энэ эмнэлэг хаана байдаг бол.

Уранчимэг
Уранчимэг
12 сар 23, 2021 16:33

Сэрүүнээ бид хоёрын шавь монгол хэл соёлыг чамгүй сурсан. Мэргэжлийн үг хэллэгээ саытар эзэмшиж чадсан. Түүний сэтгэл зүрх зөөлөн, хиргүй, тунг�##�аг. Монголд илүү олон жил ажиллав�##� олон эмч нарыг даплагажуулна даа. Битгий буцаасай.

Зочин
Зочин
12 сар 23, 2021 23:13

цус тавих түнэл тавиулахад үм

Зочин
Зочин
12 сар 23, 2021 23:17

Агапе эмнэлэг үнэхээр сайн судас үнэхээр сайн тавьсан түнэл их сайн тавьсан шүү Одоо даатг�##�д хамраггдах шаардлагатай бна

new
new
1 сар 5, 2022 15:00

Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худ�##�даж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[[email protected]]

Холбоотой мэдээ

Back to top button