Нийгмийн

Өв уламжлагч Д.Гүндэгмаа: Ээж айрагны хөрөнгөө эсгийд шингээн борвинд хийж хадгалдаг байсан

Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, хөхүүр урлаач Д.Гүндэгмаа  “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийн уламжлагчаар шалгарлаа. Нүүдэлчин монголчуудын соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, гүүний айраг исгэх уламжлалт арга технологийн  өвийг  өвөө, аав, ээжээсээ язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж буй Д. Гүндэгмаа өдгөө 65 настай. Д.Гүндэгмаа  хонины ноосоор эсгий хийж ширдэг, олбог, дэвсгэр ширэх,  ямааны арьсаар дах дэгтий, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр алдаршсан юм.

-АЙРГАА АХРЫН НООСОНД ШИНГЭЭЖ МАРЛИАР ОРООН БОРВИНД ХИЙЖ ХАДГАЛДАГ БАЙСАН-

-Та Монгол улсын 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар тодорч,  хөхүүр урлах, гүүний айраг исгэх уламжлалт арга технологийн өвлөн уламжлагч боллоо. Баяр хүргэе?

- Эгч нь бодож явсан оргилдоо хүрлээ. Монгол адуу, айраг хоёр бол монголын ард түмний амь амьдралын гол зүйл юм. Гүүний айраг гэдэг идээ ус, ундаатай зүйрлэх хэмжээнд очсон үе бий. Тийм л учраас гүүний айргийг алдаршуулах, мөн чанарыг мэдрүүлэх, таниулах гэж олон жил хичээж хүсч ирсэн. Тэр хүсэлдээ хүрлээ.

-Хүслээ биелүүлэхийн тулд юу хийсэн бэ?

-2005 оноос өөрийн гүүн зэлний хөхүүрийн цэвэр  айргаа түмэнд түгээж эхэлсэн.  Анх 100 айлын  21 дүгээр хорооны үүдэнд  монгол гэр барьж, дөрвөн хөхүүртэй айрагны гэр ажиллуулж эхэлсэн. Цэвэр, оргиналь,  брэнд айргаа түмэнд хүргэх зорилготой байсан. Тийм учраас саамаа зэлнээсээ авч ирж хөхүүрт бүлж исгэн олон хүнд хүргэж үйлчилсэн. Дараа нь  Урт цагааны урд талд ирлээ. Энд хамгийн дээд тал нь гурван гэр барьж гарч байлаа.  Тухайн үед айрагны гэр барих хориотой байсан ч яаж ийгээд л гэрээ барьж айргаа олонд хүртээж,  17 жил өнгөрчээ. Хөхүүрийн айрагны мөн чанар таниулахад олон жилийн хөдөлмөр шингэсэн. Хамгийн гол нь цэнхэр савны хэрэглээг халж  хөхүүртээ айраг ундаагаа айл бүхэн хийж  байя гэсэн уриатай олон жил явлаа.   

-Өвлөж уламжилсан түүхээсээ та хуваалцаач?

-Миний аав алдарт уяач, адуучин хүн байлаа. Аавын минь аав хошуу дарга Ж.Цэвээндорж гэдэг олон малтай хүн нэгдэл үүсэхэд хамаг малаа нийгэмчлээд, адуугаа  хүүдээ буюу миний аавд өгсөн гэдэг.  Багадаа хурдан морь унаж, гүү сааж, айраг бүлж өссөний ач гавьяа энэ шүү дээ.   

-Айрагны мөн чанар гэж юу вэ?

- Цэвэр чимчигнэсэн сайхан айраг хийхэд хөрөнгө, бүлэлт хоёр их чухал. Сайхан хөрөнгөөр исгэж, сайн бүлсэн айраг хүний биед хэмжээлшгүй их ач тустай.  Ингэж жор тунг тааруулсан айраг монгол  хүний дархлааг бүрэн тогтоох увидастай.

- Таны хөрөнгө болон исгэх технологийн тухайд?

