
Афганистаны нийслэл Кабул хотын Жавид Юсуфи гэх сэтгүүлч Кабул хотод хэсэг бүлэг хүмүүсийн гарт шархадсан мэдээлэл байна. Тэрбээр тус улсын “Ufuq News” мэдээллийн агентлагийн сэтгүүлчээр ажиллахын сацуу хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагатай арав орчим жил хамтран ажилласан нэгэн аж. Түүний хэлснээр тэрбээр хэн нэгэнтэй хувийн асуудлаар зөрчилдөөнгүй гэж эх сурвалж мэдээлэв.
“Хүмүүс намайг дагасан. Тэдний хоёр нь над руу дайрч, хутгалсан. Тэгээд би их цус алдсан” гэж Юсуфи ярьсан байна.
Мөн тус улсын “Пешго” мэдээллийн агентлагийн сэтгүүлч, Кундуз муж дахь Афганистаны бие даасан сэтгүүлчдийн нийгэмлэгийн төлөөлөгч Файал Нуриг Исламын Эмиратын тагнуулын албаныхан баривчилсан гэх ба түүнийг баривчилсан өдрийнх нь орой нь сулласан байна.
“Иймэрхүү үйл явдлууд сэтгүүлчдийг айлгадаг. Тагнуулынхан намайг баривчилсан гэдгийг мэдэх хүртлээ хэн, хаашаа авч явсанд санаа минь их зовсон” Нури ярив.
Дээрхтэй төстэй өөр нэг хэрэг гарсан нь, “Кабул Таймс” сонины сурвалжлагч Сайед Рашед Кашефиг мөн хэвлэлд ярилцлага өгөх үеэр нь Исламын Эмират бүлгийнхэн түүнийг зодож, зургаан цагийн турш барьцаалсан гэж мэдэгджээ.
Исламын Эмират бүлгийнхэн түүний ажлаа гүйцэтгэж явахдаа хэрэглэж байсан техник хэрэгслийг бүгдийг нь хураан авсан гэж тэрээр нэмж хэлэв. Сурвалжлагч Рашед энэ үйл явдлыг шалгахыг хууль хүчний байгууллагад уриалсан аж. Тэрбээр хэлэхдээ, “Засгийн газраас миний хэргийг шалгаж, сэтгүүлч, сурвалжлагч гээд хэвлэл мэдээллийн салбарынхны амь нас, аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг би хүсч байна” гэв.
Энэ мэтээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Афганистаны хэд хэдэн мужид сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн таван тохиолдол бүртгэгдсэн гэж Афганистаны үндэсний сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэв. Тус холбооны мэдээлснээр, тэдгээр тохиолдол нийслэл Кабул, Балк, Тахар, Кундуз гэсэн мужуудад бүртгэгдсэн байна.
“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдгээр хэргийг шалгахын тулд Засгийн газар дорвитой арга хэмжээ авах ёстой. Үйл явдал сурвалжилж байх үеэрээ сэтгүүлчид бусдад зодуулах зөрчил, мөн тэдний мэдээлэл авах эрхийг нь хязгаарласан янз бүрийн үйлдэл гардаг. Энэ бүхэн Үндэсний сэтгүүлчдийн холбоог түгшээж байна” хэмээн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Масрор Лютфи онцлов.
Афганистаны Сэтгүүлчдийн зөвлөлийн тэргүүн Хафизулла Барикзаягийн хэлснээр, сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүсийг Засгийн газар баривчлах ёстой гэлээ.
Хэвлэл мэдээллийнхэн Афганистанд үг хэлэх эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж байгаад санаа зовниж байгаа юм. “Талибан” хөдөлгөөнийхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд өгсөн амлалтаа системтэйгээр биелүүлээгүй гэж тэд шүүмжлэлтэй хандаж байна.
“Мэдээлэл олж авах нь хүн бүрийн эрх. Хэвлэл мэдээллийнхний гол үүрэг бол үнэн, зөв мэдээллийг иргэдэд хүргэх юм. Энэ бол Засгийн газрын эсрэг гэмт хэрэг биш” гэж сэтгүүлч Бенауд хэлэв.
Сэтгүүлч Тамим Шахирын хэлснээр, “Харамсалтай нь Афганистаны Засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт амласан амлалтаа биелүүлээгүй. Сэтгүүлчдийн нөхцөл байдал улам дордож байна” гэлээ.
Харин Афганистаны Дотоод Хэргийн Яамнаас сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргүүдийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн байна.
“Засгийн газар сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн хэргийг нухацтай авч үзсэн. Талибанчуудын Засгийн газар тэдгээр хэрэгт холбогдсон хүмүүстэй холбоотой хэргийг шалгаж, зохих ёсны шийтгэл ногдуулсан” хэмээн Дотоод Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Акель Озам мэдэгдсэн юм.
Сэтгүүлчдийн үндэсний холбоо өмнө нь Исламын Эмират бүлэглэлийг Афганистаныг эзлэн авснаас хойш “сэтгүүлчдийн эсрэг хамгийн багадаа 30 удаа зөрчил үйлдсэн” ба тэдгээр зөрчлийн 90 орчим хувийг Исламын Эмират бүлэглэлийнхэн үйлдсэн” гэж өмнө нь мэдээлж байсан удаатай.
Сэтгүүлчдийг хамгаалах хороо /CPJ/ саяхан гаргасан тайландаа шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоо 2021 онд дээд цэгтээ хүрсэн бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар дэлхийн хэмжээнд хамгийн багадаа 293 сэтгүүлч шоронд хоригдсон гэжээ.
(Эх сурвалж: Canews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
угаасаа хэвлэлийн эрх чөлөө байхгүй болсон шүүдээ энэ ковидоос болоод