
АНУ-ын Нью-Йорк хотын Буффало хотын ахлах сургуульд буутай халдлага болж, хоёр хүн шархадсан талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг цагдаагийн газраас эш татан мэдээллээ.
Цагдаагийн дэд комиссар Жозеф Грамальигийн хэлснээр, хичээлийн дараа сургуулийн ойролцоох машины зогсоол дээр оюутнууд хоорондоо маргалдаж, эцэстээ буутай халдлага болсон аж. Халдлагын улмаас нэг оюутан, нэг хамгаалагч гээд хоёр хүн бэртжээ.
Бэртсэн оюутан нь өсвөр насны охин байжээ. Охиныг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай болсон аж. Харин хамгаалагч хөлөндөө буудуулж, амь насанд нь аюул байхгүй гэж мэдээллээ.

Машины зогсоол дээр байсан үл таних этгээд гар буу гаргаж ирээд, хэд хэдэн удаа гал нээсэн гэж цагдаа нар мэдээлсэн. Гал нээсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Халдлагын үеэр сургууль дээр 100 орчим хүн байжээ. Сургуулийн ойролцоо байрладаг Буффало мужийн коллеж оройн хичээлээ бүгдийг нь цуцалж, оюутнуудыг гэртээ үлдэхийг зөвлөжээ.
(Эх сурвалж: Associated Press)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.