- Манай аав, ээж  намар ахрын цагаан эсгийнд айргаа шингээж марлиар ороон  борвинд хийж хадгалдаг байсан. Тэгээд зун эхний сааман дээрээ хийж исгэнэ. Эгч нь үүнээс гадна өөрийн аргаа бас хэрэглэнэ. Хусран үнээний сүүгээр ундаа хийж, ундаагаа айраг шиг сайхан исгэнэ. Тэгээд гүүгээ барихаасаа өмнө хөрөнгөө исгэнэ. Айраг бол  уламжлалт цөөн хэдэн аргаараа л исгэхээс өөр ямар ч арга байхгүй. Нутаг нутагт арай өөр өөр аргаар хөрөнгөө гаргадаг байх. Манай Өвөрхангайн Баян-Өндөр сумынхан бол ундаагаа сайхан исгээд гүүгээ барихдаа айргаа исгэдэг. Хөрөнгө исгэлтэд малын сүүнээс өөр зүйл орохгүй. Үнээний сайхан бүлээн тараг ч сайн хөрөнгө болох нь бий. Хамгийн гол нь айраг нараар исгэдэг. Хур ихтэйд  чийг татаад гөлийчихнө. Айргийг эхлээд исгэхдээ хөрөнгө, саамаа тэнцүү хийнэ. Иссэний дараа хөрөнгөө багасгасаар байгаад саамаа голдуу хийж  жинхэнэ айргаа гаргаж авна. Тэнцүү хийгээд байвал хүчтэй амт нь арилдаггүй.  

-БҮЛЭЛТ НЬ ТААРСАН АЙРАГ  ХАТУУРДАГГҮЙ, УЛАМ Л САЙХАН  АМТТАЙ БОЛООД БАЙДАГ-

- Айргийн догширсон, хахарсан гээд янз бүрээр дүгнэх нь бий ?

- Нэгдүгээрт хөрөнгө нь ихэдсэн байж болно.  Мөн сайн хөрөнгө болж чадаагүй, бүлэлт дутсанаас ч болно. Маш сайн бүлж гэмээнэ сайхан айраг бий  болдог. Хамгийн багадаа өдөрт таван мянга бүлэх хэрэгтэй. 5000 бүлсэн айраг ерөнхийдөө их сайхан, арван мянга бүлсэн айраг  тосон торлог, үүнээс дээш бол марал зунгаа гэх эм болдог хэмээн хууччуул ярьдаг.  Марал зунгаа гэдэг эмийг гаргаж авч чадаагүй л явна. Арван мянга дотор  бүлэлгүй яахав. Их бүлсэн айраг хатуурч чаддаггүй. Улам л сайхан амттай болдог. Их эзмэг нандин ундаа. Дээр цагт айргаа исэхгүй бол маш гоё хувцас өмсөөд булгийн эхэнд очиж гуйн хөрөнгө авдаг байсан гэж ярьдаг. Гөлрөөд байвал булгийн оргилсон хүйтэн усаар засдаг тал бий.

- Айрагны ач тусын энгийн жишээ гэвэл?

- Айраг хүний биед дархлаа суулгадаг. Зусангаа айраг уусан хүний бие ханиад томууг тийм ч амар тусчихгүй шүү. Хүүхдээ айрганд оруулаад наранд гүйлгэхэд их сайн, дараа жил хүртэл өвдөхгүй. Үе мөчөнд жигтэйхэн сайн. Мань ч гэсэн зун айргаа уухаар хөлс дааварлаад сайхан байдаг. Би нэлээд залуудаа бүр ядраад эмчид үзүүллээ. Багийн эмч үзээд баахан эм, тариа бичиж өгөхөд нь өөрийн мэдэлгүй “Одоо ч гүү барих дөхлөө дөө” гэж хэлээд зэмлүүлж билээ. Манай хүүхдүүд их сайхан чанга биетэй. Айрагны ач тус шүү дээ.

-ЮНЕСКО-д  “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг бүртгүүлэхэд таны үүрэг, оролцоо маш их байсан гэж Ч.Номин сайд шагнал гардуудахдаа хэлсэн...?  

-17 жил айрагны гэр ажиллуулахад ч тэр, олон төрлийн үзэсгэлэн худалдаанд оролцоход ч тэр гадаад хүмүүс маш их орж ирнэ.  Ялангуяа Соёлын өвийн наадам болоход гадаадууд айраг, хөхүүр сонирхоод зөндөө юм асууна. Би тэгээд  захирагчийн ажлын албанд өөрийн гэсэн юмаа алдах вий, гадаадынхан өв тээгч болчих вий дээ гэж хэлдэг байсан. ЮНЕСКО-д хөхүүрийн айраг, холбогдох зан үйлийг бүртгүүлэхэд гадаадын баг манайд зочилж арга ухаантай танилцаж, зураг авч байсан.

-ШИРДЭГ ШИРСЭН МӨНГӨӨРӨӨ ТАВАН ХҮҮХДЭЭ ИХ СУРГУУЛЬ ТӨГСГӨСӨН-

-Та гэр бүл, үр хүүхдээ танилцуулж болох уу?

-Миний ханийг Ж.Сайнбилэг гэдэг. Бид 1977 онд гэр бүл болсон. Найман хүүхэдтэй.  Хүүхдүүд маань бүгдээрээ тусдаа гарсан, дор бүрнээ ажилтай. Хөгшин бид хоёр одоо хоёулаа  амьдардаг. 40 гаруй жил мал маллаж байгаа хүмүүс дээ, бид.  Аймгийн аварга малчин болсон. Ер нь бид хоёр хэзээнээсээ нэгдэл нийгмийн үед ч сайн малчин нэртэй явсан даа. /инээв/  Хүүхдүүд маань бүгдээрээ л хөхүүр урлаж, айргаа исгэнэ. Оёно, сийлнэ, манай хүн хөвгүүдтэйгээ нийлээд гүүн зэл, хазаар ногт, суран эдлэл хийнэ.  Таван хүүхдээ их сургууль төгсгөсөн ч мэргэжлээрээ ажиллах нь бас ховор юм. Манай хүүхдүүд одоо үсний “Цэбон” салон, хувцас урлалын “Энх Есүй” салон гэж байгуулаад тэндээ ажиллацгааж байна. Долоо дахь хүүхэд С.Батжаргал минь  ээжийгээ дагаж энэ бүхнийг суралцаж өвлөн уламжилж яваа.    

Долоо дахь хүүхэд С.Батжаргал ээждээ 14 наснаасаа эхлэн тусалж, бүхий л эрдэм, мэдлэг, өв соёлд суралцаж явна.
Д.Гүндэгмаа найман хүүхдийндээ ямааны арьсаар хишигийн уут ийн урлаж өгчээ.

- Та зөвхөн айраг гэлтгүй хөхүүр урлах,  оёдол, ширмэл урлал гээд олон олон уламжлалыг өөртөө тээж яваа хөдөлмөрч хүн. Энэ бүхнийг та хэрхэн сурав?

-Ширмэлээр зөндөө юм хийсэн. Ширдэг, шагайны уут, олбог, дэвсгэр, тэмээний тохош гээд л. Таван оюутнаа ширдэг ширж их сургууль төгсгөсөн.  Манай өвөг эцэг Жанчхүүг хоёр удаа давж аян жин тээсэн гэдэг. Өвөөгөөс нэг урагдсан тохош үлдсэнээс уламжилж  тохош, тохом хийж ирсэн. Одоо “Монгол костюм”-ийн музейд  миний тохош, олбог байдаг. Ямааны арьсаар айраг, хөрөнгөний борви хийнэ. Цөөн гүүтэй айл өдөр тутам уудаг нандин айргаа хийдэг болохоор хүмүүс борви их захиална. Ямааны арьсаар дах, дэгтий хийнэ.  Одоо хүүхдүүд бүгдийг нь  уламжлаад хийж л байна. Манай өвгөн 17 жил  зун, намрын улиралд хотод айргийн гэр ажиллуулахад араа бүрэн даадаг. Намар очиход хонь, ямаа, үнээнийхээ цагаан идээг бүрэн бүтэн авчихсан сууж байдаг. Ажилсаг, шаргуу хүн ш тээ.

- Та айргийн гэртээ санал хүсэлтийн дэвтэр ажиллуулдаг юм байна. Хамгийн сонин содон сэтгэгдэл?

-Ерөөсөө муулдаггүй юм билээ, хүмүүс. Дандаа л сайхан юм бичнэ. Авууштай санаа олон. Эхний дөрвөн жил зөвхөн айргаа зарсан. Тэгээд нөгөө саналын дэвтрээ уншихаар адууны  мах зараач, адууны мах идмээр байна гэж их олон хүн бичсэн байсан учраас мах зарж эхэлсэн.  Олны дунд  янз бүрийн л хүмүүс байна. Тамхи татуулдаг бол гоёо, ганцхан 100 татчихдаг бол сайхнаа гэх мэтээр бичсэн л харагддаг. Би харин архи, тамхи бус ширээн дээрээ монгол тоглоом наадгай байршуулна. Урт цагаанд айрагны гэрээ ажиллуулж эхлэхэд бөмбөгөр саарал пивоны газар байсан. Тэндээс залуухан сайхан охид согтуу, тамхи татаад бөөнөөрөө гарч ирнэ. Тэр хэсэг чинь жуулчны гудамж учраас гадаадууд маш их явна. Энэ охидыг маань харчихвий гэж би санаа их зовж, эднийг болиулахсан гэж  их бодно. Согтуу ороод  ирэхээр нь өөрийнхөө хүүхдүүдэд хэлж байгаа юм шиг хэлнэ. Зарим нь сайхан хүлээж авна, зарим нь ярвайна. Бөмбөгөр саарал баарыг буутал тэмцэж айргаа зарсан даа.

  -ТОМ ҮНЭЭНИЙ НИМГЭН ШИР САЙХАН ХӨХҮҮР БОЛДОГ

-Хөхүүр урлах урлагаасаа мэдээлэл өгөөч?

Миний багад аавынх хөхүүр хийж айраг, ундаагаа хийнэ. Тэр цагаас л ээж, ааваасаа суралцаж хөхүүр хийж эхэлсэн. Хожим нь хуванцар савны хэрэглээ олшроод ирэхээр цэнхэр савны оролцоогүй айрагны гэрийг  17 жил барьсан. Хөхүүрээрээ үзэсгэлэн худалдаанд ч их орсон, олон ч хүнд хийж бас зааж өгсөн.

Хөхүүр урлах арга технологи...?

Хамгийн  гол нь ширээ сонгох. Том бүдүүн гунын ширээр хийвэл агаар муу нэвтэрнэ, өнгөр их тогтдог.  Цагаан үхэр бол бүдүүн ч байсан болно. Бараан бол харин онцгүй.  Том үнээний нимгэн шир их сайхан хөхүүр болдог. Улаан,  цагаан үхрийн шир их тохиромжтой.  Жижиг бярууны шир 100 литрийн сайхан хөхүүр болчихдог.  Дээд талын хөхүүрт  170-180 литр айраг ордог. Ширээ эхэлж авахдаа хараа, хязуураа лав авна, эсгэхгүй. Өвчихөөсөө эхлээд ажилтай. Манай өвгөн, хүүхдүүд илжилдэггүй, үсийг нь хусаад авчихдаг. Оёдол бас их чухал. Бүдүүн шөвөгтэй, нарийн утсаар оёбол шүүрнэ. Завсар нь хавчуулж байгаа даавуу нимгэн бол шүүрнэ. Ойрхон улавчилж оёбол их сайн. Тэмээний утсаар оёоход илжирдэггүй. Тэмээний зогдорын ноосыг томж утсаа гаргаж авна.

Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ, Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

saihan airag uugaad buu halaad suuhch bas goy shuu neeree

Зочин
Зочин

булганы сайханы айраг гэж нэг сайхан идээ байна аа хэдүүлээ сайхан суучаад л юм яриад л уух сайхан ш дээ

Зочин
Зочин

ingej saihan ulamjlalaa hadgalj baigaa huniig harhaar baharhmaar shuu

Зочин
Зочин

hun bolgon ingej saihan uv ulamjlalaa hamgaalah heregtei

Очир
Очир

Мундаг эгч шүү. Хүүхдүүд нь ч мөн бүгдээрээ хөдөлмөрч мундаг хүмүүс байдаг шүү. Та нараараа бахархаж байна

Холбоотой мэдээ

Back to top button